Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2017/0764/З |
Дугаар | 221/МА2019/0505 |
Огноо | 2019-09-25 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2019/0505
Т.Б, Н.Н нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Т.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нэхэмжлэгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Ц.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0343 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Т.Б, Н.Н нарын нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0343 дугаар шийдвэрээр: Шүүхийн захиргааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 7 дугаар зүйлийн 7.1.14, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Б, Н.Н нарын “...Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 201 дугаартай тушаалын хавсралтад заасан Т.Б, Н.Н нарт тус бүр 10,000,000 төгрөгийг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Т.Б, Н.Н нарт тус бур 10,000,000 төгрөгийг олгохыг даалгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Т.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “...1.Хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М миний нэхэмжлэлд холбогдуулан шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “...орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай” тушаал гаргаж, дөрвөн шүүгчид тус бүр 10 сая төгрөг болон нэг захиргааны албан хаагчид 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тушаалын дагуу эдгээр мөнгийг олгохоор болсон боловч санхүүгийн хүндрэл учирсны улмаас 2014 оны 12-р сард санхүүжилтийг татсан. ...Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Захиргааны шүүхэд хандан Сангийн яаманд холбогдуулж нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрч шийдвэрлэгдсэн байдаг. “...2015 ондоо уг мөнгийг олгохоор хичээж ажиллана” гэсэн байдлаар тохиролцсон байдаг. 2014-2016 онуудад улс орны эдийн засгийн асуудал хүндрэлтэй байсан бөгөөд эвлэрлийн гэрээг үндэслэж 2015 оны төсвийн санхүүжилтийг тодорхой хэмжээнд тусгуулан авсан боловч гүйцэтгэл 94 хувьтай байсан. “Орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай” тушаал нь холбогдох хууль тогтоомж болон Орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай журмыг үндэслэн гарсан. Энэ журам нь өөрөө гадагш чиглэсэн журам биш бөгөөд эерэг үзүүлэлт бүхий захиргааны акт юм. Энэ утгаараа уг акт нь дотогш чиглэсэн учраас нэхэмжлэгч нарт шууд шаардах эрх үүсэхгүй, энэ дэмжлэгийг олгоогүй байгаа” гэжээ.
Анхан шатны шүүх Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мгийн шүүгч нарын толгойг нь эргүүлсэн энэ тайлбарыг үндэс болгож миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Үндэслэл гэвэл: а/ Б.Мгийн тайлбарыг бодит харьцуулж үзвэл тэрээр “...2015 ондоо уг мөнгийг олгохоор хичээж ажиллана” гэсэн байдлаар тохиролцсон байдаг гэж өгсөн тайлбарыг шүүгч Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 03 сарын 31-ний өдрийн 0165 дугаартай шүүгчийн захирамжтай тулгаж үзээгүй байна, өөрөөр хэлбэл тухайн захирамжид чухам юу гэж заасан, хоёр тал чухам яаж тохиролцсон эсэхийг, мөн хариуцагч тал ямар үүрэг хүлээхээр болж тохиролцоонд хүрсэн эсэхийг хянаж, энэ талаар шүүхийн зүгээс дүгнэж үзээгүй байна. Уг захирамжийн 1-д “хариуцагч тал болох Сангийн яам нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны батлагдсан төсвөөс бүрэн санхүүжүүлэгдээгүй үлдсэн бараа, ажил, үйлчилгээний гэрээгээр нотлогдох зардал болох 2,908,043,376 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны батлагдсан төсөвт багтаан 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор санхүүжүүлэх талаар хичээж ажиллахаар үүрэг хүлээснээр дээрх эвлэрлийн гэрээ байгуулагдсан учрыг энэ шүүх хурлаас дүгнэж үзээгүй байна. Энэ захирамжид заасан талуудын тохиролцооны дагуу Сангийн яам нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн санхүүгээс татаж авсан. 2,908,043,376 төгрөгөөс тухайн жилд 94 хувийг олгосон байна. Энэ нь шүүх хуралдаанд оролцсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мгийн “...эвлэрлийн гэрээ үндэслэж 2015 оны төсвийн санхүүжилтийг тодорхой хэмжээнд тусгуулан авсан боловч гүйцэтгэл 94 хувьтай байсан” гэж, мөн Ц.Цгийн “...бид 2015 онд УИХ-аас баталж өгсөн төсвийг бүрэн хэмжээгээр авахын тулд эвлэрлийн гэрээний 2 дугаар заалтаар тодорхой болгож өгсөн. Мөн дээр дурдсаны дагуу 2015 оны төсвөө 100 хувь авч түүнээсээ төсвөө 94.4 хувьтай зарцуулсан” гэсэн тайлбараар батлагдаж байна шүү дээ. Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын “Орон сууцны дэмжлэг үзүүлэх” тухай 201 тоот тушаал болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015.03.31-ний өдрийн 0165 дугаартай захирамж өнөөдөр хүртэл хүчинтэй байсаар байхад, мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн “нэг удаагийн тэтгэмж, урамшуулал” гэсэн багцаас 2015-2017 оны хооронд 417,7 сая төгрөг гарсан байхад нэхэмжлэгч Нарантуяа шүүгч бид хоёрт олгох бүгд 20 сая төгрөгийг олгох боломж бүрэн байсан бөгөөд одоо ч гэсэн боломж бүрэн байна гэж үзэж байна. Тэгээд ч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд оролцсон хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цацралын “...орон сууцны дэмжлэг, нэг удаагийн тусламж, тэтгэмж бүгд нэг бүлэг доторх зардлууд, 2015 оноос орон сууцны дэмжлэг гэсэн тусгайлан эдийн засгийн ангилал байхгүй болсон учраас нэг удаагийн тусламж, дэмжлэгээс олгох боломжтой” гэж өгсөн тайлбарыг энэ удаагийн шүүх харж үзээгүйгээс гадна энэ удаагийн шүүх хуралдаанд оролцсон “хариуцагч” нараас энэ тайлбарын талаар лавшруулан асууж тодруулаагүй байна. Ер нь энэ хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон хүнийг энэ удаад ямар учраас сольж 100 эсрэг тайлбар гаргуулж байгаа нь шүүх буруу шийдвэр гаргахад нөлөөлсөн байна гэж бодож байна. Мөн урьд болсон хяналтын шатны шүүх Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цацралын гаргасан энэхүү тайлбарын зарим ялгаатай зүйлийг асууж тодруулах гэсэн заалтыг ч энэ удаад шүүх биелүүлээгүй байна шүү дээ.
б/ Б.Мгийн “...Орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай” тушаал нь холбогдох хууль тогтоомж болон Орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай журмыг үндэслэн гарсан. Энэ журам нь өөрөө гадагш чиглэсэн журам биш бөгөөд эерэг үзүүлэлт бүхий захиргааны акт юм. Энэ утгаараа уг акт нь дотогш чиглэсэн учраас нэхэмжлэгч нарт шууд шаардах эрх үүсэхгүй, энэ дэмжлэгийг олгоогүй байгаа” гэсний тухайд бол 2014 оны 11 сарын 12-ны өдрийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 201 дүгээр “Орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай” тушаалыг ямар хуулийн заалт баримталсныг шүүх бүрэлдэхүүн судлан үзэлгүйгээр зөвхөн Б.Мгийн аманд итгэж тухайн тушаалыг биелүүлэх эсхүл үл биелүүлэх асуудал дурын хэрэг гэсэн маягтай ярьсан үгийн дагуу анхан шатны шүүх буруу дүгнэлт хийж 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 128/ШШ2019/0343 дугаартай шийдвэр гаргасан нь хачирхалтай санагдаж байна.
Анхан шатны шүүх Шүүхийн захиргааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 7 дугаар зүйлийн 7.1.14, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.6 дахь хэсгийг буруу хэрэглэсэн. Учир нь эдгээр хуульд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно гэсэн заалт байхгүй. Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.
Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулаагүй. “Хэрэгсэхгүй болголоо” гэж хэлчхээд шууд гараад явсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн. Урьд нь анхан шатны шүүх манай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байсан. Энэ удаа нэхэмжлэлийг хангасан ч үгүй, бүр тайлбарласан ч үгүй. Шүүх хуралдаанаас гараад ирэхэд интернетээр бүрэлдэхүүний шүүгч А.Насандэлгэр хариуцагчийн буюу Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлсэн байсан. Өрсөлдөөн санал хураалт явагдаж байсан. Энэ утгаараа бүрэлдэхүүний шүүгч А.Насандэлгэр нь хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн буюу өөрийнхөө очих гэж байсан байгууллагын эрх ашгийг хамгаалж шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн. Гаргасан шийдвэртээ гарын үсэг зурахгүй 2 сар ална болсон. Бодвол Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн болох гэсэн ажлаа хөөцөлдөж явсан байх.
Анхан шатны шүүх “...эерэг нөлөөлөл бүхий акт байх боловч...” гэж үзээд уг актыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн тогтоолын дүгнэлт хэсгийг иш татаж тайлбарласан. Ингэж тайлбарлах шаардлагагүй байсан. Тэр дээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болоогүй. Захиргааны актыг тайлбарлах шаардлагагүй. Хуулийг тайлбарлах хэрэггүй, мөн үүрэггүй. Энэ талаар Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх заалт байгаа. Нэг үгээр хэлбэл товч тодорхой хууль байгаа.
Анхан шатны шүүх “...шүүхийн төсвийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах эрхийн хүрээнд байна...” гэсэн дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагаас хальсан. Мөн Батцэрэнгийн хүүд 3,2 сая, Цогтзандангийн эхнэрт 2,7 сая, Насанжаргалын нөхөрт 2,9 сая, нэр бүхий 23 иргэнд 23,0 сая, Оюунгэрэлийн эхнэрт 5,0 сая, Улсын дээд шүүхийн тээвэр шатахууны зардалд 2015 онд 131,2 сая, 2016 онд 139,1 сая, 2017 онд 147,4 сая төгрөг тус тус төсвийн ерөнхийлөн захирагчийн “Нэг удаагийн тэтгэмж, урамшуулал” гэсэн багцаас гарсан байгаа. Нэхэмжлэгч нарын 10,0 сая төгрөгийг өгчих боломж байсан байна гэж тайлбарлаж байхад төсвийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулсан байна гэж дүгнэлт хийсэн. Нэхэмжлэлийн шаардлагаас шал өөр асуудлаар ямар зорилготой ийм дүгнэлт хийсэн нь ойлгогдохгүй байна.
Анхан шатны шүүх “...ангиллаас нэхэмжлэгч нарт олгогдох мөнгийг санхүүжүүлэх үүрэгтэй байсан нь тогтоогдохгүй байна..., ...зардлын ангилалд мөнгө төсөвлөгдөөгүй болох нь тогтоогдож байна...” гэсэн дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй гэж үзнэ. Урьд нь энэ хэрэгт хариуцагч байсан Төрийн сангийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цацралын “...нэг удаагийн тусламж, дэмжлэгийн ангиллаас олгох боломжтой...” гэсэн тайлбарыг мэргэжлийн үүднээс давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хийж байсан. Төсвийн хуваарилалт хийдэг Сангийн яам, төрийн сангийн газар ийм тайлбар хийж байхад анхан шатны шүүх “санхүүжүүлэх үүрэг байхгүй” гэж үзлээ. Нэг удаагийн тэтгэмж, урамшуулал багцаас хүмүүсийн ар гэрийн хүмүүст, ямар ч утга учиргүй 23 хүнд 23 сая төгрөг, ганцхан дээд шүүхийн тээвэр шатахууны зардалд жилд 140,0 сая төгрөг зарцуулж байхаар эдгээрээс өмнө гарсан захиргааны актаа биелүүлчхэд боломжтой байсан үйл явдал харагдаж байгаа. Тухайн ангилалд мөнгө төсөвлөгдөөгүй гэх үндэслэл харагдахгүй байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өөрчлөлт оруулж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Н.Н давж заалдах гомдолдоо: “... 1.Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд өөрийн эрх мэдлийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 05 сарын 16-ны 38 дугаар тогтоолын хавсралт ёсоор батлагдсан “Орон сууцны дэмжлэг үзүүлэх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.7-д зааснаар шүүгчийн хараат бус ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд 201 дүгээр тушаал гарган үүний дагуу нэхэмжлэгч надад 10,000,000 төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр байгаа ба үүнийг хүчингүй болгосон, өөрчилсөн ямар нэгэн эрх зүйн акт байхгүй байгаа болно.
2. Намайг 2013 онд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байхад миний өөрийн санал, ажил, гэр бүл, ахуй амьдралын байдлыг нягтлан судлалгүйгээр шууд Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналаар Ерөнхийлөгчийн зарлиг гарган Улаанбаатар хотоос 130 км зайтай Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр шилжүүлэн ажиллах болсон. Миний ойлголтоор нүүлгэн шилжүүлэлт гэдэг нь Улаанбаатар хотоос Багануур дүүрэг хүртэл гэр орныхоо эд хогшлыг нүүлгэж зөөх гэсэн ойлголт гэж бодсон юм.
3. Багануур дүүрэгт ажиллахаар анх ирэхдээ өөрийн гэсэн амьдрах орон сууц байргүй 5 хоноод Улаанбаатар хот руу гэрлүүгээ явах, 2 хоноод Багануур луу буцаж ирэх гэсээр сар болсны эцэст аргагүйн эрхэнд айлын байр түрээслэн өөрийн цалингаасаа түрээсийн төлбөрөө төлж хохирсон.
4. Улаанбаатар хотод би өөрийн гэсэн орон сууцтай, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг. Багануурт ажиллах болсноор түрээсийн байрны мөнгө, байрны хөлс давхар төлж хохирч ирсэн.
5. Түрээсийн байранд амьдрах хугацаа дуусаад Багануурт ажиллаж амьдрахын тулд аргагүй эрхэнд цалингийн зээлээр 35.000.000 төгрөгөөр 1 өрөө байр худалдан авч цалингүй болж зээлийн хугацаа одоо ч дуусаагүй цалингаасаа сар бүр суутгуулан төлж бас л хохирсоор байна.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Захиргааны байгууллагын эс үйлдэхүй гэх ойлголтыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан тодорхойлолтоор дурдсан байна. Миний бие Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын эрх хэмжээний хүрээнд гаргасан тушаалынхаа хэрэгжилтийг биелүүлэхгүй байгаа талаар удаа дараа гомдол, өргөдөл гаргаж байсныг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага биелүүлэлгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан явдлыг эс үйлдэхүй гэж нэхэмжлэлдээ дурдсан байгааг шүүх буруу ойлгон шийдвэртээ тусгасан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
7. Анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгч нарт эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гарч байх үе болох 2014 онд “Орон сууцны дэмжлэг гэдэг ангилал байсан, харин 2015 оноос хойш одоог хүртэл энэ ангиллыг халсан зүйл байхгүй боловч Улсын Их хурлаас мөнгө тавихгүй 0 /тэг/ дүнгээр баталж ирсэн гэж тайлбарладаг. Гэтэл “Орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай” 201 дүгээр тушаал нь 2014 оны 11 сард гарсан байхад Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсөвт уг мөнгө тусгагдсанаар тушаалд дурдах ёстой эсвэл 2015 оны төсөвт тусгах ёстой байсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөн болохоор Сангийн яам манай төсвийн 2.9 тэрбум төгрөгийг татаад авчихсан манайх заргалдаж байгаа уг мөнгийг буцаан авбал 10,000,000 төгрөгийг олгоно гэсэн боловч худал ойлголт өгөн төөрөгдүүлсэн гэж үзэж байна. 8.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөл, Сангийн яам хоёрын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг баталсан тухай шүүгчийн захирамжийн талаар дурджээ. Энэ захирамжаар батлагдсан эвлэрлийн гэрээний дагуу 2.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс авсан гэж тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт хийсэн байна. Улсын төсвөөс дээрх санхүүжилт хийгдсэн, хийгдээгүй эсэхийг шүүх яаж тогтоосон нь ойлгомжгүй байна.
Миний хувьд нэхэмжилж буй 10 сая төгрөгөөс гадна Багануурт шилжин ажилласнаар эдийн засгийн хувьд хэд дахин их 10 сая төгрөгөөр хохирч байгааг шүүх анхаарч дүгнэлт хийсэнгүй. 2015 онд орон сууцны дэмжлэг ангилал, санд мөнгө шилжүүлэхээ больж энэ дэмжлэгийг төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад шилжүүлсэн. Энэ нь Сангийн яамны сайд асан Ж.Эрдэнэбатын Шүүхийн ерөнхий зөвлөлд илгээсэн албан тоотод бий. Иймээс санхүүч Наранбилэг нь эндээсээ зохицуулаад өгнө гэж удаа дараа хэлдэг байсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж дээрх 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Н надад гаргуулж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Нэхэмжлэгч Т.Б, Н.Н нар нь “Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 201 дүгээр тушаалын хавсралтад заасан Т.Б, Н.Н нарт тус бүр 10,000,000 төгрөгийг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Т.Б, Н.Н нарт тус бур 10,000,000 төгрөгийг олгохыг даалгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргажээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай” 201 дүгээр тушаалаар “Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7, 18.4, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.6, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5, Орон сууцны дэмжлэг олгох тухай журмын 4.7 дахь заалт болон өөрсдийнх нь хүсэлтийг үндэслэн Т.Б, Н.Н нарт орон сууцны дэмжлэг үзүүлэхээр тус бүр 10,000,000 сая төгрөг олгох”-оор шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч нар нь “...одоог хүртэл тушаал биелэгдээгүй, ...Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн “нэг удаагийн тэтгэмж, урамшуулал” гэсэн багцаас нэхэмжлэгч бид нарт тус бүр 10,000,000 төгрөгийг олгох боломж бүрэн байсан...” гэсэн үндэслэлээр шүүхэд маргажээ.
Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.9-д Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны төсвийн шууд захирагч байхаар, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д зааснаар төсвийн шууд захирагч нь батлагдсан төсвийг “зориулалтын дагуу зарцуулах” бүрэн эрхтэй байна.
Мөн Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13-д зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ шүүхийн төсвийг зориулалтын дагуу хуваарилан, төсвийн гүйцэтгэлийг үр ашигтай зохион байгуулахаар заасан байна.
Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл, төсвийн шууд захирагч нь улсын төсвийг зөвхөн батлагдсан зориулалтын дагуу хувиарлаж, захиран зарцуулдаг бөгөөд үүний дагуу нэхэмжлэгч нарт орон сууцны дэмжлэг 10,000,000 төгрөгийг тус бүр олгогдохоор шийдвэрлэсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 201 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангуулахаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2015-2017 оны төсвийн төсөөллийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хэдий ч одоог хүртэл Улсын Их Хурлаас “Орон байраар хангах, дэмжлэг үзүүлэх” зардалд мөнгө төсөвлөгдөхгүй байгаагаас орон сууцны дэмжлэгт 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт олгогдохгүй байгаа энэ тохиолдолд хариуцагчийг хууль бусаар татгалзаж, эс үйлдэхүй гаргасан гэж үзэх боломжгүй байна.
Хэдийгээр, нэхэмжлэгч нарт 2014 онд орон сууцны дэмжлэг үзүүлэх зорилгоор 10,000,000 төгрөг олгогдохоор шийдвэрлэсэн эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гарсан ч Улсын Их Хурлаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Орон байраар хангах, дэмжлэг үзүүлэх” зардалд мөнгө төсөвлөгдөхгүй байгаа болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон.
Тиймээс орон сууцны дэмжлэгт 10,000,000 төгрөгийг олгохгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.
Үүнээс гадна нэхэмжлэгч нар нь “Шүүхийн ерөнхий зөвлөлийн “нэг удаагийн тэтгэмж, урамшуулал”-ын багцаас 10,000,000 төгрөгийг олгох бүрэн боломжтой” гэж маргасан нь үндэслэлгүй.
Учир нь Шүүхийн ерөнхий зөвлөл болоод аливаа төсвийн шууд захирагч нь жил бүр Улсын Их Хурлаас баталсан төсвийг Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13-д зааснаар зөвхөн зориулалтын дагуу захиран зарцуулдаг байна.
Иймд нэхэмжлэгч нарын “...Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн “нэг удаагийн тэтгэмж, урамшуулал” гэсэн багцаас 2015-2017 оны хооронд 417,7 сая төгрөг гарсан байхад нэхэмжлэгч нарт олгох бүгд 20 сая төгрөгийг олгох боломж бүрэн байсан бөгөөд одоо ч гэсэн боломж бүрэн байна...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0343 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас тус бүр давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН