Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 1780

 

 

“Н Эй Би” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/01486 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Н Эй Би” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Одкон холдинг” ХХК-д холбогдох

 

Хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлтэд 320 936,93 ам.доллар буюу 640 676 765 251 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Мөнхбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одончимэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонсүрэн, Д.Төгсбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зам тээвэр хот байгуулалтын яам, Орон нутгуудын Нийтийн аж ахуйг сайжруулах төслийг /1.1201/ удирдах нэгжтэй байгуулсан гэрээ CW 01/2010-ын дагуу миний үйлчлүүлэгч “Н Эй Би” ХХК-ийн ерөнхий захирал Б.Амарсанаа нь 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймгийн Эрдэнэт хотын гэр хорооллын усан хангамж, ариутгах татуургын системийг сайжруулах ажлыг гүйцэтгэхээр “Одкон холдинг” ХХК-ийн захирал Х.Мөнхбаттай 01/А дугаартай Ажил хамтран гүйцэтгэхээр ажлын нийт 3 458 043 000 ам.долларын төсөвт өртөгтэй ажил хийхээр гүйцэтгэгчээр ажиллахаар түншлэлийн гэрээ байгуулсан болно. Уг төслийн 21.2%-ийг Засгийн газар төгрөгөөр 78.8-ийг Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж хийсэн. Ажлын явцад 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт орж хийж гүйцэтгэх ажлын төсөвт өртөг 453 555,68 ам.доллароор нэмэгдэж 3 458 043+453 555,68=3 911 598,68 ам доллар болж ерөнхий гүйцэтгэгч “Одкон холдинг” ХХК болон туслан гүйцэтгэгч “Н Эй Би” ХХК-ийн төслийн ажлаа бүрэн гүйцэтгэж 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 12/14 тоот актаар захиалагч тал болох БХЯ, АЗДТГ, ХЗА-д хүлээлгэн өгсөн байна. Манай компанийн зүгээс түншлэлийн гэрээний дагуу 1 746 823,60 ам.долларын /НӨАТ/-гүй ажил гүйцэтгэхээс 83 434,84 ам.долларын ажлыг нэмэлтээр хийж нийт 1 830 258,44 ам.долларын ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнээс нийт захиалагчийн хяналтын зардалд 30 417,96 ам.доллар, магадалшгүй ажлын 30 417,96 ам.доллар, байгаль хамгаалах зардалд 13 000 000 ам.доллар нийт 73 835,92 ам.долларыг мөн чанаргүй болон дутуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 132 226,79 ам.доллар буюу 247 925 229,56 төгрөгийг тус тус “Одкон холдинг” ХХК манай ажлын гүйцэтгэлийн хөлснөөс суутган авч нийт 1 624 195,73 ам.долларын санхүүжилтийг хийхээс 1 457 797,48 ам.долларын санхүүжилтийг өгч үлдэгдэл хөлс болох 166 398.25 ам.долларыг өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй тул тус компаниас дээрх ажлыг гүйцэтгэлийн НӨАТ татвар болох 154 538,68 ам.долларыг нэмэгдүүлж нийт 320 936,93 ам.доллар буюу монгол төгрөгөөр 640 676 765,251 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Зам тээвэр барилга хот байгуулалтын Яам, Хот байгуулалтын салбарын "Мон-2301 Төслийн удирдах албаны захиалгаар "Эрдэнэт хотын гэр хорооллын цэвэр, бохир усны систем"-ийг сайжруулах CW/01/2010 дугаар бүхий 3 458 043.0 ам.долларын төсөвт өртөгтэй ажлыг гүйцэтгэхээр 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулсан. Төслийн санхүүжилтийн 78,8 %-ийг Азийн Хөгжлийн банкнаас, 21,2% Засгийн газраас тус тус санхүүжүүлэх нөхцөлтэй гэрээ юм. Нэхэмжлэгч "Н ЭЙ БИ" ХХК нь дангаараа тендерт оролцоход хөрөнгийн чадвар хүрэлцэхгүй /компанийн дүрмийн сан 12.0 сая төгрөг/, тендерт оролцогчдын зүгээс гаргах банкны тендерийн баталгаа, урьдчилгаа болон гүйцэтгэл, чанарын баталгаануудыг гаргахад хүндрэлтэй, ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлага багатай болон бусад үзүүлэлт нь дангаараа бие даан оролцоход төслийн шаардлагад хүрэхгүй байгаа тухай Ерөнхий захирал Б.Амарсанаа нь ярьж цаашид уг тендерт түншлэлээр хамтран оролцох хүсэлтийг удаа дараа тавьсны дагуу “Одкон холдинг” ХХК-ийн захирал Л .Мөнхбат нь зөвшөөрч тендерт оролцохоор шалгарсан. 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 01/А дугаартай түншлэлийн гэрээ байгуулсан болно. Төсөл нь Монгол Улсад Азийн Хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн нэг бөгөөд тендерт оролцсон компаниудаас "Одкон холдинг" ХХК нь хөрөнгийн чадвар, хөрөнгийн баталгаа, ажлын туршлагаараа тендерийн шаардлагыг хангасан компани болж ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан. Ажлын явцад төслийн удирдах алба, орон нутгийн төслийн нэгжээс түншлэгч “Н ЭЙ БИ" ХХК-ийн хийсэн ажлууд нь графикт хугацаандаа хэрэгждэггүй, чанаргүй мөн орон нутгийн мэргэжлийн бус хүмүүсээр ажлыг гүйцэтгүүлж байгаа талаар мөн төсөл хариуцсан инженерүүд нь байнга солигдож тодорхой хариуцсан эзэнгүй байгаа талаар захиалагчийн зүгээс байнга гомдол гаргаж байсан.

Ажлын чанарт илэрсэн алдаа зөрчлийг засах ажлын төлөвлөгөө гаргуулах, биелэлтээ тайлагнах талаар захиалагчаас байнга шаардсан албан тоотыг үндэслэн ерөнхий гүйцэтгэгчийн хувьд "Одкон холдинг" ХХК-иас түншлэгч компанид шаардлага тавихад байнга худал амлалт өгөх, зөвхөн санхүүжилт нэхэх, өгсөн санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулах, ерөнхий гүйцэтгэгч компанийг холбогдох байгууллагуудад үндэслэлгүйгээр худал мэдээлэл өгч буруутгах зэрэг зохисгүй үйлдлүүд гаргаж байсан. Түншлэгч нь түншлэлийн гэрээг дангаараа бие дааж цуцлах эрх танайд байхгүй бид ажлаа гэрээний дагуу хийж дуусгах болно гэсэн амлалтыг албан тоотоор өгсөн боловч ажлын талбай дээр нэг ч хүн байхгүй, ажлаа орхин явж амлалтандаа хүрэхгүй, холбогдох албан хаагчидтай холбоо барих боломжгүй /утсаа авдаггүй/. Түншлэгчийн гүйцэтгэсэн чанаргүй ажлын томоохон нэг хэсгийг дурдахад худгийн эх үүсвэрийн шугам хоолой өвөл задарч, аргагүй байдалд түр шугам татан системийг хэвийн ажиллагаанд оруулсан. Цаашид ашиглагч байгууллагын зүгээс түншлэгчийн хийсэн ажлын чанарт нь эргэлзэн энэ онд нөөц 3 км шугамыг шинээр барих тендер зарласан байна.

Компани нь тендерт оролцоход банкны тендерийн баталгааг, тендерт шалгарсаны дараах урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгааг, ажил дууссаны дараа гүйцэтгэсэн ажлын чанарын баталгаануудыг бие даан гаргаж түншлэгчийн өмнөөс бүх хариуцлагыг хүлээж байсан. Төслийн ажил нь гэрээний дүнгийн 10%-ийн урьдчилгаа санхүүжилт авснаар төслийн ажил эхэлж, хийсэн үе шатны ажлын гүйцэтгэлээр санхүүжилт хийгдэж байсан болно. Түншлэгчийн дутуу болон чанаргүй хийгдсэн ажлуудыг өөр барилгын туслан гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулан ажлыг гүйцэтгүүлэн түншлэгчийн санхүүжих мөнгөнөөс суутган тооцох болохыг анхааруулан үүнийг Б.Амарсанаа захирал хүлээн зөвшөөрсний үндсэн дээр 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлд дурдсан үндсэн ажлын дүнгээс туслан гүйцэтгэгчийн хийсэн ажлын хөлс болох 247,9 сая төгрөгийг хасч тооцон үлдэгдэл санхүүжилтийг бүрэн “Н Эй Би” ХХК-д шилжүүлсэн. Уг төслийг хэрэгжүүлэх хугацаанд түншлэгч компанийн санхүүгийн ажилтнууд байнга солигдон, солигдох бүрт хоорондоо ажлаа нарийн хүлээлцдэггүйгээс өмнөх тооцоонуудыг дахин нийлэх, төсөлтэй холбоотой ашиглалтын зардлуудаа мөнгөгүй гэдэг нэрийдлээр хугацаанд нь төлөөгүйгээс болж ус цахилгааны хэрэглээг таслуулж ажил зогсож, хугацаа алдах, түншлэгчийн өмнөөс төлсөн ашиглалтын зардлыг бэлнээр хийгдсэн төлбөр тооцоог тооцоонд оруулахгүй байх зэрэг хүндрэлүүдийг үүсгэж байсан.

2015-2016 онуудад “Одкон ходинг” ХХК-ийн талаар түншлэгч нь холбогдох яам тамгын газрууд, харилцагч нарт компанийн бизнесийн нэр хүндийг унаган худал ташаа мэдээлэл өгч өөрийн буруутай үйл ажиллагааг бусад тохон Улаанбаатар хот болон бусад аймаг орон нутгуудад зарласан тендерүүдэд оролцсон боловч дээрх байдлуудаас үүдэн шалгарах боломжгүй нөхцөл байдалд орж бизнесийн хувьд мөнгөөр илэрхийлэгдэхгүй томоохон хохирол учруулсан гэж үзэж байна. Төслийг ашиглалтад хүлээлгэн өгөхийн тулд ерөнхий гүйцэтгэгч компанийн хувьд түншлэгчид удаа дараа шаардлага тавин түншлэлийн гэрээг цуцлах тухай албан ёсоор мэдэгдсэн боловч дорвитой арга хэмжээ авахгүй, хүн хүчээ татан ажлаа орхин явсан тул техникийн комиссын тавьсан үүрэг даалгаврын түншлэгч компанийн оролцоогүйгээр барилгын гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулан дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгсөн болно. Компанийн бизнесийн нэр хүнд унагаасан хийсэн ажлын чанар баталгаагүй ерөнхий гүйцэтгэгчийн хувьд гүйцэтгэсэн ажлын чанарыг 100% хариуцаж төслийн хугацаанд өөрийн хөрөнгө, хүн хүчийг зохион байгуулж, захиалагчийн зүгээс тавьсан асуудлыг цаг хугацаанд нь зохистой арга хэмжээ авч байна. Нэхэмжлэлд төлбөр тооцоо зөрүүтэй, хавсаргагдсан баримт тооцоонууд хоорондоо уялдаагүй ойлгомжгүй дутуу чанаргүй ажлуудыг ерөнхий гүйцэтгэгч хийснийг давхардуулан нэхэмжилсэн, Одкон сан гэдэг нэртэй компани байхгүй, мэдэхгүй компанийн нэр бүхий тооцоон дээр ерөнхий гүйцэтгэгчийн ажилтны гарын үсгүүдийг сканердаж оруулсан зэргийг үндэслэн нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1,-д заасныг баримтлан “Одкон холдинг” ХХК-иас 122 752 562,13 төгрөгийг гаргуулж “Н Эй Би” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 3 519 329 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан үнийн дүн 122 752 562,13 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 771 713 төгрөгийг “Одкон холдинг” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч “Н Эй Би” ХХК-д олгож,

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 02055 дугаартай захирамж нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Л.Мөнхбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасны дагуу барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авснаас хойш түүний чанар аюулгүй байдлыг барилгын гүйцэтгэгч харицсан талаар баталгаа гаргадаг. Ерөнхий гүйцэтгэгчийн хувьд тус компани нь улсын коммис хүлээж авсан өдөр буюу 2014.05.29-2017.05.29-ны өдөр хүртэл 3-н жилийн хугацаанд хүчинтэй байх 97,790.00 ам.долларын чанарын баталгааг барилга хот байгуулалтын яаманд гаргаж өгсөн болно. Түншлэгчийн дутуу орхиж явсан ажлыг хийж дуусгах, гүйцэтгэсэн боловч чанарын шаардлага хангахгүй, эвдрэл гэмтэл гарсан ажлуудыг засахад манай зүгээс зарцуулсан тооцоог орхигдуулан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Ашиглагч байгууллагын зүгээс түншлэгчийн чанаргүй гүйцэтгэсэн ажилтай холбоотойгоор ирсэн албан тоотуудыг тухай бүрд мэдэгдэж албан тоотоор хүргүүлсэн боловч асуудлыг шуурхай шийдэлгүй хугацаа алдаж, хөрөнгө хүчгүй учир хийж гүйцэтгэх боломжгүй, мөн санхүүжилтын үлдэгдэл тооцооноос суутган тооцохьг зөвшөөрсөн байна гэсэн хариу тайлбар ирүүлж байсан болон ерөнхий гүйцэтгэгчийн хувьд бизнесийн нэр хүнд унаж, дараа дараагийн компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байсан учир асуудлыг хөрөнгө хүч гарган шуурхай шийдэж ашиглагч байгууллагад хүлээлгэн өгсөн болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг батлах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Н Эй Би” ХХК нь хариуцагч “Одкон холдинг” ХХК-д холбогдуулан хамтран ажиллах түншлэлийн гэрээний үүргийн биелэлтэд 320 936,93 ам доллар буюу 640 676 765,251 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Одкон холдинг” ХХК-иас 122 752 562,13 төгрөгийг гаргуулж “Н Эй Би” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Л.Мөнхбат анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч зохигчид маргааны талаар харилцан тохиролцож 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээг өгсөн байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан Эвлэрлийн гэрээнд “нэхэмжлэлийн үнийн дүнгээс 517 924 203,12 төгрөгийн ажил үйлчилгээ нь баримтаар нотлогдсоныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч, чанарын баталгаат хугацаанд нийт 62 755 000 төгрөгийн зардал гарсныг хоёр тал харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлагын үлдэгдэл болох 122 752 562,13 төгрөгөөс суутган тооцохыг нэхэмжлэгч тал зөвшөөрч, хариуцагч тал нь зөрүү 59 997 562,13 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч талын дансанд бүрэн шилжүүлж төлөхийг тус тус хүлээн зөвшөөрч байна” гэж заажээ.

 

Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд талуудын тохиролцсон эвлэрлийн гэрээний нөхцөл нь Монгол Улсын хууль тогтоомж зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч “Н Эй Би” ХХК, хариуцагч “Одкон холдинг” ХХК-ийн гэрээгээр тохиролцсон эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа талууд эвлэрсэн тохиолдолд хуульд заасны дагуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаахгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/01486 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үнийн дүнгээс 517 924 203,12 төгрөгийн ажил үйлчилгээ нь баримтаар нотлогдсоныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч, чанарын баталгаат хугацаанд нийт 62 755 000 төгрөгийн зардал гарсныг хоёр тал харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлагын үлдэгдэл болох 122 752 562,13 төгрөгөөс суутган тооцохыг нэхэмжлэгч тал зөвшөөрч, хариуцагч тал нь зөрүү 59 997 562,13 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч талын дансанд бүрэн шилжүүлж төлөхийг тус тус хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 771 713 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       А.ОТГОНЦЭЦЭГ

                                   

                            ШҮҮГЧИД                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ