Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
Хэргийн индекс | 171/2016/0163/э |
Дугаар | 148 |
Огноо | 2016-07-29 |
Зүйл хэсэг | 153.1., |
Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс:171/2016/0163/Э Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр, Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, Шүүгдэгч М.Дорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Торгууд Мидэржавын Доржид холбогдох эрүүгийн 201609000186 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Торгууд Мидэржавын Дорж, 1961 оны 7 дугаар сарын 31-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, ган хайгч мэргэжилтэй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р багийн 20-р байрны 13 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд: 1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 2-р сарын 23-ны өдрийн 57 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124-р зүйлд зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар хянан харгалзсан, 2.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 12-р сарын 27-ний өдрийн 455 дугаар талсан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39-р зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих, 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сар хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаар дээр Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялын заримыг буюу 2 сарын хорих ялыг нэмж бүгд 1 жил 2 сарын хорих ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, ШД61073171 регистрийн дугаартай. Шүүгдэгч М.Дорж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шижлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь Шүүгдэгч М.Дорж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шовх үзүүртэй төмөр багажаар 2016 оны 4-р сарын 02-ны шөнө 22 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р багийн 21-р байрны гадна байрлах авто машины зогсоолд байсан иргэн Б.Цэдэндамбаагийн өмчлөлийн Toyota sai маркийн авто машины зүүн талын урд хойд дугуйг хатгаж 420 000 төгрөгийн, Б.Баатарзул өмчлөлийн Hyundai Sоnatа-5 маркийн авто машины зүүн талын урд, хойд дугуйг хатгаж 90 000 төгрөгийн, Д.Энхдалайгийн өмчлөлийн Toyota Tundra маркийн авто машины урд талын хоёр дугуйг хатгаж 1 000 000 төгрөгийн, Ч.Булганы өмчлөлийн Renault safrani маркийн дөрвөн дугуйг хагалж 600 000 төгрөгийн, Ч.Чинзоригын өмчлөлийн Toyota Verosso маркийн авто машины баруун талын хойд, урд дугуйг хагалж 100 000 төгрөгийн, С.Батсүхийн эзэмшлийн Toyota Estima маркийн авто машины зүүн талын урд дугуйг 5 удаа, зүүн талын хойд дугуйг 1 удаа, баруун талын урд дугуйг 1 удаа баруун хойд талын дугуйг 2 удаа хатгаж 320 000 төгрөгийн, Б.Эрдэний өмчлөлийн M.istima маркийн авто машины баруун талын урд болон хойд дугуйг хатгаж 90 000 төгрөгийн, Э.Алтангадасын өмчлөлийн E.Crown маркийн авто машины баруун талын хойд, урд дугуйг хагалж 90 000 төгрөгийн, Д.Ваанчигийн өмчлөлийн Hyundai Avante Xd маркийн авто машины зүүн талын урд, хойд дугуй нийт 3 дугуйг хагалж 105 000 төгрөгийн, С.Хатанбаатарын өмчлөлийн авто машины баруун талын урд болон хойд дугуйг хатгаж Тoyota Fremio маркийн авто машины баруун талын урд, хойд дугуйг хагалж 90 000 төгрөгийн, А.Баясгалангийн өмчлөлийн Toyota Frius-30 маркийн авто машины зүүн талын урд, хойд дугуйг хагалж 70 000 төгрөгийн, Р.Чойсүрэнгийн өмчлөлийн Suzuki swift маркийн авто машины хойд талын хоёр дугуйг хагалж 60 000 төгрөгийн, бусдын эд хөрөнгөд нийт 3 035 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Шүүгдэгч М.Доржийн мөрдөн байцаалтад өгсөн: “ 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр би гэртээ ганцаараа манай гэрт архи уусан юм. Би үйлчилгээний дэлгүүрээс өглөө 09 цагт нэг шил 0,75 гр-ын “Түмний хишиг” гэдэг архи авсан юм. Тэгээд унтаж байгаад сэрэхэд 17 цаг болж байсан ба үлдсэн архиа ууж дуусгаад гэрээсээ гарч дэлгүүр ороод 0,5 гр-ын “Түмний хишиг” гэдэг архи авсан. Тэгээд гэр уруугээ харих гээд явж байтал нэг машинтай хүн намайг мөргөхөө шахсан юм. Тэгээд би тэр жолоочтой маргалдсан. Ямар дугаартай машин байсныг сайн санахгүй байна. Тэгээд гэртээ ороод дэлгүүрээс авсан архиа ганцаараа уусан. Тэгээд юу болсоныг сайн мэдэхгүй байна. Тэгээд орой гарч яваад бөөн асуудал болсон байна лээ. Тэрнийгээ сайн мэдэхгүй байна. Би байрны гадна довжоон дээр сууж байхад нэг залуу надад “ чи машины дугуй хагалчихлаа” гэж хэлсэн. Тэр залуу цагдаа дуудаад тэгээд цагдаа нар ирээд намайг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 90-93-р хуудас/, Хохирогч Б.Цэдэндамбаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “....Би 2016 оны 4 дүгээр сарын 02-ны орой 20 цагийн үед Дархан сумын 16 дугаар баг, 21 дүгээр байрны гадна өөрийн эзэмшлийн 40-14 ДАР улсын дугаартай SAI маркийн автомашинаа байрлуулчихаад гэртээ орж амарсан. Маргааш өглөө 9 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад машиндаа суугаад явах гэтэл миний машины зүүн талын урд хойд 2 дугуйг ямар нэгэн юмаар хатгаж цоолж хагалсан байсан. Миний машины зүүн урд талын дугуйны бөөрний хажуу нимгэн хэсэгт 5 удаа, зүүн хойд дугуйны хажуу бөөрний нимгэн хэсэгт 2 удаа хатгасан байсан. Тэгтэл нэг хүүхэд ирээд “ахаа энэ хавийн бүх машины дугуйг хагалж хийг нь гаргасан байна” гэж хэлсэн. Тэгээд би хартал тэр хавьд байрны гадна тавьсан байсан арваад машины дугуйг хатгаж хийг нь гаргачихсан байсан. Тэр хагарсан дугуйны байдлыг үзэхэд хатгасан газар нь дөрвөлжин хэлбэртэй ор гарсан байсан. ...миний худалдаж авсан дугуй 2016/60/R16 хэмжээтэй шинэ өвлийн дугуй байсан. Нэг ширхэг дугуй нь 225 000 төгрөгийн үнэтэй бөгөөд нийт 900 000 төгрөгөөр авч байсан. ...намайг хохиролгүй болгосон учраас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 33, 108-р хуудас/, Хохирогч Д.Энхдалайгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 4 дүгээр сарын 02-ны орой 20 цагийн үед Дархан сумын 16 дугаар багийн 21 дүгээр байрны гадна өөрийн эзэмшлийн 02-02 ДАА улсын дугаартай Тоёото тундра маркийн автомашинаа байрлуулчихаад 20 дугаар байшингийн подвальд юм хийх гээд орсон. Тэгээд орой 22 цагийн үед юмаа хийж дуусгачихаад гараад иртэл миний танил дүү Чинзориг надад “машины чинь дугуйг нэг хүн юмаар хатгаж хагалчихаад явлаа” гэж хэлсэн. Тэгээд Чинзориг тэр хүний араас гүйгээд бариад авсан. Тэр дугуй хагалсан хүн 60 орчим настай эрэгтэй согтуу хүн байсан. Тэгээд машиныхаа дугуйг үзсэн чинь миний машины урд талын 2 дугуйг хурц үзүүртэй зүйлээр хатгаад хийг нь гаргачихсан байсан. ....Би хагарч гэмтсэн 2 ширхэг дугуйгаа нэгийг нь 500 000 төгрөгөөр үнэлж, нийт 1000 000 төгрөгийг төлүүлж авмаар байна. ...500 000 төгрөг авч гомдол саналгүй болсоноо үүгээр мэдэгдье” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36, 109-р хуудас/, Хохирогч С.Батсүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 02-ны орой 21 цагийн үед Дархан сумын 16 дугаар багийн 21 дүгээр байрны гадна өөрийн эзэмшлийн 05-69 ДАХ улсын дугаартай Истема маркийн автомашинаа байрлуулчихаад гэр рүүгээ орсон. Тэгээд маргааш өглөө нь 09 цаг өнгөрөөгөөд боссон чинь гадаа хүмүүс шуугилдаад байсан. Тэгээд цонхоор хартал миний машины нэг дугуйны хий нь гарчихсан юм шиг харагдсан. Тэгээд би гэрээсээ гараад өөрийнхөө машин дээр иртэл миний машины 4 дугуйны хий нь гарчихсан байсан. Тэгээд машиныхаа дугуйнуудыг хартал үзүүртэй зүйлээр хатгаж хагалсан байсан. Миний машины зүүн талын урд дугуйг 5 удаа хатгачихсан, зүүн талын хойд дугуй нэг удаа, баруун талын урд дугуй нэг удаа, баруун хойд талын дугуй 2 удаа үзүүртэй зүйлээр хатгаад хагалчихсан байсан. ...би 2015 оны 5 дугаар сард Улаанбаатар хотын Өгөөмөр захаас тухайн үеийн ханшаар нэг дугуйг нь 75 000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...нийт300 000 төгрөг нэхэмжилж байна. ... хохиролд 250 000 төгрөг авсан тул цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 38, 111-р хуудас/, Хохирогч Б.Баатарзулын мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 2016 оны 4 дүгээр сарын 02-ны орой 21 цагийн үед Дархан сумын 16 дугаар баг, 21 дүгээр байрны гадна өөрийн эзэмшлийн 59-57 ДАХ улсын дугаартай Соната-5 маркийн автомашинаа байрлуулчихаад гэр уруугаа орсон. Тэгээд маргааш өглөө нь босоод гэрээсээ гарч ирээд машинаа асаагаад явах гэтэл миний машины зүүн талын урд хойд дугуйг хажуу талаас нь үзүүртэй зүйлээр хатгаад хагалчихсан, хийг нь гаргасан байсан. Би 2015 оны 11 дүгээр сард Дарханы зах дээрээс нэг дугуйг 45 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би хоёр ширхэг дугуйгаа нийт 90 000 төгрөгөөр үнэлж байна. ... М.Доржоос хохирлын төлбөр болох 90 000 төгрөг хүлээн авлаа. Надад цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 40, 112-р хуудас/, Хохирогч Ч.Чинзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 02-ны орой 20 цагийн үед би хуучин хороололын 20 дугаар байранд байдаг таньдаг ах Энхдалай дээр очсон. Энхдалай ах подвальд мотоцикль задалчихсан байсан ба янзлалцах гэж очсон. Би тэнд очихдоо өөрийн эзэмшлийн Т.Верессо маркийн 88-44 УБӨ улсын дугаартай машинтайгаа очсон. Би машинаа 20 дугаар байрны ард зогсоол дээр тавьчихсан байсан. Тэгээд бид нар юмаа хийж дуусаад гэр рүүгээ харих гээд 22 цагийн үед 20 дугаар байрны подвалоос гарч ирээд би машиндаа суугаад нөгөө хэдийг гарч ирэхийг хүлээгээд сууж байтал савхин материалтай бор цагаан өнгийн куртиктэй 50 орчим насны эрэгтэй хүн тэнд байсан машины дугуйг цоолоод миний машин дээр ирээд миний машины баруун хойд талын дугуй болон баруун урд талын дугуйг нэг юмаар хатгачихаад яваад өгсөн. Тэр хүн миний хажууд байсан Энхдалай ахын машины дугуйг бас хагалчихсан байсан. Тэгээд би тэр хүнийг барьж авахад согтуу байсан. Миний машины дугуйгаа нэгийг нь 60 000 төгрөгөөр авч байсан. Гэхдээ одоо 55 000 төгрөг болсон байна. Надад 110 000 төгрөгний хохирол учирсан түүнийг нэхэмжилж байна. ... хохиролд 80 000 төгрөг авсан тул цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 42, 107-р хуудас/, Хохирогч Ч.Булганы мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 02-ны орой 18 цагийн үед Дархан сумын 16 дугаар багийн 20 дугаар байрны ард талд 21 дүгээр байрны урд талд автомашины зогсоол дээр өөрийн эзэмшлийн 85-49 ОРА улсын дугаартай Renault safrane маркийн автомашинаа байрлуулчихаад гэртээ орсон. Маргааш өглөө нь 07 цагийн үед босоод ажилдаа явах гээд гэрээс гараад иртэл миний машины дөрвөн дугуйг дөрвүүлэнг нь хагалчихсан байсан. Би машиныхаа нэг дугуйг 165 000 төгрөгөөр авч байсан. Одоо нэг дугуй нь 150 000 төгрөгийн үнэтэй байна. Надад 600 000 төгрөгийн хохирол учирсан. Би М.Доржийн үр хүүхдүүдээс 500 000 төгрөг авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 110-р хуудас/, Хохирогч Д.Ваанчигийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 4 дүгээр сарын 02-ны орой 18 цагийн үед Дархан сумын 16 дугаар багийн 20 дугаар байрны ар талд 21 дүгээр байрны урд талд өөрийн эзэмшлийн 18-03 ДАХ улсын дугаартай Аванте-ХД маркийн автомашинаа байрлуулчихаад гэртээ орсон. Тэгээд 22:30 цагийн үед гэртээ байж байтал манай хүүхэд “өвөө таны машины хажууд хүмүүс шаваад байна” гэж хэлсэн. Тэгээд цонхоороо хартал миний машины хажууд баахан хүмүүс шавчихсан намайг цонхоор харсан чинь “та юу гараад ирээч” гэж хэлсэн. Тэгээд би гараад машиныхаа хажууд очтол тэнд байсан хүмүүс “таны машин энэ үү, энд байсан хүмүүсийн машиныг нэг хүн юмаар хатгаж хагалж байгаад баригдаад цагдаад өгөөд явуулчихсан” гэж хэлсэн. ...Би тэр хагарсан дугуйг дахин нөхөж ашиглаж байгаа. Дугуйг нөхөж ашиглахад 9 000 төгрөгний зардал гарсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 123-р хуудас/, Хохирогч А.Баясгалангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 4 дүгээр сарын 02-ны орой 21 цагийн үед гэрээсээ гарч тамхи татах гээд ирсэн чинь миний машиныг тойроод хүмүүс шаваад байсан. Тэгээд би өөрийн эзэмшлийн 24-62 ДАХ улсын дугаартай Т.Приус-30 маркийн машин дээрээ яваад очтол миний машины зүүн талын урд хойд хоёр дугуйг ямар нэгэн юмаар хатгаад хагалчихсан, дугуйны хий нь гарчихсан байсан. ...Дугуйг нөхөж ашиглахад 8 000 төгрөгийн зардал гарсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 125-р хуудас/, Хохирогч Э.Алтангадасын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 4 дүгээр сарын 02-ны орой 19 цагийн үед Дархан сумын 16 дугаар баг, 20 дугаар байрны ар талд 21 дүгээр байрны урд талд Э.Коровн маркийн автомашинаа байрлуулчихаад найзындаа орсон. Би найзындаа тэр орой хоносон юм. Маргааш өглөө босоод гэртээ харих гээд найзынхаасаа гарч ирээд машиндаа суугаад явах гэтэл миний машины баруун талын урд болон хойд талын дугуйг хажуу талаас нь ямар нэгэн үзүүртэй зүйлээр хатгаж хагалсан оромтой, дугуйны хий нь гарчихсан байсан. ...Би тэр хагарсан дугуйг нөхөж ашиглаж байгаа. Дугуйг нөхөж ашиглахад 8 000 төгрөгний зардал гарсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 127-р хуудас/, Хохирогч Б.Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 02-ны орой 20 цагийн үед Дархан сумын 16 дугаар багийн 20 дугаар байрны ард талд 21 дүгээр байрны урд талд өөрийн эзэмшлийн M.Istima маркийн 57-75 ДАР улсын дугаартай автоамшинаа байрлуулчихаад гэртээ орсон. Маргааш өглөө 9 цагийн үед босоод гэр бүлээрээ гадуур гарах гээд гарч ирээд машиндаа суугаадявах гэтэл миний машины баруун талын урд болон хойд талын дугуйг хажуу талаас нь ямар нэгэн үзүүртэй зүйлээр хатгаж хагалсан оромтой, дугуйны хий нь гарчихсан байсан. Дугуйг нөхөж дахин ашиглахад 8 000 төгрөгийн зардал гарсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 129-р хуудас/, Хохирогч С.Хатанбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 02-ны орой 20 цагийн үед Дархан сумын 16 дугаар баг, 20 дугаар байрны ар талд 21 дүгээр байрны урд талд өөрийн эзэмшлийн Т.Премио маркийн 32-47 ДАР улсын дугаартай машинаа 20 цагийн үед байрлуулчихаад “Баян Идэр” төв рүү бүжгэнд орсон. Тэгээд 22 цагийн үед бүжиг тараад гараад ирсэн чинь миний машины баруун талын урд болон хойд талын дугуйг хажуу талаас нь ямар нэгэн үзүүртэй зүйлээр хатгаж хагалсан оромтой, дугуйны хий нь гарчихсан байсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 131-р хуудас/, Хохирогч Р.Чойсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 02-ны орой 18 цагийн үед Дархан сум 16 дугаар багийн 21 дүгээр байрны урд талд өөрийн эзэмшлийн S.Swift маркийн 22-47 УНР улсын дугаартай машинаа байрлуулчихаад охин Ариунцэцэгийн гэрт нь орсон. ..Тэгсэн миний машины хойд талын хоёр дугуйг хажуу талаас нь ямар нэгэн үзүүртэй зүйлээр 2, 2 удаа хатгаж хагалсан оромтой, дугуйны хий нь гарчихсан байсан. ...би хагарсан хоёр дугуйг сольж шинээр хоёр дугуй авч тавьсан, нэг бүрийг нь 60 000 төгрөгөөр нийтэд нь 120 000 төгрөгөөр худалдан авч тавьж байсан. Энэ үнийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 133-р хуудас/, Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 12-19-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-р хуудас/, эд мөрийн баримтыг хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 21-22-р хуудас/, эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хэргийн 28-29, 48-49, 53-54, 60-61, 66-67, 72-73, 78-79, 145-146, 150-151, 153-154, 156-157, 159-160, 162-163-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгч М.Дорж нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 103-105-р хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98-р хуудас/ зэргээр тогтоогдож байх бөгөөд сүүлд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 12-р сарын 27-ний өдрийн 455 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39-р зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жил хорих, 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сар хорих, мөн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан 1 жил 2 сарын хорих ялаар шийтгэгдсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялтайд тооцох хугацаа дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Хохирогч нарын "гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй" гэснээр шүүгдэгч М.Доржийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. Шүүгдэгч М.Доржид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-т зааснаар хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Шүүгдэгчид хорих ял оногдуулж дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хажуу хэрэгтээ SWW MOO-160 бичигтэй гол хэсэгтээ 2 ширхэг нүхтэй, үзүүр хэсэг нь 16 см урттай, 2 тийш тэлэгдэх зориулалт бүхий төсөр багажийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзэв. Хохирогч нарын хохирол төлбөр барагдсан байх тул иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор шүүгдэгч М.Доржийн эзэмшлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р багийн 1-р хорооллын 21-р байрны 13 тоотын 44.34 м.кв орон сууцыг битүүмжилсэн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн 2016 оны 4-р сарын 25-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна. Шүүгдэгч М.Дорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Торгууд Мидэржавын Доржийг бусдын эд хөрөнгийг санаатай устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар шүүгдэгч М.Доржийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч М.Доржид оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч М.Доржид оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулсугай
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг төмөр багажийг тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгасугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Хэрэг, бүртгэх, мөрдөн байцаах тасгийн 2016 оны 6-р сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
7.Шүүгдэгч М.Дорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Доржид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ