Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2019/00956

 

ПОЭЭ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/03635 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 371 дугаар магадлалтай, 

ПОЭЭ ХХК-ийн нэхэмжлэлтэй

ГК ХХК-д холбогдох, 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 57.562.348 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч ПОЭЭ ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...ГК ХХК-тай 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр S2017/034 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 90,000 литр дизель түлшийг 1 литрийн үнэ 1,420 төгрөгөөр тохиролцсон. Тус гэрээний дагуу зээлээр худалдан авсан түлшнээс 38.374.899 төгрөгийн үндсэн төлбөрийг төлөөгүй байна. Энэ тухай талууд 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр тооцоо нийлсэн бөгөөд, үндсэн төлбөрийн үлдэгдэл хэмжээний талаар талуудын хооронд маргаан байхгүй. Гэрээний 2 дугаар хавсралтын 5 дахь хэсэгт төлбөрийг 10 дугаар сарын 10-ны дотор төлнө гэж заасан бөгөөд, гэрээний 3.2 дахь хэсэгт төлбөр хоцроосон хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,2 хувиар тооцож, алданги төлөхөөр заасан. Хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлбөр төлөх хугацааг өнөөдрийг хүртэл хойшлуулж, төлбөр төлөөгүй ирсэн байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй 19.187.449 төгрөгийг гаргуулахаар алдангийг шаардаж байгаа. Уг гэрээний 1.3 дахь хэсэгт хавсралтаар орсон нэмэлт гэрээ нь гэрээний салшгүй хэсэг байх бөгөөд энэ гэрээний нэгэн адил хүчинтэй гэж заасан. Зуны дизель түлшний 2017 оны 9 дүгээр сарын гэрээг хавсралтаар оруулж ирсэн. Хавсралт гэрээнд худалдах худалдан авах гэрээний гол нөхцөлүүдийг тусгасан. Бид гэрээний хугацааг тогтоохдоо 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дизел түлшээ нийлүүлнэ, хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлбөрийг шилжүүлнэ гэж тогтоосон. Иймд худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл, алданги нийт 57.562.348 төгрөгийг ГК ХХК-иар төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч ГК ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт Хүннү транс ХХК-ийн шатахуун түгээх станцыг түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан ба түрээслүүлэгч Хүннү транс ХХК нь одоогийн нэхэмжлэгч ПОЭЭ ХХК-д шатахуун түгээх станцаа худалдахаар болсон юм. Улмаар Хүннү транс ХХК-ийн шатахуун түгээх станцыг тус компанийн хүсэлтээр ПОЭЭ ХХК-д хүлээлгэн өгсөн. Хүлээлгэн өгөхдөө анх хүлээн авсан эд хогшил, тоног төхөөрөмжүүдийг бүрэн бүтнээр нь 2017 оны 10 дугаар сарын 17, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд хүлээлгэн өгсөн ба эд хөрөнгийн талаар түрээслүүлэгч Хүннү транс ХХК, шатахуун түгээх станцыг хүлээн авагч ПОЭЭ ХХК нарын зүгээс ямар нэгэн гомдол, маргаан тухайн үед гараагүй болно. Гэтэл хэсэг хугацааны дараа нэхэмжлэгч нь уг шатахуун түгээх станцыг худалдан авахаа больж, манайхаас хүлээн авч ашиглаж байх хугацаандаа уг станцын зарим эд хогшлыг эвдэлсэн байсан ба Хүннү транс ХХК нь ПОЭЭ ХХК-ийн тэдэнд учруулсан хохирлоор шалтаглан манай компанийн түрээсийн барьцаа 20.000.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл бидэнд өгөхгүй байна. Манай компани Хүннү транс ХХК-д түрээсийн төлбөрийн ямар нэгэн өр төлбөргүй. Иймд Хүннү транс ХХК нь манай компаниас шатахуун түгээх станцын эд хогшлын эвдрэлтэй холбоотойгоор бидний харьцаа 20.000.000 төгрөгөөс хэдэн төгрөг суутгана, тэр хэмжээгээр нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үндсэн төлбөр болох 38.374.899 төгрөгөөс суутгуулах хүсэлтэй байна. Талуудын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан S2017/034 тоот дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний 10.1-д ...гэрээнд заасан хугацаанд хүчинтэй хэвээр үйлчилнэ гэсэн байх ба гэрээний 1.3-т ...гэрээний хугацааг тодорхойлсон бөгөөд түүнд зааснаар гэрээ нь дуусах хугацаагүйгээр хийгдсэн байна. Эдгээрээс үзвэл талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дуусах болоогүй, одоог хүртэл хүчин төгөлдөр үргэлжилсээр байна. Хэрэв талуудын аль нэг нь гэрээнээс татгалзаж байгаа бол хуульд зааснаар нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнээс татгалзаж байгааг албан ёсоор мэдэгдээгүй байна. Иймээс нэхэмжлэгч нь алданги авах эрхгүй. Газрын тосны бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээн дээр ГК ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Д.Батсүх, Д.Басбиш нар зурсан байдаг. Өөрөөр хэлбэл, компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан. Энэхүү гэрээний 10.1 дэх хэсэгт гэрээ нь заасан хугацаа хүртэл үргэлжилнэ гэж заасан. Гэтэл гэрээний 1.3 дахь хэсэгт гэрээ дуусгавар болох хугацаа тавиагүй. Мөн гэрээний 10.2 дахь хэсэгт гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдэгдэнэ. 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн хавсралт гэрээгээр Зуны дизель түлшний 2017 оны 9 дүгээр сарын гэж гэрээ байгаа. 90,000 литрийг 1,420 төгрөгөөр тооцвол нийт 127.800.000 төгрөгөөр худалдаж авах гэрээ байгуулсан. Энэ гэрээг харвал 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн S/34 дугаартай гэрээ байна. Эндээс талуудын хооронд дахин 1 гэрээ байгуулагдсан мэт харагдаж байна. S/34 тоот гэрээ нь худалдан авалтын тоо хэмжээ үнэ ханш зэргийг тусгаагүй. Гэрээ гэдэг бол талуудын хоорондын хүсэл зоригийн үндсэн дээр хийгддэг. ПОЭЭ ХХК-ийн захирал нь н.Одмаа гэдэг нэртэй хүн байдаг. Шүүхэд гаргасан нэхэмжлэлд өөр нэртэй хүн дурдагдсан учраас нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхэд эргэлзэж байна. Тухайн үед гэрээнд ПОЭЭ ХХК-ийг төлөөлж н.Одмаа гарын үсэг зурсан байдаг. Газрын тосны худалдах, худалдан авах S/34 тоот гэрээ, Зуны дизель түлшний 2017 оны 9 дүгээр сарын гэрээнүүд тус тусдаа байгуулагдсан бие даасан гэрээнүүд. Хавсралт гэрээнд алданги тооцох үг өгүүлбэр байхгүй. Талуудын хооронд S/33 дугаартай гэрээ байгуулагдсан байх магадлалтай. Энэ гэрээг S/34 тоот гэрээнд хавсаргасан байх магадлалтай. Тэгэхээр энэ 2 гэрээ нь тус тусдаа гэрээнүүд учраас алданги нэхэмжлэх эрхгүй. Иймд хариуцагчийн зүгээс 38.374.899 төгрөгийг төлөхөд маргаангүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/03635 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ГК ХХК-иас 47 968 624 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ПОЭЭ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 593 725 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 445 761 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч ГК ХХК-иас 397 793 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ПОЭЭ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 371 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/03635 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ГК ХХК-иас 57 562 348 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ПОЭЭ ХХК-д олгосугай. гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т ...397 793... гэснийг ...445 760... гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 168 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Хариуцагчийн зүгээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн 57.562.348 төгрөгөөс 9.593.725 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж буй тул хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн шаардлага 38.374.899 төгрөг, анз 19.187.450 төгрөг, нийт 57.562.348 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 232.2-ийг үндэслэн анзын хэмжээг илт их байна гэж үзээд анзын хэмжээг 50 хувиар бууруулж 9.593.725 төгрөгөөр тогтоож, үндсэн шаардлага 38.374.899 төгрөгийн хамт нийт 47.968.624 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж анзын хэмжээг нэхэмжлэлийн хэмжээгээр хангаж, нэхэмжлэгчийн анхны нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Талуудын хооронд байгуулагдсан 2017.09.12-ны өдөр байгуулсан “Газрын тосны бүтээгдхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.3-т алдангийн хэмжээг өдрийн 0.2%-р тогтоосон байдаг. Энэ хэмжээг сараар тооцож үзвэл сарын 6% /өдрийн 0.2%*30 хоног/ болж байгаа юм. Өөрөөр хэлбэл сарын 6%-ийн хүүтэй мөнгө зээлсэнтэй ялгаагүй үйлдэл болж байгаа юм. Сарын 6% гэдэг нь ломбардны хүүгийн хэмжээ бөгөөд зах зээл дээр ийм өндөр хүүгийн болон алдангийн хэмжээ байхгүй. Үүнээс үзэхэд анзын хэмжээ өдөрт 0.2%, сард 6% болж байгаа нь илт их байгаа юм. Өөрөөр хэлбэл үндсэн шаардлага 38.374.899 төгрөгт сарын 6%-ийн анз бодогдсон нь хариуцагчид илт дарамт учруулсан өндөр хувь хэмжээ байна. Дээрх гэрээний дагуу 2017.09.30-нд худалдан авсан түлшний шаардах эрх нь 2017.10.10-нд үүссэн бөгөөд нэхэмжпэгч нь шаардах эрх үүсмэгц хэрэгжүүлэх ёстой байтал бүтэн жилийн дараа буюу 2018 оны 9-р сард шаардах эрхээ хэрэгжүүлэн нэхэмжлэл гаргасан байгаа юм. Энэ нь нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэлгүй, анзын хэмжээг их болгохын тулд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэн дээр дурдсан хэргийн нөхцөл байдлыг харгалзан илт их анзын хэмжээг багасган, хуулийн үндэслэл бүхий үнэн зөв шийдвэр гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нягтлах хүрээндээ дээрх нөхцөл байдлыг нягтлалгүйгээр өнгөц дүгнэлт хийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан. Хариуцагчийн хувьд үндсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй биш зөвшөөрч байгаа бөгөөд гагцхүү илт их, практик, бодит байдалд нийцэхгүй хэт өндөр анзын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Зохигчийн хооронд 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ээр нэхэмжлэгч ПОЭЭ ХХК нь “ГК” ХХК-д 9000 литр дизель түлш, 1 литр тутамыг 1420 төгрөгөөр худалдах, худалдан авагч “ГК” ХХК  гэрээний үнэд 127.800.000 төгрөг төлөх үүрэг тус тус хүлээсэн бөгөөд талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ болох, уг гэрээний хүчин төгөлдөр байдалд хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч 2017 оны 9 дүгээр сарын 13-наас 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 93.339 литр дизель түлш нийлүүлсний үнээс хариуцагч 38.374.899 төгрөг төлөөгүй талаар зохигч маргаагүй тул уг төлбөрийг хариуцагчаас гаргуулж олгосон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч гэрээний 3.3-т заасныг үндэслэж, дээрх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.2 хувиар алданги тооцон, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар нийт алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар хязгаарлаж 19.187.449 төгрөг нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх алдангийг багасгаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг зөрчсөн тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болох боловч ийм үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Анхан шатны шүүх алдангийн хэмжээг багасгахдаа үүрэг гүйцэтгүүлэгч төлбөрийг нэхэмжлэх эрхээ хэрэгжүүлээгүй гэсэн нь учир дутагдалтай байна.

Учир нь дизелийн сүүлчийн нийлүүлэлт хийсэн буюу 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дараа нэхэмжлэгч 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төлбөр төлөхийг хариуцагчид албан бичгээр мэдэгдсэн, үүний хариуд хариуцагч 2018 оны 01 дүгээр сард багтаан төлөхөө илэрхийлж, улмаар зарим төлбөрийг төлсөн, дараа нь 2 тал тооцоо нийлж акт үйлдсэн байна. Нэхэмжлэгч шүүхэд 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хандсан байх бөгөөд хугацааны хувьд нэхэмжлэгчийг өөрийн эрхээ хэрэгжүүлээгүй гэж буруутгах боломжгүй байна.

Нөгөө талаар хариуцагч алданги гаргуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргасан үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй,  алдангийг  багасгах хүсэлт гаргаагүй атал  шүүх өөрийн санаачилгаар алдангийг бууруулсан нь үндэслэлгүй. Алданги багасгах талаар үүрэг гүйцэтгэгч хүсэлт гаргасан байхыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зохицуулаагүй хэдий ч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу хүсэлт гарсан байх нь зохистой юм.

Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 371 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ