Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/829

 

 

 

 

 

 

 

 

 

 2021           12           13                                        2021/ШЦТ/829

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч С.Цэрэндорж,

шүүгдэгч Б.Б- түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Батболдын Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105000001764 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 2002 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөө аж ахуйн их сургуулийн эдийн засаг бизнесийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, эгч дүүгийн хамт Дорнод аймаг Замын Үүд сум .. дүгээр баг ...  дугаар байр ... тоотод оршин суух, Баянгол дүүрэг ... хороо Гранд виндовын ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Батболдын Б-

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б- нь 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шөнө 02 цагийн орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэрлэх ёслолын ордны орчимд Б.Б-ийг гудамж талбайд шээсэн гэх шалтгаанаар хохирогч Ө.Ө-тэй маргалдан түүний нүүр хэсэгт гараараа цохиж хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, салстад язрал, баруун дээд, доод зовхинд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, шүүгдэгч Б.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Хохирогч Ө.Ө-гийн “... Би 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт өөрийн үеэл дүү Б-ийн хамтаар өөрийн өөрийн ажилладаг цагийн ажил болох тавилгын угсралтын ажил хийж байгаад 07-ны өдрийн шөнийн 02 цагийн үед ажлаасаа гараад гэр лүүгээ дүүгийнхээ хамт алхсан. Бид хоёр Баянгол дүүргийн 6 дугаар хороо Гэрлэх ордны ойролцоо алхаад явж байхад манай дүү Б-э нь ахаа миний шээс хүрээд байна, хоёулаа шээе гэсэн. Тэгээд бид хоёр Гэрлэх ордны урд байсан гараашийн хажууд шээж байхад ардаас үл таних 4 залуу ирж байсан. Тэр 4 залуу хөөе та хоёр болиоч гэсэн. Тэгэхээр нь би тэр дөрөвт хандаж уучлаарай гэж хэлээд явах гэсэн чинь тэр үл таних 4 залуу дүү бид хоёрыг дуудсан. Тэгээд дүү бид хоёр очиход тэр үл таних 4 залуугийн нэг болох бор өнгийн хүрэмтэй намхан залуу нь миний хажууд ирээд над руу чи яахаараа манай дош дээр шээдэг юм, чи биднийг таних уу гэх зэргээр надтай маргаан өдсөн. Тэгээд би тэр залууг намайг зодох гэж байгааг мэдээд хойшлоход тэр залуу миний баруун нүд рүү цохисон. Тэгээд би хойшоо жалга руу унахдаа намайг цохисон бор өнгийн хүрэмтэй намхан залууг татаад унасан. Намайг газарт хэвтэж байхад тэр бор хүрэмтэй залуу миний нүүр хэсэг рүү дахин нэг удаа гараараа цохисон. Тэгээд би босч ирээд тэр залууг бариад авахад далан дээрээс манай дүү Б-э болон намайг цохисон залуугийн найзууд бууж ирээд салгах гээд бид хоёртой ноцолдсон. Тэр үл таних залуус болон манай дүү миний цамц хувцаснаас зуурч байж бид хоёрыг салгасан.

          Манай дүү намайг салгаад шууд зугтаагаад явах гэтэл бор өнгийн хүрэмтэй залуу мөн миний баруун гуя хэсэг рүү өшиглөсөн. Тухайн өшиглөсөн миний баруун гуя хэсгийн өмдний халаасанд миний гар утас байсан. Тухайн гар утас нь Samsung S 8 загварын гар утас байсан ба түүний дэлгэц нь намайг өшиглөсний дараагаар хагарсан байсан.

          Намайг бор өнгийн хүрэмтэй залуу зодсон. Тэр залуу чи яахаараа манай дош дээр шээдэг юм гэх шалтгаанаар намайг зодсон. Тухайн үед намайг зодож байхад манай дүү Б-э мөн намайг зодож байсан залуугийн найз нар нь нийлж салгасан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12-13 дугаар хуудас/

          “Би өөрт учирсан хамар ясны хугарлын эмчилгээний зардал 4,000,000 төгрөг, эмчилгээнд байх хугацаандаа би хичээл сургуульдаа явж чадахгүй учир хичээлийн сургалтын төлбөр нийтдээ 1,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. 1,000,000 төгрөгт миний эвдэрсэн Samsung S 8 edge загварын гар утасны эвдрэлийн мөнгө багтсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15 дугаар хуудас/

 

          Гэрч У.Т-гийн “... Манай найз Б- тэр хоёр хүүхдийн арай өндөр туранхай хүүхэдтэй нь барилцаж авсан. Тэр хүүхэд Б-ыг далан шиг юм руу аваад уначихсан. Тэгээд тэр хоёр тэр доороо зодолдож эхэлсэн. Бид нар ардаас нь гүйж очоод тэр хоёрыг салгасан. Тэгээд нөгөө хоёр хүүхэд зугтаагаад яваад өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23 дугаар хуудас/

 

          Гэрч Л.С-ын “... та хоёр ил газар бие засахаа боль гэхэд тэр хоёр залуу та нарт хамаагүй би дош дээрээ өөрөө мэдье гээд Б-т зодуулсан өндөр залуу нь бидэн дээр хүрээд ирсэн. Бидэн дээр ирээд тэр өндөр залуу нь та нар нэг нэгээрээ зодолдох уу гэсэн. Тэгээд Б- тэр залуутай далангийн хажууд юм ярилцаж байгаад тэр хоёр гэнэт далан руу хамт унасан. Унаж босч ирээд Б- тэр залууг зодсон. Зодож дуусаад бид эвлэрэх гээд очиход тэр хоёр залуу зугтаагаад байсан. Тэгэхээр нь бид яваад өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 26-27 дугаар хуудас/

 

          Гэрч Б.Б-ийн “... Ө-г хар куртиктэй намхан жижиг халимаг үстэй залуу нүүр хэсэг рүү нь гараараа шууд цохиод ахыг хойшоо түлхэхэд ах хойшоо унасан. Унахдаа тэр цохисон залуугийнхаа куртикнээс зуураад унасан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 29-31 дүгээр хуудас/

          “... Мөн ахыг үл таних бор хүрэмтэй ах цохиод тэр хоёр далангийн хажуу руу унаж босч ирэхэд би болон тэдний найзууд нь салгах гээд доошоо буусан. Тэгэхдээ ахыг янз бүрээр харааж доромжилж ахыг салгах гээд татаж чангаагаад байсан. Түүнээс биш ахыг тэд нар бүлэглэж зодоогүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 33-35 дугаар хуудас

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9685 дугаартай:

          “1.2. Ө.Ө-гийн биед хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, салстад язрал, баруун дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          3.5 Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна.

          4. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 42-43 дугаар хуудас/

 

          Дамно ХХК-ны Samsung S 8 загварын гар утасны гэмтлийг 168,000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан. /хэргийн 48-49 дүгээр хуудас/

 

          Гар утсанд үзлэг хийсэн “... Үзлэгийг үргэлжлүүлэн гар утсыг асаахад тус гар утасны баруун доод хэсэг 5 см урттай, баруун булангаас зүүн тийш 9 см урттай дэлгэцийн өнгөний дүрслэлгүй хагарсан байв. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт. /хэргийн 50-52 дугаар хуудас/

 

          Б.Б-ын яллагдагчаар өгсөн “Баянгол дүүргийн 6 дугаар хороо Гэрлэх ордны ойролцоо алхаад явж байсан. Тухайн үед Гэрлэх ордны ойролцоо байх нэг гарааш руу үл таних хоёр залуу шээгээд зогсож байсан. Тэгэхээр нь би тэр үл таних хоёр залууд хандаж та хоёр наанаа битгий шээгээд бай гэж хэлэхэд тус хоёр залуу чамд ямар хамаатай юм, би хаана яаж шээхээ өөрөө мэдье гээд байсан.

          Энэ үед миний уур хүрээд та хоёр нааш ир гэхэд тэр үл таних хоёр залу хүрээд ирсэн. Тэгээд би хохирогч Ө.Ө-тэй маргаад овгор шороон дээр хэрэлдэж би хохирогч гэх залуугийн нүүр хэсэгт нэг удаа гараараа цохисон. Энэ үед хохирогч хойшоо унахдаа намайг татаад унасан. Би унаж босч ирээд хохирогч Ө.Ө-г үргэлжлүүлэн цээж нүүр хэсэгт нь 2-3 удаа гараараа цохисон.

          Энэ үед манай найз С-, Мэндбаяр, Т- хохирогчтой хамт явсан байсан үл таних залуу нар намайг салгасан.

          ... Би тухайн зодоон маргаан болох үед хохирогчийн өмдний халаасанд гар утас байсан эсэх талаар нь би мэдээгүй. Зодоон маргаан дууссаны дараагаар хохирогчийн баруун гуя хөл хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэр үед гар утас нь эвдэрсэн байж магадгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 66-68 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Ө.Ө-, гэрч У.Т-, Л.С-, Б.Б-э нарын мэдүүлэг, шинжээчийн №9685 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах явцад яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Иймд шүүгдэгч Б.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Б- хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, бусдын амь нас эрүүл мэндэд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Хохирогч Ө.Ө-гийн эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр тогтоогдсон. 

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Ө-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учиржээ.

Хавтаст хэрэгт баримтаар хохирогч Ө.Ө-д эмчилгээ, сургалтын төлбөр болон гар утасны хохирол нь нийт 764,200 төгрөг тогтоогдсон бөгөөд уг мөнгийг шүүгдэгч нь сайн дураараа төлөхийг зөвшөөрч шүүх хуралдаанд бэлнээр авчирсан бөгөөд шүүгдэгчээс 764,200 төгрөгийг хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

Мөн хохирогч Ө.Ө- нь хамар ясны далд хугарлын эмчилгээний зардалд 4,000,000 төгрөг, сургалтын төлбөр 1,000,000 төгрөг /хэргийн 15 дугаар хуудас/ зэргийг нэхэмжилсэн ба энэ хор уршгийн талаарх баримт хэрэгт авагдаагүй тул хохирол, хор уршигт тооцох боломжгүй тул хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд шүүх, шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь олон нийтийн газар бие засаж байсан зэрэг зүй бус үйлдэл нь хэрэг гарахад нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж тухайн зүйл, хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б- нь оюутан бөгөөд эрхэлсэн ажилгүй орлогогүй байдлыг харгалзан 3 сарын хугацаанд торгуулийг хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эл мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Батболдын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-аас 764,200 төгрөг гаргуулж хохирогч Ө.Ө-д олгосугай.

 

7. Хохирогч Ө.Ө- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ