Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/868

 

 

 

 

 

 

   

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр хөтлөн,

Улсын яллагч: Б.Солонго,

Шүүгдэгч: Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн яллагдагч Г-т холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г нь “2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 давхрын автомашины зогсоолд байрлуулан тавьсан хохирогч Д-ийн эзэмшлийн “Лексус-570” загварын 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг толины хавтсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч, түүнд 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цагийн орчимд Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э” өрхийн эмнэлгийн эмчийн үзлэгийн өрөө онгорхой байхад хохирогч О-ийн халуун хэмжигч, цүнх, цүнх нь дотор байсан 2 ширхэг монетон бөгж, түрүүвч, иргэний үнэмлэх, автобусны карт, бэлэн 80.000 төгрөг буюу нийт 1.572.000 төгрөгийн эд хөрөнгийг,

Мөн хугацаанд хохирогч Д-ийн 96.000 төгрөгийн үнэ бүхий ягаан өнгийн куртикийг тус тус хулгайлан авч бусдад нийт 2.368.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г нь “2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 давхрын автомашины зогсоолд байрлуулан тавьсан хохирогч Д-ийн эзэмшлийн “Лексус-570” загварын 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг толины хавтсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч, түүнд 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цагийн орчимд Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э” өрхийн эмнэлгийн эмчийн үзлэгийн өрөө онгорхой байхад хохирогч О-ийн халуун хэмжигч, цүнх, цүнх нь дотор байсан 2 ширхэг монетон бөгж, түрүүвч, иргэний үнэмлэх, автобусны карт, бэлэн 80.000 төгрөг буюу нийт 1.572.000 төгрөгийн эд хөрөнгийг,

Мөн хугацаанд хохирогч Д-ийн 96.000 төгрөгийн үнэ бүхий ягаан өнгийн куртикийг тус тус хулгайлан авч бусдад нийт 2.368.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г “...Гэмшиж байгаа, дахин ийм хэрэг үйлдэхгүй…”  гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 000000000000  дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Д-ийн хохирогчоор өгсөн “...Би “Э” ББСБ-ийн гүйцэтгэх захирлын албан тушаал хашдаг бөгөөд манай байгууллагын нэг салбар нь Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Х хотхоны 4 давхарт байдаг ба 2021 оны 7 дугаар сарын 07-ны 11 цагийн үед өөрийн унадаг Лексус-570 маркийн тээврийн хэрэгслээ 0 дугаар байрны зогсоол дээр байршуулсан байсан. Тэгээд өдөр 16 цагийн үед ажлаасаа гараад харих гэтэл миний машины толины дотор хавтас алга болсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би тус тээврийн хэрэгслийг 2019 онд авсан бөгөөд толины хавтас нь дагалдан ирсэн юм. Хохирлоо барагдуулмаар байна...” /хх-ийн 14-15 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Д-ийн хохирогчоор өгсөн “...Миний хохирол төлбөрийг барагдуулаагүй байгаа. Толины хавтас хулгайлсан хүн архи уудаг, тэнэмэл хүн гэсэн. Мөн миний автомашины толийг үнэлгээний газар бага үнэлсэн байсан. Би өмнө нь гэрчийн мэдүүлэгтээ толины төлбөрийг 1.500.000 төгрөг гэж хэлсэн боловч япон улсаас толио захиалахад 2.240.000 төгрөг болсон. Гэхдээ одоо үнэлгээ дээр маргахгүй. Би гомдолтой байна. Гэмт хэрэг хийсэн этгээдэд зохих хариуцлагыг хүлээлгэнэ гэж найдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч О-ийн гэрчээр өгсөн “...Гарын хээний нэгдсэн сангийн бүртгэлийн программ нь орос сервертэй байдаг. Уг папилон сангийн өгөгдлийн дагуу овог нэрийг бүртгээд Монгол руу хөрвүүлж гаргахад овог нэр солигдож зөрүүтэй гардаг. Зарим шинжээч нар нь овог нэр нь солигдож гардгийг мэддэг учраас овог дээр нь нэрийг нь, нэр хэсэгт нь эцэг эхийн нэрийг нь бичиж санд оруулдаг. Одоо папилон санд шинжлэл хийж Орос хэл дээр биш Монгол хэл дээр бичдэг болсон. Одоо ямар нэгэн зөрүү гарахгүй байгаа. Х овогтой Г гэж бүртгэх ёстой...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/,

 

“Д” хөрөнгийн үнэлгээний 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 00000000 дугаартай тайлан /хх-ийн 42-44 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 00000 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 6 гэж дугаарласан гарын мөр болон Д, О нарын гарын хээний дардас, шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 гэж дугаарласан гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэх 6 гэж дугаарласан гарын мөр нь санд MN000810000253, MN0052100047748 MN000720001519 дугааруудаар бүртгэгдсэн Г овогтой Х-ын гарын хээний дардастай тохирч байна. Шинжилгээнд тэнцэх Д, О нарын гарын хээний дардас нь санд бүртгэгдсэн эзэн холбогдогч нь тодорхойгүй хэргийн газраас илрүүлж, бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-40 тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Г-ийн яллагдагчаар өгсөн “...Би архи уух мөнгөгүй болчхоод хулгай хийсэн. Ямар маркийн автомашины толь хулгай хийснээ санахгүй байна. Би машины марк мэдэхгүй. Би хулгайлж авсныхаа дараа эргүүлээд өгсөн. Өөрийн биедээ хадгалж байгаад эргүүлж өгсөн. Өмнө нь би зүлгэ нь дунд нууж байгаад хайгаад олохгүй байсан бөгөөд гэртээ хувцас нь дундаа нуусан байсан юм байна лээ. Тухайн үед архи уух мөнгөгүй болчхоод л архи хулгай хийсэн байх. Би 1996 онд 10 жилийн дунд сургуулиа төгсөөд 1997 онд Д-ийн С заставд 1 жил цэргийн алба хааж ирээд түүнээс хойш архи ууж байгаа. 10 жилийн сургуульд байхдаа Д-тэй танилцаад 1 хүүхэдтэй болсон. Эхнэр хүүхэд маань одоо БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа. Би холбоо барьдаггүй. Надад аав, ээж, төрөл садангийн хүн гэж байхгүй, би хорооллын эцэст 29 дүгээр байранд амьдардаг. Тухайн байрыг ашиглалтад орсон цагаас нь хойш амьдарч байгаа. Миний ах том машины жолооч хийж байгаад хөлгүй болж группэд орсон. Одоо гэртээ буюу Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр байрны 0 тоотод амьдардаг. Намайг Өргөөгийн тэр хавийн архи уудаг хүмүүс С гэж хочилдог бөгөөд автобусанд кондуктор хийж байхдаа энэ хочийг авсан. Би одоо хаанаас, ямар машинаас хулгай хийсэн талаараа санахгүй байна. хулгайг өөрийн сайн дураараа хийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна. Бага ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар шуурхай удирдлагын тасгийн дуудлага мэдээлэл хүлээн авсан тухай хуудас /хх-ийн 107 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 111-120 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр О-ийн хохирогчоор өгсөн “...2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны эмнэлэгт ажлаа хийж байгаад 16 цаг 30 минутын үед хуваарийн дагуу нярай эргэхээр яваад 17 цагийн үед ажид дээрээ буцаж ирээд ажлын цаг дууссан болохоор нь явах гэтэл ажлын өрөөний шүүгээний шургуулгад байсан гар цүнх байхгүй, өлгүүрт байсан куртик бас байхгүй байхаар нь хяналтын камер шүүж үзэхэд 16 цаг 47 минутын үед хар савхин хүрэмтэй, хар малгайтай, хар өмдтэй, өмдөө өвдөг хүртэл шуусан, ногоон фодволктой эрэгтэй хүн гаднаас ганцаараа орж ирээд зүүн талын өрөө рүү орж эхлээд шүүгээ нь дээр байсан халуун хэмжигчийг аваад, дараа нь шүүгээний шургуулгад байсан хар цүнхийг аваад гарахдаа тавиур дээр байсан ягаан куртик аваад хаалганы завсраар хүн харж зогсож байгаад 16 цаг 50 минутын үед гарч байгаа нь бичигдсэн байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Манай эмнэлэг 17 цагт хаалга барьдаг болохоор 16 цагийн үед бараг хүнгүй болчихдог. Тухайн өрөөнд хүн байхгүй, үүдэнд хүн байхгүй, гэхдээ хаалга нь онгорхой байж л байдаг. Хяналтын камерын бичлэг 7 хоног л хадгалагддаг. Би хар өнгийн жижиг гар цүнхээ алдсан. Дотор талд нь 80 орчим мянган төгрөг бэлнээр, иргэний үнэмлэх, бусад бичиг баримтууд байсан. Тухайн үед эмнэлэгт 1 давхарт хүн байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 124-125 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр О-ийн хохирогчоор өгсөн “...Д ХХК-аас гаргасан хөрөнгийн үнэлгээтэй танилцсан. Ямар нэгэн гомдол санал байхгүй, дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Миний алдсан эд зүйл дотор 2 бөгж, гар цүнх, түрийвч, халуун хэмжигч байсан ба нийтдээ 1.492.000 төгрөг болсон бөгөөд 96.000 төгрөгөөр үнэлсэн куртик нь эмч Дгийнх байсан. Хохирол төлбөрөө гаргуулан авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 127 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д-ийн хохирогчоор өгсөн “...2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны эмнэлэгт ажлаа хийж байгаад 16 цагийн үед эмчилгээний хуваарийн дагуу 2 давхарт хүмүүст эмчилгээ хийхээр гарсан байсан. Тэгээд 17 цаг өнгөрч байхад ажил дуусаад явахаар 1 давхарт бууж ирээд үзлэгийн өрөө рүү ороод хувцсаа өмсөх гэтэл миний гадуурх куртик алга болсон байсан. Тэр үед эмч О гадуур үзлэгт явж байгаад орж ирсэн бөгөөд О-ийн цүнх, халуун хэмжигч мөн алга болсон байсан. Тэгээд эмнэлгийн хяналтын камерыг шүүж үзтэл 16 цаг 45 минутын орчимд хар өнгийн гадуур хувцастай, хар өнгийн малгайтай, шорттой, тавчих өмссөн эрэгтэй хүн орж ирээд ийш тийшээ харж зогсож байгаад халуун хэмжигч, О-ийн цүнх, миний куртикийг аваад гарч байгаа харагдсан. Ингээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай эмнэлгийн үзлэгийн өрөөгөөр байнга хүн орж гардаг бөгөөд хаалга нь түгжээгүй байдаг. Уг нь доод 1 давхарт сувилагч байдаг ч тухайн үед байж таараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 131 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц-ийн гэрчээр өгсөн “...О нь миний төрсөн дүү юм. 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байсан байх манай охин Энхмаа 6 настай, О-ийн авч барьж байгаад алга болгочихсон юм. Тэгээд манай нөхөр өөрийнхөө хуримын бөгжийг оронд нь өгөөд засуулаад янзлуулчих гэсэн. Мөн тэр үед манай ээж Од эмээгийн монетон бөгжийг өгч байсан. О нь уг бөгжнүүдийг янзлуулна гэж аваад түрийвчиндээ хийсэн. Тухайн бөгжнүүд манай эмээ, өвөөгийн бөгжнүүд байсан ба нэг нь манай нөхөрт, нэг нь ээжид байсан. 2-ланг нь дүү Од өгсөн. Нийтдээ 10 грамм орчим бөгөөд 1.000.000 төгрөгийн үнэтэй, мөнгөн завьяа дээрээс авч байсан. Манай нөхрийн хуримын бөгж биш, эмээгийн хос бөгж байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 136-137 тал/,

 

“Д” хөрөнгийн үнэлгээний 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 000000000 дугаартай тайлан /хх-ийн 149-150 тал/,

 

“Д” хөрөнгийн үнэлгээний 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 00000000 дугаартай тайлан /хх-ийн 152-153 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн Г-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71, 175 тал/, Цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 73-82, 179-192 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 178 тал/, Баянгол дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 0000 дугаартай “үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлгүй” гэх албан бичиг /хх-ийн 176 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г нь “ 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 давхрын автомашины зогсоолд байрлуулан тавьсан хохирогч Д-ийн эзэмшлийн “Лексус-570” загварын 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг толины хавтсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч, түүнд 700.000 төгрөгийн хохирол учруулсан; 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цагийн орчимд Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э” өрхийн эмнэлгийн эмчийн үзлэгийн өрөө онгорхой байхад хохирогч О-ийн халуун хэмжигч, цүнх, цүнх нь дотор байсан 2 ширхэг монетон бөгж, түрүүвч, иргэний үнэмлэх, автобусны карт, бэлэн 80.000 төгрөг буюу нийт 1.572.000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлан авсан;  мөн хугацаанд хохирогч Д-ийн 96.000 төгрөгийн үнэ бүхий ягаан өнгийн куртикийг тус тус хулгайлан авч бусдад нийт 2.368.000 төгрөгийн хохирол учруулсан” болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болох;

1.шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг,  

2.хохирогч Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15, 16-17 тал/,

3.хохирогч О-ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 124-125, 127 тал/ мэдүүлгүүд,

4.хохирогч Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 131 тал/,

5. Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0000000 дугаартай тайлан /хх-ийн 149-150 тал/,

6.Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 000000000 дугаартай тайлан /хх-ийн 152-153 тал/,

7. 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 111-120 тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Г-ийн бусдын эд зүйлд хууль бусаар халдан, хулгайлан авч хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн  шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Г-ийн дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба тэрээр гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Г-ийн “Э” өрхийн эмнэлгийн эмчийн үзлэгийн өрөө онгорхой байхад орж хохирогч О, Д нарын эзэмшлийн эд хөрөнгийг авсан үйлдлийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэж үзэхгүй бөгөөд нийтийн үйлчилгээний газар дэлгүүр, музей, үзэсгэлэнгийн танхим, эмчилгээ сувилгаа хийлгэж буй эмнэлэг, амралт сувиллын газар зэрэг нь орон байранд хамаарахгүй тул Баянгол дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Г-т холбогдох хэргийн зүйлчлэл үйл баримтад тохирсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Г нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг нь хангасан болно.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Д-д 700.000 төгрөг, О-д 1.572.000 төгрөг, Д-д 96.000 төгрөгийн хохирол нийт 2.368.000 төгрөгийн хохирол учирсан байх ба энэ нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш байх тул хулгайлах гэмт хэргийн хор уршгийн шинжийг хангана.

 

Г нь хохирогч нарт хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс нийт 2.368.000 төгрөг гаргуулж хохирогч Д-д 700.000 төгрөг, хохирогч О-д 1.572.000 төгрөг, хохирогч Д-д 96.000 төгрөг олгох нь зүйтэй байна.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Г нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Г-т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 жилийн хорих ялыг оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, 6.5 дугаар зүйлд  заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг, шүүгдэгч Г нь бусдад төлөх төлбөртэй, шүүгдэгчид холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай эрүүгийн хэргийг 000000000000 дугаартай хэрэгт нэгтгэсэн болохыг тус тус дурдаад хэрэгт эд мөрийн баримтаар 2 ширхэг бичлэг бүхий СД хураагдсаныг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-т 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.  Г-т оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.  Г-ийн эдлэх ялыг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгчийг цагдан хорьсугай.

 

5. Шүүгдэгч Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 000000000000 дугаартай хэрэгт нэгтгэсэн болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг бичлэг бүхий СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Шүүгдэгч Г-аас 2.368.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Д-д 700.000 төгрөг, хохирогч Г.О-д 1.572.000 төгрөг, хохирогч Д-д 96.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ