Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/818

 

 

 

 

 

 

 

 

 2021           12           09                                        2021/ШЦТ/818

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Б.М-,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Золжаргал түүний өмгөөлөгч Б.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Боржгон овогт Бадамжавын М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105000001629 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймаг Эрдэнэсант суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эгч, ах, эхийн хамт Төв аймаг Эрдэнэсант сум ... дугаар баг Улаан худаг азза нэгтгэл контор байр ... тоотод оршин суух, Боржгон овогт Бадамжавын М-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.М- нь 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Ш- ХХК-нд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх үедээ итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнүүдийг Баянгол дүүргийн 4,6,7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвүүдэд борлуулсан орлогыг хувьдаа завшиж 2,162,020 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Золжаргал мэдүүлэхдээ: М- манай компани дээр 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ирж уулзаж ярилцлагад орсон. Тэгээд 7 хоногийн дараа ажилд оръё гэж хэлээд 8 дугаар сарын 30-ны өдрөөс ажилд орсон. Тэгээд 7 хоног дадлага хийхээр болоод бүх үйл ажиллагааг хүлээж авахаар болсон. Бичиг баримт дээр гарын үсгээ зураад хүлээж авсан. Бичиг баримт дээр гарын үсэг зураад манай байгууллагын харилцагчийн мөнгийг компанийн дансаар авах ёстой байсан. Гэтэл энэ хүн хувийнхаа данс руу авсан удаа дараа утсаар холбогдож манай харилцагчдаас завшсан. Энэ бүгдийг бид нар мэдээд 10 дугаар сарын 01-ний өдөр хурал болсон. Тэгээд байгууллагаараа хурал хийж байна. М-ыг ирээд хуралд оролцоно уу мөн авсан мөнгөнийхөө учир шалтгааныг тайлбарлаарай гэхээр ажилдаа ирээгүй. Тэгсэн байж байгаад бид нар 10 дугаар сарын 05-ны өдөр энэ охинтой Оргил худалдааны төв дээр тааралдсан. Тэгээд компани дээр ирээд мөнгөө төлнө гэж хэлсэн боловч төлөөгүй. Цагдаагийн байгууллагад хандсан. Энэ хугацаанд төлөөгүй. Энэ хугацаанд төлөөгүй байсаар байгаад 3 сарын хугацаа өнгөрсөн. Энэ охин 5 компанийн мөнгийг завшсан биш, дээрээс нь дур мэдэн манай байгууллагын эд хөрөнгийг “Тод бэх” гэдэг компани руу өөр харилцагчийн нэр дээр бараа авч зарсан байсан нь 10 дугаар сарын 05-ны өдөр илэрсэн. Бид нар тэр мөнгийг өөрсдөө хөөцөлдөж байж олж авсан. Одоо 11 дүгээр сарын 30-ны өдөр мөнгө өгнө гэсэн боловч өгсөнгүй. Прокурорын өмнө очиж уулзна, уучлалт гуйна гэсэн боловч ирээгүй. Энэ мөнгө төгрөгөө яаж төлөхөө илэрхийлнэ гэсэн боловч ирээгүй. Утасны цаанаас худлаа ярьдаг хүн байна. Би хэргийг хялбаршуулсан аргаар шийдүүлье гэж прокурорт хүсэлт бичсэн боловч одоо болтол үр дагаврыг ойлгоогүй байх тул би хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаж байна” гэв. 

 

Шүүгдэгч Б.М- нь 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Ш- ХХК-нд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх үедээ итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнүүдийг Баянгол дүүргийн 4,6,7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвүүдэд борлуулсан орлогыг хувьдаа завшиж 2,162,020 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Золжаргалын “... Манай компани болох Ш- ХХК хүнсний бараа бүтээгдэхүүн түгээн борлуулах үйл ажиллагаа явуулдаг компани байгаа юм. Манай компанид 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Бадамжавын М- гэх эмэгтэй ярилцлагад орж ажилд орохоор болсон. Түүнээс хойш ажил явдал гарсан гээд 7 хоногийн дараа ажилдаа орохоор болоод 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс ажилдаа гарсан. Түүнээс хойш дадлагын 7 хоног нь явж байгаад 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс компанид ажилтнаар бүртгэж ороод захиалга борлуулалтын ажилдаа орсон. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бүх ажилчдын хуралдаа болон ажилдаа ирээгүй ба бүтэн сарын хугацаанд хэд хэдэн удаа шалтгаангүйгээр ажил тасалж явсан. Тэгээд бид нар харилцагч байгууллага руу авлага барагдуулах зорилгоор тооцооны нягтлангууд ярьдаг ба 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд манай 5 харилцагч байгууллага руу байгууллагын данс руу мөнгө хийх ёстой байсныг өөрийн хувийн данс руу авсан байсан. Манай компани борлуулалт хийсэн тохиолдолд зөвхөн байгууллагын дансаар тооцоо хийгддэг ба М- өөрийн хувийн дансаар авч манай байгууллагын хөрөнгөнөөс хувьдаа завшсан. Энэ мөнгөн дүнг байгууллагаас бодож үзэхэд 5 байгууллагын мөнгө нийлээд 2,212,020 төгрөг завшсан байсан. Тус мөнгөнд замдаа хэрэглэх түлшний талон мөнгө нэмэгдэж орсон байгаа.

          ... Б.М- нь анхны цалингаа бодуулж аваагүй байгаа. Тайлангаа гаргаж өгөөгүй, байгууллагын мөнгө завшсан. Үндсэн цалинг нь өгөх гэхэд 3 удаагийн таслалттай байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10-11 дүгээр хуудас/

 

          Ш- ХХК-ны санхүүгийн баримтууд. /хэргийн 26-32 дугаар хуудас/

 

          Б.М-ыг худалдааны төлөөлөгчөөр томилсон Ш- ХХК-ны 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн б/67 дугаартай захирлын тушаал. /хэргийн 33 дугаар хуудас/

 

          Ш- ХХК болон Б.М- нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ. /хэргийн 34-35 дугаар хуудас/

 

          Гэрч Г.Батчимэгийн “М- нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах дэлгүүрүүдээс бараа материалын захиалга авч ажилладаг байсан. 2021 оны 9 дүгээр сарын дундаас харилцагчдын мөнгийг бэлнээр авсан мөртлөө компанийн дансанд хийхгүй 2-3 хоног шахуулж байж хийдэг байсан. Ингэж анх байгууллагын мөнгө завшиж байна уу гэсэн хар төрсөн. Тэгээд тооцооны нягтлан бодогч Энхбаярыг харилцагч дэлгүүрүүд рүү ярихад Орхон ХТ 36, Орхон ХТ 5, Метро март 2, /Харнуйд Амар ХХК/ 002, 54 Мини маркет гэх дэлгүүрүүдээс нийтдээ 2,162,000 төгрөгийн барааны мөнгийг өөрийн дансаар авсан болох нь тогтоогдсон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 58 дугаар хуудас/

 

          Ш- ХХК-ны дотоод аудитын тайлан. /хэргийн 61-72 дугаар хуудас/,

 

          Б.М-ы яллагдагчаар өгсөн “... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа учраас тогтоолд дурдагдсан утга бүхий хэсэгт маргалдах зүйл байхгүй. Би өөрийнхөө гэм бурууг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Надад одоо гэм буруу дээр маргах зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг./хэргийн 52-53 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Б.М-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

         

          Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

          Хавтаст хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Золжаргал нь гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгжид учирсан хохирол болох 2,162,020 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.М- нь уг хохирлын үнийн дүнд маргаагүй, хохирогчийн төлөөлөгчтэй хохирол төлөх талаар хэлцэл байгуулсан, хохирол тооцсон баримтуудаар дээрх хохирол учирсан нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Б.М-оос 2,162,020 төгрөг гаргуулж Ш- ХХК-д олгуулах нь зүйтэй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.М- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

          Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Золжаргалын өмгөөлөгч Б.Батжаргал “Шүүгдэгч Б.М- нь энэ хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, мөн Тод бэх ХХК-тай холбоотой асуудлыг шалгуулах шаардлагатай” гэж үзэж хэргийг прокурорт буцаах тухай дүгнэлт гаргажээ.

          Прокуророос “Тод бэх” ХХК-тай холбогдуулж шүүгдэгч Б.М-ыг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй, энэ талаар ямар нэгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй тул Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу шүүх өмгөөлөгчийн энэ талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн боломжгүй.

          Харин Ш- ХХК нь Тод бэх ХХК-тай холбоотой асуудлаар хохирсон гэж үзэж байгаа бол энэ талаараа эрх бүхий байгууллагад гомдол, мэдээллээ гаргаж шалгуулах эрхтэй юм.

          Нөгөө талаар шүүгдэгч Б.М- Ш- ХХК-д “худалдааны төлөөлөгч”-ийн албан тушаалд ажиллаж байхдаа эд хөрөнгийг завшсан үйлдэл нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээлгэсэн үүргээ биелүүлэх явцдаа мөнгө завшсан нь ямар нэгэн албан тушаалын эрх, нөлөөгөө урвуулан ашигласан шинжгүй бөгөөд тэрээр нийтийн албан тушаалтан биш тул өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт үндэслэлгүй байна гэж үзэв.

 

Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Золжаргал “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээс татгалзаж” байна гэжээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт нь яллагдагчийн хүсэлт гаргах эрхэд хамаарах бөгөөд хохирогчийн гаргасан дээрх хүсэлтээр яллагдагчийн эрхийг хязгаарлах боломжгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч болон түүний хооронд гэм буруу болон хохирлын хэмжээний талаар маргаан байхгүй, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж хохирогч талтай тохиролцсон байгаа нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэл болно.

 

Шүүх, шүүгдэгч Б.М-ы гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 2,162,020 төгрөгийг төлөх хүсэлтийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3,5 дахь хэсэгт зааснаар ажлын 5 хоногийн завсарлуулсан боловч хохирол нөхөн төлөгдөөгүй бөгөөд түүний орлого тодорхойгүй, одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоов.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржгон овогт Бадамжавын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-ыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М-ыг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.М- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.М-оос 2,162,020 төгрөг гаргуулж Ш- ХХК-д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ