Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 152

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2016/0172/Э/ Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг, Хохирогч О.Бямбасүрэн, Шүүгдэгч Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монголоохон Баасанжавын Батбаярт холбогдох эрүүгийн 201609000294 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Монголоохон Баасанжавын Батбаяр, 1984 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 32 настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Сэргэлэнгийн 2 дугаар гудамж 19 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, 1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 01-р сарын 21-ний өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 317А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 5 жил 10 хоног хорих, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг журамлан 5 жил 10 хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 жил 10 хоног хорих ялаар тогтоосон, 3. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, ТВ84102473 регистрийн дугаартай. Шүүгдэгч Б.Батбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ. Desktop/Т.Батжаргал шүүгч/шийтгэх тогтоол/Б.Батбаяр-216.2 Шүүгдэгч Б.Батбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь Шүүгдэгч Б.Батбаяр нь 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Ханжаргалантын гудамж дагуу байх асфальтан хучилттай авто замаар 7205 ДАР улсын дугаартай Хонда лого маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам дагуу алхаж явсан иргэн О.Бямбасүрэнг шүргэж зам тээврийн осол гаргаж бие махбодид тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулж, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан болох нь Шүүгдэгч Б.Батбаярын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагийн орчим эхнэр Эрдэнчимэг түүний охин Ууганцэцэгийн хамт /5 настай/ гурвуулаа Дархан сумын 7 дугаар багийн Сэргэлэнгийн гудамжинд байх эх Оюунцэцэгийн гэрт оччихоод харих гээд биржийн арын замаар явж байсан. Тухайн үед эхнэр Эрдэнэчимэгтэй маргалдаж байхдаа түүн рүү /Эрдэнэчимэг арын суудал дээр сууж явсан/ хараад буцаад зам руу харахад зам хөндлөн гарч явсан залуугийн зүүн тохойг машины баруун талын толиор шүргэж тэр залуу газар уначихсан. Миний машины толь хугарсан. Тухайн үед сандраад зогсолгүй явсан. Бид хоёр тосгонд байх танил ах Хашчулууны гэрт очиж түүнд болсон явдлын талаар хэлэхэд машинаа зогсоогоод тэр залуутайгаа уулзаад, цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөхгүй яасан юм бэ одоо цагдаа руу очиж уулз гэсэн. Би сандраад айсан байсан учраас Хашчулуун ахаар нэг шил пиво авхуулж уусан. 22-23 цагийн орчим цагдаагийн албан хаагчид Хашчулуун ахын гэрт ирж намайг саатуулсан. Би тухайн үед 40 км цагийн хурдтай явсан. Би замын хөдөлгөөнд оролцож явахдаа согтуу байгаагүй. Сүүлд зам тээврийн осол гарсны дараа Хашчулуун ахаар пиво авхуулж уусан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө гэх мэдүүлэг, Хохирогч О.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 13-14 цагийн орчим Ханжаргалантын гудамжинд байдаг Тэлмэн нэртэй хүнсний дэлгүүр орчхоод гэр рүүгээ засмал замын баруун гар талаар буюу ертөнцийн зүгээр хойд талаар зам дагуу Ханжаргалангийн 9 дүгээр гудамжны орчим алхаж явтал хойноос ирсэн суудлын автомашин миний зүүн гарын тохойг баруун талын толиороо шүргэхэд би замын баруун талын жалга руу шидэгдэж унасан. Тэр машин намайг шүргэчхээд зогсолгүй шууд яваад өгсөн. Би тэр машиныг ямар машин байсныг нь харж чадаагүй. Би зам тээврийн осол болж газар шидэгдэж унаснаас болж толгой хэсэг өвдсөн. Мөн тухайн үед зүүн гарын тохойн хэсэг хөндүүрлэж, өвдөж байсан. Намайг шүргэсэн машин нилээн хурдтай явж байсан. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/, Гэрч Ч.Пүрэвнямын мөрдөн байцаалтад өгсөн: Би 7205 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслээ 2016 оны 01 дүгээр сард Батбаярт 2 сая төгрөгөөр бодож зарсан. Тухайн үед Батбаяр 1 500 000 төгрөгийг бэлэн өгсөн. Одоо 500 000 төгрөг төлөөгүй дутуу байгаа. Үлдэгдэл 500 000 төгрөгийг өгөөд машины эзэмшигчийн нэрийг шилжүүлнэ гэж тохирсон. Энэ машин Батбаярын машин учраас надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/, Гэрч Э.Хашчулууны мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Батбаяр эхнэр Чимгээгийн хамт манай гэрт өөрийнхөө Хонда лого маркийн машинтай ирсэн. Түүний машины баруун урд талын толь нь хугарчихсан байсан. Батбаяр тухайн үед сандарсан байдалтай байхаар нь юу болсон юм бэ гэхэд би биржийн арын замаар явж байгаад хүн шүргэчихлээ гэж хэлсэн. Би “шүргүүлсэн хүн чинь зүгээр юм уу гэхэд “толиндоо харсан чинь уначихаад зүгээр босож ирж байна лээ” гэхээр нь би Батбаярт чи цагдаад очиж хэргээ хүлээхгүй бол болохгүй шүү гэж хэлсэн. Батбаяр сандарсан байдалтай байхаар нь тайвшруулах санаатай өөртөө уух гээд авсан байсан нэг пивоо өгөхөд Батбаяр уугаад байж байтал цагдаагийн албан хаагч орж ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/, 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 19 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Х/Лого маркийн 7205 ДАР улсын дугаартай автомашины жолооч Баасанжавын Батбаяр нь МУ-ын ЗХДүрэм 2-р бүлэг 2.1.А “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэх, бичиг баримтыг биедээ авч явна” мөн дүрмийн 2-р бүлэг 2.7/А-д “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” мөн дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 2-р бүлгийн 2.5.В-д “Зам тээврийн осол холбогдсон жолооч зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх үүрэг хүлээнэ”, мөн бүлгийн 2.7.В-д “Жолоочид зам тээврийн ослын дараа шинжилгээ авах, эсвэл шаардлагагүй гэж эрх бүхий этгээд шийдвэр гаргах хүртэл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч буюу ослын схем зураг дээрээс тогтоогдож байна. ...явган зорчигч Отгонжаргалын Бямбасүрэн нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна.” гэжээ /хх-ийн 26-р хуудас/, 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 592 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “О.Бямбасүрэнгийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-ийн 40-р хуудас/, 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 102 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн шинжлэгдэн байгаа толины хагархайнууд нь нэг бүрчлэн хагархай байна. Уг толь нь 7205 ДАР улсын дугаартай цэнхэр өнгийн Хонда лого маркийн машины толь мөн байна” гэжээ /хх-ийн 44-р хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 4-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6, 8, 31, 45-46-р хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Шүүгдэгч Б.Батбаяр нь урьд ял шийтгэгдэж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбаруудаар /хх-ийн 59, 78-79, 85-86-р хуудас/ тогтоогдож байгаа хэдий ч шүүгдэгчийн сүүлд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т заасан ялтайд тооцох хугацаа дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч Б.Батбаярт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцож түүнд хорих ял оногдуулж дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.Батбаярын автомашины баруун талын хагархай толийг тогтоол хчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Шүүгдэгч Монголоохон Баасанжавын Батбаярыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батбаярыг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батбаярт оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Батбаярт оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн машины хагархай толийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батбаярт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ