Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 826

 

Б.Ц, Д.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Эсэн,

Шүүгдэгч Б.Ц, Д.О нарын өмгөөлөгч Я.Баатар,

Нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 973 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Эсэнгийн бичсэн эсэргүүцлээр Б.Ц, Д.О нарт холбогдох эрүүгийн 201726030703 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Хиргис овогт Д.О, 1972 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураг, хөдөлмөрийн багш мэргэжилтэй, “Тоф рууф” ХХК-нд дээвэрчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 21 дүгээр гудамжны 845 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:П372120832/;

2. Та овогт Б.Ц, 1995 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Увс аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Уран дарханы мэргэжилтэй, “Тоф рууф” ХХК-нд дээвэрчин ажилтай, ам бүл 8, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, 49 дүгээр гудамжны 1177 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ОР95072118/;

Д.О, Б.Ц нар нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Говь” ХК-ийн үйлдвэрийн цехийн барилгын дээврийг нөхөх засварын ажлыг 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хийж байхдаа гал алдаж болгоомжгүйгээр бусдын эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.О, Б.Ц нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Д.О, Б.Ц нарт холбогдох эрүүгийн 201726030703 дугаартай хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очих хүртэл шүүгдэгч Д.О, Б.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүулж, Эрүүгийн 201726030703 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Юнифайд файнаншл солюшнс аудит” ХХК-иас гаргасан 4 хавтас 898 хуудас аудитын тайланг хэргийн хамт Хан-Уул дүүргийн прокурорын газарт шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Эсэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Үүнд:

1. Шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хэргийг прокурорт буцаасан захирамжид удирдлага болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл нь “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаах” хуулийн зүйл, хэсэг байх ба уг хуулийн 33.2 дахь хэсэгт заасны дагуу яллагдагчийг шүүхэд шилжүүлж, 35.1 дүгээр зүйлд заасны дагуу шүүх хуралдаан эхэлсэн хэргийн хувьд шүүхээс гаргах шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэц нь гагцхүү “Шийтгэх,  эсхүл  Цагаатгах” хэлбэртэй байх талаар 2015 онд шинэчлэн батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байна.

2. Галын голомтыг тогтоосон Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээч Ц.Мөнхжаргал, Э.Ууганбаяр нарын гаргасан дүгнэлтийн хувьд   Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 21 дүгээр зүйлд “Шаардлагатай тохиолдолд шинжилгээг ижил буюу өөр өөр мэргэжлийн хоёроос дээш шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр хийлгэж болно” гэж хуульчилсан нь дээрх дүгнэлт гаргасан шинжээч Ц.Мөнхжаргал, Э.Ууганбаяр нарын уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчсөн үйлдэл болохгүй юм. Учир нь дээр дурдсан хуулийн зүйл, хэсэгт шаардлагатай тохиолдолд хоёроос дээш шинжээчийн бүрэлдэхүүнтэй дахин дүгнэлт гаргана гэж хуульчилсан нь үнэн боловч энэ хэргийн тохиолдолд хуулиар хориглоогүй боломжийн хүрээнд эхний дүгнэлтийг 2 шинжээч гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл биш юм.

3. “Говь” ХК-ийн хөрөнгөд ноцтой, их хэмжээний хохирол учирсан гэх тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгиин 1.2-т заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаанд хуулийн этгээдийг хэн, хэн төлөөлөх талаар “Говь” ХК-ийн удирдлага 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр итгэмжлэл олгож ирүүлсэн бөгөөд уг хэрэгт прокурор 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 147 тоот “Яллах дүгнэлт” үйлдэн хэргийг шүүхэд хүргүүлсэн ба хэрэг шүүхэд хүргүүлэх хугацаа болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийгдэж байх хугацаанд дээрх “Итгэмжлэл”-ийн хугацаа дуусаагүй байсан болно. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шүүхийн шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт “Шүүх хуралдааны бэлтгэл хангаж, шүүх хуралдаанд хэн хэнийг оролцуулах тухай” шийдвэр гаргах нь хуулиар шүүхэд харьяалуулж шийдвэрлүүлэхээр заасан асуудал юм.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэгт хүн, хуулийн этгээдийг төлөөлж мөрдөн шалгах ажиллагаанд оролцож буй “Итгэмжлэгдсэн төлөөлөгч”-д уг хуулиар итгэмжлэлийн хугацаа тогтоосон асуудал байхгүй бөгөөд үүнийг Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5 дахь хэсэгт заасан итгэмжлэлийн хугацаанд хамааруулан хэрэглэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 973 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.Ц, Д.О нарын өмгөөлөгч Я.Баатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгч, шүүх хуралдааны явцад мөрдөн шалгах шинэ нөхцөл байдал үүссэн. Ийм учраас хэргийг прокурорт буцаалаа гэсэн. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргана гэсэн хуулийн шаардлагаар Ц.Мөнхжаргал, Э.Ууганбаяр гэсэн 2 шинжээч галын шалтгааны талаар дүгнэлт гаргасан байна гэж үзсэн. Хуулийн шаардлага нь гурваас дээш хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргана гэсэн байгаа. Ийм учраас шүүгчийн захирамж хууль зөрчсөн гэж гарахаас өөр үндэслэл байхгүй гэж үзэж байна. Шүүгчийн захирамж үндэслэл бүхий гарсан тул дэмжиж байна. Хөөн хэлэлцэх хугацааны талаар шүүх авч хэлэлцээгүй. Байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал илэрвэл цагаатгах тогтоол гаргана гэж заасан байдаг. Шүүхээс цагаатгах тогтоол гаргах ёстой байсан гэж үзэж байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Б.Ц, Д.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Ц, Д.О нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “хохирогч, хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг мөрдөгч, прокурор тогтооно” гэж заасан байх бөгөөд “Говь” ХК-ийг төлөөлөх болсон Ц.Цасчихэрийг хуульд заасан журмаар хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж мэдүүлэг авах шаардлагатай байна.

Хохирогчийн төлөөлөгч болон хэргийн бусад оролцогчийн саналыг харгалзан шинжээч дахин томилох эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхэд үнэлэлт дүгнэлт өгч хэргийг хэрэгсэхгүй болгох эсэхийг шийдвэрлэх, харин шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргавал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердын журмаар явуулж, шүүхээр гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлүүлвэл зохино.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 973 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Эсэнгийн бичсэн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 29 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧИД                                                    Л.ДАРЬСҮРЭН                                                                                                            Д.МЯГМАРЖАВ