Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/771

 

 

 

 

 

 

 

 

 2021           11           30                                        2021/ШЦТ/771

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Д.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Баянцагаан овогт Дуламдоржийн Г-эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105000001710 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1986 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа түгээлтийн машин барьдаг ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо ... дүгээр байр ...  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Баянцагаан овогт Дуламдоржийн Г-

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ундрам гэх нэртэй хүнсний дэлгүүрийн урд талын зам дээр хохирогч Б.Ц-тэй маргалдан улмаар түүний толгойн тус газар гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь зулайн хуйхны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Д.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ундрам гэх нэртэй хүнсний дэлгүүрийн урд талын зам дээр хохирогч Б.Ц-тэй маргалдан улмаар түүний толгойн тус газар гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь зулайн хуйхны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

          Хохирогч Б.Ц-ий “...2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо 28 дугаар байр 62 тоот гэртээ байж байхад найз Г- залгаад гараад ир машин шүргэчихлээ гэсэн. Би Баянгол дүүргийн 12 дугаар хороо 28 дугаар байр 62 тоотоос гараад Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрны зүүн талд 28 дугаар сургуулийн баруун талын Ундрам нэртэй хүнсний дэлгүүрийн урд зам дээр найз охин Г- машинаа шүргүүлчихсэн байхаар нь очоод хаана нь яаж мөргөсөн юм бэ гээд машиных нь гуперыг нь харах гээд явж байхад Г-ийн машиныг машинаараа шүргэсэн залуу хаана мөргөсөн юм, мөргөсөн асуудал огт байхгүй гээд орилоод над руу хүрээд ирсэн. Би мөргүүлсэн гупер хэсэг рүү гараараа заагаад энд мөргөчихсөн байна гэхэд уг залуу согтуу архи уучихсан байсан болохоор нь Г-т цагдаа дуудчих гэхэд уг залуу цагдаагаа дууд гэсэн. Тэгээд би гупер сэвтэй болчихлоо шинэ машин, шинэ гупер аваад өгчих гэхэд за гэчхээд цагдаагаа ирэхээр намайг олоод очоорой гээд явах гээд байхаар нь би яаж хаанаас таныг олох вэ гэхэд яав гээд байсан. Тэгээд над руу дайраад байсан. Тэгээд цаашаа явахаар нь би очоод барихад миний толгой руу цохисон. Би яг юугаар цохисныг мэдэхгүй байна. Тэгээд уг залуутай ноцолдоод урдаас нь би нэг удаа цохисон. Тэгээд салахад миний толгойноос цус гарсан байсан. Тэгээд уг залуугийн эхнэр нь гарч ирэхэд уг залуу цагдаагаа дууд гээд орилоод миний хүзүү толгой боогоод байсан. Тэгэхэд эхнэр нь салгаад уг залуу явчихсан. Тэгээд уг эхнэр нь гэх эмэгтэй надад гар утсаа өгөх гээд халаасанд хийгээд байсан. Юу яриад байгаа юм бэ гэхэд гар утас аваад үлдчих би нөхөртэйгээ уулзаадхая гэсэн. Тэгээд байж байхад замын цагдаа ирсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9-10 дугаар хуудас/

 

          Гэрч Ж.А-гийн “... манай нөхөр Г-тэй нэг залуу, нэг эмэгтэй хоёр маргалдаад зогсож байсан. Тухайн үед хажууд нь манай хүү байсан.Тухайн үед тэр хоёр наадахыг чиньв би төлөөд өгчихнө, чаднаа гээд байж байсан. Тэгээд маргаж байгаад манай нөхөр Г- болон тухайн залуу хоёр бие биенээ заамдалцаж байсан. Зодолдсон зүйл байгаагүй. Тэгээд манай хүүхэд уйлаад байсан тул би нөхрөө гэр лүү нь оруулаад өөрөө гадаа үлдээд тухайн хоёр хүнтэй учраа олох гээд эв зүйгээр ярих гээд машиныг чинь вьетнам засвар дээр очоод засуулаад өгье гэж хэлсэн. Мөн намайг гарч ирэхэд тухайн залуугийн толгой хагарсан байдалтай байсан тул би гэмтэл ороод толгойг нь үзүүлээд өгье гэхэд тухайн залуу шинэ гупер авахуулна гээд над руу хэл амаар доромжлоод дайраад байсан. Тэгэхээр нь би өөрийн нөхрийг явуулсан байж байгаад учраа олох гээд нөхрөө дахин дуудаад гаргаад ирье гэхэд нөгөө залуу дахиад намайг хэл амаар доромжлоод гудамжаар нэг хувцаснаас зулгаагаад чирж гулдчаад байсан. Тэгээд маргаж байхад цагдаа нар ирсэн байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19-20 дугаар хуудас/

 

          Гэрч Г.Г-ийн “...2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бичлийн тойрог дээр би өөрийн ХХ-ХХ УАО улсын дугаартай Prius 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байтал ХХ-ХХ УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч миний машины зүүн талын хойд талын гуперыг шүргэж миний машины гупер салаад, зүүн хойд гупер зурагдсан юм.

          ...Тэгтэл тухайн залуу тэгээд төлүүлэх юм уу, яах юм гээд агсраад байсан. Тухайн залуу архи согтууруулах ундаа уусан байсан. Тэрийг нь тухайн үед агсраад байхаар нь мэдсэн. Тэгээд тухайн залуу явах гээд байхаар нь би өөрийн машиндаа суулгасан. Миний машинд суугаад манай найз засварчин гээд миний утсаар найз руугаа залгахад тухайн найз нь дуудлага аваагүй. Тэгээд тухайн залууд би өөрийн найз залууг дуудчихъя, хоёулаа ярилцаж болохгүй юм шиг байна гэж хэлээд найз залуу Ц-ийг дуудсан.

          ...Тэгээд манай найз ирчхээд хаана яаж мөргөснийг нь хараадхая гээд машинаа гадаа харж байхад нөгөө залуу миний машинаас бууж ирээд мөргөөгүй гэж байна би, та нар яах гээд байгаа юм гээд агсраад байсан. Тухайн үед нөгөө залуугийн 10 орчим насны хүүхэд нь гарч ирж байсан бөгөөд манай найз залуу Ц- нөгөө залуу хоёр маргаж эхэлсэн. Тэгсэн чинь нөгөө залуу учиргүй дайраад орилоод байснаа тэгвэл би төлж чадахгүй гэж хэлээд хүүхдээ хөтлөөд цааш алхаад яваад өгсөн. Ц- араас нь гүйж очоод та байж бай л даа гээд цамцнаас нь татахад тухайн залуу эргэж хараад Ц-ийг нүүрэн тус газар нь цохисон. Тэгээд тэр хоёр хоорондоо зодолдоод байсан. Тэгэхэд нөгөө залуугийн хүүхэд нь ааваасаа зуураад байсан болохоор нь хүүхэд зодоон дунд өртчих болов уу гэж бодоод хүүхдийг нь салгах гэж анхаарлаа хандуулсаар байгаад тэр хоёрыг хэрхэн яаж зодолдоод байгааг анзаарч хараагүй. Тэгээд би тэр хоёрыг салгачхаад найз залуугаа харахад толгойноос нь цус гарч байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22-23 дугаар хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №10129 дугаартай:

          “1. Б.Ц-ий биед зулайн хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

          4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

          6. Дээрх гэмтлийг авсны дараа үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой.” гэсэн дүгнэлт. /хэргийн 25-26 дугаар хуудас/

 

          Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 29-30 дугаар хуудас/

 

          Д.Г-ийн яллагдагчаар өгсөн “... Тэгээд би нөгөө машины эзэн эмэгтэйн машинд суугаад тохиролцох талаар ярилцсан. Тэгж байтал тухайн эмэгтэй найз залуугаа дуудна гэхээр нь хүлээгээд сууж байтал тухайн эмэгтэй найз залуу гэх Ц- гэгч залуу гарч ирээд машиндаа шинээр гупер авхуулна гээд байсан. Тэгэхээр нь би шинэ гупер авна гэж юу байхав дээ, янзлуулна гэж маргалдаад тухайн залуу буюу Ц- гэгчтэй шинэ гупер авах болон засвар хийнэ гэж хоёр талд тохиролцож чадахгүй маргасан. Тухайн маргааны улмаас би Ц- гэх залуутай барилцаж аваад цохилцсон. Би хаашаа нь яаж цохисноо одоо мэдэхгүй байна. Нэлээн согтолттой байсан.

          ... Би өөрийн бурууг ойлгож гэмшиж байна. Миний хувьд хохирогчийн хохирол мөнгийг өгч хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 45-46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Д.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

         

          Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

          Хавтаст хэрэгт хохирогч Б.Ц-ий “... Г- гэдэг хүнтэй сайн дурын үндсэнд эвлэрч хохирол мөнгөө авсан тул миний хэргийг хялбаршуулж өгнө үү. Хохирол авсан 1,048,000 мянга” гэсэн баримт /хэргийн 90 дүгээр хуудас/ авагдсан тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Г- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Д.Г- нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Г- нь шүүхийн хэлэлцүүлэгт “Торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа шаардлагагүй” гэсэн тул шүүхээс хугацаа тогтоогоогүй болно.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Баянцагаан овогт Дуламдоржийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Г-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Г- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Д.Г- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Г-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ