Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/810

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Г.Онон,

Шүүгдэгч Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т-д холбогдох эрүүгийн 0000000000 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т нь “2021 оны 10 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “К” баарны гадна талын машин зам дээр хохирогч Э-ыг зодож, түүний биед хамарт шарх, таславч мурийлт, баруун хацар, чихний ар, зүүн шанаанд зулгаралт, хоёр нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч Т нь “2021 оны 10 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “К” баарны гадна талын машин зам дээр хохирогч Э-ыг зодож, түүний биед хамарт шарх, таславч мурийлт, баруун хацар, чихний ар, зүүн шанаанд зулгаралт, хоёр нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б-ийн хохирогчоор өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн орой 22 цагийн үед хорооллын эцсийн К пабд найз Азамбал, Баттулга нарын хамт ороод пиво ууж байгаад 00 цагийн үед гарч ирээд найз Батцацралыг дуудсан. Батцацрал өөрийн машинтайгаа ирээд бид 3-г аваад К пабын хажуу талд Монгол шуудангийн салбарын урд талд 30 дугаар байрны хажууд машины хажууд ганцаараа зогсож байхад 00-00 улсын дугаартай приус-20 маркийн автомашин сигналдаад байхаар нь “та хэд ухарч байгаад тойроод гарчих” гэж хэлэхэд машинаас 3-4 залуучууд бууж ирээд “юу гэнээ” гээд нэг залуу нь над руу дайраад миний нүүр хэсэгт цохиж газарт унагаад дээрээс өшиглөсөн. Тэгэхэд машин дотор байсан манай найзууд машинаас гарч ирсэн ба тэр үед нөгөө залуучууд яваад өгсөн. Тэгээд манай найзууд цагдаа дуудсан. Тухайн үед би 6-7 залуучууд байна гэж бодсон ч 3-4 залуучууд бууж ирсэн санагдаж байна. Манайг цохисон залуу нь шаргал бор өнгийн куртиктэй байсан. Намайг 1 л залуу цохиж гэмтэл учруулсан. Миний 2 нүд хөхөрч цус хурсан, толгой хавантай хамар далийсан байсан. Би гомдолтой байна, эмчилгээний зардлаа гаргуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б-ын гэрчээр өгсөн “...Тухайн өдөр би өөрийн найз Э, А нартай Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэг бааранд орж архи ууж байгаад 00 цагийн үел гарсан ба гарч ирээд хажууханд нь тамхи татаад зогсож байтал хэдэн залуучууд машинаа холдуул гээд хашхираад байсан. Та нар тойроод гарчих гэхэд нэг залуу нь ирээд манай найз Э-г шууд цохиод зодож эхэлсэн. Би салгах гэхэд намайг “чи цаашаа бай” гээд цээж рүү түлхсэн бөгөөд би газарт унасан. Босоод ирэх хооронд тэр залуу яваад өгсөн. Э-г тэр залуу цохиж зодсон бөгөөд надад ямар нэгэн гэмтэл бэртэл уруулаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т-ын гэрчээр өгсөн “...Тухайн хэрэг гардаг өдөр би өөрийн найз Т-тэй 23 цагийн үед Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Fire нэртэй бааранд 2, 2 шил пиво ууж байгаад найз Бийг дуудсан бөгөөд Б 00 цагийн үед ирсэн. Тэгээд бид 3 такси бариад явсан бөгөөд бидний явах замд нэг машин зам таглаад зогсчихсон, жолооч нар нь машиныхаа хажууд юм яриад зогсож байсан. Машинаа холдуулчих гэхэд “тойроод гар, гөлөгнүүд минь” гэх зэргээр доромжилж байсан ба манай найз Т явж очоод юм ярьж байгаад хар куртиктэй, хар малгайтай ахыг цохиод авах шиг болсон. Нэг цохисон харагдсан. Би найзын хамт очиж салгасан бөгөөд тэр ахын найзууд бас салгасан. Тэр ахыг Т нүдийг нь хөхөртөл цохисон харагдсан. Бид нар нэг их согтоогүй байсан ба харин тэр ах нар нэлээн согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0000 дугаартай “...Э-ын биед хамарт шарх, таславч мурийлт, баруун хацар, чихний ар, зүүн шанаанд зулгаралт, хоёр нүдний алимны салстын цус хуралт, зүүн хөмсөг, баруун нүдний дээд доод зовхи, чихний ар хэсэг, хацарт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т-ын яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо Fire нэртэй бааранд 1 шил пиво ууж байгаад гарч багын найз болох Б-г дуудсан. Б ирээд Т тэр 2 5 шар оръё гэхээр нь бид 3 такси бариад явж байхад бидний явж байсан замыг саарал өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэл таглаад зогссон байхаар нь машинаа холдуулаач гэхэд тухайн машины жолооч нь тойроод гар гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь би таксинаас бууж очоод маргалдаж байгаад хохирогч болох залуу намайг цохих шиг болохоор нь цохисон бөгөөд газарт унахад нь дахин нэг удаа цээж хэсэгт нь өшиглөсөн. Би ганцаараа тэр залууг зодсон. Манай найзууд болон хохирогч залуугийн найзууд энэ зодоонд оролцоогүй, харин бид 2 салгасан. Тэгээд бид нар явсан. Надад ямар нэгэн гэмтэл, бэртэл учраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т-н хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 37 тал/, регистрийн дугаарын лавлагаа /хх-ийн 38 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 40 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 41 тал/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 42 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

Шүүгдэгч Т нь “…Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэж тус тус мэдүүлж оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч Т-т холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүгдэгчийн хохирогч Э-ыг цохиж, зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед “хамарт шарх, таславч мурийлт, баруун хацар, чихний ар, зүүн шанаанд зулгаралт, хоёр нүдний алимны салстын цус хуралт, зүүн хөмсөг, баруун нүдний дээд доод зовхи, чихний ар хэсэг, хацарт цус хуралт” бүхий гэмтэл учруулсан болох нь хэргийн 27-28 дахь талд авагдсан шинжээч эмчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 9908 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг  зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0000 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь  цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай  давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан  гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай  “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 9908 дугаар дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Т-ын “2021 оны 10 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “К” баарны гадна талын машин зам дээр хохирогч Э-ыг зодож, түүний биед хамарт шарх, таславч мурийлт, баруун хацар, чихний ар, зүүн шанаанд зулгаралт, хоёр нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Т-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч П.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт баримт гарган өгөөгүй бөгөөд “миний бие гомдол саналгүй, хөдөө ажлаар явж байгаа тул мэдүүлэг өгөх боломжгүй байна Азамбал” гэх мессежийг 00000000 дугаарын утаснаас бичиж хэрэгт хавсаргасан байна. Иймд шүүгдэгч Т-ыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэж шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Т-т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ.

 

   Иймээс, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг оногдуулж шийдвэрлэв.

 

   Шүүгдэгч нь түүнд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс оногдуулсан торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т-г 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  700.000 / долоон зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч П.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй болохыг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч П.Э нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт  заасны дагуу гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлыг  нотлох баримтаа  бүрдүүлэн  жич нэхэмжлэл гаргах  эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ