Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/822

 

 

 

 

 

 

   

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр хөтлөн,

Улсын яллагч: Б.Солонго,

Шүүгдэгч С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч С-д холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

С нь “...2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Б хотхоны 0 дугаар байрны зогсоолд тавьсан хохирогч М-ийн эзэмшлийн Тоёота приус-50 маркийн 00-00 улсын дугаартай автомашины 1 ширхэг толийг хууль бусаар устган, түүнд 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С нь “...2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Б хотхоны 0 дугаар байрны зогсоолд тавьсан хохирогч М-ийн эзэмшлийн Тоёота приус-50 маркийн 00-00 улсын дугаартай автомашины 1 ширхэг толийг хууль бусаар устган, түүнд 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 000000000000 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М-ийн хохирогчоор өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 06 цаг 30 минутын үед байрныхаа зогсоол дээр байсан 00-00 улсын дугаартай приус-50 маркийн автомашины жолооч талын толь хугарсан байсан, тэгээд би гэрээсээ гараад машин дээрээ очоод толио харсан. Тухайн өдрийн шөнө нь манай хуучин найз залуу над руу залгасан байсан бөгөөд би унтаж байсан болохоор дуудлагыг нь аваагүй. Тэгээд 05 цагийн үед над руу залгаад “чи машиныхаа толийг хар даа” гэхээр нь харахад байхгүй байсан. Би “чи миний машины толийг авчихсан юм уу” гэхэд “тийм” гэж хэлсэн. Би “чи ямар муухай юм бэ” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би байрныхаа хажуу талын кодгүй байр руу ортол манай найз залуу миний машины толийг барьчихсан унтаж байсан, би сэрээх гэхэд сэрэхгүй байхаар байрнаас гараад даатгал руу залгасан бөгөөд даатгалаас цагдаа руу залга гэхээр нь цагдаа дуудсан. Би Сосорбарамтай жил гаран үерхсэн, одоо бид 2 салсан. Би гомдолтой байна, машиныхаа толийг хуучин хивэнд нь оруулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,

 

“Д” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 00000 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22-24 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С-н яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр шөнийн 04 цагийн үед би найз охин М-нд очсон бөгөөд бид 2 өмнө нь маргалдчихсан байсан. Тэгээд гэрт нь очоод хаалгаа тайлахгүй байхаар нь гараад явж байтал байрных нь гадаа найз охины маань приус-50 маркийн автомашин нь байхаар нь уур нь даа баруун талын талийг нь гараараа цохиод хугалчихсан. Тэгээд найз охин руугаа залгаад толио гарч ирээд аваарай гэж хэлсэн. Хажуу байрны орцонд ороод унтчихсан байсан. Өглөө найз охин орж ирсэн бөгөөд араас нь дагаад гарахад цагдаа нар ирчихсэн байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн А-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44, 47, 58 тал/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 49 тал/, оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хх-ийн 48, 57 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 55 тал/, жолоочийн эрхийн лавлагаа /хх-ийн 46 тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 56 тал/, Цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 38-41 тал/, С-н “Хаан банк” дахь депозет дансны хуулга /хх-ийн 60-74 тал/, боловсрол тодорхойлсон бусад баримтууд /хх-ийн 50-54, 59/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч С нь “2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Б хотхоны 0 дугаар байрны зогсоолд тавьсан хохирогч М-ийн эзэмшлийн Тоёота приус-50 маркийн 00-00 улсын дугаартай автомашины 1 ширхэг толийг хууль бусаар устган, түүнд 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь: Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, “Д” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22-24 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч С нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч С-н 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Б хотхоны 0 дугаар байрны зогсоолд тавьсан хохирогч М-ийн эзэмшлийн Тоёота приус-50 маркийн 00-00 улсын дугаартай автомашины 1 ширхэг толийг хууль бусаар устган, түүнд 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч С гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирогч М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гарган өгсөн 1.100.000 төгрөг шилжүүлэн авсан гэх мессежний хуулга /хх-ийн 75-76 тал/, шүүгдэгч С нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд прокурорт “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, Хохирогчид хохирол төлбөрт 1.100.000 төгрөгийг төлсөн. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 81 тал/-ийг тус тус хэрэгт хавсаргажээ. Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх үед хохирогч дахин хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй болохыг дурдаж байна.

 

Шүүгдэгч С нь хохирогчид нийт 1.100.000 /нэг сая нэг зуун мянган/-н төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт төлсөн байх тул шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед шүүгдэгчээс хохирогчид төлбөл зохих хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Б хотхоны 0 дугаар байрны зогсоолд тавьсан хохирогч М-ийн эзэмшлийн Тоёота приус-50 маркийн 00-00 улсын дугаартай автомашины 1 ширхэг толийг хууль бусаар устган, түүнд 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч С-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид нийт 1.100.000 төгрөгийн төлбөр төлсөн гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 81 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд хохирогч А.М өөрт учирсан хохирлыг дахин баримтаар нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийн хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч С-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг С-д тайлбарлав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-г 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ