Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/753

 

 

 

 

 

 

 

 

 2021           11           25                                        2021/ШЦТ/753

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Б.Тэгшбаяр,

шүүгдэгч Б.О-,

хохирогч Х.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Шарнууд овогт Балдансэнгийн О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105000001389 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, хятад хэл судлаач, санхүүч мэргэжилтэй, ..... ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо ...  байр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Шарнууд овогт Балдансэнгийн О-  

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.О- нь 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 01 цагийн орчим Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мичид зочид буудлын 3 давхрын 301 тоот өрөөнд хохирогч Х.Д-г зодож түүний биед зүүн нүдний зовхи, хамрын нурууны зүүн хэсэгт зулгарсан шарх, зулгаралт, баруун бугуй, баруун эрхий хуруунд цус хуралт, цээжний баруун хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О- мэдүүлэхдээ: “Манай нөхөр А- бид хоёр байраа зарах гээд хүмүүсээс урьдчилгаа 20,000,000 төгрөгийг аваад нөхрийнхөө дансанд шилжүүлсэн байсан. Тухайн өдөр нөхөр дансанд байсан мөнгөө үрээд байсан болохоор гар утсанд нь суулгасан байршил заагчаар хайхад буудалд орсон байсан.

Би буудалд очоод шууд хэрүүл маргаан үүсгээгүй. Цагдаа дуудаж хоёр цаг хүлээсэн. Цагдаад өрөөнд хамт ороод мөнгийг аваад өгөөч гэхэд тийм зүйлд орооцолдохгүй гээд цагдаа явсан. Буудлын ресепшин мөнгөө ороод авчих, нэлээн согтуу, хоёр эмэгтэйтэй байгаа өөрийнхөө нэрийг хэлбэл оруулахгүй гэхээр нь өмнө харьцаж байсан Ариунаа гэж хэлээд орсон. Буудлын өрөөгөөр ороход хохирогч гэх бүсгүй над руу орилоод, хашхираад байсан. Тэгээд би нэг удаа түлхээд унахад нэг удаа өшиглөсөн. Би санаатайгаар зодсон үйлдэл байхгүй. Тэгэх явцад миний хөл рүү өшиглөж, булгарч, бэртсэн. Цагдаа хөлийн гэмтлээ Шүүх эмнэлэгт үзүүлэх талаар хэлэхэд нь би хоёр хүүхэдтэй хэл ам хийж явахыг хүсэхгүй байсан учраас орхисон. Орой нь хохирогч над руу цагдаад өгсөн гэж хэлсэн. Би буудлын мөнгөө төл гэхэд төлөөгүй, би төлсөн. Би адилхан хохирогч болсон. Миний хөл бас гэмтсэн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Д- мэдүүлэхдээ: “Тухайн өдөр 4 найзтайгаа “Royal” зочид буудлын караокед сууж байгаад гарч ирээд зогсож байхад нэг залуу ирээд тамхи асууж, миний татаж байсан тамхийг татсан. Тэр залуу нь түүний нөхөр байсан. Найзуудыгаа явуулчхаад нэг найзтайгаа байхад шүүгдэгчийн нөхөр гээд байгаа залуу хүрч ирээд юм ярьж сууя гэж хэлэхээр нь буудалд орсон.

Би өмнө нөхрийг нь таньдаг байгаагүй. Бид гурав буудалд ороод 30-40 минут болж байхад Ариунаа байна гээд хаалга тогшсон. Манай найз айгаад угаалгын өрөө рүү орсон. Хаалга онгойлгоход орилж, хашхираад нөхөр нь оруулахгүй гээд хаалга хаагаад байх шиг байсан. Би хэл амаараа ойлголцъё гээд үүд рүү очиход миний нүүрийг маажиж, орны урд унагааж өшиглөсөн. Тухайн үед гурвуулаа байсан. Нөгөө хоёр эмэгтэй нь миний биед хүрээгүй. Тухайн үед буудлын хамгаалагч ах хурдан орж ирээгүй бол би үүнээс илүү гэмтэх байсныг үгүйсгэхгүй. Зочид буудлаас над руу ярьж мөнгөө төл гэхэд нь төлөхгүй гэдгээ хэлсэн. Миний дугаарыг буудлын угтах ажилтнаас авсан байсан. Анх цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө дугаарыг өгөх үү, ярих шаардлагатай юу гэхэд эвлэрүүлэн зуучлах газар биш учраас надад дугаарыг өгөхгүй гэж хэлсэн. Тэгэхээр би шүүгдэгчийн дугаарыг мэдэхгүй учраас залгаж, орилсон гэдэг нь худал зүйл. Миний дугаарыг буудлын угтах ажилтнаас авч, над руу мессеж бичиж, байгаа газар чинь очиж ална, нийгмийн сүлжээгээр од болгоно хэмээн хэл амаар доромжилсон. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас миний нүүрэнд сорви үүсэж, шархны тос авсан. Би эмчилгээ хийлгэсэн төлбөрөө нэхэмжилж байна. 2,160,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Тосны мөнгө 50,000 төгрөг нийт 2,210,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, шүүгдэгч Б.О- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 5-7 дугаар хуудас/

 

          Хохирогч Х.Д-гийн “Би 2021 оны 9 дүгээр сарын 18-ны орой 00 цагийн орчим Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Royal House зочид буудлын гадна талд өөрийн найз Г-тай хамт зогсож байхад үл таних залуу бид нарын дээр ирж яриа өдөөд тамхи байвал цуг тамхи татъя гэж хэлээд ярилцаж байгаад бид гурав нийлээд зочид буудалд ороод суухаар тохиролцсон юм. Тэгээд тэндээсээ бид гурав такси бариад Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мичид зочид буудал дээр очоод тэр залуу өрөө аваад тус зочид буудлын 301 тоот өрөөнд юм яриад сууж байх үед Ариунаа байна гэж хэлээд хаалга тогшсон ба гаднаас гурван эмэгтэй хүн орж ирээд шуугиан болоод эхэлсэн ба би тэр үед нь хаалган дээр очих үед нэг гар ирээд намайг маажиж үстээд орны урд талд түлхээд унагаачихсан. Тэгээд үснээс зулгаагаад миний баруун хавирганы дунд хэсэгт нэлээн хэдэн удаа өшиглөөд нэг мэдэхэд тэнд орж ирсэн эмэгтэй хүмүүс бүгдээрээ гараад явчихсан юм. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан бөгөөд дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй.

          ... Миний биел учирсан гэмтлүүдийг тэр буудалд хамт байсан гэж үл таних эрэгтэйн эхнэр гэх эмэгтэй л учруулсан. Тэр эмэгтэй намайг маажиж, түлхэж унагаад хавирга хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөж учруулсан.

          ... Би одоо эмчилгээний зардал гэж 2,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Би одоо сорви арилгах тарилга болон лазер эмчилгээ хийлгэж эмчлүүлнэ. Энэ нүүрэнд учирсан гэмтэл бол миний гоо сайхантай бол салшгүй холбоотой. Лазер эмчилгээ болон сорви арилгах тарилга нь маш үнэтэй байдаг.

          Тэр эмэгтэй гэнэт л шууд үстэж маажиж эхэлсэн. Би ямар шалтгаанаас болсныг бол сайн мэдэхгүй байна. Нөхөртэйгээ хардаж л ийм үйлдэл гаргасан байх” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11 дүгээр хуудас/,

 

          Гэрч Т.Г-ын “... Тэгээд тухайн буудлын өрөөнд бид гурав Сэнгүр лаазтай пивоноос уусан ба удалгүй хаалга тогшсон. Тэгээд хаалга тогшихоор нь би айгаад нойлын өрөөнд орсон ба тэр А- гэх залуу хаалга онгойлгож өгсөн. Тэгээд манай найз Д-тэй нэг үл таних эмэгтэйтэй маргаад орилоод байх шиг байсан. Тэгээд би тэр орилоон дууссаны дараа манай найз бие засах өрөөний хаалга татаад орж ирсэн бөгөөд нүүр буюу хамар хэсэг нь зулгарсан шархтай, бага цус гарсан байдалтай болсон байсан. Би Д-г хэн тийм болгосон талаар мэдэхгүй байна. Бүх үйл явдал болсны дараа бие засах өрөөнөөс гарч ирсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17 дугаар хуудас/

 

          Гэрч Б.А-гийн “Би 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 18 цагийн үед эхнэртэйгээ хэрүүл хийгээд гэрээсээ гарч яваад машиндаа 0,7 литртэй Эдэн архинаас ганцаараа 500 грамм орчмыг уугаад Баянгол дүүргийн 22 дугаар хороо Royal караокед очсон ба тухайн караокед ганцаараа сууж байгаад үл таних хоёр эмэгтэйтэй танилцсан.

          ... Баянгол дүүргийн 17 дугаар хороо Мичид зочид буудалд 23 цагийн үед очсон бөгөөд тухайн буудалдаа тэр хоёр эмэгтэйтэй шилтэй пиво хувааж уугаад сууж байтал манай өрөөний хаалгыг хүн тогшсон. Тэгэхлээр нь би очоод онгойлготол манай эхнэр О- үл таних хоёр эмэгтэй хүнтэй зогсож байсан бөгөөд тэр хоёр хүнийг өмнө нь огт харж байгаагүй. Тэгээд манай эхнэр өрөөнд орж ирээд миний өмд болон гадуур өмсөж явсан хувцсыг аваад явсан ба тухайн гадуур хувцсанд миний Голомт банкны карт байсныг аваад явсан. Манай эхнэр тэгээд буудлын өрөөнд орж ирээд хамт буудлын өрөөний үүдэнд бужигнаж байгаад гараад явсан. Тэгсэн харин манай эхнэр тэр буудалд хамт байсан хар үстэй эмэгтэйн нүүрийг нь маажчихсан байсан.

          ... Тэр нүүрээ маажуулсан эмэгтэй буудалд ороход биед нь ямар нэг гэмтэл бэртэл огт байхгүй байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23-24 дүгээр хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №8918 дугаартай:

          “1. Х.Д-гийн биед зүүн нүдний зовхи, хамрын нурууны зүүн хэсэгт зулгарсан шарх, зулгаралт, баруун бугуй, баруун эрхий хуруунд цус хуралт, цээжний баруун хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтлүүд нь зүүн нүдний зовхи, хамрын нурууны зүүн хэсэгт зулгарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

          5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 27-28 дугаар хуудас/

 

          Б.О-ын яллагдагчаар өгсөн “Би 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр нөхөр болон 2 хүүхэдтэйгээ хамт гэртээ байж байсан бөгөөд манай нөхөр А- бид хоёр хэрүүл маргаан хийж маргалдсан. Тэгтэл манай нөхөр уурлаад 18 цагийн үед гэрээс гараад яваад өгсөн бөгөөд А-ий Голомт банкны дансанд байр худалдсаны урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөг байсан бөгөөд миний дансанд тухайн мөнгөө хийх ёстой байсан хүний мөнгө байсан юмаа. Тэгээд манай нөхөр 20,000,000 төгрөгөө миний данс руу хийхгүй байсан бөгөөд би нөхрийнхөө утас руу залгатал утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би араас нь гарсан бөгөөд нөхрийнхөө чатыг уншиж байгаад нөхрийнхөө хаана байгааг мэдээд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мичид зочид буудалд байгааг нь мэдсэн юмаа.

          ... намайг хүн зодчихож магадгүй гэж хэлсэн бөгөөд тухайн хоёр үл таних хүүхдийг дагуулаад орсон ба нэгнээр нь хаалга тогшуултал үл таних эмэгтэй дотроос нь хэн бэ гэж орилсон. Тэр үед надтай хамт буудал руу орсон хоёр охины нэгийг Ариунаа байна гэж хэлүүлтэл үл таних эмэгтэй тухайн буудлын 301 тоот өрөөнийОтго хаалгыг онгойлгосон. Тэгээд би тухайн 301 тоот өрөөнд ортол манай нөхөр байж байсан бөгөөд цаана нь орон дээр нь шар үстэй үл таних эмэгтэй хүн бас сууж байсан ба тэд нар согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа байдалтай байсан.

          Тухайн өрөөний үүдэнд байсан нөхрийнхөө хүрмийг аваад гарах гэтэл тэр хаалга онгойлгосон хар үстэй эмэгтэй миний үснээс зулгаасан бөгөөд би эргэж хараад тухайн миний үснээс зулгаасан эмэгтэйн нүүрэн тус газар луу түлхэж газар унагасан. Тухайн үед би хумсаараа тухайн эмэгтэйн нүүрийг маажчихсан. Ингээд би буудлаас гараад иртэл нөгөө хоёр хүүхэд гадаа зогсож байсан. Тэр хоёр хүүхэд надтай тухайн буудлын 301 тоот өрөөнд ороогүй хаалган дээрээс буцсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 40-41 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.О- нь 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 01 цагийн орчим Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мичид зочид буудлын 3 давхрын 301 тоот өрөөнд өөрийн нөхөр Б.А-г бусадтай хардсаны улмаас

хохирогч Х.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулжээ.

Шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Х.Д-, гэрч Т.Г-, Б.А- нарын мэдүүлэг, шинжээчийн №8918 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.О-ын мөрдөн шалгах явцад яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.О- хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, бусдын амь нас эрүүл мэндэд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Хохирогч Х.Д-гийн эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр тогтоогдсон. 

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заажээ.

Хохирогч Х.Д-гээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн эмчилгээний зардал болох “Үлэмж клиник” эмнэлгийн 2,160,000 төгрөгийн нэхэмжлэл нь хохиролд тооцох боломжгүй байна. Учир нь хохирогчийн учирсан гэмтэлд уг эмчилгээг хийлгэх шаардлагатай гэсэн эмчийн үзлэг, эмчилгээний заавар зөвлөгөө байхгүй байна.

Гэхдээ хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд шүүх, шүүгдэгч Б.О-ыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж тухайн зүйл, хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж орлого олох нь тодорхойгүй байдлыг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эл мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.О- баривчлагдсан, цагдан хоригдсон хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шарнууд овогт Балдансэнгийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.О-ыг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.О- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.О- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Х.Д- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ