Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 01782

 

Ч.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

        Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

        2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01600 дугаар шийдвэртэй,

       Нэхэмжлэгч Ч.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй

       Хариуцагч “Юу Би Эйч проперти” ХХК-д холбогдох

       Гэрээний үүрэгт 9 362 400 төгрөг, хохиролд 1 310 736 төгрөг нийт 10 673 136 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

       Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд:

       Нэхэмжлэгч Ч.Лхагвасүрэн

       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

      Нэхэмжлэгч Ч.Лхагвасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр "Юу Би Эйч проперти" ХХК-тай Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол "Хаппи таун" орон сууцны хотхонд 62,56 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалан бариулах гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу 62,56 м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв тус бүр 1 880 000 төгрөг нийт 117 612 800 төгрөгөөр тохиролцсон. Энэ байрыг худалдан авахын тулд бэлнээр 7 612 800 төгрөг болон Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, "Төгөл хус" хотхоны 11-8 тоотод байрлах, 3 өрөө орон сууцыг урьдчилгаанд нь барьцаалж үлдсэн 110 000 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас зээлж 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “Юу Би Эйч проперти” ХХК-д 100 хувь бүрэн барагдуулж дууссан. Иргэний хууль болон орон сууц захиалгаар бариулах гэрээний 5.4-д заасныг үндэслэн дараах нэхэмжлэл гаргаж байна.

1. "Юу Би Эйч проперти" ХХК-тай хийсэн “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ”-ний 1.1, 1.2, 1.3, 1.5, 2.1, 4.2.1, 4.2.3 заалтуудыг зөрчиж захиалагч миний орон сууцны нийт талбайг 4,98 м.кв-аар дутуу буюу 57,58 м.кв орон сууц хүлээлгэн өгсөн. Би орон сууцыг хүлээн авахдаа метр квадрат дутуу байгааг мэдээгүй бөгөөд байрны метр квадрат дутуу, хэмжүүлэх хэрэгтэй гэж хөршүүдийнхээ зөвлөснөөр 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр орон сууцны метр квадрат хэмжих тусгай зөвшөөрөлтэй "Тоонто Гранд" ХХК-иар хэмжилт хийлгэсэн бөгөөд энэ компани МNS 6058:2009 "Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал"-ын дагуу хэмжиж талбайг 57,58 м.кв хэмжээтэй гэж тогтоосон. Энэ нь гэрээний 1.2, 1.3, 2.1-д заасан орон сууцны нийт 62,56 м.кв талбайгаас 4,98 м.кв-аар дутаж байгаа юм. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж заасан боловч гүйцэтгэгч компани гэрээнд заасан хэмжээнээс бага хэмжээтэй орон сууцыг захиалагчид нийлүүлсэн тул биет байдлын доголдолтой гэж үзэхээр байна. Гэрээнд заасны дагуу дутуу 4,98 м.кв талбайн үнийг 1 880 000 төгрөгөөр тооцоход нийт 9 362 400 төгрөг байна. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3 дахь хэсэгт энэ хуулийн 251.3-т зааснаас бусад тохиолдолд худалдагч нь гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө илгээсэн бол худалдан авагч уг эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхтэй гэж, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө гэж заасныг үндэслэн гэрээгээр тохиролцсон тоо хэмжээнээс дутуу байгаа 9 362 400 төгрөгийг нэхэмжилж байна.

2. Худалдаа хөгжлийн банктай байгуулсан нөхцөлт орон сууцны зээлийн барьцааны гэрээний 2.9-д заасны дагуу сарын 0,66, жилийн 8 хувийн хүүтэй 110 000 000 төгрөг зээлсэн. Бидний харилцагч Худалдаа хөгжлийн банкнаас хамтран ажилладаг барилгын компаниудын барилгын байр бидний зээл авах төлбөрийн чадвар болон байршил санаанд нийцсэн учраас сонгосон. Дээрх компанитай гэрээ байгуулж 62,56 м.кв талбайтай байрыг м.кв-ыг 1 880 000 төгрөгөөр тооцож 117 612 800 төгрөг болсныг Худалдаа хөгжлийн банкны шаардлагын дагуу 7 612 800 төгрөгийг банкинд бэлнээр төлж үлдсэн 110 000 000 төгрөгийг банкнаас зээлж, "Юу Би Эйч проперти" ХХК-д 2015 оны 5 дугаар сарын 29-нд төлж дуусгасан. Нөхцөлт орон сууцны гэрээнд зааснаар 9 362 400 төгрөгт ногдох хүүг тооцвол өдрийн 2051,2 төгрөг буюу 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 639 хоногийн 1 310 736 төгрөгийг илүү авсан зээлийн хүүнд төлж хохирсон. Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар 1 310 736 төгрөг нэхэмжилилнэ. Дээрх үндэслэлүүдээр “Юу Би Эйч проперти” ХХК-иас орон сууц захиалгаар бариулах гэрээний үүргийн биелэлт, хохирол нийт 10 673 136 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Юу Би Эйч проперти” ХХК 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2013/04-12 тоот "Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ"-ний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хаппи таун хотхонд байрлах 71, 72, 73 тоот, барилгыг "Өндөрбуянт холдинг" ХХК-иас шилжүүлэн авсан бөгөөд уг барилгыг худалдан авахдаа барилгын батлагдсан зураг, бүх төрлийн ажлын акт, холбогдох зөвшөөрлийг үндэслэн хүлээн авсан. Мөн манай компани уг хотхоны барилгын ажлыг “Өндөр буянт” ХХК болон “Алъяанстехник” ХХК, “Хай кик” ХХК, “Сигма-Отис” ХХК зэрэг компаниудаар хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг орон сууцыг чанар стандарт, барилгын зураг төслийн дагуу хийгдсэн гэж үзээд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2014/709 тоот барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт гарсан учир бид худалдан авагчдаа уг орон сууцанд оруулж эхэлсэн. Бид боруулалтын талбайн хэмжээ, үнийг худалдан авагчдад урьдчилсан байдлаар танилцуулдаг бөгөөд үүнийг худалдан авагч хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан, уг орон сууцыг худалдан авсанаас хойш хуулийн хугацаанд манай компанид гомдол, шаардлага гаргаагүй. Манай компани барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй компаниудаар зураг төслийг хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг зураг төслийн дагуу баригдсан болохыг улсын комисс тогтоосон тул хөндлөнгийн компани талбайн хэмжээг тооцож гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4, 219
дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар "Юу Би Эйч проперти" ХХК-иас 9 362 400
төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Лхагвасүрэнд олгож, нэхэмжлэлээс 1 310 736 төгрөгийн
нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Лхагвасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185 720 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Юу Би Эйч проперти" ХХК-иас 164 748 төгрөгийг гаргуулж Ч.Лхагвасүрэнд олгож шийдвэрлэжээ.        

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ....Ч.Лхагвасүрэн манай компанитай 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ байгуулсан бөгөөд орон сууц ашиглалтанд орсон байсан. Уг орон сууцыг нүдээр үзэж худалдан авсан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний гол нөхцөл 2 өрөө орон сууц, түүнийг хүлээлгэн өгөх юм. Талууд Иргэний хуульд зааснаар гэрээний чөлөөт байдлын зарчимд тулгуурлаж гэрээ байгуулсан боловч шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, гэрээний 1.4-д зааснаар хүчин төгөлдөр бус байна гэжээ. Гэвч нэхэмжлэгчээс тухайн гэрээний зүйл, заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Шүүх хэт нэг талыг барьж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргажээ. Орон сууцны талбайн хэмжээ дутаж болохыг талуудах гэрээний 1.4-д зааснаар урьдчилан танилцуулсан үйл ажиллагаа юм. Учир нь: Ч.Лхагвасүрэнтэй гэрээ байгуулах үед барилга ашиглалтанд орсон байсан. Манай компани тухайн орон сууцанд гоёлын хана хийх, шавар, замаск татах, улмаар сантехникийн шугам, хоолойг далдлах зэрэг барилгын дотоод өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор дотоод заслын ажлуудыг хийсэн тул үүнтэй холбогдуулж, м.кв-ийн зөрүү гарч болохыг урьдчилсан байдлаар танилцуулсан. Үүнийг худалдан авагч Ч.Лхагвасүрэн хүлээн зөвшөөрсөн нь талуудын байгуулагдсан гэрээний гол нөхцөл 2 өрөө орон сууц юм.

Мөн шийдвэрийн үндэслэлдээ ...орон сууцны талбайн хэмжээг жирийн дундаж иргэн нүдээрээ хараад тогтоох боломжгүй, барилгын зураг, төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд хэмжилтийг тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар хийж тооцоолох замаар тогтоож байгаа тул... гэжээ. Гэвч орон сууцны талбайн м.кв-ыг тогтооход гагцхүү метр, мөн суурь боловсролын талбайн хэмжээг олдог томьёог мэддэг байхад тогтоох боломжтой. Өөрөөр хэлбэл, мэдэх боломжтой мөн тусгай зөвшөөрөлтэй компаниар талбайн хэмжилт хийлгэсэн ч орон сууцны түлхүүрийг хүлээн авснаар хэмжилт хийлгэх боломж үүссэн. Шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэхдээ ...энэ нь гэрээний 1.4 дэх заалтыг оруулсанаар тогтоогдож байна... гэж дүгнэжээ. Харин нуун дарагдуулсан бол гэрээнд талбайн хэмжээний зөрүү гарахыг огт тусгахгүй байсан гэж үзэж байна. Тухайн орон сууцыг хүлээлцэх үед мэдэх боломжтой байсан доголдол тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өөрөөр хэлбэл, 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр тухайн орон сууцыг хүлээн авснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

  Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ч.Лхагвасүрэн нь хариуцагч “Юу Би Эйч проперти” ХХК-д холбогдуулан захиалан бариулсан орон сууцны талбайн хэмжээ гэрээгээр тохиролцсон хэмжээ /62,56 м.кв/-нээс 4,98 м.кв-аар дутсан, өөрөөр хэлбэл ажлын үр дүн гэрээнд заасан хэмжээнд хүрээгүй доголдолтой байх тул 4,98 м.кв-ын үнэ 9 362 400 төгрөг, банкны зээлийн хүүнд төлсөн 1 310 736 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, 2008 онд барьж эхэлсэн барилгад 2009 оны стандартыг баримталж талбайн хэмжээг тооцсон нь үндэслэлгүй, талбайн хэмжээг танилцуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “Орон сууц захиалан бариулах гэрээ”-гээр нэхэмжлэгч Ч.Лхагвасүрэн нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 хороолол, Хаппи таун орон сууцны ХД-73 дугаар байрны 15 давхарт байрлах 219 тоот 62,56 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1 880 000 төгрөгөөр тохиролцон худалдан авч, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр сууцыг өмчлөлдөө бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй. /хх-8, 15-16, /

Дээрх маргаан бүхий орон сууцны талаар хэлцэл хийгдэх үед гэрээний зүйл болох баригдсан орон сууцнаас нэхэмжлэгч өөрийн байрыг сонгож хариуцагчтай гэрээ байгуулан, төлбөр төлөхөөр тохиролцсон нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх буюу худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдан авсан орон сууцны талбайн хэмжээг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ. “Тоонто Гранд” ХХК-иар хэмжилт хийлгэснээр талбайн хэмжээ дутуу байгааг мэдсэн тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар түүнд гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу талбайн үнийг буцааж төлүүлэхээр шаардах эрх үүсчээ.

 Худалдан авагч нь орон сууцыг хүлээн авахдаа орон сууцны талбайн хэмжээ дутуу байгааг нүдэн баримжаагаар харж, хүлээн авсаныг мэдсэн гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан гэрээ, хэргийн нөхцөл байдлаас тэрээр орон сууцны талбайн хэмжээ дутуу болохыг мэдэх боломжтой, орон сууцны талбайг хэмжиж авах үүрэгтэй гэж үзэхээргүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасан гомдлын шаардлага гаргах эрхээ алдаагүй гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд орон сууцны нийт талбай 62,56 м.кв байх, 1 м.кв талбайн үнэ 1 880 000 төгрөг гэж тодорхой заасан бөгөөд нэхэмжлэгчийн худалдан авсан орон сууцыг 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Тоонто Гранд” ХХК-иар хэмжилт хийлгэснээр орон сууцны талбай гэрээгээр тохиролцсон хэмжээнд хүрэхгүй байгааг мэдсэн болох нь тогтоогдсон байна.

“Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар талууд заслын ажлын дараахь талбайг гэрээ байгуулах үед мөрдөгдөж байсан МNS6058:2009 стандартын дагуу тооцож, ашиглалтын талбайн хэмжээг гаргахаар тохиролцсон байх тул “Тоонто Гранд” ХХК-ийн орон сууцны талбайн хэмжилтийг МNS6058:2009 стандартаар тооцсоныг буруутгах боломжгүй.

          Худалдагч нь худалдах-худалдан авах гэрээний зүйл болох орон сууцыг гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт нийцүүлэн, худалдан авагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй. Худалдан  авагч нь гэрээнд заасан хэмжээнд хүрэхгүй  талбайтай орон сууцыг хүлээн  авсан тул гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөхийг худалдагч талаас шаардсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

          Иймд шинжээч “Тоонто Гранд” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын орон сууцны талбайн зөрүү 4.98 м.кв-ын үнэ болох 9 362 400 төгрөгийг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 1 310 736 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Түүнчлэн  нэхэмжлэгч Ч.Лхагвасүрэн нь “Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулж, 110 000 000 төгрөгийг 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлж, орон сууцны үлдэгдэл төлбөрт шилжүүлсэн бөгөөд дутуу шилжүүлсэн м.кв-ын төлбөрийг орон сууцны зээлд шууд хамааруулах үндэслэлгүй тул банкны хүүнд төлсөн 1 310 736 төгрөгийг хариуцагчийн үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд тооцохгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01600 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ  

                                                  ШҮҮГЧИД                                          А.ОТГОНЦЭЦЭГ                       

                                                                                                             Д.БАЙГАЛМАА