Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/746

 

 

 

 

 

 

 

2021           11           22                                        2021/ШЦТ/746

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч А.Ш- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Боржигон Адъяагийн Ш-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105011681359 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1991 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа мужааны ажил хийдэг гэх, ам бүл 3, ах, эгч нарын хамт Баянгол дүүргийн 21 хороо .... дугаар гудамж ... тоотод оршин суух,

Урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 529 дугаартай шийтгэх тогтоол, Улсын дээд шүүхийн 2009 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 21 дугаартай мэдэгдэх хуудсаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Боржигон Адъяагийн Ш-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Ш- нь 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Твин Хоорс гэх нэртэй зочид буудлаар үйлчлүүлж байсан хохирогч Э.Б-ийн өмчлөлийн Samsung А-32S загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 850,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ш- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, шүүгдэгч А.Ш- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Хохирогч Э.Б-ийн “... 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр хаяг мэдэхгүй нэгэн зочид буудалд би өөрийн найзууд болох Насанжаргал, Баясаа, манай найз Доржнямын үеэл дүү болох Ш-ын нарын хамт дөрвүүлээ уулзаад хамт жоохон юм ярьж суухаар болоод 9 цагийн үед ороод байж байгаад тухайн оройны 20 цагийн орчимд гарах гэтэл миний гар утас болсон байна. Тэгээд олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан юм.

          Би 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Теди гар утас худалдааны төвөөс 974,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний гар утасны емэй дугаар нь 352407514139949 гэсэн дугаартай байгаа юм. Миний гар утас ямар нэгэн эвдрэл, гэмтэл байхгүй, шинэ гар утас байсан. Миний гар утас хар өнгөтэй, хойноо 3 камертай, тунгалаг өнгийн хамгаалалтын гэртэй гар утас байгаа. ...Би гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19-21 дүгээр хуудас/

 

          Дамно ХХК-ны Samsung А-32S загварын гар утсыг 850,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан. /хэргийн 25-26 дугаар хуудас/

 

          А.Ш-ын яллагдагчаар өгсөн “Би 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу орж ирээд байж байтал миний эзэмшлийн 95022577 гэсэн дугаар руу манай найз Б- над руу залгаад Баянгол дүүргийн энд хүрээд ир гэсэн. Тэгээд би очоод уулзтал Б- надад хоёулаа буудал орж жоохон юм ярьж сууя гээд тэгээд бид хоёр нэг буудал ороод архи ууж байгаад тэндээ хоноод маргааш нь буюу 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр дахиж архи ууж байгаад би явахдаа Б-ийн Samsung A-32 загварын гар утсыг авч гараад өөрийнхөө LG гар утастай хамт Гэмтлийн эмнэлгийн хойд талд байрлах барьцаалан зээлдүүлэх төвд 350,000 төгрөгөөр тавьсан юм. Тэгээд би удалгүй Хэнтий аймаг руу ажилдаа яваад өгсөн юм.

          ... Би Б-ийн гар утсыг тухайн ломбардад тавьсан өдрөөсөө хойш 2 хоногийн дараа аваад Хэнтий рүү ажилдаа явсан. Тэгээд 4 хоногийн дараа байх Хэнтийгээс шууданд хийгээд явуулсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 49-51 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Твин Хоорс гэх нэртэй зочид буудлаар шүүгдэгч А.Ш-, хохирогч Э.Б- нар нь үйлчлүүлж байхдаа шүүгдэгч А.Ш- нь хохирогч Э.Б-ийн өмчлөлийн Samsung А-32S загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 850,000 төгрөгийн хохирол учруулжээ.

Шүүгдэгчийн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Э.Б-ийн мэдүүлэг, Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч А.Ш-ын мөрдөн шалгах явцад яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.Ш- нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

          Хохирогч Э.Б-т Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хэргийн 25-26 дугаар хуудас/ тогтоогдсон 850,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогджээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан 850,000 төгрөгийн үнэлгээ бүхий Samsung А-32S загварын гар утсыг хохирогч Э.Б- нь биет байдлаар буцаан авсан болох нь түүний “миний бие өөрийн алдагдсан Samsung А-32S утсыг А.Ш-аас хүлээж авсан тул миний бие ямар нэгэн гомдол саналгүй болно” гэсэн баримтаар /хэргийн 40 дүгээр хуудас/ тогтоогдсон тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргажээ.

Шүүх, шүүгдэгч А.Ш- хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг биет байдлаар буцаан өгсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Ш- баривчлагдсан, цагдан хоригдсон хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон Адъяагийн Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Ш-ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар А.Ш-ыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар хийхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Ш- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, А.Ш- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ