Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 1779

 

 

Б.Даваагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/01138 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Даваагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазарт холбогдох

 

Тэтгэмж 4 281 466 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Даваа нь “Автобус-3” компанийн захирлын 2010 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 37 тоот тушаалаар жолоочоор ажилд орж, 6 жил 7 сар ажиллаад “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазрын захирлын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/8 тоот тушаалаар халагдаж, хүнд нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. “Автобус-3” ОНӨҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2010-2012 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 1.3-т дараагийн гэрээ батлагдах хүртэл энэ хамтын гэрээ хүчинтэй байхаар заасан бөгөөд тус гэрээний 2д-д зааснаар нэхэмжлэгч нь 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авах ёстой байна.  Гэтэл захиргаа түүнд 1 863 332 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр олгосон байна. Нэхэмжлэгч 2017 оны 1 дүгээр сард ээлжийн амралттай байсан тул түүний 2016 оны 10, 11,12 дугаар сард авсан цалин хөлснөөс дундажлан үзвэл нэг сарын 1 024 133 төгрөг байна. Үүнийг 6 сараар тооцвол 6 144 799 төгрөг олгох ёстой байна. Үүнээс тэтгэмжид олгосон 1 863 332 төгрөгийг хасч, зөрүү 4 281 466 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын баталсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д сүүлийн гурван сарын дундаж цалин хөлснөөс тооцно гэж заасан тул нэхэмжлэгчийн уг саруудад авсан хоол, унааны мөнгийг хасч тооцох ёстой гэсэн хариуцагчийн хариу тайлбар үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Даваа нь тус үйлдвэрийн газрын 3 дугаар баазад 2010 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 37 дугаар тушаалаар жолоочоор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан тул 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/86 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Түүнд байгууллагын даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/149 дүгээр тушаалаар хоёр сарын дундаж цалинтай тэнцэх 1 863 332 төгрөгийг олгохоор шийдвэрлэж, түүний дансанд шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Хамтын гэрээ нь “Автобус-3” бааз болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан. Уг гэрээ 2010-2012 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ юм. “Автобус-3” компани нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 тоот тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/778 тоот захирамжаар татан буугдаж, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ болж байгуулагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хамтын гэрээг шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сар хүртэл дагаж мөрдөх байсан. Иймд шинээр байгуулагдсан “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-г гэрээг мөрдлөг болгон ажиллахгүй. Энэ тухай 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 3155 тоот албан бичгээр мэдэгдсэн. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т Нэгтгэлийн, Автобус-1 дүгээр баазын, Автобус 2 дугаар баазын, Автобус  дугаар баазын гэсэн 4 үйлдвэрчний эвлэлийн хороо ажиллаж байгаа тул тус тусын хамтын гэрээг мөрдөж ажиллах боломжгүй. Дээрх хамтын гэрээг хэвээр нь мөрдөе, нэмэлт өөрчлөлт оруулья гэсэн хэлэлцээ байгууллага дээр хийгдээгүй. Харин хамтын гэрээг шинэчлэн байгуулах талаар хэлэлцээ хийгдэж оролцох төлөөллийг томилж хамтын гэрээний төслийг хүргүүлж байсан боловч Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтын гэрээг байгуулахгүй гацаанд оруулж байна. Мөн нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 4-т ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд унаа хоолны мөнгийг оруулахгүй гэж заасан тул нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалинг тооцохдоо 2016 оны 10-12 дугаар сард түүнд олгосон хоолны 219 000 төгрөг, унааны 58 400 төгрөгийг хасч тооцвол нэг сарын дундаж 931 666 төгрөг болж байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас 3 726 664 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Б.Даваад олгож, нэхэмжлэлээс үлдэх 554 802 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 74 576 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шйидвэрлэхдээ шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй. Анхан шатны шүүх холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй.

Анхан шатны шүүх хамтын гэрээг хуульд нийцүүлж дүгнээгүй. Учир  нь Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсгийн заалтыг баримтлан Хамтын гэрээг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын А/778 захирамжийг үндэслэн шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарыг 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөх байсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хамтын гэрээний 1.3-т Энэхүү гэрээ нь бүртгүүлсэн өдрөөс хойш хоёр жилийн хугацаанд мөрдөгдөх бөгөөд дахин шинээр байгуулагдаагүй бол дараагийн гэрээ батлагдан хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хүчинтэй байхаар заасан тул хамтын гэрээг мөрдөхгүй, дуусгавар болсон гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй хэмээн тодоройлсон нь хууль хэрэглээний хувьд хуулийн зүйл заалтыг дэндүү явцуу хүрээнд харж байгаа нь тодорхой байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт заасны дагуу 2013 онд мөрдөж байсан Хамтын гэрээг хэвээр мөрдөх, нэмэлт өөрчлөлт оруулах талаар захиргаа болон ҮЭ-ийн төлөөлөл хэлэлцээ хийгдээгүй болохыг тайлбарласан бөгөөд харин шинээр хамтын гэрээ байгуулах талаар хэлэлцээ хийгдэж талууд хамтын гэрээнд оролцох төлөөллийг томилон гэрээний төсөл солилцсон баримтыг шүүхэд гарган өгснийг анхааралгүй хэт нэг талыг барьж тодорхойлсонд гомдолтой байна. Нийслэлийн Иргэдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 132 дугаар тогтоолоор Автобус 1, Автобус-3, Цахилгаан тээвэр ОНӨААТҮГазарууд нь Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэхь хэсэгт зааснаар Зорчигч тээврийн нэгтгэл болон өөрчлөн байгуулагдсан нь дээрх хуулийн заалт буюу хөдөлмөрийн харилцааг нарийвчлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт нийцэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Даваа нь хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдуулан 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийн зөрүү 4 281 466 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “Автобус-1” ОНӨҮГазар татан буугдсан тул хамтын гэрээг дагаж мөрдөхгүй, хариуцагч байгууллага нэхэмжлэгчид 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 1 863 332 төгрөгийг олгосон гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Б.Даваа нь “Автобус-3” компанийн захирлын 2010 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 37 тоот тушаалаар жолоочоор ажилд орж, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазрын захирлын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/86 дугаар тушаалаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд хариуцагч байгууллага Б.Даваад 1 863 332 төгрөгийн тэтгэмж олгосон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбараар тогтоогджээ.                                                          /хх-14-15 дугаар тал/

 

2010-2012 онд хэрэгжүүлэх “Автобус-3” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын хамтын гэрээний 2.3/Д/-д эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт гарсны улмаас хөдөлмөрийн гэрээ цуцалсан бол тус компанид ажилласан жилээс хамаарч үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламжийг 1-3 жил хүртэл ажилласан бол 1 сар, 3-6 жил хүртэл ажилласан бол 3 сар, 6-10 жил хүртэл ажилласан бол 6 сар, 10-15 жил хүртэл ажилласан бол 12 сар, 15-20 жил хүртэл ажилласан бол 15 сар, 20-иос дээш жил ажилласан бол 18 сар хүртэл шатлалаар олгохоор тохиролцсон байхад нэхэмжлэгч Б.Даваад 2 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн болох нь хэргийн 4-8 дугаар талд авагдсан 2010-2012 онд хэрэгжүүлэх “Автобус-3” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын хамтын гэрээгээр нотлогдож байна.

 

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн ажиллаж байсан “Автобус-3” ОНӨААТҮГ-ыг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т нэгтгэсэн нь нотлогдсон, мөн “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүсгэн байгуулахаар 132 дугаар тогтоолд заасан байх тул “Автобус-3” ОНӨААТҮГ-ын эрх, үүрэг, эд хөрөнгө, хариуцлагыг хариуцагч эрх залгамжлан авсан тул Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар хамтын гэрээнд заасан эрх, үүрэг хариуцагчид шилжсэн гэж үзнэ. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Нэхэмжлэгч Б.Даваа нь хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас хүнд нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул түүнд хамтын гэрээний дагуу 6 сарын тэтгэмж шаардах эрх үүссэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байснаас хойш гурван сарын дотор гомдлоо гаргах хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлээ гаргасан нь хуульд нийцжээ.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас 3 726 664 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Даваад олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Анхан шатны шүүх хамтын гэрээг хуульд нийцүүлж дүгнээгүй гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн байх тул шинээр хамтын гэрээ байгуулах талаар хэлэлцээ хийгдэж талууд хамтын гэрээнд оролцох төлөөллийг томилон гэрээний төсөл солилцсон баримтыг шүүхэд гаргаж өгснийг анхааралгүй хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/01138 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 580 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ОТГОНЦЭЦЭГ

                                   

                            ШҮҮГЧИД                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ