Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/11

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  П.Золбаяр хөтлөн,

Улсын яллагч: Б.Тэгшбаяр,

Шүүгдэгч Б, М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б, М нарт холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б, М нар нь “бүлэглэж 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 0 дугаар байрны урд иргэн Б-тэй маргалдан зодож, түүний биед цээжний зүүн талын 12-р хавирганы далд хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацарт нөсөө бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч Б, М нар нь “бүлэглэж 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 0 дугаар байрны урд иргэн Б-тэй маргалдан зодож, түүний биед цээжний зүүн талын 12-р хавирганы далд хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацарт нөсөө бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Бийн хохирогчоор өгсөн “...Тухайн өдөр би шөнийн 3-4 цагийн үед бага зэрэг согтуу гэртээ орох гээд явж байтал орцны үүдэнд хэдэн залуучууд шуугилдаад байхаар нь “та нар чимээгүй бай, хүүхдүүд унтаж байгаа” гэж шаардлага тавихад тэд нар маргаан хийгээд намайг орцонд шахсан. Тэгээд нэг нь намайг цохисон бөгөөд би ухаан алдсан. Намайг 2 цагдаа сэрээсэн бөгөөд би цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгсөн. Тэд нар намайг нийлж зодсон байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 0000 дугаартай “...Бийн биед цээжний зүүн талын 12-р хавирганы далд хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацарт нөсөө, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 32-34 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 0 дугаар байрны хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бичлэг бүхий сиди /хх-ийн 41-43, 46 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б-н яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр би найз М-ийн ажил тарахыг хүлээж байгаад Баянбүрдээс хороолол 2 цагийн үед явсан. Байрын гадаа очоод байж байтал манай найз М ирсэн. Бид 3 тамхи татаж байтал нэг согтуу ах хажуугаар өнгөрөхдөө унтаач 3 пизда минь гэсэн. Тэгэхээр нь би “танд хамаагүй шүү” гэсэн чинь “3 гомо бацаан” гээд байсан. Тэгээд би араас нь очоод түлхсэн бөгөөд бид 2 зодолдсон. Сүүлдээ нөгөө ах бид 3-ыг хөөж, туугаад байхаар нь “за уучлаарай ахаа, одоо больё” гэж хэлэхэд “би танай 2 найзыг алж байж амарна” гээд дайраад байхаар нь би тэврээд байж байтал М тэр ахыг хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би М-г аваад явсан. Хохирол төлбөрийг нь бүрэн төлж барагдуулна. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М-ийн яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр би ажлаа тараад найз Б-тэй уулзаад Гурван билэг дэлгүүрийн тийшээ явж байгаад найз М-тэй таарсан. Тэгээд бид 3 байрны гадаа тамхи татаад байж байтал нэг согтуу ах ирээд бид 3-ыг хэл амаар доромжлоод байсан. Тэгтэл манай найз Б араас нь очиж маргалдсан бөгөөд улмаар зодолдож эхэлсэн. Тэгээд би  очоод салгах гэхэд тэр ах бид 3-ыг хөөж гүйгээд байсан болохоор нь зугтаахдаа цагдаа дуудсан. М бол тэр ахад огт хүрээгүй. Б тэр ахтай зууралдаад байхаар нь би очиж тэр ахыг хэд хэд цохисон. Тэгээд цагдаа нар ирээд явсан. Ямар нэгэн гомдол санал байхгүй. Хохирлыг бүрэн төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М-ийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 тал/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 61 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 62 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 63 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 64 тал/, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт /хх-ийн 65 тал/, шүүгдэгч Б-н хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 тал/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 78 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 79 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 80 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 82-83 тал/, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт /хх-ийн 84 тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 81 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Б, М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

Шүүгдэгч Б нь “…Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэж,

Шүүгдэгч М нь “...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж тус тус мэдүүлж оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар,  мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч Б, М нарт холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүгдэгч нар нь хохирогч Бийг цохиж, зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед “цээжний зүүн талын 12-р хавирганы далд хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацарт нөсөө, зулгаралт” бүхий гэмтэл учруулсан болох нь хэргийн 32-34 дахь талд авагдсан шинжээч эмчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 0000 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох шүүгдэгч нарын өөрийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан сиди бүхий камерын бичлэг   зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч нар нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Б, М нар нь гэмт хэрэг үйлдэхдээ үйлдлээрээ нэгдэж хохирогчид гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Баянгол дүүргийн хяналтын прокуророос ирүүлсэн шүүгдэгч нарт холбогдох  хэргийн зүйлчлэл зөв гэж шүүх дүгнэв.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 0000 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь  цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай  давхцаж байгаа нь шүүгдэгч нарыг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан  гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай  “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 9908 дугаар дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Б, М нарыг “ 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 0 дугаар байрны урд иргэн Б-тэй маргалдан зодож, түүний биед цээжний зүүн талын 12-р хавирганы далд хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацарт нөсөө бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Б, М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 1.000.000 төгрөг нэхэмжилсэн байх ба шүүгдэгч нар нь хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан, улмаар хохирогч Б нь “...хохирлын мөнгө болох 1.000.000 төгрөгийг хүлээж авсан, одоо ямар нэгэн гомдол саналгүй...” гэх тайлбарыг /хх-ийн 91 тал/ бичгээр гарган өгсөн бөгөөд шүүгдэгч Б, М нарыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэж шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б, М нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б, М нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирогчид учруулсан хохирол, хохирол төлбөр төлөгдсөн байдал зэргийг харгалзан үзээд  шүүгдэгч Б, М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу тус бүр 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр  торгох ялыг оногдуулж шийдвэрлэв.

 

   Шүүгдэгч нь түүнд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс оногдуулсан торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б, М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б, М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б, М нарыг тус бүр 500 / таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  / таван зуун мянга /  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б, М нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б, М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б, М  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ