Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 615

 

Нйслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М,  хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нарыг оролцуулан “Т.Б.А” ХХК-ийн гомдолтой, Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Д.С, А.З нарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийв.

Гомдол гаргагч: “Т.Б.А”

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч А.З, Д.С

Гомдлын шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Д.С, А.З нарын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0129002 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, “Т.Б.А” ХХК-ийн данснаас татан авсан 40,000,000 төгрөгийг буцаан төлүүлэх”

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “Т.Б.А” ХХК шүүхэд гаргасан гомдолдоо: “Манай компани нь “Барьцаалан зээлдүүлэх” чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахаар 2012 онд байгуулагдсан ба хуулийн хүрээнд шударгаар бизнесийн үйл ажиллагааг явуулсаар ирсэн. Ийнхүү үйл ажиллагаагаа явуулах хүрээнд зохих байгууллагуудаас холбогдох зөвшөөрлийг авч, түүний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.

2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагч Д.С, А.З нар манай компанийн С л Л36 салбарт ирж үйл ажиллагаатай танилцаад явсан байдаг. Гэтэл 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр манай “Т.Б.А” ХХК-ийн данснаас 40,000,000 төгрөг татан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд байршсан. Улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд очиж 126 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч н.А тай уулзаж учир байдлыг лавлахад 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагч Д.С, А.З нарын Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0129002 тоот Шийтгэлийн хуудас гарч улмаар байцаагчид уг шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлт гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 128/Ш32018/4778 тоот Шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж гарсан болохыг мэдсэн болно. Ингээд 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр манай компанийн хаан банкны данснаас 40.000.000 төгрөгийг татаж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд байршуулсан болохыг олж мэдсэн.

                 Хэдийгээр 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 128/Ш32018/4778 тоот “Шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгэх тухай” шүүгчийн захирамжид улсын байцаагчдын зүгээс шийтгэлийн хуудсыг танилцуулсан, мэдэгдсэн байсан гэх боловч бодит байдал дээр 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагч Д.С, А.З нарын Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0129002 тоот Шийтгэлийн хуудсыг бичих үедээ мөн шүүхэд албадан гүйцэтгүүлэхээр өгөхдөө ч бидэнд мэдэгдэж байгаагүй болно. Өөрөөр хэлбэл зөрчил гарсан болон түүнд хэрхэн шийтгэл оногдуулсан талаар бидэнд огт мэдэгдэж байгаагүй.

                 Энэхүү үйлдэл нь дараах байдлаар хууль тогтоомж зөрчсөн байх тул Улсын байцаагч Д.С, А.З нарын шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.

                 Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Д.С, А.З нар нь анхлан иргэн аж ахуйн нэгжээс ирсэн гомдлын дагуу хяналт шалгалтыг явуулсан гэж шалгалт явуулсан байдаг. Гэтэл 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас өөрт холбогдох Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0129002 тоот шийтгэлийн хуудас гарсныг олж харсан.

 

                 Хэрэв хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан гурван үндэслэл байх ёстой хэдий ч хуульд заасан үндэслэл манай байгууллагад тогтоогдоогүй байхад үндэслэлгүй шалгалтыг явуулсан. Нөгөөтэйгүүр, уг хуулийн 7.2-ийн 6-д зааснаар шийтгэлийн хуудсыг зөрчил гаргагчид танилцуулж, хүргүүлэхийг шалган байцаагчид үүрэг болгосон байна. Энэ нь зөрчилд холбогдогч этгээд зөрчлийг хүлээн зөвшөөрөх эсэх, хэрэв зөвшөөрөхгүй бол яагаад ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа тайлбарлаж, нотлох баримтын хамт гомдол гаргах боломжтойг хуульчилсан байна. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Д.С, А.З нар нь манай компанийн хувьд хуульд заасан шаардлага хангаагүй буюу зөрчилд холбогдогчийн шалгалтын үр дүнд гомдол гаргах эрхийг хангаагүй, шалгалтын үр дүнг танилцуулаагүй, үр дүнг албан ёсоор хүлээлгэн өгөөгүй зэрэг нь уг шийтгэлийн хуудсыг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр мэдсэн байдлаас харж болно.

                 Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 хэсгийн 2-т "... эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 93.1-д тус тус зааснаар эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл харьяалах дээд шатны байгууллагад гомдол гаргахыг хуульчилсан байна.

                 Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 154 дүгээр тогтоолоор батлагдсан “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн дүрэм”-ийн 12.8-д зааснаар Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн гаргасан дүгнэлт, үр дүнд гомдол гаргах бол Зөвлөлд гомдол гаргах эрхтэйг заажээ.

                 Улмаар 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 18/233 тоот албан бичгээр Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Д.С, А.З нарын Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0129002 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгөхийг хүсч Санхүүгийн зохицуулах хорооны зөвлөлд гомдол гаргасан.

                 Гомдлын дагуу 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 15 тоот албан бичгээр гомдолд заасан асуудлаар Зөвлөл хянан шийдвэрлэх боломжгүй тухай мэдэгджээ. Иймээс Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 154 дүгээр тогтоолоор батлагдсан “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн дүрэм”-ийн 12.9, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 хэсгийн 2-т тус тус зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

                 Иймээс 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Д.С, А.З нарын Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0129002 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, хууль бусаар компанийн данснаас татсан 40,000,000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данснаас буцаан гаргуулж өгнө үү.” гэжээ.

                 Хариуцагч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “Т.Б.А” ХХК-иас Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Д.С, А.З нарын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 0129002 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, “Т.Б.А” ХХК-ийн данснаас татан авсан 40,000,000 төгрөгийг буцаан төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

                 Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтын 2.3 дахь хэсэгт заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Д.С, А.З нар нь “Т.Б.А” ХХК /РД:56465../ -ийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 11-36 тоог хаягт байрлах “С л”-д иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагт очиж үзлэг хийхэд Хорооны зөвшөөрөлгүйгээр Банк бус санхүүгийн байгууллагын салбар нээн, мөнгөн гуйвуулгын үйл ажиллагаа буюу банк бус санхүүгийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй эрхэлж байсан нь холбогдох баримтуудаар нотлогдсон тул хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан Зөрчлийн тухай хуулийн 11.5-ын 1-д зааснаар холбогдогч “Т.Б.А” ХХК-д 40,000,000 төгрөгийн шийтгэлийг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 0129002 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулж, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дотор сайн дураар биелүүлэхийг даалгасан болно.

                 Холбогдогч тал болох “Т.Б.А” ХХК-ийн холбогдох албан тушаалтнуудад хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр танилцуулсан боловч хүлээн авахгүй, удирдлагуудаас хариу иртэл шийтгэлийн хуудсыг гардаж авахгүй мөн тайлбар бичиж өгөхгүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн тул шийтгэлийн хуудасны нэг хувийг салбарын эрхлэгч М.О д хүлээлгэн өгсөн. / М.О нь “Т.Б.А" ХХК-ийн ажилтан, дээрх салбарын эрхлэгч гэдэг нъ хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны 2/08 дугаартай тэмдэглэлд холбогдогчоор гарын үсэг зурснаар нотлогдож байгаа болно.

                 “Т.Б.А” ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 18/049 тоот албан бичгээр салбарын зөвшөөрөл аваагүй боловч Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо Бага тойрог 1-36 тоотод байрлах салбараар юанийн гуйвуулга авсан тухай тайлбар ирүүлсэн бөгөөд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг тус өдөр хүлээн авсан гэдэг нь дээрх албан бичгээр мөн нотлогдож байна.

                 “Т.Б.А” ХХК нь хэдийгээр шийтгэврийн хуудсыг хүлээн авсан талаар гарын үсэг зураагүй боловч торгуулийг эс зөвшөөрч тайлбар гаргаж байсан нь түүнийг хүлээн аваагүй гэж үзэх үндэслэлгүй тул Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгүүлэх тухай эрх бүхий албан тушаалтны хүсэлт хүргүүлж /Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Шийтгэлийн хуудсыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хүлээн аваагүй нь шийтгэл, албадлагын арга хэмжээг албадан биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй/ тус шүүхээс шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгэх үндэслэлтэй гэж үзэн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4778 дугаартай захирамж гарч, мөн өдрийн 176 дугаартай гүйцэтгэх хуудсыг шүүгч Г.М бичсэн байна.

                 Шүүхийн гүйцэтгэх хуудсын дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч н.Анар гүйцэтгэх ажиллагаа хийж байгаа болно.

                 Иймд дээрх тайлбар болон хавсаргах холбогдох нотлох баримтуудаар холбогдогч “Т.Б.А” ХХК нь хялбаршуулсан журмаар шийтгэл ногдуулсныг мэдэж байсан ба шийтгэлийн хуудастай тухайн өдөр удирдлага болон холбогдох ажилтнууд нь танилцсан зэрэг нь баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч “Т.Б.А” ХХК-иас гомдлын шаардлагаа “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Д.С, А.З нарын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0129002 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, “Т.Б.А” ХХК-ийн данснаас татан авсан 40,000,000 төгрөгийг буцаан төлүүлэх” гэж тодорхойлсон.

                 Гомдол гаргагчаас маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтээсээ татгалзаж, анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар А.А гэж тодорхойлсныг А.З гэж тодруулсны дагуу шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөвтгөж хариуцагч гардан авч, хуульд заасан эрх үүрэгтэйгээ танилцсан болно. Мөн “Т б” ХХК, “Т.Б.А” ХХК, “С ф э т ББСБ” ХХК-иуд нь нэг хувьцаа эзэмшигчтэй эсэх талаарх нотлох баримтыг гаргуулах шаардлагагүй бөгөөд энэ асуудлаар хэргийн оролцогчид маргаагүй тул гомдлын шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтээ талууд шүүх хуралдаан дээр илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

               Гомдол гаргагчаас ... Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Д.С, А.З нарын зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, “Т б өвто” ХХК-д торгууль шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй ... “С ф э т ББСБ” ХХК биш, “Т.Б.А” ХХК-ийн салбар дээр зөрчлийг ногдуулсан нь зөрчлийн холбогдогчийг зөв тогтоож, зохих этгээдэд нь хариуцлага оногдуулаагүй, зөрчил хянан шалгах ажиллагааг гүйцэд хийж, нотлох баримтыг үнэлж үнэн зөвөөр тогтоолгүйгээр “Т.Б.А” ХХК-ийн салбар дээр зөрчлийн шийтгэлийг ногдуулсан нь алдаатай болсон ... “Т.Б.А” ХХК-д тайлбар гаргах боломжийг олгоогүй. Бид тайлбар гаргах эрхээ эдлээгүй ... тухайн үед “Т.Б.А” ХХК-ийн салбарын захирал М.О гэж хүнийг байсан гэж үзээд тухайн хүнээр тэмдэглэл үйлдүүлээд зөрчлийг ногдуулсан байдаг. Гэтэл салбарын захирал Иргэний хуульд заасны дагуу компанийг бүхлээр  нь төлөөлөх эрхгүй ... банкны дансны хуулга, мөнгийг шилжүүлэн авч байгаа хүний дансны хуулга, холбогдох баримтаар мөнгөн гуйвуулга хийгдсэн байна гэж тогтооно. Санхүүгийн анхан шатны баримт дээр бичсэн байгааг гуйвуулга бодитоор хийсэн гэж дүгнээд байгааг буруу ... гэж,

               Хариуцагчаас ... “Т б” ХХК, “Т.Б.А” ХХК, “С ф э т ББСБ” ХХК нь үндсэндээ нэг л хувьцаа эзэмшигчтэй нэг л хуулийн этгээдүүд учраас энэ дээр төөрөгдөөд байх зүйлгүй ... холбогдогч хуулийн этгээдийг тэр салбар дээр төлөөлж байгаа хүн нь тухайн салбарын захирал учраас салбарын захирал М.О аас тайлбар аваад гарын үсэг зуруулсан ... Санхүүгийн зохицуулах хороо Чингэлтэй дүүргийн . дүгээр хорооны ..-.. тоот хаяг дээр салбар байгуулах зөвшөөрөл олгоогүй, гаднаа юанийн гуйвуулга гэж тавьсан байгаа хаяг нь өөрөө илтэд зөрчил. Дотроо ороод тайлан мэдээ гаргасан, мөнгөн гуйвуулгын үйл ажиллагаа эрхлээд явсан нэмэлт үйлдлүүд бас байгаа. Тухайн салбар дээр байгаа хуулийн этгээд нь “Т.Б.А ХХК буюу уг компани Чингэлтэй дүүргийн . дүгээр хороо ..-.. тоот хаягтай учраас “Т.Б.А” ХХК-д хялбаршуулсан журмаар шийтгэл ногдуулж байгаа ...  гэж тус тус маргасан.

               Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийн хүрээнд судлан үзээд гомдлын шаардлагыг дараах байдлаар бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

          Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагч Д.С, А.З нар нь иргэн н.Б*******ийн ““С л” ББСБ-ын Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, З гын замын эсрэг талд юанийн гуйвуулга хийж байна” гэх гомдлын дагуу “С******* ББСБ” ХХК-д 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тус салбарын эрхлэгч М.О , гэрч Г.Ж******* нарыг байлцуулан үзлэг хийж, мөн өдрийн 0129002 дугаартай шийтгэлийн хуудсаар “Т.Б.А” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1-д заасны дагуу 40,000,000 төгрөгийн шийтгэлийг ногдуулсан байна.

               Ингэхдээ гаднах зар сурталчилгааны самбар, иргэдэд тарааж буй тараах хуудас, мөнгөн гуйвуулгын үйл ажиллагаа явуулсан бүртгэл зэргийг үндэслэн “Т.Б.А” ХХК нь Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, . дүгээр хороо ..-.. тоот хаягт байрлах “С” л нь мөнгөн гуйвуулгын үйл ажиллагааг явуулж, Банк бус санхүүгийн байгууллагын салбарыг зөвшөөрөлгүй нээсэн гэж үзжээ.

               Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1-д “Банк бус санхүүгийн байгууллагын салбарыг зөвшөөрөлгүй нээсэн, эсхүл банк бус санхүүгийн байгууллагаас бусад этгээд банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч нарын шийтгэлийн хуудас оногдуулах болсон үндэслэл нь нотлох баримтаар бүрэн тогтоогдохгүй байна.

               Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт холбогдогч нь ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгаагаа мэдэх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах, зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах, зөрчлийн хэрэгтэй танилцах зэргээр хуульд заасан бусад эрхийг эдлэхээр зохицуулсан байна. 

               Зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Т.Б.А” ХХК нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, маргаан бүхий  шийтгэлийн хуудсыг эрх бүхий албан тушаалтан гардаж авч танилцаагүй, М.О нь тус компанийн салбарын захирал мөн эсэх, цаашилбал, “Т.Б.А” ХХК-ийг бүрэн төлөөлөх хууль ёсны итгэмжлэлтэйг нотолсон баримт авагдаагүй зэрэг нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ.” гэж заасантай нийцээгүй буюу энэ тохиолдолд хуулийн этгээд гэж “Т.Б.А” ХХК-ийг ойлгоно.

               Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад хийсэн “... хэдий хувьцаа эзэмшигчид нь нэг байлаа ч гэсэн тусдаа тайлан мэдээгээ гаргадаг. Өөрийн нэрээр эрх эдэлж, үүрэг хүлээдэг тусдаа хуулийн этгээдүүд. М.О ын тухайд хэдийгээр салбарын эрхлэгч гэж байгаа боловч өнөөдөр байгууллагыг бүхэлд нь төлөөлөх эрх тэр хүнд байхгүй. Шийтгэлийн хуудсаар тогтоогдоод байгаа 40,000,000 төгрөг М.О аас гарахгүй. Харин “Т.Б.А” ХХК-ийн данснаас гарч байгаа торгууль. Энэ ажиллагаанд “Т.Б.А” ХХК өөрөө оролцож эрх үүргээ хэрэгжүүлэх ёстой байсан” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй юм.

               Хэдийгээр “Т б” ХХК-ийн захирал /З.Я ын гарын үсэгтэй/ 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 18/049 тоот “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичигт “... бид салбарын зөвшөөрөл аваагүй Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойрорг, 1-36 тоотод байрлах “З г” салбараар нийт 2 удаа буюу 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 10,850 юань, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 16,000 юанийн гуйвуулга авсан нь үнэн болно” гэсэн байх боловч үүнийг шийтгэлийн хуудас оногдуулсан гомдол гаргагч “Т.Б.А” ХХК /захирал Я.М /-ийн тайлбар гэж үзэхээргүй байна.

               Мөн хариуцагчаас бүртгэлийн дэвтрийг үндэслэн мөнгөн гуйвуулгын үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн хэдий ч уг баримт нь чухамдаа “Т.Б.А” ХХК-ийн баримт мөн эсэх нь баримтаар нотлогдохгүй, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс уг баримтыг үгүйсгэсэн, уг үйл ажиллагааг нэхэмжлэгч компани эсхүл салбарын захирал гэх М.О нь дур мэдэн явуулсан эсэхийг шалгаж тогтоогоогүй буюу энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор, эрх бүхий албан тушаалтанд оролцогчоос гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг заагаагүй бол дангаараа нотлох баримт болохгүй.” гэж заасантай зөрчилдөж байна.

               Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүргийг хүлээх бөгөөд шүүх улсын байцаагчийн дутуу эсхүл алдаатай хийсэн аливаа нэгэн ажиллагааг нөхөж, гүйцээж хийх боломжгүй юм.

               Иймд хэрэгт авагдсан баримтаар шийтгэлийн хуудас оногдуулах болсон үндэслэл тогтоогдохгүй байх тул дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Д.С, А.З нарын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0129002 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

               Нэгэнт Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Д.С, А.З нарын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0129002 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул гомдол гаргагч “Т.Б.А” ХХК-ийн 5124029966 тоот данснаас татан авсан 40,000,000 төгрөгийг уг дансанд буцаан байршуулах нь үндэслэлтэй байна.

               Эцэст нь шүүх нэхэмжлэгч компани нь уг асуудлаар зөрчил гаргасан эсэхийг нөхөж тогтоох бус харин зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа холбогдох хууль, журамд заасан процессийн дагуу явагдсан эсэх, хариуцагч нар нотлох баримтыг бүрэн цуглуулж, тэдгээрийг хэрхэн үнэлж маргаан бүхий шийтгэлийн хуудсыг оногдуулсан эсэх асуудлын хүрээнд дүгнэн шийдвэрлэсэн бөгөөд уг шийтгэлийн хуудсыг оногдуулах болсон үндэслэлийг нотлох зорилгоор нөхөж нотлох баримт цуглуулах боломжгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 5, 4.15 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг баримтлан “Т.Б.А” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Д.С, А.З нарын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0129002 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, “Т.Б.А” ХХК-ийн 512402.... тоот данснаас татан авсан 40,000,000 төгрөгийг уг дансанд нь буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хувь тэнцүүлэн 35,100 төгрөгийг тус тус гаргуулан гомдол гаргагчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.ДОЛГОРСҮРЭН