Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 825

 

Ж.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мижиддорж,

шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Н.Ганбат, Д.Очирдорж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Живек, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 322 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Гын гаргасан давж заалдах гомдлоор Ж.Гад холбогдох эрүүгийн 1710000000182 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ганга овогт Ж.Г, 1979 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дуучин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Симан такси” ХХК-д жолооч ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 37-40 тоотод оршин суух бүртгэлтэй,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 231 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Нийслэлийн шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 80 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлд зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг ял дээр Хан-Уул дүүргийн шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 231 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялаас 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 3 жил хорих ялаар шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 316 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ял шийтгүүлж, уг тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ял дээр Нийслэлийн шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 80 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 24 хоногийн ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 7 жил 1 сар 24 хоногийн хорих ялаар тогтоосон,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 701 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 1.920.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, /РД: КЮ79051631/;

 

Ж.Г нь 2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-ний хооронд, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар байрны 43 тоотод, хамтран амьдрагч Б.Жулдасыг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ж.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад тус тус заасан хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Ж.Г-ыг 18 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Г-д оногдуулсан 18 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Г-ын цагдан хоригдсон нийт 264 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Ж.Г-аас гэм хорын хохиролд 3.807.300 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Живект олгож, сэтгэл санааны хохирол 50 сая төгрөг гаргуулна гэх шаардлагыг хангахгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн соёрхол нэртэй архины шил 1 ширхэг, бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, хар өнгийн нимгэн өмд 1 ширхэг, цайвар шаргал өнгийн дотуур өмд 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг “Эд мөрийн баримт утсгах комисст” даалгаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Г гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би эхнэрээ зодож, цээжрүү нь 2 удаа жийсэн. Гэхдээ ийм зүйл болно гэж бодоогүй. Цагдаа нарт баригдаад энэ талаар сонсоход үнэхээр хэцүү байсан. Анхан шатны шүүхээс 18 жилийн хорих ял авсан. Цээж рүү нь 2 удаа жийхэд ийм гэмтэл учирсан байх боломжгүй юм шиг санагдаж байна. Би 43 размерийн гутал өмсдөг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ талийгаачийг бурхан болчихсон байна гэж үнэхээр бодоогүй.” гэв.

 

Шүүгдэгч Ж.Г-ын өмгөөлөгч Н.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх Ж.Г-ыг бусдын амь насыг хохироосон гэм буруутайд тооцож, 18 жилийн хорих ял оногдуулсан. Өмгөөлөгчийн зүгээс хүндрүүлэх нөхцөл байдал дээр хэд хэдэн эргэлзээтэй нөхцөл байдал байдаг. Шүүх эмнэлгийн 3 удаагийн дүгнэлтээр 55 тооны гэмтэл гарсан байдаг. Энэ гэмтлийг хэн, хэзээ, яаж учруулсан талаарх баримт байдаггүй. Зөвхөн шүүгдэгчийн өөрийнх нь өгсөн мэдүүлэг байдаг. Хуульд зааснаар шүүгдэгч өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй. Шүүгдэгчийн мэдүүлгийг өөрийнх нь эсрэг гэм буруутайд тооцоход хэрэглэхгүй байх зарчимтай. 55 тооны шарх яаж учирсан талаар тогтоолгохоор өмгөөлөгчийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд хүсэлт өгч байсан. Хохирогчийн цуснаас гарсан спиртийн хэмжээгээр согтолтын хэмжээг тодорхойлдог. Хүнд зэргийн согтолттой гарсан учраас биеэ хамгаалах чадваргүй гэж үзсэн байсан. Гэрч Отгонбаярын мэдүүлгээр “Жулдас нь 7 хоногт 2 удаа архи уудаг” гэсэн байдаг. Анагаахын шинжлэх ухаанд үзсэнээр хүний биеэс архи, спирт бүрэн цэвэрших хүртэлх цаг хугацааг 1 сар ба түүнээс дээш байдаг гэж үздэг. Шүүгдэгчид амаар болон бичгээр мэдүүлэг өгөх эрх нь хангагдаагүй энэ хэрэг шийдэгдсэн. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, хүндрүүлж байгаа нөхцөл байдлууд нь эргэлзээтэй учраас хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдын амь насыг хохироосон гэж ял шийтгэлийг өөрчилж өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна.” гэв.

 

Шүүгдэгч Ж.Г-ын өмгөөлөгч Д.Очирдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Шүүгдэгчтэй очиж уулзахад давж заалдах гомдолд тусгагдсанаас арай өөрөөр тайлбарлаж байсан. Даргалагч шүүгчийн асуусан зүйлийг шүүгдэгч сайн ойлгоогүйн улмаас нэмж хэлэх тайлбараа хэлэлгүй орхигдуулах шиг боллоо. Энэ талаар шүүгдэгчээс дахин лавлаж асуусны дараа өмгөөллийн үгээ хэлсэн нь зөв болов уу гэж бодож байна.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Живек тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Маш их харгислалаар дүүгээ алдсан. Ж.Г өөрөө алаагүй байсан бол талийгаачийг орхиод 2 хоногоор гараад явахгүй байсан. Цагдаа нар залгахад утсаа хаасан, орой нь отолтоор баригдсан. Маш их гомдолтай байна. Шүүх үнэн зөвөөр хэргийг шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Живекийн өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Анхан шатны шүүхийн шийдвэр үнэн зөв, үндэслэл бүхий, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. Н.Ганбат өмгөөлөгчийн хүндрүүлэх нөхцөл байдлыг үгүйсгэж байгаа нөхцөл байдал нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Жулдаст олон тооны гэмтэл учирч амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Прокурор Т.Мижиддорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хүндрүүлэх нөхцөлгүйгээр хүний амь насыг хохироосон. Энэ талаар анхаарч өгнө үү гэж хэлж байна. Талийгаач 2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-ний өдөр эрүүл байсан талаар хөрш, хажуу талын дэлгүүрийн худалдагчийн мэдүүлгээр хангалттай тогтоогдсон. Биедээ ил харагдах шарх сорвигүй, 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн хамтдаа архи уусан гэдэг нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

 

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Ж.Г нь 2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-ний хооронд, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар байрны 43 тоотод, хамтран амьдрагч Б.Жулдасыг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр зодож алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Ж.Г нь “өглөө 7 цагийн үед Жулдасыг газар хэвтэж байх үед нь уурандаа хөлөөрөө 2 удаа цээж, нүүр хавьд дэвссэн. Тэгээд би эхнэрээ алсан нь үнэн. Би хэргээ хүлээж байна” гэж тодорхой мэдүүлж /1хх-44/, өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд энэ нь гэрч Г.Номинчулуун /1хх-35/, гэрч С.Алтаннавч /1хх-36/, Ж.Ганзориг /1хх-40-42/, гэрч К.Зүбас /1хх-48-49/, гэрч Г.Чулуун /1хх-53-55/, гэрч Д.Нармандах /1хх-201-203/, насанд хүрээгүй гэрч Ж.Тэмүүжин /1хх-212-213, 2хх-34-35/ нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2123 дугаартай дүгнэлт /1хх-57/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн 5829 дугаартай дүгнэлт /1хх-74/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 187 дугаартай дүгнэлт /1хх-217-219/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 649 дугаартай дүгнэлт /2хх-40-43/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Шүүгдэгч Ж.Г нь “...2 удаа алгадаад, 2 удаа хөлөөрөө жийгээд гэрээсээ гараад явсан. ...Би эхнэртээ 55 тооны гэмтэл учиртал зодох ямар ч шаардлага байхгүй. Тухайн гэмтлүүд өмнө нь эсвэл дараа нь учирсан байх боломжтой. Тийм учраас миний алгадаж хөлөөрөө жийсэн үйлдлээс болж нас барсан гэж үзэхгүй байна. Иймээс үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Гэрч К.Зүбас, Г.Чулуун, Ж.Тэмүүжин нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрчээр байцаалт авсан, уг мэдүүлгүүд нь шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдсон, уг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулсан, хорих ял эдлүүлэхээр заасан дэглэм нь тус тус хуульд нийцсэн гэж үзэв.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 322 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 322 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

 ШҮҮГЧИД                                                   Л.ДАРЬСҮРЭН

                                                                                                         Д.МЯГМАРЖАВ