Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/864

 

 

 

 

 

   2021          12          21                                     2021/ШЦТ/864

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Г.Онон,

            Шүүгдэгч: О.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт О.Б-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105019941763 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, О.Б-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч О.Б- нь 2021 оны 9 дүгээр сарын 25-наас 2021 оны 9 дүгээр сарын 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10а байрны гадна талын амбааранд нэвтэрч хонины нэхий, үхрийн арьс зэргийг хулгайлан авч хохирогч Н.Ч-ад нийт 1.320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Б- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Н.Ч-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний төрсөн эгч болох А- бид хоёр хувиараа Нарантуул зах дээр түүхий арьс боловсруулж худалдаалж наймаа эрхэлдэг юм. Манайх түүхий малын арьсаа амьдардаг байрныхаа хажуу талын амбаарт буюу Баянгол дүүргийн 25 дугаар хороо, 10а байрны амбаарт хадгалдаг юм. 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өглөө 08 цагийн үед эгч А- амбаарын үүдэнд очиход төмөр хаалга нь доогуураа онгойсон байдалтай байсан. Тэгээд цагдаад дуудлага өгөөд бүрэлдэхүүн ирсэний дараа амбаараа онгойлгоод үзэхэд 30 ширхэг нэхий, 1200 дицметр үхрийн суурин арьс, 11 ширхэг буюу 1500 дицметр үхрийн арьс алдагдсан байсан. ...Би алдсан нэхийнээс 8 ширхэгийг буцааж авсан ба үхрийн ширнээс 2 ширхэгийг буцааж авсан. Одоо үлдэгдэл 22 нэхий, 8 шир аваагүй үлдсэн байгаа. Би хонины нэхий болон арьсыг Нарантуул зах дээр борлуулдаг юм. Тухайн нэхий болон шир нь миний эзэмшлийнх юм” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20, 56/,

            Гэрч Ш.Ц-ийн өгсөн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би Хархорин зах дээр хаягдал хог түүж ирсэн хүмүүсээс хогийг нь хямд аваад мөнгө нэмээд Хархорингоор явж байгаа хүмүүст зарж мөнгө олдог. 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өглөө 08 цагийн үед Хархорин зах дээр  ирсэн. Гэтэл зүс таних залуу автобусны буудал дээр арьс зараад зогсож байсан. Хүмүүс бөөгнөчихсөн арьс авч байсан. Би дээл хийж авья гэж бодоод тус бүрийг нь 2.000 төгрөгөөр 6-7 ширхэг хонины арьс, 10.000 төгрөгөөр 2 ширхэг үхрийн арьс худалдаж авсан. Авсан арьсаа гэртээ аваачаад хадгалсан. Тэр залуугийн нэрийг сайн мэдэхгүй. Сүүлийн 1-2 жилд л хааяа нэг Хархорин дээр согтуу явж байдаг. Тухайн үед тэр залуу канттай саарал цамцтай, саарал өмдтэй байсан. ...Арьснууд манай гэрт бүгдээрээ байгаа. Би хаанаас авсан талаар нь мэдэхгүй байна. Тэр талаараа яриагүй. Хүмүүс бужигнаад худалдаж аваад байхаар нь би байгаа мөнгөндөө тааруулж авсан. Би тэр залууг зүс харвал танина гэсэн мэдүүлэг /хх-н 22/,

            Иргэний нэхэмжлэгч Ш.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 8 ширхэг нэхий тус бүрийг 2.000 төгрөгөөр авсан ба нийт 16.000 төгрөг болсон. Харин 2 ширхэг үхрийн ширийг нэг тус бүрийг нь 10.000 төгрөгөөр авч нийтдээ 20.000 төгрөг болсон. Тэгээд нийлээд 36.000 төгрөг болсон. Би өөрт байсан мөнгөөрөө авсан. Би тухайн үед эд зүйлсийг хулгайн эд зүйлс гэж мэдээгүй. Миний хохирол барагдсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх-н 58/,

            Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...тухайн ойр орчмын камерыг шүүхэд тухай этгээд 01 цаг 20 минутанд ирж тухайн агуулахаас нэхийг аваад цааш явсан дүрс бичлэгийг хуулж авсан” гэжээ. /хх-н 8-11/,

Яллагдагч О.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: ...шөнө архиа ууж дуусгаад Хархорин зах руу нарны зам дагаад алхаж яваад 10 дугаар хороололд ирсэн. Нэг байрны хажуу талын хогийн пункер ухаж байсан чинь пункерын хажуу талд цайвар ногоон өнгөтэй амбаарын хаалга нь бага зэрэг онгорхой, өөрийнх нь үндсэн цоожгүй, гадна талаас нь энгийн цоожоор цоожилсон байхаар нь хаалга доогуурх заагаар нь гараа оруулж байгаад татсан чинь онгойчихсон. Тэгээд дотор нь орсон чинь арьс, нэхий байхаар нь чадах хэмжээгээрээ аваад Хархорин автобусны буудлын урд талд аваачаад өглөө тэрүүгээр өнгөрч байгаа хүмүүст худалдаж 80.000 төгрөг олж, тэр мөнгөөрөө архи уугаад дуусгасан гэсэн мэдүүлэг /хх-н 51/,

Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 3/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 4-7/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 32-33/, камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 61-74/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч О.Б- нь 2021 оны 9 дүгээр сарын 25-наас 2021 оны 9 дүгээр сарын 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10а байрны гадна талын амбааранд нэвтэрч хонины нэхий, үхрийн арьс зэргийг хулгайлан авч хохирогч Н.Ч-ад нийт 1.320.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

            Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Н.Ч-ын: “...Тэгээд цагдаад дуудлага өгөөд бүрэлдэхүүн ирсэний дараа амбаараа онгойлгоод үзэхэд 30 ширхэг нэхий, 1200 дицметр үхрийн суурин арьс, 11 ширхэг буюу 1500 дицметр үхрийн арьс алдагдсан байсан. ...Би алдсан нэхийнээс 8 ширхэгийг буцааж авсан ба үхрийн ширнээс 2 ширхэгийг буцааж авсан. Одоо үлдэгдэл 22 нэхий, 8 шир аваагүй үлдсэн байгаа. Би хонины нэхий болон арьсыг Нарантуул зах дээр борлуулдаг юм. Тухайн нэхий болон шир нь миний эзэмшлийнх юм” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20, 56/, иргэний нэхэмжлэгч Ш.Ц-ийн: ...Би 8 ширхэг нэхий тус бүрийг 2.000 төгрөгөөр авсан ба нийт 16.000 төгрөг болсон. Харин 2 ширхэг үхрийн ширийг нэг тус бүрийг нь 10.000 төгрөгөөр авч нийтдээ 20.000 төгрөг болсон. Тэгээд арьс нэхий хоёрын мөнгө нийлээд 36.000 төгрөг болсон гэсэн мэдүүлэг /хх-н 58/, гэрчээр Ш.Ц-ийн өгсөн: ...2021 оны 9 дүгээр сарын 26-ны өглөө 08 цагийн үед Хархорин зах дээр ирсэн. ...Тэр залуугийн нэрийг сайн мэдэхгүй. Сүүлийн 1-2 жилд л хааяа нэг Хархорин дээр согтуу явж байдаг. Тухайн үед тэр залуу канттай саарал цамцтай, саарал өмдтэй байсан гэсэн мэдүүлэг /хх-н 22/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч О.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Б- нь хохирогч Н.Ч-ын эд зүйлээ хадгалдаг зориулалттай орон сууцны хажууд байрлах цоожтой амбаар буюу тусгайлан хамгалаасан агуулахад нэвтэрч эд зүйл хулгайлан 1.320.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

    Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч Н.Ч- нь алдсан эд зүйлсээсээ “нэхийнээс 8 ширхэгийг буцааж авсан ба үхрийн ширнээс 2 ширхэгийг буцааж авсан” гэж мэдүүлсэн ба үлдэгдэл хохирол нөхөн төлөгдөөгүй тул шүүгдэгч О.Б-ээс үлдэгдэл хохирол болох 1.113.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Ч-ад олгохоор шийдвэрлэв.

Иргэний нэхэмжлэгч Ш.Ц- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирол барагдсан гэж мэдүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч О.Б-ийг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 02 жил хорих ял оногдуулах санал гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч О.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг барагдуулаагүй, гэм буруугийн талаар маргаагүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-т шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний урьд цагдан хоригдсон 48 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О.Б-ийгбусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Б-ийг 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-т оногдуулсан 02 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч О.Б-ийн урьд цагдан хоригдсон 48 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ээс 1.113.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Ч-ад олгосугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР