Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/784

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр  хөтлөн,

Улсын яллагч: Б.Солонго,

Шүүгдэгч: Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А-д холбогдох эрүүгийн 0000000000 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Х нь “...Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 09 цагийн орчимд Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ж” нэртэй зочид буудлын 3 давхарт цахилгаан шатны дэргэд “маскаа зүү нусан чавхнууд гэж биднийг доромжилсон” гэх шалтгаанаар иргэн Г-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн хоолойноос нь боон унагаад толгой болон нүүр тус газарт нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 09 цагийн орчимд Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ж” нэртэй зочид буудлын 3 давхарт цахилгаан шатны дэргэд “маскаа зүү нусан чавхнууд гэж биднийг доромжилсон” гэх шалтгаанаар иргэн Г-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн хоолойноос нь боон унагаад толгой болон нүүр тус газарт нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Хт “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 000000000000 дугаартай хэргээс:

2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Дуудлага мэдээллийн хуудас /хх-ийн 1 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г-ийг хохирогчоор өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн өглөө 08 цагийн үед Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ж зочид буудлын 0 дугаартай өрөөнөөс гараад цахилгаан шатны урд зогсож байтал үл таних эрэгтэй хүн намайг дуудаад хөөе танилцъя гээд байсан, би за чи маскаа зүүчих гэтэл чи өөрөө маскаа зүүгээч гээд боож унагаагаад толгой руу маань цохиод нүүр рүү маань цохисон. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А-ын гэрчээр өгсөн “...Би найз Х-тэй 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Цээл сумаас хотод ирсэн. Тэгээд хөдөөгөөс ирсэн болохоор шинжилгээ өгчхөөд шинжилгээний хариу гартал Ж гэх нэртэй зочид буудалд өрөө авч хонохоор болсон. Бид 2 хонохдоо 10 ширхэг Сэнгүр нэртэй пиво, 1 шил Соёрхол нэртэй архи авч уусан. Маргааш нь буюу 30-ны өдөр ресейпшн эмэгтэй ирээд танай найз манай захиралтай муудалцаад байна гэж хэлсэн. Тэгээд яваад очтол Х нь тус буудлын захирал гэх залуутай хэрэлдээд зогсож байсан. Цагдаа дуудсан байсан. Захирал нь гэх залуугийн нүүр нь гэмтсэн байсан. Х архи уухаараа жаахан давтиргүй ааш араншинтай, өмнө нь ял шийтгүүлж байсан талаар би мэдэхгүй. Бид 2 нэг нутаг болохоороо их ойр дотно байдаг. Өмнө нь 10 дугаар хороололд оёдлын газар ажиллуулдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0000 дугаартай шинжээчийн: “...Г-ийн биед зүүн хөмсөг, зүүн нүдний зовхинд цус хуралт, хүзүү цээжинд цус хуралт, зүүн зулай, духанд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 24-25 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Хын яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр би найз Атай тус буудалд орж 10 ширхэг Сэнгүр, 1 шил Соёрхол уусан ба маргааш нь буюу 30-ны өдөр буудлаас гарахаар тооцоогоо хийх гээд шатны хажууд байж байтал урьд өдөр нь бид 2-ыг нусан чавхнууд гээд доромжлоод байсан ах зогсож байсан. Тэгэхээр нь би “ах өчигдөр юу юу гээд байсан бэ, ямар ширүүн байсан бэ” гэхэд “чамд ямар хамаатай юм бэ, би эндхийн захирал нь байна” гэсэн. Тэгэхээр нь би “та захирал нь байхаараа ингэж харьцаж болдог юм уу” гэж хэлээд цохисон. Яг хэд цохисныг санахгүй байна. Би нэлээн согтолттой байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн Хын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 тал/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 46-47 тал/, Хын Хаан банкны депозет дансны хуулга /хх-ийн 53-62 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Х нь “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 09 цагийн орчимд Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ж” нэртэй зочид буудлын 3 давхарт цахилгаан шатны дэргэд “маскаа зүү нусан чавхнууд гэж биднийг доромжилсон” гэх шалтгаанаар иргэн Г-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн хоолойноос нь боон унагаад толгой болон нүүр тус газарт нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” болох нь шүүгдэгчийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...чи өөрөө маскаа зүүгээч гээд боож унагаагаад толгой руу маань цохиод нүүр рүү маань цохисон. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0000 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Х гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч нь хохирогч Г-ийн биед халдаж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь үйл баримтад тохирсон гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Хын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгчийг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь хохирогч Г-т эмчилгээний зардалд 300.000 төгрөг шилжүүлсэн гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж, улсын яллагчаас энэ талаар баталгаажуулж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон тул   шүүгдэгч Хыг хэрэг хянан шийдвэрлэх үед бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 09 цагийн орчимд Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ж” нэртэй зочид буудлын 3 давхарт цахилгаан шатны дэргэд “маскаа зүү нусан чавхнууд гэж биднийг доромжилсон” гэх шалтгаанаар иргэн Г-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн хоолойноос нь боон унагаад толгой болон нүүр тус газарт нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Хт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид хохирол төлөхөө илэрхийлсэн байх тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 66 тал/

 

Иймд шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гаргахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг Хт танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн байна.

 

Прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх хэдий ч санал болгож тохиролцсон ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчим, 5.1-д заасан эрүүгийн хариуцлагын зорилгод бүрэн нийцээгүй болохыг тэмдэглэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гаргахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, оногдуулсан ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх даалгаж шийдвэрлэлээ.

 

Улсын яллагчаас Хт санал болгосон ялын хамтаар оршин суух газраа ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг бүхий үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ нь түүнд оногдуулахаар санал оруулсныг шүүхээс  Улаанбаатар хотоос гаргахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялтай давхар хэрэглэх шаардлагагүй, ач холбогдолгүй  гэж дүгнэсэн болохыг дурдаж байна.

 

Ялтан нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялаар нэг хоногоор солих болохыг Хт тайлбарлах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хыг 3 сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гаргахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Хт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар ялтан нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдаж, 1 ширхэг бичлэг бүхий СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ