Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/799

 

 

 

 

 

 

 

 

2021           12           07                                         2021/ШЦТ/799

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч А.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Бэсүд овогт Амгалангийн О-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 210500000119 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймаг Цогт суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Баянгол дүүрэг ... дугаар хороо Зүүн нарангийн ... дугаар гудамж ...  тоотод оршин суух, Чингэлтэй дүүрэг ...  дугаар хороо Согоотын ... дугаар гудамж ....  тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 871 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Бэсүд овогт Амгалангийн О-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.О- нь 2021 оны 7 дугаар сарын 10-наас 11-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо 25 дугаар байрны гадна байх авто зогсоолын автомат хаалгыг хугалж гэмтээн Дөл 25 СӨХ-д 550,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.О- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

         

          Шүүгдэгч А.О- нь 2021 оны 7 дугаар сарын 10-наас 11-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо 25 дугаар байрны гадна байх авто зогсоолын автомат хаалгыг хугалж гэмтээн Дөл 25 СӨХ-д 550,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Дүрс бичлэгт үзлэг хийсэн “ ... Тус автомашины жолооч бууж ирээд хаалтыг хөшиж дээш нь гараараа түлхэж байгаад буцаад машиндаа суугаад дахин бууж ирээд автомашины зогсоолын хаалтыг гараараа түлхэж хөшиж тахийлгаад машиндаа сууж машинаа зогсоолоос гаргаад машинаа зогсоож бууж ирээд хаалтыг гараараа хөшсөн зүгийн эсрэг зүгт түлхэж хөшиж байрлуулаад хаалтыг анх байсан хивэнд нь оруулаад машинаа унаад явж байгаагаар бичлэг дууссан байна. Нийт 15 минут 05 секундийн бичлэг байна. Тээврийн хэрэгслийн улсын дугаар 9010 УБТ, автомашиныг жолоодож яваа эмэгтэй нь хар өнгийн өмд цамц өмссөн байна. ...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 9-10 дугаар хуудас/,

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн “... Баянгол дүүргийн 7 дугаар хороо 25 дугаар байрны авто зогсоолын 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн бичлэгийг 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр шүүж үзсэн чинь жижиг суудлын 9010 УБТ улсын дугаартай автомашинаас үл таних эмэгтэй /А.О-/ бууж хүрч ирээд Баянгол дүүргийн 7 дугаар хороо 25 дугаар байрны авто зогсоолын орж гарахдаа нээгдэж, хаагддаг хаалтыг дээш, доош нь хөдөлгөж байгаад машинаараа мөргөөд эргэж машинаасаа буугаад гараараа хугалчхаад яваад өгч байгаа бичлэг байсан. Тухайн үед нь би машины номерыг авто тээврийн үндэсний төвд өгөөд хэн болох талаар мэдээллийг олж аваад Цагдаагийн байгууллагад өгөх гэсэн чинь тус машины эзэмшигч А.О- та цагдаад өгөлгүй байж бай, би төлөөд өгнө гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл төлж өгсөн зүйл байхгүй байгаа учир миний бие Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байна.

          Тус хаалтыг 2021 оны 6 дугаар сарын дундуур 2,400,000 төгрөгөөр худалдаж аваад шинээр тавьсан. Ямар нэг эвдрэл гэмтэл байгаагүй. Шинэ хаалт байсан. Одоо ажиллахгүй эвдэрсэн байдалтай байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-15 дугаар хуудас/

 

          Дамно ХХК-ийн Автомашины зогсоолын хаалтыг 550,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан. /хэргийн 147-148 дугаар хуудас/

 

          А.О-ын яллагдагчаар өгсөн “... 2021 оны 7 дугаар сарын 10-наас 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр шилжих шөнө 01 цагийн үед байх найз Тулгыг очиж аваад Баянгол дүүргийн 7 дугаар хороо 25 дугаар байран дээр очоод байрны зогсоол руу орох гэсэн чинь байрны зогсоол хаалттай байсан. Найз өөрийн чипийг гаргаж ирээд зогсоолын хаалга онгойлгоод би өөрийн эзэмшлийн 9010 УБТ улсын дугаартай автомашинаар зогсоол руу орсон.

          ... 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн өглөө 05 цагийн үед би тэдний гэрээс гараад машиндаа суугаад гарах гэсэн чинь байрны авто зогсоол хаалттай байсан. Би машинаараа зогсоолын хаалт төмөр дээр дөхөж очоод хүлээсэн чинь онгойхгүй байсан. Зогсоолын хаалт онгойхгүй болохоор нь би машинаасаа буугаад хаалтыг цааш нь түлхэж, хөшсөн чинь хаалт хугарсан. Тэгээд би машинаа гаргаад хаалт төмрийг буцааж хөшөөд байранд нь оруулаад яваад өгсөн.

          ... Бичлэг үзлээ. Машинаасаа бууж ирээд хаалт хөшиж эвдээд машинаа гаргаж байгаа хар хувцастай эмэгтэй би. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 36-37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч А.О-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

         

          Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

          Мөрдөн шалгах явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн “... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие О-ттай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Би шүүх хуралд суухгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 151-152 дугаар хуудас/ өгсөн байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч А.О- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

          Шүүгдэгч А.О- нь өөрийн үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдлыг харгалзан прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял оногдуулах саналыг хөнгөрүүлэн 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний орлого тодорхойгүй тул 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч А.О- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бэсүд овогт Амгалангийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.О-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.О-ыг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.О- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, А.О- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.О-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ