Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2019/0626

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, П.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0632 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/07 дугаар тушаалаар байгуулсан комисст холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0632 дугаар шийдвэрээр: Галт зэвсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1, 4.1.2, 4.2, 16 дугаар зүйлийн 16.1, 16.9-д заасныг баримтлан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/27 дугаар тушаалаар байгуулсан Комиссын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хурлын 01 дүгээр тэмдэглэлийн шийдвэрлэсэн нь гэсний 3 дахь хэсгийг хүчингүй болгож, “А” ХХК-ийн хүсэлт гаргасан спорт, сургалтын зориулалтаар импортлох галт зэвсгийг 2019 онд импортлох тооны хязгаарт багтаан улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “...Нэхэмжлэгч “А” ХХК-ийн хүсэлтээс үзвэл тус компани нь Галт зэвсгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан иргэний зориулалттай буюу энэ зүйлийн 5.3-д заасан спорт-сургалтын зорилгоор ашиглах галт зэвсгийг импортолж оруулахыг хүссэн байхад хариуцагч хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг болон Хууль зүйн сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны А/250, А/379, 437 дугаар хамтарсан тушаалын хавсралтад заасан “Ажиллагааны хувьд гараар цэнэглэгдэх” гэсэн ан агнах зориулалттай галт зэвсэгт тавигдах шаардлагыг үндэслэн татгалзсан нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэв. ...Нэхэмжлэгч компани нь үйлдвэрлэгчийн тодорхойлолттой, спорт-сургалтын зориулалтаар ашиглаж болох галт зэвсгийг “иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл”-тэй хуулийн этгээд болохын хувьд импортлох хүсэлт гаргасан байхад зөвшөөрөл олгоогүй татгалзсан хариуцагчийн шийдвэр хуульд нийцээгүй гэж дүгнэв. ...Галт зэвсгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нэхэмжлэгч “А” ХХК-ийн спорт-сургалтын зориулалтаар тодорхой тооны галт зэвсгийг импортолж, нийтэд худалдаалах хүсэлт нь энэ хууль болон журмын зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхээргүй байна. ...Нөгөө талаар спорт-сургалтын зориулалттай галт зэвсэг импортлох этгээд спорт-сургалтын чиглэлийн тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй. Учир нь иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд үйлдвэрлэгчийн тодорхойлолттой спорт-сургалтын зориулалтаар ашиглаж болох галт зэвсэг импортлон нийтэд худалдаалахыг Галт зэвсгийн тухай хуулиар хориглоогүй байна...” гэж үзжээ.

“А” ХХК нь Галт зэвсгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан иргэний зориулалттай галт зэвсгийн буудлагын спорт-сургалтаар хичээллэхээс бусад ан агнах, үзмэр, цуглуулгын зорилгоор ашиглах галт зэвсгийг импортлох, нийтэд худалдах хуулийн зохицуулалттай тул Комиссоос Галт зэвсгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 504 дугаартай шинжээчийн магадлагааг үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/07 дугаар тушаалаар байгуулагдсан Комиссын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хурлын 01 дүгээр тэмдэглэлийн шийдвэрлэсэн нь гэсний 3 дахь хэсгийг хүчингүй болгож, “А” ХХК-ийн хүсэлт гаргасан Вепрь загварын 180 ширхэг галт зэвсгийг спорт-сургалтын зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгасан нь үндэслэлгүй байна.

Учир нь “А” ХХК нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.2, Галт зэвсгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөлтэй юм.

Галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.6, Галт зэвсгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт заасны дагуу спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Цагдаагийн төв байгууллага олгодог.

Галт зэвсгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн спорт-сургалтын зориулалттай галт зэвсэг, сумыг спортын тэмцээнд оролцох, бэлтгэл хийх хэрэгцээнд зориулан улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгоно, 19.7-д “Энэ хуулийн 19.6-д заасан галт зэвсэг, сумыг нийтэд худалдахгүй бөгөөд зөвхөн спорт-сургалтын зориулалтаар спортын тэмцээнд оролцох, бэлтгэл хийх хэрэгцээнд ашиглана” гэж тус тус заасан.

Хууль зүйн сайд /хуучнаар/, Сангийн сайдын хамтарсан 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/251, 304 дүгээр тушаалаар баталсан “Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, худалдах болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээд галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх журам”-ын 1.2-т “Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөлтэй этгээд нь иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээд нь спорт-сургалтын зориулалттай галт зэвсэг, сумыг тус тус улсын хилээр нэвтрүүлнэ” гэж заасан нь иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөлтэй “А” ХХК-д спорт-сургалтын зориулалттай галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох хуулийн зохицуулалт байхгүй байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/07 дугаар тушаалаар байгуулагдсан Комиссын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хурлын 01 дүгээр хурлын шийдвэрийг гаргахдаа “А” ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01/05 дугаартай албан бичигт дурдсан хүсэлтийг хэлэлцсэн.

Уг албан бичигт “Тус “А” ХХК нь 2016, 2017 онуудад ОХУ-ын “Молот-Оружие” үйлдвэрээс Вепрь нэр төрлийн 180 ширхэг иргэний зориулалттай галт зэвсэг худалдан авах импортын лицензийн тухай хүсэлтээ танайд хүргүүлсэн боловч комиссын саналыг үндэслэн “Зөвшөөрөл олгох боломжгүй” гэсэн хариуг бидэнд ирүүлсэн юм. Комисс ямар шалтгаанаар татгалзсан тухай эрх зүйн үндэслэлийг албан бичигт дурдаагүй байна. Дээрх асуудлыг хууль зүйн дагуу шийдвэрлэн хариу өгч, манай ажилд туслана уу” гэж хүсэлтээ гаргасан.

Үүнээс үзэхэд тус 01 дүгээр хуралдаанаар хэлэлцсэн асуудал нь тус компанид олгосон 2013 оны Эдийн засгийн хөгжлийн яамнаас авсан импортын МН/03/0048 дугаар лицензийг сунгах, шинээр олгох асуудал байсан болно. Гэтэл тухайн 01 дүгээр хуралдаанаар хэлэлцээгүй, тус компаниас гаргасан хүсэлтэд дурдаагүй, өөр асуудлаар тухайлбал, “А” ХХК-ийн хүсэлт гаргасан 180 ширхэг галт зэвсгийг спорт-сургалтын зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг шүүх комисст даалгаж буй нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “А” ХХК нь “Хууль зүй, дотоод хэргийн сайдын комиссын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр хурлын шийдвэрийн 3 дахь хэсэг буюу тус компанид холбогдох Вепрь загварын 180 ширхэг галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан заалтыг хүчингүй болгож, “А” ХХК-ийн хүсэлт гаргасан 180 ширхэг галт зэвсгийг спорт, сургалтын зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд, Хууль зүйн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/112 дугаар тушаалаар “А” ХХК-д “иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай” галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрлийг 6 жилийн хугацаатай олгосноор 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 2016/03 дугаар аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээг нэхэмжлэгч хуулийн этгээдэд олгожээ.

Нэхэмжлэгч 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1/26 дугаар албан бичгээр Хууль зүй дотоод хэргийн яаманд харуул хамгаалалт, спортын зориулалтаар нийт 180 ширхэг галт зэвсгийг худалдан авах тул импортоор улсын хилээр оруулж ирэх лиценз олгох талаар хандсан, мөн оны 11 дүгээр сарын 28-ны өдөр спорт сургалт, харуул хамгаалалтын зориулалтаар нийт 180 ширхэг галт зэвсгийг импортоор улсын хилээр оруулж ирэх лиценз олгохыг дахин хүссэн байна. Гэвч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1-1/502 дугаар албан бичгээр 180 ширхэг галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох боломжгүй талаар хариу мэдэгдсэн байна.

Мөн нэхэмжлэгчээс 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01/05 дугаар албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн сайдад мөн асуудлаар дахин хандаж байсан болох нь тогтоогдож байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/07 дугаар тушаалаар иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт хэрэглэлтэй адилтгах хэрэгсэл импортлох, нийтэд худалдаалах, үйлдвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, төв ажиллуулах зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар санал гаргах, үүнтэй холбоотой сонгон шалгаруулалтыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий комиссыг байгуулсан.

Улмаар маргаан бүхий комиссын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр хуралдаанаас ““Асэртэвел” ХХК-иас 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01/05 дугаартай албан бичгээр гаргасан “Вепрь” загварын 180 ширхэг иргэний зориулалттай галт зэвсгийг худалдан авах хүсэлтийг Шүүх шинжэлгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 504 дугаартай шинжээчийн магадлагааг үндэслэн Вепрь-308 /СОК-95/, Вепрь-223 супер /СОК-97М/, Вепрь-КМ /ВПО-136/ галт зэвсгүүд нь Галт зэвсгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, Хууль зүйн сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын хамтран баталсан 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/250, А/379, 437 дугаар тушаалын хавсралтад заасан “Ажиллагааны хувьд гараар цэнэглэгдэх” гэсэн ойлголтод хамрагдахгүй байх тул улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан санал хүргүүлэхээр” шийдвэрлэсэн байна.

Галт зэвсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Галт зэвсгийг ашиглаж байгаа зориулалтаар нь доор дурдсанаар ангилна”, 4.1.1-д “иргэний”, 4.1.2-т “харуул хамгаалалтын” гэж, харин хуулийн 5 дугаар зүйлд зааснаас үзвэл иргэний зориулалтаар ашиглах галт зэвсгийг “ан агнах”, “спорт-сургалтын” гэж ангилсан байна.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан “Вепрь” загварын галт зэвсгүүд нь спорт сургалт, харуул хамгаалалт ангилалд хамаарахаар байна.

Нөгөөтэйгүүр, Галт зэвсгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн спорт-сургалтын зориулалттай галт зэвсэг, сумыг спортын тэмцээнд оролцох, бэлтгэл хийх хэрэгцээнд зориулан улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгоно” гэж галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл улсын хилээр нэвтрүүлэхийг хуульд тусгайлан заажээ.

Ингэхдээ “Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, худалдах болон спорт сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн хуулийн этгээд галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.5-д “Галт зэвсгийн тухай хуулийн 16.3 дахь хэсэгт заасан Комисс өргөдөл болон хавсаргасан бичгийг хүлээн авснаас хойш ажлын 14 өдрийн дотор хянаж, санал, дүгнэлт гаргана” гэж, мөн 2.7-д “Комиссын санал, дүгнэлтийг үндэслэн галт зэвсэг, сумыг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох эсэхийг хууль зүйн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ” гэж зааснаар галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, худалдах болон спорт сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх эрхтэй болохыг шаардсан.

Гэвч хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “А” ХХК-ийн 2016/03 дугаар бүхий аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлд иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрлийн эрхтэй байна.

Өөрөөр хэлбэл, “А” XХК нь спорт-сургалтын зориулалттай галт зэвсэг, сумыг спортын тэмцээнд оролцох, бэлтгэл хийх хэрэгцээнд зориулан улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох шаардлагыг хангахгүй болох нь тогтоогдож байна.

Ийнхүү анхан шатны шүүхээс Галт зэвсгийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, “...Нэхэмжлэгч компани нь үйлдвэрлэгчийн тодорхойлолттой, спорт-сургалтын зориулалтаар ашиглаж болох галт зэвсгийг “иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл”-тэй хуулийн этгээд болохын хувьд импортлох хүсэлт гаргасан байхад зөвшөөрөл олгоогүй татгалзсан хариуцагчийн шийдвэр хуульд нийцээгүй...” гэж үндэслэлгүй дүгнэлт хийж, маргаан бүхий комиссын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хурлын 01 дүгээр тэмдэглэлийн 3 дахь хэсгийг хүчингүй болгож, “А” ХХК-ийн хүсэлт гаргасан спорт, сургалтын зориулалтаар импортлох галт зэвсгийг 2019 онд импортлох тооны хязгаарт багтаан улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцэхгүй.

Түүнчлэн, анхан шатны шүүх “...иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд үйлдвэрлэгчийн тодорхойлолттой спорт сургалтын зориулалтаар ашиглаж болох галт зэвсэг импортлон нийтэд худалдаалахыг Галт зэвсгийн тухай хуулиар хориглоогүй...” гэсэн дүгнэлт хийж, хариуцагчийг буруутгасан нь үндэслэлгүй.

Тиймээс энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0632 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Галт зэвсгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5, 19.7, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай 15 дугаар зүйлийн 15.5.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн “Хууль зүй, дотоод хэргийн сайдын комиссын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр хурлын шийдвэрийн 3 дахь хэсэг буюу тус компанид холбогдох Вепрь загварын 180 ширхэг галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан заалтыг хүчингүй болгож, “А” ХХК-ийн хүсэлт гаргасан 180 ширхэг галт зэвсгийг спорт, сургалтын зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдолыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН