Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 882

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан Д.Б -ийн нэхэмжлэлтэй, БЗД ТХДаргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийв.

Нэхэмжлэгч: Д.Б  

Хариуцагч: БЗД ТХДарга 

            Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/09 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох” тухай тушаалыг хүчингүй болгож, Д.Б  намайг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын орон тооны бус байцаагчийн албан тушаалд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...******* миний бие Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 160 дугаартай тушаалаар тус хэлтсийн орон тооны бус байцаагчаар томилогдсон. Татварын улсын байцаагчийн шалгалтад орж тэнцэж Татварын Ерөнхий Газрын даргын 2008 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 91 дугаартай тушаалаар Татварын Улсын байцаагчийн эрхийг авсан.

Миний бие Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын байцаагчаар нийтдээ 9 жил тасралтгүй ажиллаж байгаад 2015 оны 05 дугаар сараас 27-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүртэл жирэмсний амралт, хүүхэд асрах чөлөөг авсан. Мөн хүүхэд асрах чөлөөгөө 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сунгасан.

Ингээд хүүхэд асрах чөлөөний хугацаа 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дуусч ажилдаа орох хүсэлтэй байгаа тухай илэрхийлж хүсэлтээ бичгээр хэлтсийн даргад өгсөн боловч албан ёсоор хариу өгөлгүй хүлээж байхыг хүссэн.

Цаг хугацаа өнгөрөөд байгаа тул ямар нэг арга хэмжээ авахыг хүссэн боловч “Боловсон хүчний дарга хүлээж бай дарга нар амарсан шийд гараагүй, 8 сард шийдэгдэх байх” гэх байдлаар маш их удаан хүлээлгэсэн. Хүсэлт өгснөөсөө хойш сар бүр очиж асууж байсан боловч шийдэж өгөөгүй. 05 дугаар сараас хойш хугацаа маш их алдаж он дамнаж эхэлсэн. Иргэн намайг ажилд эргүүлэн авахгүй байсны улмаас миний нийгмийн даатгалын төлөлт тасарсан байсан.

Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр арга буюу шүүхэд хандах зорилгоор өөрт холбогдох баримтуудаа хуулбарлан авах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтрээ авах гэж очтол “өөрийн хүсэлтээр ажлаас халагдах” хүсэлтээ өг гэж шаардсан, би хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлж өөрт холбогдох баримтуудаа хуулбар дардас даруулж авсан.

Тэгтэл надад мэдэгдэл гэх зүйлийг өгсөн. Үүний дараа Нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/09 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох” тухай тушаал гарсныг мэдээд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гардаж авсан.

Мөн миний нийгмийн даатгалын дэвтэрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлөлт хийсэн тухай бичилтийг хийж, дэвтрийн ар талд ажлаас чөлөөлсөн тэмдэглэгээг хийсэн байсан.

Уг тушаалын ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон хуулийн заалт, зохицуулалт, мөн цаг хугацааны хувьд ч хууль зүйн үндэслэлгүй төдийгүй иргэн миний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрх болон Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болсон.

Ингээд тус Нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/09 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох" тухай тушаалыг хүчингүй болгуулж ажилдаа эргүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг хэлэлцээд “иргэн Д.Б айгалмаагийн гаргасан нэхэмжлэл нь иргэний хэргийн харьяаллын хэрэг биш харин Захиргааны хэргийн шүүхийн харьяалал байна” гэж үзэж 101/Ш32019/10105 дугаартай шүүгчийн захирамжаар тус иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 101/Ш32019/10105 дугаартай шүүгчийн захирамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргасан боловч 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 101/ШТ2019/0036 дугаартай шүүхийн тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Энэхүү Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 101/Ш32019/10105 дугаартай шүүгчийн захирамж болон 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 101/ШТ2019/00368 дугаартай шүүхийн тогтоолыг тус шүүхээс бичгийн хэлбэрт оруулан гаргаж өгөхгүй хугацааг алдагдуулсан ба 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Л.Энхжаргал шүүгчийн туслах Д.М гаас /утас: 99977..../ шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол болон нэхэмжлэлтэй бүрдүүлэн өгсөн материалыг гардан аваад Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/09 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, Д.Б намайг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын орон тооны бус байцаагчийн албан тушаалд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Нэхэмжлэгч Д.Б нь “Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргьн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/09 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох” тухай тушаалыг хүчингүй болгож, Д.Б намайг тус дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн албан тушаалд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” гэх нэхэмжлэл бичиж 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тус дүүргийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан уг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна.

1. Даш овогтой Байгальмаа нь Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 160 дугаар тушаалаар тус хэлтсийн Хүн амын орлогын албан татварын тасагт орон тооны бус байцаагчаар ажилд орж Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан.

Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж, цаашид Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1.6 дахь хэсэг, Татварын ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 03/3214 дугаар чиглэл өгөх тухай албан бичиг, Нийслэлийн татварын газрын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/1261 дугаар чиглэл, Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн чиглэлийн дагуу хөдөлмөрийн гэрээг сунгах боломжгүй болсон тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.

Орон тооны бус байцаагч нар нь Татварын ерөнхий газраас биш тухайн дүүргийн төсвөөс санхүүжиж цалин нь олгогддог боловч орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх ажлыг хийж гүйцэтгэдэг байсан гэрээт ажилтнууд юм.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1.6 дахь хэсэгт төрийн жинхэнэ албан хаагч жирэмсний болон амаржсаны амралттай байгаа, эсхүл 3 сараас дээш хугацааны сургалтад хамрагдаж сул орон тоо гарснаас бусад тохиолдолд төрийн албаны сул орон тоонд гэрээт ажилтан томилохгүй байх зарчим баримталж, төрийн байгууллагад албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн богино хугацаагаар ажиллуулахаас бусад тохиолдолд гэрээт ажилтан ажиллуулахгүй байх” гэсэн заалтад орон тооны бус байцаагчид хамаарах ба үүнтэй холбоотойгоор дээд газраас буюу Татварын ерөнхий газар, Нийслэлийн татварын газраас үндсэн ажлын байранд татварын албаны үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах орон тоо гэрээт ажилтанд байхгүй болсон тул чөлөөлөх талаар чигдэл ирүүлснээр ажлаас чөлөөлсөн.

Мөн дээрх тогтоол гарсантай холбогдуулан Баянзүрх дүүргийн Төрийн сангийн
хэлтсээс Орон тооны бус байцаагчдын цалингийн санхүүжилтийг олгохгүй болсон тул
цалин өгөх эх үүсвэргүй болсон.

Тушаал гарахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн дагуу хийгдсэн сонсох
ажиллагааны явцад Д.Б айгальмаад энэ талаар тайлбарлан цаашид Үндэсний татварын албанд ажиллуулах нөхцөл боломж нь хууль зүйн хүрээнд боломжгүй байгааг хэлсэн болно.

Иймд ажлын байр болон цалингийн санхүүжилт байхгүйн улмаас Хөдөлмөрийн
гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн Д.Б -ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс “Нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/09 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох” тухай тушаалыг хүчингүй болгож, Д.Б намайг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын орон тооны бус байцаагчийн албан тушаалд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

            Маргаан бүхий Нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/09 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.3, 37.1.4, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол, Хэлтсийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтыг тус тус үндэслэн Татварын ерөнхий хуулийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 03/3214 дугаар чиглэл өгөх тухай албан бичиг, Нийслэлийн Татварын газрын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/1261 дугаар чиглэл өгөх тухай албан бичигт” Төрийн байгууллагад албан ажлын зайлшгүй ажиллуулахгүй байх” гэсний дагуу хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан Хувь хүний татварын тасгийн орон тооны бус байцаагч Даш овогтой Байгальмаагийн хөдөлмөрийн гэрээг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөр дуусгавар болгож шийдвэрлэжээ.

            Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 160 дугаар “Ажилд томилох тухай” тушаалаар Хүн амын орлогын албан татварын тасагт татварын орон тооны бус байцаагчаар томилогдон ажиллаж байгаад мөн даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/64 тоот тушаалаар 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай хүүхэд асрах чөлөө авч, мөн даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/61 дүгээр тушаалаар 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөөгөө сунгуулсан байна.

            Ингээд 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст хандан  ажилдаа буцаж орох тухай хүсэлтийг гаргажээ.

            Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоолын 1.6-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч жирэмсний болон амаржсаны амралттай байгаа, эсхүл 3 сараас дээш хугацааны сургалтад хамрагдаж сул орон тоо гарснаас бусад тохиолдолд төрийн албаны сул орон тоонд гэрээт ажилтан томилохгүй байх зарчим баримталж, төрийн байгууллагад албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн богино хугацаагаар ажиллуулахаас бусад тохиолдолд гэрээт ажилтан ажиллуулахгүй байхыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарт үүрэг болгосон байна.

            Дээрх тогтоолын дагуу Татварын ерөнхий хуулийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 03/3214 дугаар “Чиглэл хүргүүлэх тухай”, Нийслэлийн Татварын газрын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/1261 дугаар “Чиглэл хүргүүлж, судалгааг нэмж авах тухай” албан бичгүүдээр нийслэл, дүүргийн татварын албанд ажиллаж буй гэрээт ажилтан буюу орон тооны бус байцаагчдын хөдөлмөрийн гэрээг цуцлах ажлыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор зохион байгуулж, танилцуулахыг мэдэгдсэн байна.

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “талууд харилцан тохирсон”, 37.1.3-д “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон”, 37.1.4-д “Хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан”, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Бүх шатны төсвийн захирагч төсвийн хэрэгжилтийн талаар дараах үүрэг хүлээнэ:”, 41.2.2-т “Батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах” гэж тус тус зааснаас үзэхэд хариуцагч Нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/09 дугаартай тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

            Татварын ерөнхий газрын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10/3286 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Д.Б нь гэрээт ажилтан тул татварын улсын байцаагчийн эрхгүй, татварын улсын байцаагчаар томилогдсон шийдвэр гараагүй гэх тайлбарыг ирүүлсэн, мөн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02/1284 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын орон тооны бус байцаагчийн албан тушаалд төрийн албаны шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдээгүй байхад томилсон гэх тайлбарыг тус тус ирүүлсэн.

            Дээрх тайлбарууд болон Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.4-т “Жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй, түүнчлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсхүл төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг сонгон авч, тодорхой хугацаагаар түр орлон гүйцэтгүүлэх”, 43.6-д “Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно.” гэж тус тус зааснаас дүгнэхэд нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг эдэлж, урьд эрхэлж байсан албан тушаалдаа эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахыг шаардах эрхгүй байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бөгөөд шүүхийн шийдвэр бодит байдалд биелэгдэх боломжтой байх ёстой.

            Тодруулбал, орон тооны бус байцаагч нарын ажлын байрыг хэвээр хадгалах нөхцөлийг Татварын ерөнхий газрын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10/3883 тоот албан бичгээр тодорхой заасан бөгөөд хууль тогтоомжид заасан амралт эдлүүлэх хугацаа дуусаж эргэж орох хүсэлт гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээгээр ажил үүрэг гүйцэтгэхгүй болсон нөхцөл байдлыг танилцуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-д заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохыг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст мэдэгдсэн байна.

            Дээрх нөхцөл байдлыг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 19/01 дугаартай мэдэгдлээр нэхэмжлэгчид тусгайлан мэдэгдсэн тул хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эргүүлэн томилсон ч татварын албанд орон тооны бус байцаагч ажиллуулах ямар нэгэн хуулийн зохицуулах байхгүй тул шүүхийн шийдвэр бодит байдалд биелэгдэх боломжгүй.

            Мөн нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтийн дагуу урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь буцаан томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүйтэй холбогдуулж маргаагүй болохыг тусгайлан дурдах нь зүйтэй.

            Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Татварын улсын байцаагчийн эрх олгохоос өмнө нэг жилийн туршилтын хугацаагаар дагалдангаар ажиллаж байгаа татварын ажилтанг хураагч гэнэ.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч энэхүү шаардлагыг хангаагүй тул мөн л томилох боломжгүй.

            Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч нь БЗД ТХДаргатай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч тэрээр Татварын ерөнхий хуульд заасан татварын улсын байцаагчийн татвар төлөгчид үйлчлэх, татвар хураах, тайлан хүлээн авах, хяналт шалгалт хийх, эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллаж байсан тул Үр дүнгийн гэрээ байгуулсныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үгүйсгээгүй.                      

Иймд дээр дурдсан үндэслэл болон бодит нөхцөл байдлыг дүгнэхэд маргаан бүхий Б/09 дүгээр тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй,  2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид бүрэн нийцсэн  байх тул уг тушаалыг хүчингүй болгож, Д.Б айгальмааг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын орон тооны бус байцаагчийн албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв. 

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.3, 37.1.4, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.Б -ийн гаргасан “Нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/09 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох” тухай тушаалыг хүчингүй болгож, Д.Б намайг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын орон тооны бус байцаагчийн албан тушаалд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ДОЛГОРСҮРЭН