Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1211

 

       

 

    2021           12           06                                          2021/ШЦТ/1211

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,

улсын яллагч Н.Улсболд,

шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Т-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 0000 01645 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Т-гийн Б- нь Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ө аймгийн Е суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, хувиараа барилгын туслах ажилтнаар ажилладаг гэх, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, С дүүргийн  дугаар хороо, Х  дугаар гудамж, тоотод оршин суух, эрүүгийн хэрэг хариуцлага хүлээж байгаагүй (РД:).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Шүүгдэгч Т.Б нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө С дүүргийн  дугаар хороо, Хангайн  дугаар гудамж, тоотод Э.О-тэй “архи уулаа” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүнийг түлхэсний улмаас Э.О- нь хаалганы ирмэг мөргөж, эрүүл мэндэд нь зулайд шарх, баруун сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

            Нэг. Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 1-нд шилжих шөнө архи уугаад, гэртээ ирээд миний архи ууснаас болж эхнэртэйгээ маргалдсан. Тэгээд эхнэр миний толгой руу цохиод хэрүүл хийгээд байхаар нь түлхсэн чинь том өрөөний хаалга мөргөж унасан. Толгойноос нь цус гарахаар нь би боолт хийж өгсөн. Эхнэртэйгээ хамт амьдраад 3 жил болж байна. Урьд нь биед нь халдаж байсан асуудал гарч байгаагүй. 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 3.000.000 төгрөг шилжүүлж өгсөн гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2108 0000 01645 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст “нөхөр согтуу намайг зодоод толгой хагалчихлаа” гэх дуудлага 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 23:50:39 цагт бүртгэгдсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас),

 

2. Хохирогч Э.О-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн:

“...Миний бие Т.Б-тай 2017 оноос хамтран амьдарч байгаа, гэр бүлийн баталгаа байхгүй ч бид дундаасаа нэг охинтой.  2021 оны 10 дугаар сарын 31-ний орой 21 цагийн үед охин Эгшиглэнтэй гэртээ ирэхэд манай нөхөр Б- хувиараа хамт барилгын ажил эрхэлдэг Ц гэх залуутай хашаан дотор байдаг машины грашид архи уугаад сууж байсан. Би тухайн үед архи уугаад байхдаа яадаг юм гэж хэлчихээд гэртээ орсон. Удалгүй манай нөхөр хамт архи ууж байсан Ц гэх залуутай гэрт ороод ирэхээр нь яах гэж архи уугаад байгаа юм гээд дахин нөхөртөө хэлэхэд би ууж идэхээ чамаар заалгах юм уу гээд бид хоёрын дунд хэрүүл маргаан болсон. Нөхөр Цг дагуулаад гэрээс гараад явсан. ...20 орчим минутын дараа манай нөхөр буцаж гэртээ ганцаараа орж ирээд “чи намайг найз нөхөдгүй болголоо” гэж хэлээд уурласан. Тэгээд намайг зогсож байхад араас хүчтэй түлхэхэд нь би гэрийн хананы булан мөргөчихсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас),

Хохирогчоор дахин 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: “...Яах гэж архи уугаад байгаа юм гээд дахин нөхөртэй хэлэхэд би ууж идэхээ чамаар заалгах юм уу гээд бид хоёрын дунд хэрүүл маргаан болсон. ...намайг гэрийн хаалганы ойролцоо зогсож байхад миний цээж рүү түлхэхэд би унахдаа гэрийн хаалганы хропны ирмэгийг толгойгоороо мөргөж унахад толгойноос нь нэлээд хэмжээний цус гартал манай нөхөр миний толгойг нь марлаар боож өгсөн. Удалгүй намайг гэртээ байж байхад манай хүү Золжаргал гаднаас орж ирээд цагдаад мэдэгдэж Б-ыг өгч явуулсан. Манай нөхөр Б- намайг гараараа цээж рүү түлхэх үед би унахдаа баруун гараараа хаалганд гараа нидэрч цохиод гэмтээчихсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй миний бие шүүх хуралд оролцож чадахгүй, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар хуудас),

            3. Гэрч Н.Золжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн:

“...2021 оны 10 дугаар сарын 31-ээс 01-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байх үед Сэлэнгэ аймгийн сайхан суманд амьдардаг манай нагац эгч Э.Н надтай утсаар холбогдоод ээж Э.О-г чинь нөхөр нь зодоод тархи, толгойг нь хагалчихсан байна гэнэ, чи ойрхон байвал яаралтай гэрт нь яваад оч гэсэн. ...Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 43 дугаар гудамжны 8 тоотод оршин суух төрсөн эх Э.О-н гэрт нь ороход Б- ах нэг давхрынхаа том өрөөнд согтуу унтаж байхаар нь дээш 2 давхрын өрөө рүү гарахад манай ээж Э.О- дүүтэй хамт орон дээр хэвтэж байсан. Ээжээс юу болсон талаар асуухад ээж надад юм хэлэхгүй хэвтээд байхаар нь би сайн ажиж харахад ээжийн толгойны зүүн дээд хэсэгт хагарчихсан, хоолой нь улайчихсан, хувцас нь цус болчихсон байсан. Тэгээд ээж надад өөрийнхөө утсыг өгөөд цагдаа нар ирж байгаа би дуудлага өгсөн юм гэрээс гараад дагуулаад ир гэхээр нь би гадагшаа гараад цагдаа нар дагуулж орж ирээд Б- ахыг өгөөд явуулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас),

 

4. Шүүгдэгч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“...2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 43 дугаар гудамжны 08 тоотод байрлах өөрийн гэрийн машиныхаа гражид хамт гадуур хувиараа хөдөлмөр эрхэлдэг Цэдэнсодном /Ц/-тай 18 цагийн үед дэлгүүрээс нэг шил 0.75 граммын “Соёрхол” архи хувааж уугаад байж байтал манай эхнэр охиноо тэвэрчихсэн 21 цагийн үед ирсэн. Намайг “чи архи уулаа яасан гэж архи гэж уугаад байгаа юм гээд ...хэрүүл хийж байгаад эхнэр Э.О түрүүлээд гэр лүү охинтой хамт орсон. Хэсэг хугацааны дараа хамт архи уусан хуурай дүү Цаг дагуулаад гэрт ороход манай эхнэр архи уулаа гээд үглээд байхаар нь би хувцасаа сольчхоод Цаг дагуулаад гэрээс гарахдаа зайлаарай гэж хэлчхээд Сонгинохайрхан дүүргийн автобусны буудал дээр байрлах караокед орж 2 цаг орчим дуулж байхдаа нэмж 100 грамм архи, 2 лаазтай пиво уучхаад Цаг одоо харьж амар гэж хэлчхээд тэндээ гараад 23 цаг 40 минутын үед гэртээ орсон Архи уугаад ирлээ гээд бас дахин хэрүүл болоод бид 2 харилцан маргалдсан. Эхнэр намайг чи гэрээсээ байнга хөөлөө би чиний хүслээр энэ гэрээс явна гэж байхгүй шүү гээд хэрүүл хийгээд байхаар нь би том өрөөнийхөө буйдан дээр сууж байтал манай эхнэр араас дахин хэрүүл хийгээд байхаар нь би босож ирээд эхнэрийн цээж рүү нь түлхээд хананд тулгаж байгаад би арга буюу тэвчээр алдаад хана руу 3-4 удаа гараа цохичихоод эхнэрийг болилдоо гэхэд болихгүй хэрүүл хийгээд байсан. Эхнэрийг 2 гараараа түлхэхэд эхнэр газарт унахдаа хаалганы хропны ирмэгийг толгойгоороо мөргөөд унасны дараа толгойноос нь нэлээд хэмжээний цус гараад байхаар нь би толгойг нь марлаар боогоод байж байтал манай эхнэрийн дагавар хүүхэд Золжаргал гэрт орж ирсэн. Удалгүй араас нь цагдаагийн 2 алба хаагч орж ирээд намайг эгч Энхзулд хүлээлгэн өгсөн. Би буруутай үйлдэлдээ гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-38 дугаар хуудас),

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №10581 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Зулайн зүүн хэсэгт 0.5 см мэс заслын оёдол бүхий шархтай, орчны эд цусаар бохирлогдсон. Баруун сарвууны ар хэсэг хавдсан 4.5х3.5 см хүрэн өнгийн цус хуралттай.

Дүгнэлт:

-Э.О-н биед зулайд шарх, баруун сарвуунд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Б.Даваасүрэн/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас),

 

            6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгч Т.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 52 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дугаар хуудас), Хаан банкинд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 56-67 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Т.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.О-г “архи уулаа” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүнийг түлхсэний улмаас Э.О- нь хаалганы ирмэг мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Т.Б-н холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Т.Б нь 2021 оны 10 дугаар сарын 31-ээс 2021 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 43 дугаар гудамжны 8 тоот гэртээ хамтран амьдрагч Э.О-тэй маргалдан улмаар согтуурсан үедээ түүнийг түлхэж унаган эрүүл мэндэд нь зулайд шарх, баруун сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст ирүүлсэн гомдлын талаарх дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас),

-Хохирогч Э.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 10 дугаар 31-ний орой ...яах гэж архи уугаад байгаа юм гээд дахин нөхөртөө хэлэхэд би ууж идэхээ чамаар заалгах юм уу гээд бид хоёрын дунд хэрүүл маргаан болсон. ...“чи намайг найз нөхөдгүй болголоо” гэж хэлээд уурласан. Тэгээд намайг зогсож байхад араас хүчтэй түлхэхэд нь би гэрийн хананы булан мөргөчихсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас),

Хохирогч Э.О-н дахин өгсөн “...ууж идэхээ чамаар заалгах юм уу гээд бид хоёрын дунд хэрүүл маргаан болсон. ...гэрийн хаалганы ойролцоо зогсож байхад миний цээж рүү түлхэхэд би унахдаа гэрийн хаалганы хропны ирмэгийг толгойгоороо мөргөж унахад толгойноос нь нэлээд хэмжээний цус гарсан. ...манай хүү Золжаргал гаднаас орж ирээд цагдаад мэдэгдэж Б-ыг өгч явуулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар хуудас),

-Гэрч Н.Золжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 31-ээс 01-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байх үед ... манай нагац эгч Э.Нандин-Эрдэнэ надтай утсаар холбогдоод ээж Э.О-г чинь нөхөр нь зодоод тархи, толгойг нь хагалчихсан байна гэсэн ... Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 43 дугаар гудамжны 8 тоотод эх Э.О-н гэрт нь орсон. ... сайн ажиж харахад ээжийн толгойны зүүн дээд хэсэгт хагарчихсан, хоолой нь улайчихсан, хувцас нь цус болчихсон байсан. ... гараад цагдаа нар дагуулж орж ирээд Б- ахыг өгөөд явуулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас),

-Шүүгдэгч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн“... 23 цаг 40 минутын үед гэртээ ороход архи уугаад ирлээ гээд бас дахин хэрүүл болоод бид 2 харилцан маргалдсан, ... манай эхнэр араас дахин хэрүүл хийгээд байхаар нь би босож ирээд эхнэрийн цээж рүү нь түлхээд хананд тулгаж байгаад би арга буюу тэвчээр алдаад хана руу 3-4 удаа гараа цохичхоод эхнэрийг болилдоо гэхэд болихгүй хэрүүл хийгээд байсан. ...Эхнэрийг 2 гараараа түлхэхэд газарт унахдаа хаалганы хропны ирмэгийг толгойгоороо мөргөөд унасны дараа толгойноос нь нэлээд хэмжээний цус гараад байхаар нь би толгойг нь марлаар боогоод байж байтал манай эхнэрийн дагавар хүүхэд Золжаргал гэрт орж ирсэн. Удалгүй араас нь цагдаагийн 2 алба хаагч орж ирээд намайг эгч Энхзулд хүлээлгэн өгсөн. Би буруутай үйлдэлдээ гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-38 дугаар хуудас),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10581 дугаартай дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хэргийн үйл баримтаар тогтоогдсон нөхцөл байдал нь хууль зүйн хувьд шүүгдэгч Т.Б-н үйлдэл идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Э.О-н эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн шинж”-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг санаатай учруулах” шинжээр тодорхойлсон бөгөөд шүүгдэгч Т.Б-н үйлдлээс хохирогчид хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Иймд шүүгдэгч Т.Б-н гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.Б-г дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.О-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “нэхэмжлэх зүйлгүй” (хх9-13) гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ “шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлагын талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг оногдуулах, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тухай дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч дээрх дүгнэлтийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Т.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэгдэж байгаагүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.

Иймд шүүгдэгч Т.Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялыг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан хуульд заасан 90 хоногийн биелүүлэхийг тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Б хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Т-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Э.О- нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА