Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/744

 

 

 

 

 

 

 

 

 

 2021           11            22                                       2021/ШЦТ/744

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч В.Батдэлгэр,

шүүгдэгч Ж.Э-, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

хохирогч Н.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Боржигин овогт Жанчивдоржийн Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105000001061 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ... аймаг, ... сум 5 дугаар баг .... дугаар гудамж ... тоотод оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Жанчивдоржийн Э

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.Э- нь 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Инкубатор худалдаа үйлчилгээний төвд үйлчлүүлж байсан хохирогч Н.А-гийн сандал дээр орхиж явсан гээгдэл эд хөрөнгө болох хар өнгийн цүнх, түүн дотор байсан бэлэн 7,000,000 төгрөг, халтан манан бага гарын хөөрөг, мөнгөн ээмэг, хар арьсан цүнх, иргэний үнэмлэх, автобусны карт, Хаан банк, Голомт банкны картуудыг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч завшсаны улмаас бусдад нийт 7,244,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Э- мэдүүлэхдээ: “Би хүний цүнхтэй юмыг авсан нь миний буруу” гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, шүүгдэгч Ж.Э- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 3-6 дугаар хуудас/

 

          Хэргийн газрын үзлэг хийсэн “...Сонгинохайрхан дүүргийн 1 хороо 50 дугаар гудамж 680 тоот дугаартай ертөнцийн зүгээр урд зүгт харсан цэнхэр өнгийн хашаа байна. ...Гэрийн урд хана дагуу байх цэцэгтэй даавуугаар бүтээсэн орон дээр хар өнгийн эмэгтэй хүний цүнх, цүнхийг онгойлгож үзэх үед цүнх дотроос Бямба овогтой Жаргалсайхан  иргэний үнэмлэх, Бямба овогтой Жаргалсайхан нийгмийн даатгал гэсэн бичиг баримт, бор өнгийн шүрэн толгойтой хөөрөг гарч ирсэн. Эдгээр зүйлийг эд мөрийн баримтаар хурааж авлаа.

          ...эд зүйл хийх зориулалт бүхий авдар онгойлгож үзэх үед хар өнгийн хэтэвч, цагаан өнгийн тор дотроос 20,000 төгрөгийн дэвсгэрт 12 ширхэг, 10,000 төгрөгийн дэвсгэрт 14 ширхэг, 5000 төгрөгийн дэвсгэрт 24 ширхэг гарч ирснийг үзлэг хийж хурааж авлаа. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 7-9 дүгээр хуудас/,

 

          Мөрдөгчийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай “...Цагаан өнгийн 2 ширхэг CD-г эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 11 дүгээр хуудас/,

 

          Таньж олуулах ажиллагаа хийсэн “... Дугаар 3 Жанчивдорж овогтой Э- 1990.09.07-нд Архангай аймагт төрсөн 30 настай, эмэгтэй, мэргэжилгүй, Архангай аймагт оршин суух хаягтай

          ... дугаар барьсан хүмүүсийг харахад 3 дугаар барьсан хүнийг нүүрэн дээр сорви, царай төрх болон нүүрэн дээр нь байгаа батгатай байгаа учир энэ содон шинж тэмдгээр нь таньж байна” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 12-14 дүгээр хуудас/

 

          Камерын бичлэгт үзлэг хийсэн “...4.20210715_100641 дугаартай бичлэгийн 01 минут 53 секундэд хохирогчийн цүнхийг холбогдогч 25-35 орчим насны үл таних эмэгтэй баруун гартаа бариад гарч байгааг харуулав. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 16-19 дүгээр хуудас/

 

          Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл. /хэргийн 20-21 дүгээр хуудас/

 

          Хохирогч Ж.А-гийн “2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр би Баянгол дүүргийн 20 дугаар хороо Инкубатор худалдааны төв дотор юм үзээд явж байсан. Тэгээд сандал дээр нь гартаа барьж явсан хар цүнхээ үлдээгээд орхисон. Тэгээд удалгүй буцаад ирсэн чинь миний цүнх алга болсон байсан. Тухайн цүнхэн дотор 7,000,000 төгрөг, Халтар манан хөөрөг, бичиг баримт, миний хар цүнх зэрэг эд зүйл алдагдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 24-28 дугаар хуудас/

 

          Гэрч С.Д-ийн “Би 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 09 цагийн үед Инкубатор төв дээр ажил дээрээ ирээд байж байтал хүмүүс орж ирээд бараа үзээд байж байхад өчигдөр надаас өмд худалдаж авсан үл таних эмэгтэй орж ирээд өчигдөр архи уугаад өмдөө урчихлаа, дахиад өмд авахаас гээд өмд цамц өмсөж үзээд байсан. Тэгтэл хажуу лангууны А- орж ирээд надад ууттай түлхүүр, дээл өгчхөөд гараад явсан. Тэгээд би өмд, цамц өмсөж үзэж байсан эмэгтэйтэй наймаа хийчхээд байж байтал тэр эмэгтэй ногоон өнгийн сандал дээр байсан хар өнгийн цүнхийг уудлаад дээр нь хуучин өмдөө хийгээд гараад явсан. Тэгээд удалгүй А- буцаж ирээд би цүнхээ орхиод явчихсан байна гэхээр нь камер шүүгээд үзэхэд А-гийн цүнхийг аваад гарсан байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 36-37 дугаар хуудас/

 

          Гэрч Д.Ц-ын “2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ирсэн. Хар өнгийн цүнх барьж ирсэн. Тэгээд цүнхээ биенээсээ салгахгүй, бие засах өрөө орсон ч бариад яваад байсан. Тэгэхээр нь би чи юу бариад яваад байгаа юм гэхэд би ажил хийсэн гээд 1 боодол задгай мөнгө гаргаж ирсэн. Тэгэхэд нь би чи надад мөнгө өгөхгүй юм уу, бид нарт их өртэй биз дээ гэхэд за май гээд задгай мөнгө өгсөн. Тэгэхээр нь тоолж үзэхэд 500,000 төгрөг байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 39 дүгээр хуудас/

 

          Гэрч Н.Сүхбаатарын “... Ажил хийгээд мөнгөтэй боллоо гэж ирсэн. Тэгээд манайд жижиг хар цүнхтэй ирсэн. Тэр цүнхээ биенээсээ салгахгүй бариад яваад байсан гэж манай эхнэр надад тэгж хэлсэн. Ирсэн өдөр нь би унтаж байсан. Намайг сэрээгээд 20,000 төгрөг өгөөд машиндаа бензин хийгээрэй гэж өгсөн. Удалгүй Э- Архангай явна намайг суулгаад өг гэхээр нь эхнэрээ дагуулаад Саппорогоос иргэний үнэмлэхийн лавлагаа ТҮЦ машинаас авч өгөөд Драгон орж автобусны билет хамт явж авч өгсөн. Тэгээд явуулсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 41-42 дугаар хуудас/

 

          Дамно ХХК-ны Хөрөнгийн үнэлгээний тайлан. /хэргийн 46-47 дугаар хуудас/

 

          Ж.Э-гийн яллагдагчаар өгсөн “Би 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо Инкубатор худалдааны төв дотор хувцас авах санаатай явж байсан чинь нэг сандал дээр хар өнгийн савхин цүнх байхаар нь эзэнгүй хаясан юм байхдаа гэж бодоод аваад танил хөгшин Сүхбаатар ахынд очсон.

          Тэгээд Сүхбаатар ахынд очих замдаа цүнхийг онгойлгож үзэхэд дотор талд нь боодолтой 5000, 10,000, 20,000 төгрөгийн дэвсгэртүүдтэй мөнгөнүүд байхаар нь би нэг боодолтой задгай мөнгийг Сүхбаатар ахын эхнэр Цэцгээ эгчид та ойр зуурын хэрэглээндээ хэрэглээрэй гэж өгсөн. Би тэр хоёрт Инкубатор худалдааны төвөөс мөнгөтэй цүнх олсноо хэлээгүй ба цүнхэн дотор нь нэг хөөрөг, бичиг баримтууд байсан ба би тэр бичиг баримтыг нь гадуур явж байгаад хаяж үрэгдүүлсэн. Тэгээд намайг Барс худалдааны төв дээр явж байхад цагдаа нар ирээд бариад авсан. Цүнхэн дотор байсан мөнгөнөөс би хувийн хэрэгцээнд зарцуулсан. Өөртөө хувцас авч, гар утас, чихэвч, гутал, өмд тэлээ гэх мэт зүйл авсан.

          ... Би учруулсан хохирлоо төлж барагдуулах боломжгүй. Хуулийн арга хэмжээ тооцуулахад татгалзах зүйл байхгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 62-63 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл Ж.Э- нь 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Инкубатор худалдаа үйлчилгээний төвд үйлчлүүлэхдээ тус төвд худалдаа үйлчилгээ үзүүлдэг хохирогч Н.А-гийн өөрийн өмч хөрөнгийг хадгалах, хамгаалахдаа хайхрамжгүй хандаж сандал дээр орхиж явсан гээгдэл эд хөрөнгө болох хар өнгийн цүнх, түүн дотор байсан бэлэн 7,000,000 төгрөг, халтан манан бага гарын хөөрөг, мөнгөн ээмэг, хар арьсан цүнх, иргэний үнэмлэх, автобусны карт, Хаан банк, Голомт банкны картуудыг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч завшсаны улмаас бусдад нийт 7,244,000 төгрөгийн хохирол учруулжээ.

Шүүгдэгчийн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Э-гийн мөрдөн шалгах явцад яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ж.Э- нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

          Хохирогч Н.А-д Дамно ХХК-ны Хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хэргийн 46-47 дугаар хуудас/ шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн улмаас 7,244,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогджээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Хохирогч Н.А-д нь бүхий биет байдлаар 15,000 төгрөгийн үнэлгээ хар өнгийн цахилгаантай савхин цүнх, 60,000 төгрөгийн үнэлгээ бүхий төмөр нуухтай, бага гарын манан хөөрөг, 1,200,000 төгрөг хүлээлгэн өгсөн болох нь 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /хэргийн 22 дугаар хуудас/ тогтоогдож байх тул үлдэгдэл 5,969,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргажээ.

Шүүх, шүүгдэгч Ж.Энхтүвшиг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Ингэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 35 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Жанчивдоржийн Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Э-г 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Ж.Э-гийн цагдан хоригдсон 35 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Ж.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ж.Э-гээс 5,969,0000 төгрөг гаргуулж Н.А-д олгосугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ