Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/751

 

 

 

 

 

 

 

 

2021           11           24                                        2021/ШЦТ/751

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч А.Оюунгэрэл,

шүүгдэгч Д.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Боржигон овогт Дамбийгийн Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2103002330314 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1968 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Завхан аймгийн Идэр суманд төрсөн, 53 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 25 дугаар хороо Цоглог хотхон ...  дугаар байр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Дамбийгийн Э-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.Э- нь 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 06 цаг 50 минутын орчимд Баянгол дүргийн 20 дугаар хороо Сонсголонгийн зам Дулааны 4 дүгээр цахилгаан станцын зүүн талын уулзварт Toyota Prius 20 маркийн ХХ-ХХ УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заасан “Чиг заасан сум бүхий үндсэн ногоон гэрэл болон нэмэгдэл гэрэл дохио нь зөвхөн сум заасан чигт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн сум нь буцаж эргэхийг мөн зөвшөөрнө. Нэмэгдэл гэрэл дохио асаагүй бол (гэрлэн дохионы зохицуулгатай үед) уг чигт хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс Toyota Prius 20 маркийн ХХ-ХХ УАК улсын дугаартай Б.Г-гийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Ж.Ц-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, шүүгдэгч Д.Э- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 3-4 дүгээр хуудас/

 

          Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 5-9 дүгээр хуудас/

 

          Мөрдөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай “... Шунхлай шатахуун түгээх газрын 31 дүгээр салбарын хяналтын камерын бичлэгийг СD-д хуулбарласныг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 14 дүгээр хуудас/

 

          Хохирогч Ж.Ц-ийн “Би 2021 оны 8 дугаар сарын 31-ний өглөө 05 цаг 45 минутын орчимд гэрээсээ гараад таксинд суугаад 5 шарын ертөнцийн зүгээр урд талын автобусны буудал дээр буугаад хойд талын автобусны буудлаас манай ажил руу жижиг машинууд гурван хүн суулгаад Дулааны 4 дүгээр цахилгаан станцын урд байрлах ажил руугаа хүргүүлэхэд 8000 төгрөгөөр явдаг юм. Би хойд талын автобусны буудал дээр ирэхэд манай ажлын газрын хүн болох А-, Билгүүн нар зогсож байсан. Бид нийлээд ХХ-ХХ УНА улсын дугаартай улаан өнгийн машинд Билгүүн урд талын суудал жолоочийн хажууд, А- бид хоёр хойд талын суудалд суугаад явсан. Ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд Сонсголонгийн замаар явж байсан уг машины жолооч нэлээд хурдтай явж байсан ба би хажууд сууж явсан А-тай яриад явж байсан. Тэгээд сууж явсан машин гэрлэн дохиотой уулзвар дээр ирээд огцом зогсож байх шиг байсан. Нэг мэдсэн чинь түс тас гээд бидний сууж явсан машиныг машин ирээд мөргөчихсөн. Ямар машин хаанаас ирээд яаж мөргөсөнг ёстой мэдэхгүй байна. Маш хурдан болоод өнгөрөх шиг болсон. Тэгээд би юу болсныг сайн мэдэхгүй ухаан балартаад байж байтал эмнэлэг ирээд аваад явсан.

          Эмнэлэгт үзүүлэхэд тархи цууралттай, баруун талын 2 хавирга хугарсан, нүүр хөхөрч хавдсан, баруун гар шалбарч зулгарсан. Би уг ослоос болж 15 хоног ажилдаа яваагүй. Цалингүй байгаа. Эрүүл мэндээрээ болон санхүүгээр хохирч байна. Гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19 дүгээр хуудас/

          “ ... Жолооч Д.Э- миний эрүүл мэндэд учирсан хохиролд болон миний ажилгүй байх хугацаанд олгогдоогүй цалин гээд нийт 3,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа.

          ... Одоо надад жолооч Д.Э-д ямар нэгэн санал хүсэлт, гомдол байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй ээ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20 дугаар хуудас/

 

          Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудсын хуулбар. /хэргийн 32-33 дугаар хуудас/

 

          Иргэний нэхэмжлэгч Б.Г-гийн “Би 2021 оны 8 дугаар сарын 31-ний өглөө 06 цаг 20 минутын орчим гэрээсээ нөхрийн хамт өөрийн эзэмшлийн ХХ-ХХ УАК улсын дугаартай тээврийн хэрэгслээр 21 дүгээр хороолол руу явсан юм.

          ... Замын гэрэл дохио ногоон асаж байсан ба уулзвар нэвтрэх үед ертөнцийн зүгээр хойноосоо зүүн чиглэлд эргэх гэж байсан улаан өнгийн машин гэнэт манай машины урдуур ороод ирсэн юм. Тэгээд манай нөхөр тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авсан боловч амжаагүй. Тэр машиныг мөргөчихсөн. Манай нөхөр Цагаандарь 50 орчим км/цагийн хурдтай явж байсан байх. Тэр улаан машин уулзвар дээр зогсож байгаа харагдсан бөгөөд тэр машин гэнэт л хөдлөөд манай машины урдуур ороод ирсэн юм.

          ... Буруутай жолоочоос тээврийн хэрэгслийн хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 36 дугаар хуудас/

          “Миний эрүүл мэндэд учирсан хохирол 228,000 төгрөг, автомашиныг үнэлгээ хийлгэхэд болон оношилгоонд оруулсан зардал 421,000 төгрөг, автомашины хохирлын үнэлгээгээр гарсан 6,489,020 төгрөг ингээд нийт 7,138,020 төгрөгийн хохирлыг жолооч Д.Э-аас нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 37 дугаар хуудас/,

          “Жолооч Д.Э- надад учирсан хохирлоос 2,139,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан ба үлдсэн 5,000,000 төгрөгийн хохирлыг хэрэг хянан шийдвэрлэж дуусахаар даатгалын байгууллагаар төлж барагдуулахаар хоорондоо ярилцаж тохиролцсон байгаа. ... одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй ээ.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 38 дугаар хуудас/

 

          Иргэний нэхэмжлэгч С.А-ын “ ... Тухайн үед зам тээврийн ослын улмаас миний баруун чих шалбарсан. Баруун шилбэнд цус хурсан. ...Жолооч Д.Э- миний эрүүл мэндэд учирсан 200,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 50 дугаар хуудас/

 

          Гэрч Б.Б-гийн “...Тухайн замын шулуун явах ногоон гэрэл ассан байсан. Бидний явах зүүн гар тийшээ эргэх чиглэлийн гэрэл асаагүй хориглосон байсан. Тухайн уулзвараар зүүн гар тийшээ гар тийшээ эргэхэд нэмэлт гэрлээр эргэдэг юм байна лээ. Зүүн гар тийш эргэх нэмэлт гэрэл асаагүй байхад тухайн жолооч зүүн гар тийшээ гэнэтхэн л хөдлөөд явчихсан. Тэр үед би наана чинь машин ирж байна шүү дээ гээд хэлж дуусаад л ертөнцийн зүгээр урд талаас ирж явсан тэр машин ирээд мөргөчихсөн юм. ...” гэсэн мэдүүлэг./хэргийн 58 дугара хуудас/

 

          Гэрч Н.Цагаандарийн “... миний явж байсан чиглэлийн зөвшөөрөгдсөн ногоон гэрэл асаж байхад миний эсрэг урсгалаас ирж байсан чиглэлийн зөвшөөрөгдсөн ногоон гэрэл асаж байхад миний эсрэг урсгалаас ирж байсан улаан өнгийн T.Prius маркийн тээврийн хэрэгсэл зүүн гар тийшээ эргэх гээд зогсож байсан. Тухайн үед замын хөдөлгөөн сийрэг машин цөөхөн байсан. Тэгээд намайг уулзвар луу нэвтрэх үед тэр улаан машин зүүн эргээд миний урдуур ороод ирсэн. Тэгээд би тоормос гишгэсэн боловч амжилгүй мөргөөд явган хүний зам дээгүүр гараад цаана байсан дулааны шугамын нүх рүү орчихсон юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 62 дугаар хуудас/

 

          Гэрч С.Ж-ын “... Намайг очиход манай хүний машин уулзвар дээр баруун тийшээгээ хараад зогссон байсан. Нөгөө мөргөлдсөн машин нь замаас гараад дулааны шугам дээр зогссон байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 66 дугаар хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 04-ний Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №8232 дугаартай:

          “1. Ж.Ц-ийн биед баруун 5,6-р хавирганы хугарал, тархи доргилт, баруун нүдний салстад цус харвалт, зулай, дух, 2 нүдний зовхи, хамар, баруун хацар шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өвдөг хоёр шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

          3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 73-74 дүгээр хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №8233 дугаартай:

          “1. С.А-ын биед зүүн чихний язарсан шарх, баруун шилбэний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

          2.4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

          3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 81-82 дугаар хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №8314 дугаартай:

          “1. Б.Г--н биед цээж, хэвлий, зүүн гуя, ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Уг гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

          4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 85-86 дугаар хуудас/

 

          Хас үнэлгээ ХХК-ний Автомашин техникийн үнэлгээний тайлан. /хэргийн 102-107 дугаар хуудас/

 

          Мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №268 дугаартай “...1. ХХ-ХХ УНК улсын дугаартай Toyota Prius маркийн автомашиныг жолоодон явсан жолооч Д.Э- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заасан “Чиг заасан сум бүхий үндсэн ногоон гэрэл болон нэмэгдэл гэрэл дохио нь зөвхөн сум заасан чигт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн сум нь буцаж эргэхийг мөн зөвшөөрнө. Нэмэгдэл гэрэл дохио асаагүй бол (гэрлэн дохионы зохицуулгатай үед) уг чигт хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

          2. ХХ-ХХ УАК улсын дугаартай Toyota Prius маркийн автомашиныг жолоодон явсан жолооч Н.Цагаандарь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 117 дугаар хуудас/

         

          Сонсголонгийн зам, “Дулааны цахилгаан станц ТӨХК-4”-ийн баруун урд уулзварын гэрэл дохионы горим. /хэргийн 133 дугаар хуудас/

 

          Д.Э-ы яллагдагчаар өгсөн “...Тэгээд 06 цаг 50 минутын орчим ДЦС-4 баруун урд талын гэрлэн дохиотой уулзвар дээр ертөнцийн зүгээр хойд талаасаа ирэхэд уулзварын урд талд байрлах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулдаг гэрлэн дохио ногоон өнгөтэй асаж байсан ба би үндсэн ногоон гэрлээр зүүн гар тийшээгээ эргээд уулзварыг нэвтрэх үед ертөнцийн зүгээр урд талаас ирж явсан Toyota Prius 20 маркийн автомашинтай мөргөлдсөн. Тэр машинтай мөргөлдсөний улмаас миний машин уулзвар дээр бүтэн эргээд баруун тийшээ хараад уулзварын голд зогссон. Нөгөө машин уулзвараас гараад уулзварын зүүн хойд талд дулааны шугам мөргөөд зогссон.

          ...Тухайн үед би автомашин чигээрээ явахыг зөвшөөрсөн үндсэн ногоон гэрэл асаж байхаар нь зүүн гар тийш эргэсэн. Тухайн үед нэмэгдэл сумын ногоон гэрэл асаагүй байсан. Би өөдөөс машин ойртон ирж байгааг анзаараагүй үйлдлээ хийсэн юм. Би зорчих хэсгийн 2 дугаар эгнээнээс эргэх үйлдлийг хийж гүйцэтгэсэн. Миний өөрийн эзэмшлийн автомашин.

          .... Би осол гарсанд маш их харамсаж байна. Би өөрийн бурууг ойлгож гэмшиж байна. Хохирогчийн эмчилгээний зардлыг бүрэн өгсөн байгаа. Хуульд заасан бага шийтгэлийг оногдуулж өгөөч гэж хүсэх байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 142-143 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Э-ы Toyota Prius 20 маркийн ХХ-ХХ УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заасныг зөрчсөнөөс Toyota Prius 20 маркийн ХХ-ХХ УАК улсын дугаартай Б.Г-гийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Ж.Ц-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

         

          Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

          “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заажээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Ц-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учиржээ.

          Мөрдөн шалгах явцад хавтаст хэрэгт хохирогч Ж.Ц- “... Жолооч Д.Э- миний эрүүл мэндэд учирсан хохиролд болон миний ажилгүй байх хугацаанд олгогдоогүй цалин гээд нийт 3,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. ... Одоо надад жолооч Д.Э-д ямар нэгэн санал хүсэлт, гомдол байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй ээ” гэсэн мэдүүлэг /хэргийн 20 дугаар хуудас/ мөн иргэний нэхэмжлэгч С.А-ын “Гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 50 дугаар хуудас/ хэрэгт авагдсан тул шүүгдэгчээс хохирогч Ж.Ц-, иргэний нэхэмжлэгч С.А- нарт гаргуулах төлбөргүй байна.

          Харин иргэний нэхэмжлэгч Б.Г-гийн тээврийн хэрэгсэлд шинжээчийн дүгнэлтээр шууд хохирол 5,289,000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь түүнд 2,139,000 төгрөг төлсөн болох нь баримтаар /хэргийн 162 дугаар хуудас/ тогтоогдсон тул үлдэх 3,150,000 төгрөг дээр үнэлгээний төлбөр 326,000 төгрөг, ачлагын хөлс 95,000 төгрөгийг нэмж нийт 3,571,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Г-д олгуулахаар шийдвэрлэв

           

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Э- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Д.Э- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Боржигон овогт Дамбийгийн Э-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Э-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Э-г торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Э- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Э-аас 3,571,000 төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүрэг 16 хороо Буянт-Ухаа ... дүгээр гудамж ... тоотод оршин суух Боржгон овогт Баатарын Г-д олгосугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Д.Э- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ