Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2019/0660

 

“Ж Э Э С” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагч Т.З, Н.Х, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ц.Т нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0753 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн давж заалдах гомдлоор, “Ж Э Э С” ХХК-ийн гомдолтой, Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.З, Н.Х нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0753 дугаар шийдвэрээр: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.4, 7.3.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д заасныг тус тус баримтлан “Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.З, Н.Х нарын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №211820024 тоот шийтгэлийн хуудасны 2, 4, 6 дахь хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий “Ж Э Э С” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч давж заалдах гомдолдоо: “...Нотлох баримтыг дутуу үнэлсэн: Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.З, Н.Х нар нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Энхбаярын олгосон 21170900217 дугаар томилолтын дагуу “Ж Э Э С” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ээс 2016 оны 12 дугаар сарын 31-ийг дуусталх 5 жилийн хугацааг хамруулан 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 18 хоногийн хугацаатай шалгах томилолттой байсан боловч томилолтыг 2 удаа сунгаж 229 хоног шалгасан. Эхний томилолтыг 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дууссан байхад 7 хоногийн дараа буюу дунд нь тасалдуулан 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 95 хоног сунгасан бол хоёр дахь сунгалтыг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 31 өдөр хүртэл 134 хоногоор сунгасан байдаг.

Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацааг хуанлийн жил, сар, гараг, хоног, ажлын өдөр, цаг минутаар тодорхойлно”, 33.11-д “Долоо хоног, хоногоор тогтоосон хугацаа уг хугацаа дуусах өдрийн мөн цагт дуусна” гэж, мөн зүйлийн 33.8-д “Хугацааг сунгах сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно гэж тус тус заасны дагуу шалгалт хийх эрх олгосон 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Энхбаярын олгосон 2117090217 дугаар томилолт 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс энэхүү томилолт сунгагдах байсан. Энэхүү томилолт сунгасан баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг. Гэтэл шүүгч “...хариуцагчид шалгалтын үргэлжилсэн хугацааг программын аргаар тооцдог бөгөөд уг программ нь татварын шалгалтын үргэлжилсэн хугацааг ажлын өдрөөр тооцдог тул 7 хоногийн хугацаа хэтэрсэн мэт зөрүү гарсан...” гэх нотлох баримтаар нотлогдоогүй хариуцагчдын тайлбарыг шийдвэрийн үндэслэл болгосон. Хариуцагчдын хэлж буй шалгалтын хугацааг тоолдог программтай холбоотой ямар ч хууль, эрх зүйн акт болон Татварын ерөнхий газрын даргын зохицуулсан журам байхгүй, ийм программ байдаг эсэх талаарх нотлох баримт хэргийн материалд огт байхгүй байхад хариуцагчдын амаар нотлох баримтаар нотлогдоогүй тайлбарыг үндэслэл болгож, томилолтыг 2017 оны 09 дүгээр сарын 18-нд дуусаад 9 дүгээр сарын 26-нд дундаа тасарч сунгагдсан томилолттой холбоотой нотлох баримтыг огт үнэлээгүй.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д “Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана”, 5.2.7-д “өмнө хийсэн шалгалтын талаарх мэдээлэл” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх гэж заасан байхад 2013 онд татварын шалгалт орсон байхад дахиж шалгасан асуудлыг авч үзээгүй.

“Ж Э Э С” ХХК-ийн 2015 оны нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан шалгалтын актыг огт үнэлээгүй. ...“Жамп-Алт” ХХК-ийн борлуулсан борлуулсан алтны орлого “Ж Э Э С” ХХК-ийн данс руу орсон учир “Жамп Алт” ХХК дээр тайлагнагдаагүй “Ж Э Э С” ХХК дээр тайлагнагдсан учир борлуулсан алтны орлого гэж үзэж нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлого гэж үзэж чөлөөлөгдөх орлого дээр бичиж баталгаажуулсан байдаг. Ингэж өмнөх шалгалтаар баталгаажуулсан байхад давхардуулан шалгаж нэг байгууллагаас хоёр өөр шийдвэр гаргаж татвар төлөгчид шударга бус хандсаныг шүүх авч үзээгүй.

Гомдол гаргагчийн зүгээс 2014 онд нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүхээс хангасан атлаа нотлох баримт ирээгүй байхад хэргийг шийдсэн.

Хууль буруу хэрэглэсэн: Хариуцагч нарын тайлбарын үндэслэл болсон Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.11-д 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж өөрчлөгдсөн байхад 2015-аас 2016 оны үед гаргасан шийдвэрийн үндэслэл мэт тухайн үед байгаагүй хуулийн заалтыг хэрэглэснийг шүүх үндэслэлтэй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Жамп-Алт” ХХК нь өөрийн алтны орлогыг харилцан хамаарал бүхий “Ж Э Э С” ХХК-ийн дансаар авсан бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1-д “Дараах барааг албан татвараас чөлөөлнө:” гэж, 13.1.11-д “борлуулсан алт” гэж заасны дагуу “Ж Э Э С” ХХК-д орсон алтны орлого нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх байтал уг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. “Ж Э Э С” ХХК нь “Жамп Алт” ХХК-ийн алтны орлогыг “Жамп Алт” ХХК-ийн Монголбанк-нд гаргасан хүсэлтийн дагуу өөрийн компанийн данс руу авч тайлан дээрээ тусгаж гаргасан. 2015 онд нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулах татвараас нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх бараанд орох юм байна гэж шалгалтын байцаагч нар үзэж чөлөөлж акт гаргаж байсан. “Ж Э Э С” ХХК нь “Жамп Алт” ХХК-ийн алтны орлогыг өөрийн компанийн данс руу авч тайлагнаснаараа “Жамп Алт” ХХК-д ямар нэг татварын ашигтай байдал үүсээгүй төдийгүй татвар нуун дарагдуулаагүй юм. Хэрвээ Монголбанк алтны орлогыг зөвхөн лиценз эзэмшигч өөрийн дансаар авах ёстой байсан гэж үзсэн бол “Жамп Алт” ХХК-ийн алтны орлогыг “Ж Э Э С” ХХК руу шилжүүлэх шилжүүлэх хүсэлтийг хүлээж авахгүй байх байсан. Монголбанкны зөвшөөрөлтэй шилжүүлсэн борлуулсан алтны орлого нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх байтал хуулийг буруу тайлбарлаж алтны орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0753 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Гомдол гаргагч “Ж Э Э С” ХХК-иас “Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 211820024 дугаар шийтгэлийн хуудсын 2, 4, 6 дахь хэсгийг хүчингүй болгуулах” тухай гомдлыг гаргажээ.

Хариуцагч Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 211820024 дугаар шийтгэлийн хуудсын 2 дахь хэсгээр 2013 онд хүдэр баяжуулсны 168,517,640.00 төгрөгийн төлбөрт өгсөн 4,371.54 тонн төмрийн хүдрийн үнийг борлуулалтын орлогод тооцоогүй, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулаагүй зөрчил,

4 дэх хэсгээр мөн 2013 онд хүдэр баяжуулсны 168,517,640.00 төгрөгийн төлбөрт өгсөн 4,371.54 тонн төмрийн хүдрийг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулаагүй зөрчил,

6 дахь хэсгээр “Ж Э Э С” ХХК нь “Жамп Алт” ХХК-иас “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу 2015 онд 2,624,666,592 төгрөг, 2016 онд 2,241,432,118.73 төгрөг, нийт 4,866,098,710.73 төгрөг ажил, үйлчилгээний орлогод авч нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчлийг тус тус тогтоожээ.

“Ж Э Э С” ХХК болон хариуцагч нарын тайлбар, хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Албан татвар төлөгчийн дараахь төрлийн орлогод албан татвар ногдоно”, 7.3.1-д “үйл ажиллагааны орлого” гэж, 12 дугаар зүйлийн 12.1-д “Дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно”, 12.1.1-д “түүхий эд, үндсэн болон туслах материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, ...зэрэг бүх төрлийн материалын зардал” гэж тус тус зааснаас үзвэл, “Ж Э Э С” ХХК-ийн 2013 онд “Татвар ногдуулах орлого”-ын дүнд оруулж, тайланд тусгаагүй 168,517,640.00 төгрөгийн зөрчилд шийтгэл оногдуулсан, мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 он/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна”, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа...” гэж, мөн зүйлийн 7.3.4-д “өрийн төлбөрийг бараа шилжүүлэх замаар хаах...” гэж зааснаас үзвэл, “Ж Э Э С” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй 168,517,640.00 төгрөгийн зөрчилд шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Гомдол гаргагчийн “...“Жамп Алт” ХХК нь өөрийн алтны орлогыг харилцан хамаарал бүхий “Ж Э Э С” ХХК-ийн дансаар авсан бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах барааг албан татвараас чөлөөлнө”, 13.1.1-д “борлуулсан алт” гэж заасны дагуу “Ж Э Э С” ХХК-д орсон алтны орлого нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх байтал уг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх давж заалдах гомдлын тухайд:

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно...” гэж, 48 дугаар зүйлийн 48.9-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 48.7.3-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын албанаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор татварын албанд тус тус тушаана” гэж зааснаас үзвэл гомдол гаргагчийн маргаж буй алт борлуулсны орлогыг “Ж Э Э С” ХХК бус ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болох “Жамп Алт” ХХК нь 2015, 2016 онуудад Татварын албанд тайлагнахаар, өөрөөр хэлбэл ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй этгээдийн олборлосон алтыг “Ж Э Э С” ХХК нь Монголбанканд борлуулсан нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үндэслэл болохооргүй байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэдий ч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасны дагуу “Ж Э Э С” ХХК-ийн зөрчил үйлдсэн цаг хугацааг харгалзан маргаан бүхий шийтгэлийн хуудсаар ногдуулсан зөрчилд холбогдох төлбөрийн зарим хэсэг болох торгууль, алданги, хүүг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д заасан хугацаанд нийцүүлж өршөөн хэлтрүүлэхээр байжээ.

Тодруулбал, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж зааснаар гэмт хэргийн үйлдэл нь, эсхүл захиргааны зөрчил нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гаргасан бол уг гэмт хэрэг болон захиргааны зөрчил нь ял шийтгүүлэхээс, захиргааны шийтгэлээс чөлөөлөгдөхөөр зохицуулсан байна.

Харин маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “Ж Э Э С” ХХК-ийн “Жамп алт” ХХК-иас 2015 онд ажил гүйцэтгэх гэрээний дагуу авсан 2,624,666,592.00 төгрөгийн ажил, үйлчилгээний орлогод ногдуулаагүй зөрчил нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гарсан эсэхийг шүүх тооцох боломжгүй байх тул хариуцагч нарт тус зөрчилд ногдуулсан алданги, торгууль, хүүг дээрх хуульд нийцүүлэн гомдол гаргагчийг өршөөлд хамрагдах эсэхийг шийдвэрлэхийг даалгах нь зөв гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0753 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын дараа 2 дахь заалтаар “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг баримтлан Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 211820024 дүгээр шийтгэлийн хуудсаар “Ж Э Э С” ХХК-ийн 2015 онд ажил гүйцэтгэх гэрээний дагуу авсан 2,624,666,592.00 төгрөгийн ажил, үйлчилгээний орлогод ногдуулаагүй зөрчилд оногдуулсан алданги, торгууль, хүүг зохих журмын дагуу өршөөн хэлтрүүлэхийг хариуцагч нарт даалгасугай” гэж нэмж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж өөрчлөн, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН