Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/800

 

 

 

 

 

 

 

 

   2021           12           07                                     2021/ШЦТ/800

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Х.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Боржигин овогт Хасбатын Г-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105000001884 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1959 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүрэг ... хороо Нүхтийн ... дугаар гудамж 105а тоотод оршин суух, Боржигин овогт Хасбатын Г-

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Х.Г- нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Ц-тэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Г.Ц-гийн нүүр рүү цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь үүдэн зүүн 1 дүгээр шүдний сулрал, доод уруулд цус хуралт, язралт, духны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Г- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Х.Г- нь Г.Ц-тэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Г.Ц-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Г.Ц-гийн “Би 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Дүүхээ худалдааны төв орчхоод 12 цагийн үед тэндээс гараад Өргөө кино театрын замын урд талын баруунаас зүүн чиглэлтэй автомашины зам дээр явж байгаад гэрлэн дохион дээр зогссон. Би тэр үед өөрийн эзэмшлийн ХХ-ХХ УНО улсын дугаартай Avante XD маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ явж байсан. Намайг гэрлэн дохио дээр зогсож байхад явган зорчигч нар урдуур зам гарч байсан. Би тэр хүмүүсийг зам гарч дуусахыг хүлээгээд зогсож байтал миний ард талд зогсож байсан автомашин дуут дохио дукугаргаад байсан. Тэгээд хүмүүс гарч дуусаад би гэрлэн дохиогоор баруун эргээд KFC-н баруун талаар урагшаа явж байтал хажуугаар миний ард дуут дохио дуугаргаад байсан автомашин гүйцэж түрүүлж ирээд урд талд огцом зогсож жолооч нь бууж ирсэн.

... Тэгэхээр нь би машиныхаа цонхыг онгойлгоход тэр хүн намайг явдаггүй пизда вэ гэж хараасан. Тэр үед би хүмүүсийг дайраад гарах юм уу гэсэн. Тэгтэл тэр хүн онгорхой цонхоор биеэ оруулаад миний энгэрээс заамдаад миний цамц куртикээр миний хоолойг боогоод, цамц куртикийг урсан. Тэгээд миний дух хэсэг рүү баруун гараа 1 удаа, дараа нь шүдний хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгэхээр нь би өөрийнх нь хувцаснаас зөрүүлж бариад өөр рүүгээ татсан. Тэгтэл тэр хүний цамц нь урагдчихсан. Тэгээд машинаас буугаад заамдалцаж байтал үл таних хүн ирээд бид хоёрыг салгасан. Тэгтэл тэр залуу явчихсан ба би ардаас нь машиных нь дугаарыг аваад үлдсэн. Би тэр хүнийг цохиж зодсон асуудал байхгүй. Тэр хүн 39-05 УБЛ улсын дугаартай Toyota Prius 30 маркийн тээврийн хэрэгсэл унасан 47-48 орчим настай махлаг, 170 см орчим өндөртэй эрэгтэй хүн байсан. Би тэр хүнийг одоо харвал танина.

... Тухайн хүнд цохиулснаас болж миний урд талын 1 шүд хөдөлсөн юм. Хазаж болохгүй байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9 дүгээр хуудас/

“... Би шүдний зураг авахуулахад миний шүдийг хөдөлсөн. Шинэ шүд хийхэд 2,850,000 төгрөг шаардлагатай гэсэн. Энэ 2,850,000 төгрөгийг нэхэмжилнэ. ..” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11031 дугаартай:

“1. Г.Ц-гийн дээд үүдэн зүүн 1-р шүдний сулрал, доод уруулд цус хуралт, язралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 26-27 дугаар хуудас/

 

          Х.Г-ын яллагдагчаар өгсөн “2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 13 цагийн үед Өргөө кино театраас уруудаж байхад гэрлэн дохион дээр миний урд зогсож байсан цагаан саарал өнгийн жижиг суудлын автомашин явахгүй байхаар нь би зөндөө удаан дуут дохио өгсөн юм. Тэгээд тэр машин хөдлөөд би араас нь бас хөдөлсөн. Жолооч нь болох хүн миний машин руу жижиг зүйл шидэх шиг болсон. Тэгэхээр нь би замын хажуу руу автомашинаа байрлуулчихаад явж очоод яаж байна хө гэсэн чинь миний өөдөөс шороо тоостой алчуур нүүр лүү шидсэн.

          Тэгэхээр нь би тэр хүнийг хувцаснаас нь татаад машинаас нь буулгаж ирэх гэсэн чинь миний өөдөөс хөлөөрөө жийгээд миний өмсөж явсан цамцыг урахаар нь би зөрүүлээд тэр хүний нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон. ... Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 32-34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Х.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

         

          Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

          Хавтаст хэрэгт хохирогч Г.Ц-гийн “... миний бие хохиролд 1,400,000 төгрөг нөхөн авч мөн 2021-12-06 ны өдөр гэхэд 500,000 төгрөг Х.Г- нь нөхөн төлөхөө илэрхийлж сайн дурын үндсэн дээр Г-тай эвлэрч байна. Иймд хэргийг хялбаршуулан шийдэж өгнө үү” гэсэн баримт /хэргийн 48 дугаар хуудас/ авагдсан, шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Г- нь “Г-аас бэлэн 500,000 төгрөг авсан. ...” гэсэн баримтыг гаргаж өгсөн тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Г- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

          Шүүгдэгч Х.Г- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлын төлж барагдуулсан байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул түүнд оногдуулсан торгох ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Х.Г- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Хасбатын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Г-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Х.Г-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Х.Г- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ