Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/865

 

 

 

 

 

 

  2021          12          21                                     2021/ШЦТ/865

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Б.Дэлгэрмаа,

Хохирогч: Б.Т-,

Шүүгдэгч: Б.Ө-, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ө-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2103000000377 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Ө-, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Ө- нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 04 цагийн орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Төмөр замын дээд сургуулийн дотуур байрны 302 тоот өрөөнд Б.Т-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ө- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Б.Т- шүүх хуралдаанд: “...Тухайн өдөр 11 дүгээр сарын 12-ны шөнийн 04 цагт унтаж байхад 3 залуу орж ирээд намайг босоод зогс, хэнд цохиулах юм гэж асуусан. Тэгэхээр нь би Б.Ө-аар цохиулна гээд цохиулсан. Одоо миний чих шуугиж, зүүн тал сайн сонсохгүй байгаа. Би хагалгаанд орох эмчилгээний зардал 2.698.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Өнөөдөр хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн хохирол 250.000 төгрөгийг хүлээн авсан. Би шүүхээр хэрэг шийдвэрлэсний дараа хохирлыг авах ёстой гэж ойлгоод мөрдөн байцаалтын шатанд хохирлын мөнгийг хүлээж аваагүй” гэв.

Хохирогч Б.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...дотуур байрандаа 04 цагийн үед унтаж байхад манай хаалгыг тогшоод 3 дугаар курсийн ...ах нар орж ирээд нэг нь “дүү нар босоцгоо, хэнээс нь алга авмаар байна, дүү нар алга даах уу” гэхэд би “дааяа” гэж хэлэхэд “хэнээр алгадуулмаар байна” гэж хэлэхэд нь ...“Б.Ө- ахаар алгадуулъя” гэж хэлсэн. ...Б.Ө- ах “алга даана” гэсэн үү гээд миний баруун талын шанаа болон чих хэсэг рүү алгадаад авсан. ...Тэгээд 3 дугаар курсийн ах нар гарсны дараа орондоо ороход чих маш их өвдөж байсан. ...эмнэлэгт үзүүлэхэд хэнгэрэг хагарсан, хагалгааны магадлалтай гэж эмч дүгнэлт гаргасан” гэсэн мэдүүлэг /хх-н 10-13/,

Насанд хүрээгүй гэрч Ц.У-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...бид нарыг босгоод “за дүү нар сайн уу, ирээд удаж байна уу, сайхан танилцъя” гэж хэлсэн. Тэгснээ нэг нь “за дүү нар алга даах уу” гэж хэлсэн. Тухайн үед би нойрмог байсан учир хэн тэгж хэлснийг нь санахгүй байна. Тэгсэн Т- гэх залуу “Б.Ө- ахаас би алга бол авч чадна, харин С-, Б- нараас алга авч чадахгүй” гэж хэлсэн. Тэгсэн Б.Ө- шууд Т-гийн зүүн шанаа орчим алгадаад авсан. Алгадуулчхаад Т- орон дээр суугаад буцаад боссон. Дараа нь Б.Ө-, С.Э-г алгадаж, дараа нь намайг алгадсан. Тэгээд “за одоо дүү нар унтацгаа ах нь гарлаа” гэж хэлээд гарсан. Гэмтэл учраагүй тул үзүүлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/,

Гэрч О.С.Э- мөрдөн байцаалтад өгсөн: “...Т- би даанаа, тэгэхдээ Ө- ахаас алга авна, бусдаас нь алга даахгүй гэж хэлсэн. Ө- ах Т-г алгадаад авсан. Дараа нь намайг алга даах уу гэхээр нь би даая гэж хэлээд алгадуулсан. ...Тэгээд гарахдаа “за дүү нар оюутны байр ийм байдаг юм шүү, сайхан амраарай” гэж хэлээд гарсан. Гэмтэл учраагүй тул шүүх энэлэгт үзүүлэхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 25-26/,

Гэрч Г.С-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шөнийн 00 цагийн орчимд бид 3 өрөөндөө 2 том савтай 2 литрийн пиво ууж байгаад шөнийн 04 цагийн орчимд тус оюутны байранд 302 тоот өрөөнд амьдардаг залуучууд дээр танилцах гээд орсон. ...Б.Ө-, Т- гэх залуугийн зүүн талын шанаа болон чих хэсэгт алгадаад авсан. ...шалтгаан бол байхгүй, Б- ганц алгадалт даах хүн байна уу гэхэд Т- өөрөө би Б.Ө- ахаас алгадалт авна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 42-43/,

Гэрч Д.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би дүү нар алга даах уу гэж хэлтэл тэр 3 даана гэж хэлсэн. Гараа далайтал Т- гэх залуу таниас бол авахгүй Б.Ө- ахаас авна гэж хэлсэн. Б.Ө-, Т-гийн зүүн чих рүү алгадаад дараа нь С-, У- нарыг алгадаж авсан. Т- чихээ бариад орон дээр суугаад “чих сонин болчлоо” гэж хэлсэн. ...дүү нартайгаа танилцах гэж орсон” гэсэн мэдүүлэг /хх-н 51-52/,

Шинжээчийн 11343 тоот дүгнэлтэд: “...Б.Т-гийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хх-н 76-77/,

Яллагдагчаар Б.Ө-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Хүлээн зөвшөөрч байна. ...Т- гэх залуу та нараас бол авахгүй Б.Ө- ахаас алга авна гэж хэлсэн. Би нээрээ даах юм уу гэтэл даан гэхээр нь зүүн хацар хавьцаа алгадаж, авсан, цохих үед чих хэсэг рүү нь хамт цохиод авах шиг болсон. ...Т-г цохиж авсандаа гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 33-34, 89-92/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 93-98, 103-108/, хохирлын баримтууд /хх-н 110-112, 116119/, хохирогчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 120-123/ зэрэг болно.   

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Ө- нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 04 цагийн орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Төмөр замын дээд сургуулийн дотуур байрны 302 тоот өрөөнд Б.Т-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Т-гийн: “...Б.Ө- ах “алга даана” гэсэн үү гээд миний баруун талын шанаа болон чих хэсэг рүү алгадаад авсан. ...Тэгээд 3 дугаар курсийн ах нар гарсны дараа орондоо ороход чих маш их өвдөж байсан. ...эмнэлэгт үзүүлэхэд хэнгэрэг хагарсан, хагалгааны магадлалтай гэж эмч дүгнэлт гаргасан” гэсэн мэдүүлэг /хх-н 10-13/, насанд хүрээгүй гэрч Ц.У-ын: “...Т- гэх залуу “Б.Ө- ахаас би алга бол авч чадна, харин С-, Б- нараас алга авч чадахгүй” гэж хэлсэн. Тэгсэн Б.Ө- шууд Т-гийн зүүн шанаа орчим алгадаад авсан, алгадуулчхаад Т- орон дээр суугаад буцаад боссон...” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/, гэрч О.С.Э-: “...Т- би данаа, сөхөө ахаас алга авна, бусдаас нь алга даахгүй гэж хэлсэн. Ө- ах Т-г алгадаад авсан. Дараа нь намайг алга даах уу гэхээр нь би даая гэж хэлээд алгадуулсан” гэсэн дүгнэлт /хх-н 25-26/, гэрч Г.С-ын: “...Б.Ө-, Т- гэх залуугийн зүүн талын шанаа болон чих хэсэгт алгадаад авсан. ...шалтгаан бол байхгүй, Б- ганц алгадалт даах хүн байна уу гэхэд Т- өөрөө би Б.Ө- ахаас алгадалт авна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 42-43/, гэрч Д.Б-гийн: “...Т- гэх залуу таниас бол авахгүй Б.Ө- ахаас авна гэж хэлсэн. Б.Ө-, Т-гийн зүүн чих рүү алгадаад дараа нь С-, У- нарыг алгадаж авсан. Т- чихээ бариад орон дээр суугаад чих сонин болчлоо гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 51-52/, шинжээчийн 11343 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Ө-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ө- нь хохирогч Б.Т-гийн чих рүү алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Т-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Хохирогч Б.Т- нь шүүгдэгчээс эмчилгээний зардал, цаашид хагалгаанд орох нийт 2.919.492 төгрөг нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт баримтаар авагдсан 250.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нь шүүх хуралдааны өмнө нөхөн төлсөн баримтыг шүүгдэгч, хохирогч нар нь шинээр гаргаж өгсөн байна.

Хохирогч Б.Т- нь цаашид хагалгаанд орох шаардлагатай гэж мэдүүлсэн, мөн хавтаст хэрэгт 2.698.602 төгрөгийн хагалгаанд орно гэсэн баримт байгаа боловч тухайн хохирол бодитой учраагүй, цаашид хэдэн төгрөгийн зардал гарах нь тодорхой бус байх тул дээрх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Ө-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ө-ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч ял хөнгөрүүлж өгнө үү гэсэн ялын саналыг тус тус гаргасан ба шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн баримттай хохирлыг барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Ө-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 250.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч Б.Т- нь хохирол хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ө-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР