Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2019/0557

 

Ж.Д-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Д.Баатархүү, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч Ж.Д, хариуцагчийн төлөөлөгч П.А нарыг оролцуулан, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 122/ШШ2019/0022 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ж.Д-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 122/ШШ2019/0022 дугаар шийдвэрээр: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоосон шийдвэр гаргах”-ыг хариуцагч Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй” гэж заасан.

Үүнд: 1. Орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр, 2. Биеийн эрүүл мэндээр, 3. Цэргийн алба хаах нас хэтэрч гэх шалтгаанаар халагдсан байхаар заажээ.

Гэтэл нэхэмжлэгч Ж.Д нь өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан болох нь Батлан хамгаалах яамны төв архивын 2012 оны 09 дүгээр сарын 03-ны 6635 дугаар лавлагаагаар батлагдаж байгаа бөгөөд лавлагаанд Ж.Д нь Батлан хамгаалах яамны сайдын 1987 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн н/486 дугаар тушаалаар өөрийн хүсэлтийн учир Цэргийн албанаас ахмад цолтойгоор 1987 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цэргийн албанаас бэлтгэлээр халагдсан болно гэжээ.

Тухайн үед түүний бөөрөө хөлдөөснөөс ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байсан талаар хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй байна. Бид хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг баримталж тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэж байгаа бөгөөд Ж.Д нь цэргийн албанд 10 жил 3 сар ажилласан, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоолгох насны болзол хангасан боловч дээр дурдсан шалтгаанаар халагдаагүй нь цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоолгох боломжгүй байна.

Шүүх яагаад болно гэж үзээд байгааг ойлгохгүй байна энэ талаараа ч дүгнэлт хийгээгүй байна. Шүүх хэргийг зөвхөн нэхэмжлэгчийн нотлох баримтгүй тайлбарыг үндэслэж, хариуцагчийн тайлбар, түүний гаргаж өгсөн нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт өгөөгүй өөрийн хүсэлтээр халагдсан бол цэргийн тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй байх хуулийн заалтыг анхаарахгүй буруу тайлбарлаж хэрэглэсэн зэргээс үзэхэд нэг талыг барьж шийдвэрлэсэн байна гэж үзэхэд хүргэж байна.

Ж.Д нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гурван шаардлагын хоёрыг хангаж нэгийг нь хангаагүй байхад цэргийн тэтгэврийг тогтоох нь зүйтэй гэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 122/ШШ2019/0022 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ж.Дгээс Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Ж.Д надад цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоож өгөхгүй байгаа аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогчдын гаргасан тайлбараас үзвэл, нэхэмжлэгч Ж.Д нь Батлан хамгаалахын сайдын 1977 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн н/122 дугаар тушаалаар цэргийн албанд татагдан, мөн оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс Ардын армийн 144 дүгээр ангид байлдагчаар, 1978 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн н/35 дугаар тушаалаар мөн ангид засварын дарга-инженерээр, 1980 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн н/345 дугаар тушаалаар дайчилгаа эрхэлсэн офицероор томилогдон ажиллаж, сайдын 1987 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн н/486 дугаар тушаалаар 09 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цэргийн албанаас ахмад цолтойгоор халагдаж, нийт 10 жил 3 сар цэргийн алба хаасан үйл баримт тогтоогджээ.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 8 дугаар зүйлийн 2-т “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Ж.Д нь цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй байх тул анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Тодруулбал, нэхэмжлэгчээс цэргийн албанаас халагдах хүсэлтийг “биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас гаргаж байсан” гэх бөгөөд түүнийг цэргийн албанаас халсан Батлан хамгаалахын сайдын 1987 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн н/486 дугаар тушаалын үндэслэл болсон “өөрийн хүсэлт” гэдэгт түүний “биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас халагдах хүсэлт”-ийг мөн хамааруулж ойлгохоор байна.

Тиймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...бөөрөө хөлдөөснөөс ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байсан талаар хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Учир нь хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн “эрүүл мэндийн шалтгааны улмаас хүсэлт” гаргасан гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй бөгөөд хариуцагчаас Батлан хамгаалахын сайдын нэхэмжлэгчийг цэргийн албанаас халсан н/486 дугаар тушаалын үндэслэл болсон “өөрийн хүсэлт” гэдгийг үгийн шууд утгаар тайлбарлаж иргэний тэтгэвэр тогтоолгох эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсэгт бичвэрийн алдаа байх тул энэ талаар зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 122/ШШ2019/0022 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “... нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,” гэсний дараа “Ж.Д-ийн цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоохгүй байгаа Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                               Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН