| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 106/2021/0738/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/848 |
| Огноо | 2021-12-16 |
| Зүйл хэсэг | 22.4.2., 22.5.2., |
| Улсын яллагч | Э.Халиун |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/848
2021 12 16 2021/ШЦТ/848
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,
Улсын яллагч: Э.Халиун,
Гэрч: Ж.Б-,
Шүүгдэгч: С.А-, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах,
Шүүгдэгч: А.М-, түүний өмгөөлөгч Р.Машлай нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.А-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.М- нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002005000118 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.А-, .... тоот регистртэй,
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А.М-, .... тоот регистртэй,
Шүүгдэгч А.М- нь Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Хамгаалалтын хэлтсийн зохицуулагчаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх” гэсэн заалт, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлилйн 2.3.2-д заасан “цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх”, 2.3.4-д заасан “авлига, хээл хахууль авах, өгөх, зуучлахгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж тушаал дэвших буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор ахлах зохицуулагчийн албан тушаалд дэвшүүлэн томилох эсэх материалыг хянаж буй Цагдаагийн Ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.А-эд албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр өглөө 09 цаг 12 минутад 500.000 төгрөгийн хахуулийг Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гэмтэл, Согог судлалын Үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байхдаа өөрийн Хаан банкны ... дугаарын данснаас шилжүүлэн өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.А- шүүх хуралдаанд: “...Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа С.А- би тээврийн цагдаагийн албанаас 2020 оны 7 дугаар сарын 17-ны 15/1498 дугаартай албан бичгээр, мөн тус хэлтсийн замын цагдаагийн газрын Хамгаалалтын хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч А.М-ийг ахлах зохицуулагчийн албан тушаалд дэвшүүлэн томилуулахаар ирүүлсэн санал бүхий 6 хуудас материалыг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр удирдлагын цохолтын дагуу хүлээн авч, төрийн албаны тухай хууль, цагдаагийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу судлан үзсэн. Цагдаагийн ахлах дэслэгч А.М- нь цагдаагийн байгууллагад 20 жил ажилласан, үр дүнгийн гэрээ 80 хувь, 2011 онд Цагдаагийн академийг цагдаагийн ажилтан, эрх зүйч мэргэжлээр төгссөн, урьд сахилгын шийтгэлгүй зэрэг ахлахын албан тушаалд тавигдах шалгуур шаардлагыг хангаж байсан боловч 2018-2020 оны Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын албан тушаал дэвшүүлэх, нөөцийн жагсаалтыг шалган үзэхэд бүртгэгдээгүй байсан. Дээрх жагсаалт нь 2018-2020 онд бүртгэсэн албан хаагчдын бүртгэлийг Нийслэлийн цагдаагийн удирдах газар болон Тээврийн цагдаагийн алба, түүнчлэн он дараалсан байдлаас үзэхэд нилээд эмх замбараагүй, түүнийг судлан үзэхэд овог нэр, албан тушаал зөрүүтэй, урьд ажиллаж байсан ажлын газар зөрүүтэй байсан учраас заавал шалгаж тодруулах, явуулсан албан газар руу нь холбогдож тодруулах шаардлага гардаг. Энэ ажлын хүрээнд Тээврийн цагдаагийн албаны хүний нөөцийн хэлтсийн дарга цагдаагийн хурандаа н.Б-тэй 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр утасны холболт хийсэн байх бөгөөд залгахад утас нь холбогдохгүй байсан учраас түүнтэй холбогдож мэдээлэл авч чадаагүй. Тиймээс А.М-ийн Төрийн албан хаагчийн анкетад бичигдсэн ... дугаарын утас руу 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 13 цаг 32 минутад анх удаа дуудлага хийж холбогдон, Тээврийн цагдаагийн албанаас ирсэн санал, материалыг танилцуулж, нөөцөд бүртгэгдсэн талаар тодруулахад “2019-2020 онд ахлахын нөөцөд бүртгүүлэхээр санал явсан, би сайн мэдэхгүй байна, албанаас дэмжиж байсан” гэх тайлбарыг хэлсэн бөгөөд дээрх шаардлагыг хангахгүй бол саналыг шийдвэрлэх боломжгүй талаар түүнд тодорхой тайлбарыг өгсөн. Би А.М-тэй хувийн болон албаны үйл ажиллагаатайгаар холбоотой урьд нь харилцаж байгаагүй, огт танихгүй, эдийн засгийн харилцаанд орж байгаагүй, ямар нэгэн өс хонзон, өр зээл, төлбөр байхгүй. 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн бямба гарагийн өглөө 08 цаг 50 минутын үед сэрээд гар утсаа шалгахад ... дугаараас миний ... дугаарын утсанд “ахлахаа би он гараад тэтгэвэртээ гарах гэж байгаа, миний ахлахын албан тушаалд томилогдох асуудлыг дэмжиж, туслалцаа үзүүлж өгөөч, уулзъя, уулзах боломж байна уу” гэх яриа, өгүүлбэрүүдийг албан тушаалд томилогдохтой холбоотой зүй бус мессежнүүд байсан. А.М-ийн давтамж бүхий мессежийг тодруулж өгөөч, сэргээж өгөөч гэх талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч энэ хүсэлтийг хангаж өгөөгүй. Энэ мессежнүүд нь би яагаад ярих болсон, яагаад дансны дугаар өгөх болсон зэрэг ач холбогдолтой учраас гаргаж өгөөч гэж хүсэлт гаргасан. Шинжээч А.М-ийн гар утсанд үзлэг хийж мессежийг сэргээх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл миний гар утсанд үзлэг хийгээгүй. Тиймээс би өөрийн зүгээс мессежийг сэргээх боломжтой талаар тал бүрээс асууж нягтлан, мобиком корпорацаас А.М-ийн явуулсан мессеж миний дугаар дээр гарч ирээгүй талаар тодруулахад таны төлбөрийн мэдээллээр гадагшаа явуулсан мессеж байдаг учраас А.М-өөс ирүүлсэн мессеж байхгүй. Тухайн хүний лавлагаанд мессеж ирэх боломжтой байсан гэх тайлбар өгсөн. Би эдгээр мессежийг ач холбогдолтой гэж үзээд, өөрийн ажлын газрын техник, технологийн ажилтан, мэргэжилтнээс тодруулж төрөл бүрийн программ суулгаж үзэж байсан. Би өөрийн icloud хаяг болох С.А- хаягт хадгалагдсан байх боломжтой гэсний дагуу сэргээн үзэхэд 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 16 цаг 31 минутад ... дугаараас “хэн бэ, хэнтэй ярих вэ, мессеж бичээрэй”, мөн өдрийн 16 цаг 44 минутад “ахлахаа хоёулаа яриа өрнүүлмээр байна, яаж уулзах уу” гэсэн мессеж сэргэсэн. Үүнээс харахад мессеж сэргэх боломжтой байдаг. Ингээд түүний дугаар руу залгаж ямар утга агуулга, санаа зорилго бүхий мессежийг явуулж, албан тушаалд нөлөөлөх оролдлого хийгээд байна вэ, та юу болж байгаа билээ, чи их даварсан гар вэ гэх мэтчилэн тухайн үед уурласандаа ширүүхэн хэд хэдэн удаа хэлсэн. А.М-өөс “Цагдаагийн байгууллагад ажилласан болон амьдралын талаар дурдахад энэ он гараад тэтгэвэрт гарна, цол дөхчихсөн, биеийн байдлын хувьд хөл хугарсан одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна, тантай очиж уулзмаар байна” гэдэг. “Ийм асуудал байж болохгүй, таны асуудал ойлгомжтой, шаардлага хангахгүй тул хариуг өгнө. Зөрчил дутагдал гаргахгүй бол ажлын үнэлгээ сайн бол ажлын 2021 онд нөөцөд бүртгэх боломжтой” талаар өөрт нь тайлбарлахад “ахлахаа дансны дугаараа өгчих, ямар нэгэн зорилгогүй, санаа зовох зүйлгүй” гэж удаа дараа илтэд ёс зүйгүй аашилж, нэхэж дээрх үйлдлийг гаргаж байсан. Дээрх байдлыг илтэд эсэргүүцсэн би “чи миний дансны дугаараар яах гэж байгаа юм, үг ойлгодоггүй, овоо нөхөр юмаа, хоёулаа шалгадаг газраар нь шалгуулъя” гэж хэлээд түүний дугаар руу 5099....дугаар бүхий дансны дугаарыг 09 цаг 09 минутад мессежээр явуулахад 09 цаг 12 минутад 500.000 төгрөгийг шилжүүлсэн талаар мэдээлэл ирсэн байсныг 09 цаг 50 минутад мэдээд түүний дугаар руу залган “албан тушаалд нөлөөлөхөөр оролдсон, мөнгө шилжүүлсэн талаар холбогдох газарт шалгуулах болно, тодорхой баримттай болсон” гэж хэлсэн. Үүний дараа Цагдаагийн байгууллын үйл ажиллагааны журмын ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх журамд заасны дагуу шууд удирдах газарт мэдэгдэх үүрэгтэй. Үүний дагуу хүний нөөцийн удирдах газрын хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Ж.Б-гийн ... дугаар руу холбогдон “Замын цагдаагаас ахлах болохоор саналтай ирсэн албан хаагч албан тушаалд нөлөөлсөн утгатай хэд хэдэн удаа мессеж илгээсэн, 500.000 төгрөг дансаар шилжүүлчихлээ” гэж хэлэхэд “дансны дугаарыг чинь яаж мэддэг юм бэ, чи яагаад өгч байгаа юм бэ” гэж над руу уцаарлангуй асуухад нь би “урьд нь иргэнээс цагдаагийн байгууллагад ажиллах хүсэлтийн дагуу хариуг судалж, хариуг утсаар мэдэгдсэний дараа үл мэдэх дугаараас залган хүсэлт гаргагчийн эхнэр байна, та манай нөхрийн асуудлыг шийдэж өгөөч, 10 сая төгрөг өгье гэж ярьсан талаар мэдэгдэж илтгэх хуудсаа танилцуулахад Ерөнхий газар, Аюулгүй байдлын хэлтэс болон Авлигатай тэмцэх газарт миний бие гэрчээр мэдүүлэг өгсөн боловч хуульд заасан үүргээ биелүүлсний төлөө буруудах хэмжээнд хүрч, уг асуудал тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болж байсан шүү дээ. Иймээс би мөнгө шилжүүлснийг баримтжуулах зорилгоор дансны дугаараа өгч тухайн мөнгийг шилжүүлэн авсан юм” гэж тайлбарласан. Ж.Б- дарга энэ асуудлыг 1 дэх өдөр ярья гэж хэлсэн. Журмын дагуу 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Даваа гаригт Цагдаагийн ахлах дэслэгч А.М- нь цагдаа дотоодын цэргийн байгууллагын албан тушаалын нөөцөд бүртгэгдээгүй тул саналыг шийдвэрлэх боломжгүй, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 16 дугаар тогтоолоор батлагдсан төрийн албан тушаалд бүртгүүлэх журам, тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан шалгуур шаардлага хангасан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийг заасны дагуу шатлан дэвшүүлэх боломжтой гэсэн албан бичгийн хүсэлтийг даргад танилцуулж, бичиг хэрэг болгон баталгаажуулах ажил хийгдэн тус хэлтсийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 5/5044 дугаартай албан бичгээр тээврийн цагдаагийн газрын хаягт хүргүүлсэн болно. Тухайн үед Улсын их хурлын 2020 оны сонгууль болж өнгөрсөн, хяналтын алба, хариуцсан албан хаагчид ээлжийн амралттай, ажлын ачаалал ихтэй байсан учир энэ асуудлыг 2020 оны 8 дугаар сарын 20-ны орчим Цагдаагийн ерөнхий газар аюулгүй байдлын хэлтсээс дуудан асуудлын талаар тайлбар авч, утасны дуудлага, болон дансны хуулгаа гарган өгч, болсон асуудлын талаар тайлбар өгсөн. Би А.М-өөс ямар нэг ашиг сонирхлын үүднээс дансны дугаараа өгөөгүй, надад түүнээс мөнгө авах, ашиглах санаа зорилго байгаагүй бөгөөд түүнд албан тушаалын байдлаа урвуулан, давуу байдал бий болгон, албан тушаалд дэвшүүлэхээр ямар нэгэн амлалт өгөөгүй, хууль бус үйлдэл хэрэгжүүлээгүй, ямар нэгэн үйлдэл хийхийг шаардаагүй болно. Миний зүгээс түүнд амлалт өгөх шаардлага байхгүй, ажил үүрэгтэйгээ холбогдуулан дээр дурдсан үйлдлүүдийг хэрэгжүүлэх нь хууль бус болохыг цагдаагийн байгууллагын өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаа хүний хувьд энэ тухайгаа шүүхийн танхимд илэрхийлж байна. Илтгэх хуудас бичиж өгөөгүй шалтгааны талаар дурдахад Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам болон хуульд заасны дагуу даруй, шууд удирдах албан тушаалтандаа мэдэгдэх үүргийг хэрэгжүүлсэн. Хэлтсийн даргын журамд заасны дагуу харьяалах нэгж болох аюулгүй байдлын хэлтэст хуулийн дагуу Авлигатай тэмцэх газарт өгч, энэ хэрэг шалгагдсан. Өөрөөр хэлбэл миний мэдээллийн дагуу энэ хэрэг үүсэж шалгагдаж явж байгаа. Миний зүгээс хуульд заасан мэдээлэх үүргээ хэрэгжүүлсэн. А.М- нь буруутай үйлдлээ ухамсарлан эцэг, ах маань цэрэг цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Би 11 дүгээр сард ахмад цолоо авах болзол хангаж байгаа, мөн 2021 оны 100 жилийн ойгоор тэтгэвэр тогтоолгохоор албанаас чөлөөлөгдөнө гэж гуйж байсан. Нэгэнт шууд удирдах газарт мэдэгдсэн болохоор холбогдох газар нь шалгаж тогтооно гэж үзсэн. Нөгөөтэйгөөр ажлын ачаалал ихтэй, ганцаараа даргатайгаа өдөр тутам оройтож ажиллаж байсан. Тэгэхдээ эрх бүхийн албан тушаалтнаас болсон асуудлын талаар тайлбар мэдүүлэг өгөхийг тухайн үед өгсөн, нуун дарагдуулсан зүйл байхгүй. Нотлох баримт бүрдүүлэх зорилгоор дансны дугаараа өгсөн. А.М-ийн зүгээс нөлөөлөх байдлаар, хууль журмыг уландаа гишгэж, эрээ цээргүй хандаж байсан. 4 дүгээр хавтаст хэргийн 4 дүгээр талд Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний 134 дугаартай тогтоол авагдсан. Энэ тогтоолын тайлбарт иргэн Т-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн хахууль өгөхийг санал болгосон гэмт хэргийн шинжийг агуулсан боловч хэрэгт цугларсан Баян-Өлгийн аймгийн Баян-Уул сумын засаг даргын 4 дүгээр сарын 03-ны тодорхойлолтоор иргэн Т- нь ажилгүй, нөхөр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 850.000 төгрөгийн цалинтай болохыг тодорхойлсон. Иргэн Т- нь 10.000.000 төгрөг өгөх хэмжээний орлогогүй, боломжгүй байна. Иймд иргэн Т-ын үйлдсэн хахууль өгөх гэмт хэрэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдсэн үйлдэл, эс үйлдэхүй нийгмийн хор уршгийг учруулаагүй, үйлдэл эс үйлдэхгүйг гэмт хэрэгт тооцохгүй гэсэн үндэслэлд хамаарч байх тул цаашид хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгах үндэслэлгүй гэх шалтгаанаар хэрэг бүртгэлийн хэргийг хаасан байдаг. Тухайн үед аюулгүй байдлын хэлтэс болон Авлигатай тэмцэх газарт дуудагдан мэдүүлэг өгч байсан. Энэ асуудалд дүгнэлт хийж, ямар нэгэн байдлаар нотлох баримтыг тодорхой баримтаар тогтоох ёстой гэж ойлгож байсан” гэв.
Шүүгдэгч А.М- шүүх хуралдаанд: “...Би 7 дугаар сарын 23-ны өдөр нуруу болон хөлөө хугалж гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж, манай эхнэр сахиж байсан. 24-ний өдрийн 16 цаг орчимд над руу “Ерөнхий газрын боловсон хүчнээс ярьж байна, таны материалыг судалж байна. Яагаад нөөцөд ороогүй вэ” гэж асуухад нь би “жил болгон хүний нөөцөд ороод явдаг, боловсон хүчний талаарх асуудлыг мэдэхгүй, бид нар хурлаараа дэмжигдээд явдаг” гэж хэлсэн. Нөөцөд орсон материал дутуу байна гэж ярьсан. Би С.А- рүү тусалж, дэмжиж өгөөч гэж мессеж бичсэн үнэн. Яагаад гэхээр манай байгууллага босоо удирдлагатай, тодорхой хэмжээнд дэмжлэг авахгүй бол гээд яригддаг л зүйл. Би дутуу материалаа эхнэрээ явуулаад гүйцээж өгье, дахиад дарга, цэрэгтэйгээ холбогдъё, материал дутуу буцаж явдаг болохоор хүлээлгэх маягтай ярьсан юм. Би тухайн үед нурууны өвчтэй байсан учраас надад олон удаа мессеж бичих боломж байгаагүй. 7 дугаар сарын 25-ны өдөр С.А- над руу согтуу ярьсан. Тухайн өдөр бид 2 ажил төрлийн тухай яриагүй, амьдрал ахуй, цалин мөнгө, яагаад нөөцөд ороогүй гэхээр нь мэдэхгүй байна гэж ярьсан. С.А- найз нөхөдтэйгөө архи дарс уугаад сууж байна, архи дарс тиймхэн байна гэхээр нь өөрийн эхнэртээ С.А- гээд цагдаагийн ахлах байдаг юм, архи дарс хэрэглээд явж байгаа юм байна, 11 дүгээр сард амралтаа авах гэж байгаа юм байна тэгээд өгнө гэсэн гээд эхнэрээсээ өөрийн данс руу 500.000 төгрөг авч, С.А-ээс данс ирэхээр нь өөрийн данснаас шилжүүлсэн. Бид хоёрын хооронд ажил төрлийн холбогдолтой зүйл болоогүй. С.А- ирэх онд нөөцөд ор гэж хэлсэн. Түүнээс би миний албан тушаалыг бүтээгээд өгөөч, шалгаж өгөөч гэсэн зүйл болоогүй. Дутуу материалыг бүрдүүлж өгөх хүртэл буцаахгүй байлгах талаар л хэлсэн. С.А- согтуу байхдаа яриад 500.000 төгрөг өгсөн асуудал болсон” гэв.
Гэрч Ж.Б- шүүх хуралдаанд: “...Тухайн өдөр Бямба гариг байсан. Өглөө С.А- залгаж А.М- миний данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн. Би он, сарыг нь сайн санахгүй байна. С.А- ярихдаа сая над руу мөнгө шилжүүлсэн гэж хэлсэн. 7 дугаар сарын 25, 8 дугаар сарын 01-ний өдөрт хоёуланд нь С.А-тэй ярьсан байдаг. Тухайн асуудлын талаар яг ямар өдөр ярьсан талаар тодорхой санахгүй байна. С.А- шаардлагатай тохиолдолд хүмүүстэй холбогдоно. Харин шийдвэр гаргахгүй. Тухайн үед С.А- архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж магадгүй, халамцуу байсан зүйл ажиглагдсан. Би А-эд 1 дэх өдөр илтгэх хуудсаа бичиж өгөөрэй гэж хэлсэн. С.А-ийн ярьсан өдрийн он сарыг хэлж чадахгүй байна. Илтгэх хуудас бичиж өгөхийг шаардсан. Бичиж өгөхгүй болохоор нь мэдэгдэх ёстой газар нь хэлж, би илтгэх хуудас бичиж өгсөн. С.А-тэй албаны чиг үүргийн дагуу ярилцдаг. Хувийн зүйл байхгүй. Хагас сайны өглөө 7 цагт алхаад гэртээ ирсэн. Тэгээд утас дуугарч, тагтан дээр гарч ярьсан. Тэгээд цагийн баримжааг гаргасан. С.А- илтгэх хуудас бичиж өгөөгүй талаар ямар нэгэн шалтгаан хэлээгүй, бичиж өгнө гэж хэлээд яваад байсан. С.А- миний дансанд 500.000 төгрөг сая шилжүүлсэн гэж хэлсэн. Тухайн үед залгаад мөнгө шилжүүллээ гэхээр нь илтгэх хуудсаа ажлын өдөр өгөөрэй гэж хэлсэн. Илтгэх хуудсыг одоо хүртэл бичиж өгөөгүй. Илтгэх хуудас бичиж өгөөгүй талаар тайлбар хэлээгүй. Залуу хүн учраас С.А- архи согтууруулах ундаа хааяадаа хэрэглэдэг. Тийм байдал ажиглагддаг. Ажлын байраа орхисон асуудал байхгүй. С.А- илтгэх хуудсаа бичиж өгөхгүй, он, сарын баримжаагүй болтол явсан. Тэгээд би илтгэх хуудсыг бичиж өгсөн. Бичихдээ өөрийн гар утаснаас Бямба гаригт утсаар ярьсан хугацааг харж байгаад бичсэн” гэв.
Гэрчээр А.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Гэмтлийн эмнэлэгт байхад буюу 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ЦЕГ-ын Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн А- гэж хүн над руу залгаад “М-өө чи ахлах зохицуулагчаар томилогдох материалыг чинь би судалж байна, чи надтай уулзах хэрэгтэй байна, чи надтай уулзах боломж байна уу” гэж хэлсэн. Тэгэхэд нь би уулзах боломж алга, Гэмтлийн эмнэлэгт хэвтэрт хэвтэж байна” гэдгээ тайлбарлаж хэлсэн. Тухайн үед би нуруу, хөл хугарсан гэдгээ хэлж тайлбарлахад А- “за, за чи надтай уулзаж чадахгүй юм байна тээ” гэж хэлээд тухайн үед утсаар ярьсан яриа дууссан юм. Ингэж ярьсаны дараа А- гэдэг хүн надаас юм хараад байгаа юм байна гэж бодсон юм. ...Маргааш нь буюу 25-ны өдрийн Бямба гарагийн өглөө 09 цагийн үед А- над руу утсаар залгасан, би утсаа авахад А- нилээн согтуу миний ... дугаарын утас руу залгаж надтай ярьсан тэгэхдээ “бие чинь гайгүй юу” гэж надаас эрүүл мэндийн талаар асуусан, тэгээд “чи надтай ирж уулзах боломжгүй байгаа тээ, за яахав дээ хөгшин нь найз нөхдүүдийн хамт амралтын өдрөөр жоохон уугаад явж байна, уулзаж учирч, яриа хөөрөө байна даа” гэсэн зүйл ярьсан, тухайн үед гэмтсэн биеийн талаар ярьж байхдаа А- надад “500.000 төгрөгний асуудал байна, чи надад 500.000 төгрөгийн туслалцаа үзүүлээч, боломж байна уу, дараа цалин мөнгө буухаар өгье” гэсэн. Тэгэхээр нь “за, за” гэж хэлсэн. Тэгэхэд А- дансны дугаараа мессежээр явуулъя гээд тухайн үед ярьсан яриа дууссан юм. ...Энэ яриа болж байхад миний эхнэр Б.Х- миний хажууд байсан бөгөөд би эхнэртээ миний данс руу 500.000 төгрөг шилжүүлчих гэж хэлээд эхнэрийнхээ данснаас өөрийнхөө данс руу 500.000 төгрөг аваад, А-ийн миний утас руу явуулсан дансны дугаар руу 500.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Өөрөөр хэлбэл би өөрийн Хаан банкны ... дугаарын данснаас А-ийн Хаан банкны дансны дугаар руу 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн байгаа ...Би энэ А- гэж хүнтэй урд өмнө огт уулзаж байгаагүй....2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр үү, эсхүл 8 дугаар сарын 01-ний өдөр үү А- гэж хүн над руу утсаар залгаад “сонин юу байна хөгшөөн, бие хаа чинь яаж байна хө, чи ахлах зохицуулагчийн нөөцөнд ороогүй юм байна” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “яагаад нөөцөнд ороогүй гэж, би ХУД-н замын цагдаагийн тасагт зохицуулагчаар ажиллаж байхдаа ахлах зохицуулагчийн нөөцөнд орсон шүү дээ, тэр хурлын протоколыг авч үзээгүй юм уу” гэж хэлсэн. Тэгэхэд А- “за, за” гэж хэлээд яриагаа дуусгасан...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 62-64/,
Гэрч Б.Х-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Нөхөр бид хоёрыг гэмтлийн эмнэлэгт байхад буюу 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн үдээс хойш манай нөхрийн гар утас руу нэг хүн залгаад утсаар яриад байсан. Хэн гэж хүн ямар асуудлын талаар ярьсан эсэхийг нь мэдээгүй. Маргааш нь буюу 25-ны өдрийн бямба гаригийн өглөө 09 цагийн үед нөхрийн гар утас руу нэг хүн яриад нилээн удаан яриад байсан. Утсаар ярьж дууссаны дараа нөхөр маань надад хандаж “манай ЦЕГ-ын Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн ярьж байна, миний материалыг судалж байгаа юм байна гэнээ, найз нөхдүүдтэйгээ уугаад 500.000 төгрөгний хэрэг байна гэнэ, миний данс руу 500.000 төгрөг шилжүүлээч” гэхээр нь би өөрийнхөө Хаан банкны ... дугаарын данснаас нөхрийнхөө хаан банкны ... дугаарын данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. ...нөхөр маань гар утасны мобайл банкаар 500.000 төгрөгийг тэр ЦЕГ-ын хүний данс руу шилжүүлчихлээ гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх 3-н 66-67/,
Гэрч Ж.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Авлигын эсрэг хуульд зааснаар авлигын гэмт хэргийн талаарх мэдээллийг эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэгтэй гэдгээ мэдэж байсан. Ахлах мэргэжилтэн С.А- 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр буюу бямба гаригт өөрийн ... дугаарын утаснаас миний ... дугаарын утас руу 08 цаг 55 минутад залгаад “Тээврийн цагдаагийн албаны Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч А.М- нь томилолтын асуудлыг шийдвэрлэхийн тулд надад 500.000 төгрөгийн миний дансанд хийчихлээ” гэж ярихад С.А-ийн ярианаас түүнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэдгийг мэдсэн юм. Тэгээд тухайн үед түүнийг загнаад яах вэ гэж бодоод аргадах маягтай “одоо архи дарс уухаа боль, гэртээ амраад нэг дэх өдөр ажил дээр уулзъя гэж хэлээд утсаа салгасан. Ингээд даваа гаригийн өглөө ажил цуглараад С.А-ийг өрөөндөө дуудаж уулзаад “юу болоод байгаа юм, болсон асуудлынхаа талаар надад илтгэх хуудас бичээд өг” гэж амаар үүрэг өгөөд гаргасан. Тэгээд С.А- надад илтгэх хуудас бичиж өгөхгүй удаад байхаар нь би өөрөө цагдаагийн ерөнхий газрын дэд даргын нэр дээр ахлах мэргэжилтэн С.А-ийн утсаар ярьж байсан асуудлыг надад амаар танилцуулсан хүрээнд илтгэх хуудас бичсэн юм ...Манай хэлтсийн алба хаагч нараас цагдаагийн алба хаагч нарын томилгооны асуудлыг тухайлан хариуцан, хувиарласан зүйл байхгүй. Ажлын ачааллыг нь харгалзаж байгаад хэний ажил арай гайгүй байна тэр хүнд нь материалыг цохох байдлаар явдаг юм. ...Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн нь цагдаагийн алба хаагч нарын албан тушаалд томилогдох асуудлыг хариуцдаг, өргөдөл гомдлыг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэх зэрэг ажил үүргийн хуваартай байдаг. ...энэ мэдүүлэг үнэн зөв, би энэ он, сар, өдрийг маш сайн санаж байгаа. Учир нь би 7 хоног бүрийн өглөө эрт Зайсан толгой Цэцэрлэгт хүрээлэнгээр алхаж явдаг дадал зуршлтай, агаар салхинд алхаж байгаад 8 цаг гээд гэртээ ирчихдэг юм. Гэрт ирээд удаагүй байхад С.А- над руу ярихад нь гэрт хүүхдүүд унтаж байсан учир би гадаа тагтан дээр гарч С.А-тэй ярьж байсныг сайн санаж байгаа юм. ...С.А- над руу 2020 оны 8 дугаар сарын 01-ний бямба гаригийн 08 цаг 55 минутын үед залгаж ярьсан. Тэгээд дараа 7 хоногийн даваа гаригт ажил дээрээ ирээд С.А-ийг дуудаад “ямар асуудал болоод байгаа юм бэ, болсон асуудлынхаа талаар илтгэх хуудас бичиж өг” гэхэд “за” гэж хэлээд надаас тойрч зугтаад удаад байхаар нь би Цагдаагийн Ерөнхий газрын дэд даргад өөрөө илтгэх хуудас бичиж өгсөн юм шүү дээ ...Энэ 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн бямба гаригийн 10 цаг 04 минутад над руу залгаж ярьсан гэх асуудлыг тухайлан санахгүй байна, бодвол ажил төрлийн талаар ярьсан байх...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 121-122, 4-н 57-58/,
Гэрч С.Ж-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...М- нь Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэст зохицуулагчаар ажиллаж байгаад 2019 онд Замын цагдаагийн газрын Хамгаалалтын хэлтэст зохицуулагчаар томилогдсон байдаг бөгөөд түүний эрхэлж буй зохицуулагчийн албан тушаал нь ахлах зохицуулагчийн албан тушаал юм. Өөрөөр хэлбэл А.М- нь ахлах зохицуулагчийн албан тушаалд зохицуулагчаар ажиллаж байсан гэж ойлгож болох юм. А.М-ийг Хамгаалалтын хэлтсийн зохицуулагчаар томилогдоход ахлах зохицуулагчаар томилох эсэх асуудал яригдахад ахлахын нөөцөнд ороогүй гэсэн шалтгаанаар зохицуулагчаар ажиллуулж байсан. 2020 онд А.М- Тээврийн цагдаагийн албаны удирдлагад ахлах зохицуулагч болгож өгөөч гэсэн хүсэлт ирүүлснийг судлан үзээд ЦЕГ-ын Хүний нөөцийн хэлтэст ахлах зохицуулагчаар томилуулах тухай албан бичгийг холбогдох материалын хамт явуулсан юм. ..Тухайн албанд ажилласан жил, сахилга болон ёс зүйн зөрчилд орж байгаагүй, ажлын үзүүлэлт “А”, “В” үнэлгээтэй байх ёстой байдаг. Албан тушаалын нөөцөнд орох эсэх асуудал нь оны эхэнд бүртгэгддэг юм. А.М- нь Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/943 дугаар тушаалаар Хамгаалалтын хэлтэст зохицуулагчаар томилогдсон байдаг бөгөөд 2020 онд гараад албан тушаалын нөөцөнд орох алба хаагчдын жагсаалтад ороогүй байсан. Учир нь Хамгаалалтын хэлтэст шилжиж ирээд 1, 2 сар болоод ахлахын нөөцөнд орох гэлээ гэсэн шалтгаанаар тухай хэлтсийн удирдлага нь оруулаагүй юм байна лээ” гэсэн мэдүүлэг /хх 3-н 167-168/,
Шинжээчийн 2531 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн iphone 8 маркийн гар утсанд хадгалагдаж байх “home.m4a” гэсэн нэртэй бичлэгт ярьж байгаа А.М-ийн гэх дуу авиа нь харьцуулах загвараар авсан УЖ82041019 регистрийн дугаартай А.М- болон С.А-ийн гэх дуу авиа нь харьцуулах загвараар авсан ХН80112473 регистрийн дугаартай С.А-ийн дуу авиатай тус тус дууны давтамж, далайцын спектрийн байгууламж, дохионы давтамжийн зурвас зэрэг үндсэн адилтгалын үзүүлэлтээрээ тохирч байна” гэжээ /хх 4-н 65-66/,
Яллагдагчаар А.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн орой 17-18 цагийн үед ЦЕГ-ын Хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.А- гэж хүн над руу яриад “Тээврийн цагдаагийн албанаас ирүүлсэн чиний ахлах зохицуулагчийн материал над дээр ирсэн, чи хаана байна, одоо надтай ирээд уулзаадах” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “ГССҮТ-д хэвтэж байна, хөл, нуруу хугарсан хэвтэж байна” гэдгээ хэлсэн. Тэгэхэд С.А- “чи яагаад нөөцөд ороогүй юм бэ” гэж хэлсэн. Тэгэхэд нь “би ахлах зохицуулагчийн нөөцөнд орсон байгаа, жил болгон хэлтсийн хурлаар ороод явсан, миний асуудал хэлтсийн хурлаар ороод цаашаа явсан эсэхийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан би хэлтсийнхээ хурлаар ороод нөөцөнд орсон байгаа, нарийн ширийн учрыг нь би мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэгэхэд С.А- “за би чам руу эргээд яръя” гэж хэлээд утсаа салгасан” гэсэн мэдүүлэг /хх 3-н 210/,
Яллагдагчаар С.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...А.М-ийг нөөцөд ороогүй талаарх эргэлзээг арилгахаар түүний төрийн албан хаагчийн анкетад тусгагдсан ... дугаарын утас руу 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 16 цаг 32 минутад анх удаа дуудлага хийж түүнтэй холбогдон Тээврийн цагдаагийн албанаас ирүүлсэн санал, материалын талаар танилцуулж нөөцөд бүртгэгдсэн эсэхийг тодруулахад 2019-2020 онд ахлахын нөөцөд бүртгүүлэхээр албанаас санал хүргүүлсэн, дэмжиж байсан гэх тайлбар өгч байсан. Иймд нөөцөд бүртгэгдээгүй бол ахлахаар томилуулах боломжгүй юм гэсэн тайлбарыг өгсөн. А.М-ийг хувийн болон албаны үйл ажиллагаатай холбоотойгоор ямар нэгэн байдлаар танихгүй, урд нь тухайн хүнтэй харилцаж байгаагүй. ...Маргааш нь буюу 25-ны бямба гариг амралтын өдөр байсан өглөө 08 цаг 50 минутад сэрэхэд миний утсанд ... дугаарын утаснаас миний ... дугаарын утсанд “ахлахаа би он гараад тэтгэвэртээ гарах гэж байгаа, цол дөхсөн, ахлахын албан тушаалд томлигдох асуудлыг дэмжиж, туслалцаа үзүүлж өгөөч” гэх агуулга бүхий хэд хэдэн удаагийн давтамжтай мессеж илгээсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх 3-н 239/,
Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс явуулсан 20200011800019 дугаар албаны шалгалт явуулсан материал /хх 1-н 5-16/, Тээврийн цагдаагийн албанаас Цагдаагийн Ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтэст хүргүүлсэн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 15-1/1498 дугаар албан бичиг, холбогдох материал /хх 1-н 22-27/, Мобиком корпораци ХХК-ний 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18/6457 дугаартай албан бичигт ... дугаарын эзэмшигчийн мэдээлэл 2020.07.01-2020.09.30-ны өдрийн хоорондох хугацааны гадагш ярьсан болон илгээсэн мессежний дугаарын жагсаалт /хх 2-н 5-23/, С.А-ийн ... дугаарын утасны биллд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-н 87-88/, Цагдаагийн Ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 150 дугаартай мэдээлэл шалгасан тухай танилцуулга /хх 3-н 108-114/, Хаан банк дахь А.М-ийн ... дугаарын, Б.Х-гийн ... дугаарын харилцах данснуудын хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 2-н 62/, 2021 оны 8 дугаар сарын 24-ний өөр гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-н 45-55/, С.А-ийн хувийн хэрэг, албан тушаалын тодорхойлолт, ажил байдлын тодорхойололт /хх 1-н 38-140/, А.М-ийн хувийн хэрэг, ахлах зохицуулагчаар томилуулахаар судалсан материал /хх 1-н 141-239/, шүүгдэгч С.А-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 39-140, 241/, шүүгдэгч А.М-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 144-240, 244/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:
Шүүгдэгч С.А- нь ... ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх”, 7.1.5-д заасан албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах, 8 дугаар зүйлийн 8.1-д заасан Энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан үүрэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн авлигын талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдээлэх үүрэгтэй гэсэн заалт, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.2-д заасан “цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх, 2.3.4-д заасан авилга, хээл хахууль авах, өгөх, зуучлахгүй байх”, 2.3.6-д заасан “албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, далайлган сүрдүүлэх, бусдын өмч хөрөнгийг хувийн болон албан ажилд ашиглахгүй байх”, 2.4.2-д заасан “...албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” 2.4.9-д заасан “...шалгаж байгаа өргөдөл, гомдол, хэрэг, маргааны оролцогчидтой хувийн харьцаанд орохгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, Тээврийн цагдаагийн албанаас хүргүүлсэн Замын цагдаагийн газрын Хамгаалалтын хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч А.М-ийг ахлах зохицуулагчийн албан тушаалд дэвшүүлэн томилох эсэх материалыг Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Албан тушаал дэвшүүлэх” /код 909/-д зааснаар хянах хугацаандаа Замын цагдаагийн газрын Хамгаалалтын хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч А.М-ийн ахлах зохицуулагчийн албан тушаалд дэвшин томилогдох ашиг сонирхлын үүднээс албан тушаалын тодорхойлолтын 2 дугаар зорилтын 2.2 дахь хэсэгт засан “...хариуцсан алба, нэгжийн хүний нөөцийг судлах...”, 2.3 дахь хэсэгт заасан “...удирдах албан тушаалтныг хүний нөөцийн мэдээллээр хангах...” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд А.М-өөс 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр өглөө 09 цаг 12 минутад 500.000 төгрөгийн хахуулийг өөрийн Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авсан,
Шүүгдэгч А.М- нь Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Хамгаалалтын хэлтсийн зохицуулагчаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх” гэсэн заалт, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлилйн 2.3.2-д заасан цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх, 2.3.4-д заасан авлига, хээл хахууль авах, өгөх, зуучлахгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчиж тушаал дэвших буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор ахлах зохицуулагчийн албан тушаалд дэвшүүлэн томилох эсэх материалыг хянаж буй Цагдаагийн Ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.А-эд албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр өглөө 09 цаг 12 минутад 500.000 төгрөгийн хахуулийг Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гэмтэл, Согог судлалын Үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байхдаа өөрийн Хаан банкны ... дугаарын данснаас шилжүүлэн өгсөн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч нарын яллагдагчаар мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд, гэрч Б.Х-гийн: “...Утсаар ярьж дууссаны дараа нөхөр маань надад хандаж “манай ЦЕГ-ын Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн ярьж байна, миний материалыг судалж байгаа юм байна гэнээ, найз нөхдүүдтэйгээ уугаад 500.000 төгрөгний хэрэг байна гэнэ, миний данс руу 500.000 төгрөг шилжүүлээч” гэхээр нь би өөрийнхөө Хаан банкны ... дугаарын данснаас нөхрийнхөө хаан банкны ... дугаарын данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. ...нөхөр маань гар утасны мобайл банкаар 500.000 төгрөгийг тэр ЦЕГ-ын хүний данс руу шилжүүлчихлээ гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх 3-н 66-67/, гэрч Ж.Б-гийн: “...Би Авлигын эсрэг хуульд зааснаар авлигын гэмт хэргийн талаарх мэдээллийг эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэгтэй гэдгээ мэдэж байсан. Ахлах мэргэжилтэн С.А- 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр буюу бямба гаригт өөрийн ... дугаарын утаснаас миний ... дугаарын утас руу 08 цаг 55 минутад залгаад “Тээврийн цагдаагийн албаны Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч А.М- нь томилолтын асуудлыг шийдвэрлэхийн тулд надад 500.000 төгрөгийн миний дансанд хийчихлээ” гэж ярихад С.А-ийн ярианаас түүнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэдгийг мэдсэн юм. Тэгээд тухайн үед түүнийг загнаад яах вэ гэж бодоод аргадах маягтай “одоо архи дарс уухаа боль, гэртээ амраад нэг дэх өдөр ажил дээр уулзъя гэж хэлээд утсаа салгасан. Ингээд даваа гаригийн өглөө ажил цуглараад С.А-ийг өрөөндөө дуудаж уулзаад “юу болоод байгаа юм, болсон асуудлынхаа талаар надад илтгэх хуудас бичээд өг” гэж амаар үүрэг өгөөд гаргасан. Тэгээд С.А- надад илтгэх хуудас бичиж өгөхгүй удаад байхаар нь би өөрөө цагдаагийн ерөнхий газрын дэд даргын нэр дээр ахлах мэргэжилтэн С.А-ийн утсаар ярьж байсан асуудлыг надад амаар танилцуулсан хүрээнд илтгэх хуудас бичсэн юм ...Манай хэлтсийн алба хаагч нараас цагдаагийн алба хаагч нарын томилгооны асуудлыг тухайн хариуцан, хувиарласан зүйл байхгүй. Ажлын ачааллыг нь харгалзаж байгаад хэний ажил арай гайгүй байна тэр хүнд нь материалыг цохох байдлаар явдаг юм. ...Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн нь цагдаагийн алба хаагч нарын албан тушаалд томилогдох асуудлыг хариуцдаг, өргөдөл гомдлыг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэх зэрэг ажил үүргийн хуваартай байдаг. ...энэ мэдүүлэг үнэн зөв, би энэ он, сар, өдрийг маш сайн санаж байгаа учир нь би 7 хоног бүрийн өглөө эрт Зайсан толгой Цэцэрлэгт хүрээлэнгээр алхаж явдаг дадал зуршлтай, агаар салхинд алхаж байгаад 8 цаг гээд гэртээ ирчихдэг юм. Гэрт ирээд удаагүй байхад С.А- над руу ярихад нь гэрт хүүхдүүд унтаж байсан учир би гадаа тагтан дээр гарч С.А-тэй ярьж байсныг сайн санаж байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 121-122, 4-н 57-58/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансанд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч С.А- нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдээгүй, нотлох баримт цуглуулах, баримтжуулах зорилгоор М-өд дансаа өгсөн гэж мэдүүлсэн, шүүгдэгч С.А-ийн өмгөөлөгч Г.Ганбадрах “шүүгдэгч С.А-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй байгаа тул цагаатгаж” өгнө үү гэсэн санал,
Шүүгдэгч А.М-ийн өмгөөлөгч Р.Машлай “шүүгдэгч А.М- нь шүүгдэгч С.А-эд 500.000 төгрөгийг зээлсэн асуудал байгаа боловч энэ нь хахууль өгсөн үйлдэл биш тул цагаатгаж өгнө үү” гэсэн санал, хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.А- нь Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.М- нь өөрийн ахлахын албан тушаалд томилогдох эсэх материалыг С.А- хянаж байгааг мэдээд түүнд тухайн албан тушаалд очих хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн, улмаар С.А-ийн асууснаар түүнд 500.000 төгрөг шилжүүлсэн нь “нийтийн албан тушаалтан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” “Хахууль өгөх” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.
Хэдийгээр мөнгө зээлсэн гэх асуудал яригдаж байх боловч өөрийн албан тушаалд томилох эсэх материалыг хянаж байгаа албан тушаалтанд өөртөө давуу байдал бий болгох зорилгоор аливаа хэлбэрээр эд зүйл, мөнгө өгсөн нь дээрх гэмт хэргийн үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч А.М- нь шүүгдэгч С.А-ийг утсаар ярьж материал дутуу байгаа талаар мэдэгдсэний дараа, С.А- рүү дутуу материалыг бүрдүүлж өгөх хүртэл буцаалгүй байлгаж байх, тусалж дэмжих асуудал байна уу гэсэн мессеж бичиж гуйсан. Үүнтэй холбогдуулан согтуу найзуудтайгаа архи ууж байна, 500.000 төгрөгийн хэрэг байна гэж хэлэхээр нь мөнгө өгөх хэрэгтэй юм байна гэж ойлгоод явуулсан дансаар нь мөнгө шилжүүлсэн талаарх мэдүүлэг нь түүнд авилга өгөх санаа зорилготой байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.А- нь шүүгдэгч А.М-ийн холбогдох материалыг хянах явцдаа түүнтэй утсаар холбогдож, улмаар хувийн харилцаа тогтоон өөрийн дансаар 500.000 төгрөг шилжүүлэн авсан нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ.
Хэдийгээр шүүгдэгч нь баримтжуулах зорилгоор дансаа явуулж, мөнгө авсан гэж мэдүүлж байх боловч тухайн мөнгө шилжүүлсэн дариуд эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх боломжтой байсан. Нэгэнт түүний мэдүүлснээр утсанд нь мессежүүд ирсэн, түүний дансанд мөнгө орсон талаарх бүхий л баримтууд цугларсан байхад энэ талаар бүхий л арга хэмжээг авах боломжтой байжээ.
Гэрч Ж.Б-д шүүгдэгч А.М-ийг мөнгө шилжүүлсэн талаар мэдэгдсэн гэх боловч гэрч нь шүүх хуралдаанд тухайн ярьсан өдрийг 7 дугаар сарын 25, эсхүл 8 дугаар сарын 01-ний өдөр гэдгийг санахгүй байна гэж мэдүүлсэн. Тэрээр мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэг өгөхдөө 8 дугаар сарын 01-ний өдрийг тодорхой санаж мэдүүлэг өгсөн, мөн илтгэх хуудсанд 8 дугаар сарын 01-ний өдөр ярьж хэлсэн талаар бичсэн зэргээс үзэхэд шүүгдэгч С.А- нь шүүгдэгч А.М-өөс 7 дугаар сарын 25-ны өдөр 500.000 төгрөгийг шилжүүлэн аваад түүнтэй холбоотой материалыг шалгаж дуусаад албан тушаалд дэвшүүлэх боломжгүй талаарх хариуг 7 дугаар сарын 29-ний өдөр өгсөний дараа мэдэгдсэн болох нь тогтоогдож байна.
Түүнчлэн, гэрч Ж.Б- нь шүүгдэгч С.А-ийг илтгэх хуудас бичиж өг гэж удаа дараа хэлсэн, шүүгдэгч С.А- нь илтгэх хуудас бичиж өгөөгүй байсаар 9 дүгээр сарын 03-ны өдөр гэрч Ж.Б- өөрөө илтгэх хуудас бичиж шалгуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон.
Шүүгдэгч С.А- нь 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагын баяр болсны маргааш байсан гэж мэдүүлэх боловч тухайн өдөр цагдаагийн байгууллагын баяр байгаагүй, 7 дугаар сарын 18-ны өдөр баярын өдөр байсан нь аливаа интернэт төхөөрөмжид хайлт хийхэд илэрч байгаа илэрцээр тогтоогдоно гэсэн өмгөөлөгч Машлайн дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.А- нь өөрийн албан тушаал, ажил үүрэгтэйгээ холбоотойгоор шалгаж байгаа этгээдээс аливаа хэлбэрээр эд зүйл, мөнгө авсан нь хахууль авах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч С.А- болон түүний өмгөөлөгчөөс хавтаст хэрэгт авагдаагүй буюу М-өөс А- рүү явуулсан мессежүүдийг сэргээсэн баримтыг шүүх хуралдаанд авчирсан бөгөөд тухайн баримтыг шүүх үнэлээгүй, нотлох баримтад тооцох боломжгүй юм. Гэвч шүүх хуралдаанд шүүгдэгч А.М- би миний материалыг дутуу баримтыг бүрдүүлж өгөх хүртэл буцаалгүй байлгах, тусалж дэмжих асуудал байна уу гэсэн агуулга бүхий мессеж бичсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгч С.А-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан”,
Шүүгдэгч А.М-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.А- нь өөрийн эрхэлж байгаа ажилтай нь холбогдуулан шүүгдэгч А.М-өөс хахууль авсан, шүүгдэгч А.М- нь өөртөө давуу байдал бий болгох, ахлахын албан тушаалд томилогдох зорилгоор С.А-эд эд зүйл буюу 500.000 төгрөг өгсөн нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Улсын яллагчийн шүүгдэгч С.А-, А.М- нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч С.А-, А.М- нарыг нарыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч С.А-, А.М- нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч С.А-, А.М- нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 02 жил 1 сар хорих ял оногдуулах, шүүгдэгч А.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 02 жил хорих ял тус тус оногдуулах, шүүгдэгч С.А-ийн өмгөөлөгч торгуулийн ял доод хэмжээгээр оногдуулж өгнө үү, шүүгдэгч А.М-ийн өмгөөлөгч торгуулийн ял доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргасныг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч С.А-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар,
- Шүүгдэгч А.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-, А.М- нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-, А.М- нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу 500.000 төгрөгийг шүүгдэгч С.А- нь шүүгдэгч А.М-өд буцаан өгсөн ба уг мөнгийг шүүгдэгч нь улсын орлогод оруулсан болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.А-ийг “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч А.М-ийг “нийтийн албан тушаалтан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 01 жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс 01 жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-, А.М- нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.А-, А.М- нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-эд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 05 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, шүүгдэгч А.М-өд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А-, А.М- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР