Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/857

 

 

 

 

 

    2021          12          20                                     2021/ШЦТ/857

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Д.Хонгорзул,

           Шүүгдэгч: Г.Х-, түүний өмгөөлөгч Б.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Х-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105010251663 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Х-, .... тоот регистртэй,

  Шүүгдэгч Г.Х- нь 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” их дэлгүүрийн орчимд хохирогч С.С-ийн халааснаас түүний өмчлөлийн “iphone 12 pro max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Х- шүүх хуралдаанд: “...2021 оны 5 дугаар сарын 09-ний өдөр цагийн ажлаа хийгээд тараад явж байсан. Тухайн үед хүүхэд өвдсөн мөнгөний хэрэгтэй байсан. Тэгээд хохирогчийн халааснаас ... их дэлгүүрийн орчимд гарцаар гарахад нь утсыг нь авсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч С.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хорооллын “И-март” дэлгүүрээс “...” их дэлгүүр явж байгаад “...” их дэлгүүрийн урд өөрийн куртикны халааснаасаа iphone 12 pro max загварын гар утсыг алдсан. Би өөрийн гар утсыг 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 3.700.000 төгрөгөөр Америк улсаас захиалж авч байсан. Миний гар утас нь цэнхэр өнгөтэй, өнгөгүй гэртэй шинээрээ гар утас байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...хохирогч замаар гарч байх ба түүний араас хар саравчтай малгай, хар савхи, саарал малгайтай цамц, цэнхэр жийнсэн өмд, бараан пүүзтэй этгээд дагаж байгааг харуулав. Гэмт хэрэг үйлдсэн этгээд хохирогчийн зүүн талын куртикны халааснаас гар утас авч байгааг харуулав. Гар утсыг халааснаас авч байгааг харуулав. Гар утсыг халаасандаа хийж байгааг харуулав. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн ертөнцийн зүгээр хойшоо явж байгааг харуулав” гэжээ /хх-н 15-17/,

Яллагдагчаар Г.Х-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ажлаасаа тараад хүнтэй уулзахаар 18 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” их дэлгүүрийн замын ертөнцийн зүгээр баруун талын замын гарцаар гарахаар явж байтал миний урд тортой зүйл тэвэрсэн эмэгтэй явж байсан. Тухайн эмэгтэйн гадуур цамцны зүүн талын халаасанд гар утас нь цухуйсан байхаар нь нууцаар аваад “...” их дэлгүүрийн арын байрны дундуур явсан. Тэгээд тухайн утсаа монтел ороод гадаа зогсож байсан хүнд 1.300.000 төгрөгөөр зараад мөнгийг нь тухайн үедээ өөртөө зарцуулаад дуусгасан. Тухайн гар утас нь “iphone 12 pro max” загварын хар хөх өнгийн гар утас байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 48/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 6/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 36-37/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 50-70, 73-84/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Х- нь 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” их дэлгүүрийн орчимд хохирогч С.С-ийн халааснаас түүний өмчлөлийн “iphone 12 pro max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч С.С-ийн: “...2021 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хорооллын “И-март” дэлгүүрээс “...” их дэлгүүр явж байгаад “...” их дэлгүүрийн урд өөрийн куртикны халааснаасаа iphone 12 pro max загварын гар утсыг алдсан. Би өөрийн гар утсыг 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 3.700.000 төгрөгөөр Америк улсаас захиалж авч байсан. Миний гар утас нь цэнхэр өнгөтэй, өнгөгүй гэртэй шинээрээ гар утас байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Х-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Х- нь хохирогч С.С-ийн халааснаас түүний гар утсыг нь хулгайлан авч 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь  хохирогчийн хохирлыг барагдуулаагүй тул хавтаст хэрэгт эд зүйлийн үнэлгээгээр авагдсан 3.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч С.С-т олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Г.Х-н үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Х-д ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 01 жил хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү гэсэн ялын санал тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Г.Х-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг барагдуулаагүй, урьд тухайн төрлийн гэмт хэргээр ял шийтгүүлж байсан, гэм буруугийн талаар маргаагүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

          2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “...Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж хуульчилжээ.

          Иймд шүүгдэгч Г.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар “Улаанбаатар хотын бүсчлэлээс 01 жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах” ялаар солих нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Х-г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-д 01 жил хорих ял оногдуулсугай.

3. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-д оногдуулсан 01 жил хорих ялыг “Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн бүсчлэлээс 01 жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар” дүйцүүлэн сольсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Х-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-гаас 3.500.000 төгрөг гаргуулж хохирогч С.С-т олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР