Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/767

 

 

 

 

 

 

 

 

 2021           11           29                                        2021/ШЦТ/767

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч Б.Б-,

хохирогч В.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас бэд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105013731319 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1986 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо ... дугаар байр ... тоотод оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 289 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 279 дүгээр зүйлийн 279.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялын зарим буюу 1 жилийг, мөн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйлийн 279.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг хүндэд нь багтааж 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилийн хугацаагаар тогтоосон,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 8 сарын хугацааг нэмж нэгтгэн 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар үлдэх 2 жил 3 сар 11 хоногийн ялыг өршөөн сулласан,

Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн 5 жилийн хугацаагаар тогтоосон,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Хэнтий аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ялын хугацаа 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр дуусч суллагдсан, Цогт овогт Батмөнхийн Б-

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б- нь 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хорооллын орчмоос хохирогч Ц.Т-ийн ХХ-ХХ УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг дуудлагаар очиж жолоодох явцдаа түүний өмчлөлийн 950,000 төгрөгийн үнэ бүхий Samsung S-10 5G загварын гар утсыг,

2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Гялс сервис дуудлагын жолоочийн үйлчилгээ хийж иргэн В.Б-ыг Ногоон төгөл хотхонд хүргэж өгөхдөө машинд нь байсан түүний өмчлөлийн 3,839,920 төгрөгийн үнэ бүхий I phone 12 загварын гар утсыг,

2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эл хаус нэртэй зочид буудалд хамт үйлчлүүлж байсан Б.Х-ын өмчлөлийн нийт 27,260,000 төгрөгийн үнэ бүхий Samsung S-9 загварын гар утас болон майхан, аяллын ширээ, сандал 32 gb багтаамжтай флаш болон Toyota Prius 40 загварын ХХ-ХХУАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад нийт 32,049,920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Б- мэдүүлэхдээ: “Бид нар Тэрэлжээс ирж яваад “Гялс сервис” гэдэг дуудлагын жолооч дуудсан юм. Тэгээд иргэн Б- ирээд бид нарт үйлчлээд явсан. Тэгэхдээ машины түлхүүр өгөхдөө машины урд хайрцагт цэнэглээд тавьсан байсан гар утас аваад явсан байсан. Миний утас асаад нээгдэхдээ дуудлага хүлээн авах боломжтой гэсэн мессеж ирдэг юм. Манай найз утас чинь асаж байна шүү дээ гэсэн. Тэгээд гараад үзэхэд урд цэнэглээд тавьсан байсан гар утас байхгүй байсан. “I phone 12 pro max” гэдэг гар утас тухайн үедээ Америк улсаас 4,700,000 төгрөгөөр авч байсан юм. Бас нэг наалт кэйс 100,000 төгрөгөөр хийж байсан. Одоо үнэлгээтэй маргах зүйл байхгүй. Би эрх зүйн чадамжтай субъект дуудсан гэж ойлгож байгаа тул  Баянгол, Хан-Уул дүүргийн байцаагч нарт Гялс сервис гээд компанийг нь дуудаач компани өөрөө хариуцлага хүлээх ёстой гэхэд бид нар компани дуудсан. Компанийг оролцуулаач гэсэн захиралтай нь 2,3 удаа байцаагч нь уулзсан байсан. Баянгол дүүрэг дээр байцаагч ирж уулзаагүй. Шүүх рүү шилжсэн хойно утастсан. Би хохирлоо компаниар нь төлүүлж авах саналтай байна” гэв.

 

           1. Шүүгдэгч Б.Б- нь 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хорооллын орчмоос хохирогч Ц.Т-ийн ХХ-ХХ УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг дуудлагаар очиж жолоодох явцдаа түүний өмчлөлийн 950,000 төгрөгийн үнэ бүхий Samsung S-10 5G загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

          Хохирогч Ц.Т-ийн “2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын орчимд бага хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн тээврийн хэрэгслээ унаж чадахгүй байсан учраас 77104392 гэсэн дугаарт холбогдож дуудлагын жолоочийг 18 цаг 48 минутад дуудсан. 19 цаг 20 минутын үед 85841588 гэсэн дугаараас над руу залгаад би ирчихсэн байна гэхээр нь гарч ХХ-ХХ УНИ улсын дугаартай саарал өнгийн Prius 20 маркийн тээврийн хэрэгсэлдээ дуудлагын жолоочийн хамт суухад 20-25 орчим насны эрэгтэй, 170-175 см өндөртэй бордуу царайтай залуу ирсэн байсан.

          Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс машинтайгаа хамт хөдөлж Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс машинтайгаа хорооллын орчимд ирээд машиндаа унтсан байдалтай сэрээд өөрийн биед байсан Samsung S 10 5G маркийн гар утсаа үзэхэд байхгүй байсан. Түрийвчид байсан 30,000 төгрөг байхгүй байсан. Тэгээд өөрийн нөхөр болох Баярааг зам дагуу явж байсан хүнээр гуйж дуудуулсан.

          ... Дуудлагын жолооч дуудаад өөрийн машиндаа суугаад нөхөр болох Баяраатай 20 цагийн үед видео дуудлага хийсэн байсан. Явж байгаа газрынхаа байршлыг хэлж байсан. 20 цагийн үед миний утас байсан ба 20 цаг 28 минутад манай нөхөр над руу залгахад холбогдох боломжгүй байсан. Миний утас нь дэлгэцийн кодгүй байсан. Утасны ар талд иргэний үнэмлэх, 30,000 төгрөгийн Петровисын талоны эрх байсан. Түрийвчид байсан 30,000 төгрөг алга болсон байсан.

          ... Миний гар утасны имей код 35537410018298901 гэсэн кодтой байсан. Миний биед учирсан гэмтэл шарх байхгүй. Дуудлагын жолооч миний биед хүрсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. Би гар утсаа машиндаа суугаад гартаа бариад явж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 17 дугаар хуудас/

 

          Гэрч Б.О-ийн “ 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Драгон худалдааны төвийн 2 давхарт байрлах гар утас худалдааны төв дээр ажиллаж байхад гаднаас 30-35 орчим насны эрэгтэй орж ирээд танайх гар утас худалдаж авах уу би хөдөө ажлаар явах шаардлага гарсан тул өөрийн гар утсаа зарж борлуулах хэрэгтэй байна, Samsung S 10 5G маркийн гар утсаа надад харуулсан.

          ... би Samsung S 10 5G гар утсыг 550,000 төгрөгөөр авъя гэхэд тухайн хүн нь 550,000 төгрөгөө бэлэн өгчих гээд байхаар нь би сэжигтэй санагдаад 50,000 төгрөгийг нь бэлэн өгье, үлдэгдэл 500,000 төгрөгийг данс руу чинь шилжүүлье гэж хэлэхэд би бэлэн авна гээд байхаар нь би утсыг чинь авахгүй гэж хэлэхэд тухайн хүн нь за ойлголоо 500,000 төгрөгийг дансаар авъя гэж хэлээд би өөрийн 5135508265 гэсэн Хаан банкны интернэт банкаараа 5030683846 гэсэн Б.Б- гэсэн хүний данс руу 500,000 төгрөгийг шилжүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 25-26 дугаар хуудас/

 

          Ашид Билгүүн ХХК-ны шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн ТХҮ-921/1476 дугаартай Samsung S 10 5G гар утсыг 950,000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 28-30 дугаар хуудас/

 

          Б.Б-ийн яллагдагчаар өгсөн “... Миний бие нь он сар өдрийг нь санахгүй байна. Дуудлагын жолоочоор очоод машинаас нь 2 хүний I phone 12, Samsung S 10 5G маркийн гар утсыг нь хулгайлсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 245-247 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

          2. 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эл хаус нэртэй зочид буудалд хамт үйлчлүүлж байсан Б.Х-ын өмчлөлийн нийт 27,260,000 төгрөгийн үнэ бүхий Samsung S-9 загварын гар утас болон майхан, аяллын ширээ, сандал 32 gb багтаамжтай флаш болон Toyota Prius 40 загварын ХХ-ХХУАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

         

          Хохирогч Б.Х-ын “2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр би 12 цагийн үед гэрээсээ гараад өөрийн найзуудтайгаа уулзсан. Баянзүрх дүүргийн товчооны орчимд байдаг Туул голын эрэг дагуу найзуудын хамт согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн ба цаашлаад 22 цаг өнгөрч байхад дуудлагын жолоочийг өөрийн байгаа газраа дуудаж өөрийн эзэмшлийн ХХ-ХХ УАС улсын дугаартай цагаан өнгийн Prius 40 загварын тээврийн хэрэгслээ жолоодуулаад Баянгол дүүргийн 17 дугаар хороо Модны хоёрт байрлах буудалд ороод нэг ортой өрөө авч ороод дуудлагын жолоочтой цуг тус буудалд орсон. Тус буудлын бие засах өрөөнд нь ороод хогийн савны ар талд нь би өөрийн машины түлхүүрээ нууж үлдээгээд цонхны тавцан дээр нь өөрийн утас болох Samsung galaxy S9 загварын гар утсаа үлдээсэн бөгөөд өглөө сэрэхэд миний гар утас болон бие засах өрөөнд нууж үлдээсэн байсан машины түлхүүр тус тус алга болсон байсан.

          ...Тухайн залууг би зүс мэднэ. Надад өөрийгөө Б- гэж танилцуулж байсан. 2018 онд Монтелээс 780,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Өөрийн тээврийн хэрэгслээ 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Төмөр замын зогсоол дээрээс хүнтэй нь холбогдож банк бусаар дамжуулж 21,700,000 төгрөгөөр худалдаж авч байсан.

          2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр би өөрийн ажил болох Баянзүрх дүүргийн 59 дүгээр цэцэрлэгт байхад миний утас руу нэг үл таних хүн залгаад грашнаас гаръя машинаа холдуулаарай гэхэд нь би ажлын ах болох Мөнхжаргал гэх хүнд хэлээд та очоод байж байгаач би ажилтай байгаад байна гээд Мөнхжаргал ахыг явуулсан. Баянгол дүүрэгт байрлах Чингүнжавын хөшөөний ертөнцийн зүгээр зүүн талд байрлах Шүтээ-Үрс гэх хувийн цэцэрлэгийн орчимд байрлах грашуудын зүгт баригдсан гэж байсан. Тухайн өдөр өөрийн алдагдсан тээврийн хэрэгсэл болон Samsung galaxy S9 гар утсаа Б- гэх хүнээс олж авсан.

          Миний тээврийн хэрэгсэл дотор байсан 2006 оны майхан, 4 ширхэг аяллын сандал, эвхдэг аяллын ширээ 1 ширхэг, 32 gb багтаамжтай флаш, миний эзэмшлийн Prius 41 загварын тээврийн хэрэгслийн багажны хаалга хонхойсон гэх хохирлууд учирсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 67-69 дүгээр хуудас/

          “... Би өмнө нь тухайн дуудлагын жолоочийг хоёр удаа дуудаж гэртээ хүргүүлж байсан. Мөн Тэрэлж орж машин бариулж байсан. Тухайн залуу над руу өмнө нь залгаж нийтийн байр үзэх гэсэн юм, надтай яваад өгөөч гэж бас хэлж байсан. Тухайн үед нь би бас зөвшөөрч цуг явж байсан. Улмаар тухайн жолооч над дээр ирж бид хоёр буудалд цуг хонохоор болж Баянгол дүүргийн 17 дугаар хороо Эль хаус зочид буудлын 304 тоот өрөөнд цуг хоносон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 72-74 дүгээр хуудас/

 

          Ашид Билгүүн ХХК-ны шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн ТХҮ-921/1959 дугаартай майхан, аяллын ширээ, аяны сандал, 32 gb флашийг нийт 736,000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 86-90 дүгээр хуудас/

 

          Ашид Билгүүн ХХК-ны автомашины техникийн ХХ-ХХУАС дугаартай 41 загварын автомашиныг 27,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1 дүгээр хавтас 171-173 дугаар хуудас/

 

          Камерын бичлэгийг хуулбарласан дискэнд үзлэг хийсэн “... Эль хаус зочид буудлын доторх хяналтын камерын бичлэгт саравчтай малгайтай, цагаан өнгийн пүүзтэй, хар тамирын хослолтой, 170 орчим см өндөртэй сэжигтэй этгээд нь улаан болон саарал өнгөтэй цүнхийг нь хулгайлан авч гар буйг 05 цаг 55 минут 00:03 секундэд харуулав. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 103-107 дугаар хуудас/

 

          Б.Б-ийн яллагдагчаар өгсөн “... Мөн танил Х- гэх эмэгтэйн эзэмшлийн Prius 41 маркийн тээврийн хэрэгслийг хулгайлж аваад багажид байсан эд зүйлсийг нь ажил дээр үлдээсэн. Машиныг нь унаж явж байгаад цагдаад баригдаад хураалгасан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 245-247 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

3. 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Гялс сервис дуудлагын жолоочийн үйлчилгээ хийж иргэн В.Б-ыг Ногоон төгөл хотхонд хүргэж өгөхдөө машинд нь байсан түүний өмчлөлийн 3,839,920 төгрөгийн үнэ бүхий I phone 12 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч В.Б-ын “Би 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Тэрэлж яваад ирэх замдаа 94949407 дугаараар Гялс сервис утсаар дуудлагын жолооч дуудсан. Жолооч нь бид нарыг Налайх дүүргээс аваад Ногоон төгөл хотхоны гадаа хүргэсэн. Бид нар тэнд айлд ороод манай найз машины эзэн явна гээд тэр дуудлагын жолоочийг машинтайгаа гадаа хүлээж бай гээд хүлээлгэсэн. Удаагүй манай найз явахаа болиод тэр жолоочийг машины түлхүүр оруулаад ир гэсэн. Тэр Батмөнхийн Б- гэх жолооч машины түлхүүр авч орж ирээд манай найз Б- гэх жолооч машины түлхүүр авч орж ирээд манай найз 5030683836 гэсэн данс руу 60,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэр залуу яваад өгсөн. Удаагүй бид нар сууж байхад миний машинд унтраагаад үлдээсэн гар утас асаж дуудлага хүлээн авах боломжтой боллоо гэсэн мессеж манай найзын гар утсанд ирсэн. Тэгээд бид нар гараад миний гар утсыг машинд хайхад байхгүй байсан. Би өөрийнхөө утас руу залгахад холбогдох боломжгүй болсон. Тэр орой нь дуудлага өгсөн 94949407 дугаар луу залгасан. Маргааш утсаар ярихад тэр Батмөнхийн Б-ийн утас холбогдохгүй байна гэсэн.

... 2020 оны 12 дугаар сард 4,700,000 төгрөгөөр авсан. 256 gb багтаамжтай хар хөх өнгийн, цэнхэр өнгийн гэртэй, I phone 12 pro max маркийн гар утас байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 200-201 дүгээр хуудас/

 

Гэрч С.Н-ын “Би Гялс манас сервис ХХК-ны үйл ажиллагааг явуулж дуудлагын жолоочийн үйлчилгээ үзүүлдэг. Батмөнхийн Б-ийг 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдөр зарын дагуу ажилд авсан. Тэрнээс хойш ажиллаж байгаад 22-ны өдрөөс ажилдаа ирээгүй. Батмөнхийн Б- нь Дарь-Эхэд байдаг байсан байрнаасаа гарсан байсан. Батмөнхийн Б- 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн цаад постноос нэг Бенз маркийн автомашиныг дуудлагаар хүргэж өгөхөөр явсан. Хэний ямар машин байсныг мэдээгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 203-204 дүгээр хуудас/

 

Дамно ХХК-ны I phone 12 pro max гар утсыг 3,839,920 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан. /хэргийн 1 дүгээр хавтас 210-211 дүгээр хуудас/

 

          Б.Б-ийн яллагдагчаар өгсөн “...Ногоон төгөл хотхонд хүргэж өгсөн. Машинд үлдсэн. Тэгээд урд хайрцагт байх I phone 12 pro max гар утсыг аваад машины түлхүүрийг өгсөн. Гар утсыг маргааш нь Драгон төвийн 2 давхарт 35-40 насны эхнэр, нөхөр хоёрт 500,000 төгрөгөөр зарсан. АТМ хамт ороод миний Хаан банкны 5030683846 тоот данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 217-219 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан дээрхи баримтууд болон шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах явцад яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөдХулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд түүнийг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Б- нь бусдын эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Хохирогч Ц.Т-т 950,000 төгрөгийн, хохирогч В.Б-д 3,839,920 төгрөгийн, Б.Х-д 27,260,000 төгрөгийн хохирол учисран болох нь Ашид Билгүүн ХХК-ны шинжээчийн дүгнэлт, Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 28-30, 86-90, 171-173, 210-211 дүгээр хуудас/ зэргээр шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн улмаас бусдад нийт 32,049,920 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч В.Б-аас “шүүгдэгч Б.Б-ийг ажилд авсан Гялс ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж хохирлыг төлүүлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.Б-ийн бусдын эд зүйлийг хулгайлах үйлдэл нь түүний өөрийн шунахайн сэдэлтээр, субьектив санаа зорилгоор үйлдэгдсэн бөгөөд энэ нь түүний ажиллаж байсан хуулийн этгээдийн үйл ажиллагаатай хамааралгүй тул хохирогчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Б-эс хохирогч Б.Х-д 27,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий ХХ-ХХУАС улсын дугаартай Toyota Prius 41 маркийн автомашиныг биет байдлаар хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тухайн тэмдэглэлээр /хэргийн 1 дүгээр хавтас 98 дугаар хуудас/ тогтоогдож байх тул автомашинд байсан майхан, аяллын ширээ, аяны сандал, 32 gb флашийн үнэлгээгээр тогтоогдсон 736,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ.

Харин хохирогч Б.Х- нь өөрийн автомашинд учруулсан гэмтлийн төлбөрийг нэхэмжилж байгаа боловч энэ талаар нотлох баримт байхгүй тул тэрээр уг хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Түүнчлэн гэмт хэргийн улмаас хохирогч В.Б-д учирсан 3,839,920 төгрөгийг, хохирогч Ц.Т-т учирсан 950,000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-эс гаргуулах нь зүйтэй.

 

 Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сар хорих ял оногдуулах саналыг гаргасан нь түүний үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон байна гэж үзэв.

 

Шүүх, шүүгдэгч Б.Б-ийг урьд “Хулгайлах” гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн засрал хүмүүжлийг олоогүй хувийн байдлыг илтгэсэн гэж үзэн хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэв.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цогт овогт Батмөнхийн Б-ийг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ийг 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Б.Б-ийн цагдан хоригдсон 59 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-эс 3,839,920 төгрөг гаргуулж В.Б-д, 736,000 төгрөг гаргуулж Б.Х-д, 950,000 төгрөг гаргуулж Ц.Т-т тус тус олгосугай.

 

6. Хохирогч Б.Х- нь өөрт учирсан хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ