Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/581

 

 

 

 

 

 

 

2021             9           14                                        2021/ШЦТ/581

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Г.Билгүүжин,

өсвөр насны шүүгдэгч Б.С- түүний хууль ёсны төлөөлөгч Д.Б-,

өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Хотонт уул овогт Болдын С-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105000001100 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 нас 8 сар 23 хоногтой, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо Хос цайз ... дугаар хороолол .... тоотод оршин суух, Чингэлтэй дүүргийн ...  дугаар хороо Сурагчийн .. дугаар гудамжны ....  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хотонт уул овогт Болдын С-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Өсвөр насны шүүгдэгч Б.С- нь 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 01 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо Гандан тэгчилэн хийдийн хойд талын автобусны буудал дээр хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч С.Х-ыг нүүрэн тус газар нь биед нь халдаж улмаар эрүүл мэндэд нь “Х-ын биед зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд доод зовхи, зүүн нүдний салст, зүүн хацар, эрүүний хэсэг, хүзүү, баруун бугалганд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.С- мэдүүлэхдээ: “Х- нь 9 дүгээр ангид сурч байхад манай ангид шилжиж орж ирж байсан. Тэгээд надтай аягүй сайн найзууд байсан юм. Манай хүүхдийн аав, Х-ын найз залуу нь бид 4 нийлдэг байсан. Тэгсэн чинь гэнэт харьцахгүй байж байгаад Х-ын найз залуу сүүлд манай нөхрийн ажил дээр нь очиж ажил хийсэн. Тэгээд ажиллаж байхдаа Хонгороогоос салсан, намайг энд байгаа гэж битгий хэлээрэй гэсэн. Тэгээд Хонгороог асуухаар нь мэдэхгүй байна, өөрөө энд ажлаа хийж байна гэсэн чинь орой нь шал согтуу манай нөхөр лүү залгаад есөн шидийн худлаа юм яриад, танай хүүхэд чинь чиний хүүхэд биш, би өөр хүнтэй унтаад явж байсныг нь мэднэ. Наад талаар чинь уулзах юм бол зөндөө юм ярьж өгье гэж хэлээд Содоо гэдэг найзтайгаа байна, жоохон уугаад сууя гэж хэлээд миний хажууд байхад нь дуудсан юм.

Тэгэхээр нь бид хоёр маргалдаад хоёр тусдаа яваад Хонгороотой уулзах гээд очсон. Тэгээд чи яагаад худлаа хэлээд байгаа юм бэ надтай уулзаад миний нүдэн дээр хэлээдэх гэсэн чинь надтай уулзахгүй, манай нөхөртэй уулзана гээд явж байхад нь би замаас нь уулзсан юм.

Тэгээд 16-ын буудлаас Гандангийн буудал руу бид нар такситай очсон. Манай нөхөр Хонгороотой ярьсан бичлэгээ утсандаа хураагаад авсан байж байгаад Хонгороо чи худлаа ярьсан бол би чамайг яах юм бэ гэсэн. Такси дотор явж байхдаа намайг түрүүлж үстэж эхэлсэн юм. Тэгээд Гандангийн буудал дээр очоод нөгөө утасных нь бичлэгийг сонссон чинь намайг баахан хэл амаар доромжилсон. Манай жоохон хүүхдийг танай хүүхэд чинь хахаж үхээсэй, хүчиндүүлээсэй будаа идэх юмсан, өлсөөд байна гэсэн. Тэгээд өөрөө зүгээр байхад хүнийг өдсөн юм. Би хажууд нь байж байгаад утасных нь бичлэгийг сонссон чинь танай эхнэрийг энд тэндхийн хүмүүстэй унтаад явж байхыг нь мэднэ. Наад хүүхдээ ч бас шинжилгээ өгүүлээд үзээрэй гэсэн. Тэгээд дээрээс нь манай хадам ээж рүү бас залгаад байнгын хэрүүлтэй байгаа. Тэгээд би энэ буруугаа хүлээгээрэй гэсэн чинь тэгнэ гэсэн. Би өшиглөсөн юм. Тэрнээс хойш байнга ойр дотны хүмүүс рүү залгаад дарамтлаад тайван байлгахгүй байгаа” гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, өсвөр насны шүүгдэгч Д.С- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Хохирогч С.Х-ын “2021 оны 7 дугаар сарын 13-наас 14-ний өдөр шилжих шөнийн 12 цагийн үед Баянзүрх дүүргийн Эрдэнэтолгойд найз С- болон С-гийн ах, эгчтэй нь уулзахаар С- гэх найзтайгаа очсон. Намайг С-гийн нөхөрт нь элдэв бусын юм ярьсан гээд байсан учир тэр хүмүүстэй уулзах болсон. Тэдгээр хүмүүстэй уулзахад намайг С-гийн нөхөртэй өөрийн биеэр нь уулзуулна гээд Гандангийн автобусны буудал руу такси барьж С- болон ах эгчтэй нь явсан. Тухайн үед автобусны буудал дээр очиход С-гийн нөхөр, түүний найз нь хүлээж байсан. Би С-гийн нөхөр дээр очоод би чамд юу гэж хэлсэн юм бэ, юу болоод байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд С- намайг ална шүү гэж хэлээд дайраад байсан. С-тай маргалдсаны дараа автобусны буудлын сандал дээр С- гэх найзтайгаа сууж байтал С- ирээд миний хацар луу хөлөөрөө өшиглөөд, үснээс минь зулгаагаад би чамайг ална шүү, чамайг би дутуудуулчхав уу гээд орилоод байсан. Ийм зүйл болсон учир би цагдаагийн байгууллагад хандах болсон.

... С-гийн нөхөрт намайг өөрийг нь өөр хүнтэй харьцдаг гэж хэлсэн, хүүхдийг нь хэрүүлд оролцуулсан гэж миний биед халдах болсон. Надад дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. 2021 оны 7 дугаар сарын 13-наас 14-ний өдөр шилжих шөнө найз С- нь миний нүүр лүү өшиглөж, үстэж гэмтэл бэртэл учруулсан. Би гомдолтой байна, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Би эмчилгээнийхээ зардлыг гаргуулж авах хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7-8 дугаар хуудас/

 

Гэрч Ө.С-ийн “... Уулзах шалтгаан нь С- дуудсан бөгөөд нөхөртэйгөө маргаж муудсан байсан. Харин Х- нь хоорондоо муудах шалтгаан гаргасан учрыг нь олж өг гэсэн юм. Ингээд уулзалдах үед С-гийн нөхрийнх нь ах болон түүний эхнэр нар хамт байсан юм. Ингээд С-тай уулзсан чинь манай нөхөр дээр нь очиж уулзана гэсээр байгаад нөхрийнхөө байгаа газар луу буюу төв Гандан хийдийн хойд талын автобусны буудал дээр 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 23 цаг өнгөрч байхад уулзалдсан.

Ингээд Х- С-, болон түүний нөхөр Чулуунаа /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ нар хоорондоо уулзалдсан чинь Х- нь ямар нэгэн хэрүүл маргаан болон С-г нөхөртэй нь маргаж муудуулах зүйл яриагүй гэсэн дүнд хүрээд автобусны буудал дээр сандал дээр Х- сууж байсан чинь С- нь гэнэт Х-ын нүүр лүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн чинь Х- нь хойшоо саваад уначихсан чинь шууд үснээс нь үстэж аваад чирээд нүүр лүү нь хөлөөрөө дэвсэж өшиглөсөн ингээд би хажуухнаас нь салгасны дараа Х- нь нүүрээ дараад газар хэвтээд байхаар нь би босгосон чинь нүүрнийх нь зүүн хэсэг нь хавагнаад амнаас нь цус гарчихсан байхаар нь Хонголзулыг гэрт нь хүргэж өгч одоог хүртэл хамт байна. Маргаашаас нь эхлээд нүүр нь хөхөрч хавдчихсан байсан. Х- нь С-тай хоорондоо учир зүйгээ олчихно гэж бодсон чинь утсаар хэл амаар доромжилж загнаад байсан учраас цагдаад гомдол гаргана гэж байсан юм. Тухайн үед С-гийн биед халдсан зүйл байхгүй юм. Надад өөр ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11 дүгээр хуудас/

 

Гэрч Ц.Х-ы “С-гийн багын найз гэх Х-ыг таних бөгөөд 2021оны 7 дугаар сарын 13-ны өдөр манай эхнэрийн фэйсбүүк рүү нь Х- нь зураг явуулсан байхаар нь юун зураг юм бэ гэсэн чинь Х- нь С- наадах эрэгтэй хүнтэй чинь урьд нь үерхэж байсан, манай гэрт ирж байсан.  Та хоёрын хүүхэд гээд байгаа 7 сартай охин чинь чиний хүүхэд биш, чи одоо хүртэл итгээд яваад байгаа юм уу гэх мэтээр согтуу яриад байхаар нь эхнэр С-д уурласан чинь С- нь Х-тай утсаар яриад хэрэлдээд байсан. Х- нь надтай утсаар яриад С- нь яаж явдаг байсан талаар ярих зүйл зөндөө байна гэхээр нь уулзалдъя гэдгийг хэлсэн. Ингээд нилээн орой болчихсон хойно Х- нь чи цайз 16 орчимд хүрээд ир гэхээр нь би очихгүй гэсэн чинь С- утсаар яриад яваад оччихсон, намайг хүрээд ир гээд байхаар нь очихгүй байсан чинь миний байгаа газар буюу Гандан хийдийн хойд талын автобусны буудал дээр хүрээд ирсэн.

Ингээд Х-д хандаж чи С-гийн талаар яриад байсан зүйлээ буюу хүний хүүхэд гэх мэтээр яриад байсан. Одоо С-гийн нүүрэн дээр хэлэлдээ гэсэн чинь тийм зүйл яриагүй гээд байхаар нь утсаар ярьсан бичлэгийг нь сонгосон чинь С- нь Х-ын цээж хэсэгт нь нэг удаа өшиглөчих шиг болсон. Тэгтэл Х- нь нүүрээ дараад суугаад байсан. Ингээд салгаад гэр лүүгээ яваад өгсөн. Өөр зодоон болоогүй юм. Х- нь гэр бүл үймүүлж хооронд нь хэрүүл хийлгэж муудуулсан. Үүнээс болж С- нь уурлаж бухимдаж түүнийг өшиглөсөн байх. Үүнээс хойш Х- нь над руу болон манай эцэг эх рүү утсаар залгаж яриад танай ач охин чинь танай хүүхдийн хүүхэд биш эцэг тогтоох шинжилгээнд оруулаач гэх мэтээр яриад байгаа юм. Х-д маш их гомдолтой байгаа юм. Зодуулсан гэх асуудалдаа томроод биднийг дарамтлаад байгаа юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14 дүгээр хуудас/

           

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 27-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6673 дугаартай:

            “1. С.Х-ын биед зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний салст, зүүн хацар, эрүүний зүүн хэсэг, хүзүү, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Уг гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 21-22 дугаар хуудас/

 

Өсвөр насны шүүгдэгч Б.С-гийн яллагдагчаар өгсөн “Миний бие Х- гэх эмэгтэйг одоогоос 3 жилийн өмнөөс таних болсон юм. Бид хоёр Баянзүрх дүүргийн насан туршийн боловсролын сургуульд нэг ангид суралцаж төгссөн учир найз нөхөд болж одоог хүртэл нөхөрлөж явж байгаа юм.

2021 оны 01 дүгээр сараас хойш Х-тай байнга уулзаж чадахгүй байсан хэдий ч хоорондоо утсаар болон хааяа уулзалддаг байсан юм. Тэгтэл Х- нь 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр миний фэйсбүүк чат руу урьд үерхэж байсан залуутай хамт авхуулсан зургийг над руу явуулчихсан байхаар ямар учраас явуулж байгаа талаар асуусан. Уг зургийг нь манай нөхөр Х- нь харсанаас болж гэр бүлийн маргаан болсон.

Тэгэхээр нь би Х-тай утсаар ярьсан чинь чи миний найз залуу болох Бат-Эрдэнийг нуусан чиний фэйсбүүк хаягийн нууц үг чинь нөхөрт чинь байдаггүй гэж хэлээ биз дээ чам руу явуулмаар санагдаад зураг явуулсан, яадаг юм гэх мэтээр согтуурхаад байсан. Мөн манай нөхөрт миний хүүхдийн эцэг нь биш гэх мэтээр ярьчихсан байсан. Үүнээс болж нөхөр бид хоёр гэртээ хэрэлдэж салчихсан бөгөөд одоо 7 сартай охинтойгоо ээжийнхээ гэрт амьдарч байна.

2021 оны 7 дугаар сарын 13 ны өдөр Х-тай утсаар ярьж уулзалдмаар байна гээд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Цайз 16 дугаар хорооллын орчимд уулзалдсан чинь Х- нь С- гэх найзтайгаа, би хадам ах Даваачулуун болон түүний эхнэр Б- нартай очсон. Харин манай нөхөр Х-тай уулзалдъя гэхэд нөхөр маань Баянбүрдийн орчимд уулзалдахаар болж такси бариад төв Гандан дээр такси бариад 23 цагийн үед Гандангийн хойд талын автобусны буудал дээр ирээд нөхөр Х-ы гар утаснаас Х-ын ярьсан бичлэгийг сонссон чинь миний талаар маш олон зүйлийг худал ярьсан байсан учир Х-д хандаж “чи яагаад худал ярьж гэр бүл үймүүлээд байгаа юм гэхэд чадаж байгаа биз дээ гээд намайг тохуурхаж хохь нь гэж гичий, янхан” гэх мэтээр хэлж доромжилсон. Үүнээс болж гэнэт би уурлаад Х-ыг автобусны буудал дээр сандал дээр сууж байх үед нь хөлөөрөө түүний баруун эгэм орчимд жийж нэг удаа өшиглөсөн чинь сандал дээрээ доошоо тонгойсон. Энэ үед С- нь миний үснээс татаж салгахаар нь намайг зодох гээд байгаа юм уу, хоёулаа ирчихсэн гээд томроод байгаа юм уу гэхэд бэр эгч маань ирж болиулсан. Х- нь босохгүй хэвтээд байсан бөгөөд чамайг шоронд хатаана гэх мэтээр бархираад байхаар нь тэгээрэй гэж хэлээд яваад өгсөн. Х- нь утсаар хэл амаар доромжилж худал ярьж манай нөхөр Хүндчулууг надаас салгасан. Энэ талаар хэлсэн чинь яадаг юм, чамайг чадаж байна шдээ гэх мэтээр хэлж улам та хоёрыг салганаа гэсэн. Харин манай нөхөр Х- үүнээс болж охин бид хоёрыг орхиод явчихсан юм. Хүүхэд чинь хахаж үхээсэй, болгоомжтой байгаарай гэх мэтээр хэлэх хэлэхгүй үгээр хэлж заналхийлдэг юм. Энэ үедээ байнга согтуу хэлдэг юм. Үүнийг зодоон болохоос өмнө болон одоог хүртэл хэлээд байгаа юм. Надад нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

             Өсвөр насны шүүгдэгч Б.С- нь 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 01 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо Гандан тэгчилэн хийдийн хойд талын автобусны буудал дээр хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч С.Х-ыг нүүрэн тус газар нь биед нь халдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь хохирогч С.Х-, гэрч Ө.С-, Ц.Х- нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон мөрдөн шалгах явцад өсвөр насны шүүгдэгч Б.С-гийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд өсвөр насны шүүгдэгч Б.С-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.С- нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, бусдын амь нас эрүүл мэндэд аюултай аргаар буюу хохирогчийн нүүрэн тус газар гараараа цохисон үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Хохирогч С.Х-ын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр тогтоогдсон.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч С.Х-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирол төлбөрт баримтаар тогтоогдсон “Төгс ялгуун” эмнэлгийн үзлэгийн 10,000 төгрөгийг өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-гаас гаргуулахаар шийдвэрлэлээ.

Хохирогч С.Х- нь эмчилгээ болон сэтгэл санааны хохиролд 1,000,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар ямар ч нотлох баримт авагдаагүй тул хохирлыг тооцож шийдвэрлэх боломжгүй байна.

Гэхдээ хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргажээ.

Шүүх, өсвөр насны шүүгдэгч Б.С- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч Б.С- баривчлагдсан, цагдан хоригдсон хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Хотонт уул овогт Болдын С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.С-г 3 сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.С-д оногдуулсан Улаанбаатар хотоос гарахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж 1 сар 15 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.С- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.С-гаас 10,000 төгрөг гаргуулж хохирогч С.Х-д олгож, хохирогч С.Х- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.С- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ