Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/856

 

 

 

 

 

   2021          12          20                                     2021/ШЦТ/856

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

Улсын яллагч: Г.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч: М.Д-, түүний өмгөөлөгч Б.Солонго нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М.Д-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105004191376 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, М.Д-, .... тоот регистртэй,

 Шүүгдэгч М.Д- нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтлийн эмнэлгийн замын эсрэг талын явган хүний зам дээр хохирогч Б.О-г хавирч унаган, нүүр рүү нь гараараа цохих зэргээр биед нь халдаж “Хуавай Вай-6” маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн авч бусдад 270.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Д- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. О- манайд найзынхаа утастай ирсэн. Тэгээд найз байгаа гэсэн буудалд очиход найз нь байгаагүй. Би утсаа өгчих унаа, архины мөнгө болгоё гэхэд үгүй гэхээр нь гар утсыг нь аваад явсан” гэв.

Хохирогч Б.О-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр би өөрийн найз М-, А- нарын хамт Өргөө кино театрын ард байрлах буюу Бурхант төвийн зочид буудалд архи ууж байгаад тэндээ хоноод маргааш өглөө нь буюу 2021 оны 2 дугаар сарын 10-ны өглөө А- ажилтай гээд гараад явсан. Би 13 цагийн үед гэр рүүгээ очоод Сонгинохайрхан дүүргийн 39-р хороо, Хангайн 51-5 тоотод байдаг Д- гэх найзтайгаа уулзаад тэндээ байж байгаад орой 20 цагийн үед тухайн буудалд М- согтуу сэрэхгүй байхаар нь утсыг нь би хадгалаад аваад явж байснаа санаад Д-д энэ тухай хэлээд хамт Баянгол дүүргийн 21-р хороо, Гэмтэлийн эмнэлгийн хойд талын явган хүний зам дагуу алхаж байхад Д- миний баруун гар талд алхаж байснаа зүүн талын мөр куртикнээс бариад намайг хавирч унагаад нүүр рүү цохиод огт юм хэлэлгүй миний өмдний баруун талын халаасанд байсан М- эзэмшлийн Хуйвэй Ү-6 маркийн гар утсыг аваад явсан. Ингээд араас нь босоод гүйх гэтэл Д- хойшоо гэр хороолол руу гүйгээд алга болчихсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 126-127/,

Иргэний нэхэмжлэгч Л.М- мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр найз О-тойгоо уулзаж Өргөө кино театрын ард байрладаг Бурхант төвийн зочид буудал ороод нэг шил архи, нэг пивотой уучхаад унтаж байхад О- миний Хуйвэй Ү6 маркийн гар утсыг аваад явсан байсан. О- гэртээ харьчхаад миний гар утсыг авчирч өгөхөөр над руу явж байгаад гэрийнхээ ойролцоо нэг найзтайгаа таараад Баянгол дүүргийн 21-р хороо, Гэмтлийн эмнэлгийн эсрэг талд явж байтал уг найз нь хавсарч унагаагаад, цохиод миний гар утсыг аваад зугтаагаад явсан гэж надад ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 131-132/,

Яллагдагчаар М.Д- мөрдөн байцаалтад өгсөн: “... 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр би өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороонд байрлах 51-5 тоотод байж байхад манай найз О- халамцуу орж ирээд халааснаасаа хар өнгийн гэртэй утас гаргаж ирээд манай найзын гар утас гээд байсан, надтай хамт хороолол орох уу гээд би зөвшөөрөөд бид хоёр хорооллын Өргөөгийн ард байрлах нэг буудалд очсон нэрийг нь сайн санахгүй байна, буудалд ортол О-гийн найз байхгүй буудлаас гараад явчихсан байсан. О- бид хоёр такси бариад уг буудал руу очсон юм. Таксины жолооч мөнгөө нэхээд байсан бид хоёрт мөнгө байхгүй байсан жолооч та хоёр үнэнээ хэлчихгүй гээд яваад өгсөн юм. О- бид хоёрт мөнгө байхгүй, буцаад гэр рүүгээ алхаж явах болоод байсан учир би О-г наад гар утсаа өгч бай би хүнтэй яриад автобус унааны мөнгө олоодохъё гэтэл О- өгөхгүй байсан. Тэгэхээр нь би О-гоос гар утсыг нь булааж аваад гэр рүүгээ явсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 23-24/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 42-43/, шүүгдэгчийн хувийн байдалтай холобоотой баримтууд /хх-н 57-71, 96-102/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

          Шүүгдэгч М.Д- нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтлийн эмнэлгийн замын эсрэг талын явган хүний зам дээр хохирогч Б.О-г хавирч унаган, нүүр рүү нь гараараа цохих зэргээр биед нь халдаж “Хуавай Вай-6” маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн авч бусдад 270.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.О-гийн: “...М- согтуу сэрэхгүй байхаар нь утсыг нь би хадгалаад аваад явж байснаа санаад Д-д энэ тухай хэлээд хамт Баянгол дүүргийн 21-р хороо, Гэмтэлийн эмнэлгийн хойд талын явган хүний зам дагуу алхаж байхад Д- миний баруун гар талд алхаж байснаа зүүн талын мөр куртикнээс бариад намайг хавирч унагаад нүүр рүү цохиод огт юм хэлэлгүй миний өмдний баруун талын халаасанд байсан М- эзэмшлийн Хуйвэй Ү-6 маркийн гар утсыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 126-127/, иргэний нэхэмжлэгч Л.М-: “...О- гэртээ харьчхаад миний гар утсыг авчирч өгөхөөр над руу явж байгаад гэрийнхээ ойролцоо нэг найзтайгаа таараад Баянгол дүүргийн 21-р хороо, Гэмтлийн эмнэлгийн эсрэг талд явж байтал уг найз нь хавсарч унагаагаад, цохиод миний гар утсыг аваад зугтаагаад явсан гэж надад ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 131-132/, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М.Д- үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Д- нь хохирогч Б.О-той цуг явж байх үедээ түүнийг хавсарч унаган, халаасанд байсан гар утсыг нь авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч хохирогч Б.О-д түүний найзынх нь гар утас байгааг мэдсэн, түүнийг нь авах зорилгоор хүч хэрэглэсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хохирогчоос дээрэмдэн авсан буюу иргэний нэхэмжлэгч Л.Мөнх-Эрдэний эзэмшлийн гар утасны хохирлыг барагдуулсан ба шүүхэд иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй гэсэн хүсэлт бичгээр ирүүлсэн, мөн хохирогч Б.О- нь гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч М.Д- гэм буруутай гэж үзсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 02 жил 3 сар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү гэсэн дүгнэлт тус тус гаргасан  ба шүүх шүүгдэгч М.Д- гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

          2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “...Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж хуульчилжээ.

          Иймд шүүгдэгч М.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар “Улаанбаатар хотын бүсчлэлээс 02 жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах” ялаар солих нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М.Д- “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д- 02 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3.  2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар шүүгдэгч М.Д-д оногдуулсан 02 жил хорих ялыг “Улаанбаатар хотын бүсчлэлээс 02 жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар” сольсугай.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Д-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Д-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР