Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 1752

 

 

“Хийморь хотхон” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2017/01025 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Хийморь хотхон” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч Ц.Оюунд холбогдох

 

Гэм хорын хохиролд 32 944 376 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр,  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа,   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Оюун нь "Хийморь хотхон" СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа сууц өмчлөгчдийн холбооны мөнгийг буюу сууц өмчлөгчдөөс уг холбоонд төлсөн мөнгийг хувьдаа завшиж, нийт 27 667 476 төгрөгийн хохирол учруулсан. Үүний дараа нэхэмжлэгч 4 200 900 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Уг СӨХ нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг. Нийт 5 байрны 360 айлын оршин суугчдаас сонгогдсон холбоо юм. Ц.Оюун нь 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажиллахдаа нэг ч удаа санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт гаргуулж байгаагүй. Бид аудитын компаниар санхүүгийн тайлан болон баримт материалуудад дүгнэлт гаргуулахад нийт 25 950 976 төгрөгийн хохирол учирсан байсан. 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлтэд үндэслээд Ц.Оюунд холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж өгнө гэж Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасны дагуу эруүгийн хэрэг үүсгээд Хан-Уул дүүргийн прокурорт хэрэг нь шилжсэн. Гэтэл 2015 онд Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаж хариуцагч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр сэжигтнээр мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлгийн дагуу Хан-Уул дүүргийн прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Ц.Оюун "...би гэм буруугаа хүлээн зөвшөөрнө, надад санхүүгийн баримт байхгүй тул олж бүрдүүлэн санхүүгийн баримттай тооцоо нийлж өрийг барагдуулна” гэсэн хүсэлтэд үндэслэж 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол гарсан. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар энэ хуульд хамрагдсан нь учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, цаашид иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар бид нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд нийт 32 944 378 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Оюун нь "Хийморь хотхон" СӨХ-ны захирлаар 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажиллахдаа холбогдох хууль тогтоомжийн дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн. Энэ хугацаанд "Хийморь хотхон" СӨХ-ны оршин суугчид, удирдах зөвлөлөөс ажлаа зүй бусаар хийсэн гэх шаардлага ирж байгаагүй. 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр удирдах зөвлөлийн дарга н.Аззаяа тэргүүтэй хүмүүс өрөөнд нь дайран орж холбогдох баримт бичгийг нь хураан авч, Ц.Оюуныг өрөөнөөс нь хөөн гаргасан. Нэхэмжлэгч аудитын дүгнэлтэд хэдэн төгрөгийн хохирол учирсан, мөн Ц.Оюун нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх боловч нэхэмжлэгч талаас холбогдох гишүүдийн хурал, хяналтын зөвлөлийн хурлын тогтоолуудыг гаргаж өгсөн. "Хийморь хотхон" СӨХ нь хэдэн оршин суугчтай, нэг хүнээс хэдэн төгрөгийн төлбөр авдаг гэх мэт нотлох баримтууд нь хангалтгүй. Аудитын шалгалтыг хэний зөвшөөрлөөр хийсэн, үнэн зөв гарсан эсэх, юунд үндэслэсэн эсэх зэрэг нь эргэлзээтэй байна. Аудитын баримтаар ирсэн дутуу бичигдсэн дэвтрээс өөр зүйл байдаггүй. Энэ нь нотлох баримтын шаардлага хангадаггүй. Хариуцагч Ц.Оюун нь хохирол гарч ирвэл би тооцоо нийлж байгаад төлье гэсэн болохоос хохирол учруулсан гэж нэг ч удаа яриагүй. Холбооны захирлыг томилох, чөлөөлөх эрх нь холбооны удирдах зөвлөлд байх ба гүйцэтгэх захирал эрхээ хэтрүүлэн хэрэглэвэл өөрийн хувийн өмчөөс гаргуулан төлнө. Харин Ц.Оюуныг ажиллуулж байх хугацаандаа ямар эрх хэмжээг олгосон талаар нотлох баримт байхгүй. Мөн нягтлан бодогч ямар үүрэг хүлээж байсан, анхан шатны баримтуудыг захирлаас хүлээж авсан эсэх, СӨХ-ны эрх, үүрэгт холбооны санхүүгийн болон бусад эрх нь хяналтын зөвлөлд байна. Хэний шийдвэрээр аудитын шалгалт хийгдсэн нь тодорхойгүй байна. Удирдах зөвлөлийн өөрсдийн ажилд хариуцлагагүй хандсаныг Ц.Оюун хүлээх учиргүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Оюунаас 18 876 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Хийморь хотхон" СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 068 376 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 252 330 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 179 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хэрэгт авагдсан “Конфиденсе Аудит” ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 0401 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 238 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдтэй харьцуулж, үнэн зөв эргэлзээгүй дүгнээгүй. “Хийморь хотхон” СӨХ-ны Төрийн банкин дахь 101400184163 тоот дансны хуулга, Улаанбаатар цахилгаан түгээх станц ТӨХК-д манай холбооны цахилгааны төлбөр төлж тооцоо нийлсэн баримт, хуулга зэрэг хэрэгт ач холбогдол бүхий бусад нотлох баримтуудтай харьцуулж үнэлээгүй. Шинжээчийн дүгнэлт нь нотолгооны давуу байдалтай онцгой хэрэгсэл биш бөгөөд шүүх бүрэлдэхүүн бусад нотлох баримтуудтай харьцуулан үзсэний үндсэн дээр эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлэх учиртай. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зааснаар “Конфиденсе Аудит” ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 0401 дугаартай аудитын дүгнэлт, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 238 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийг зөвхөн нэг талыг барьсан буюу “Хийморь хотхон” СӨХ-ны хүсэлтээр хийгдсэн тул эргэлзээтэй, харин шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 179 дугаартай шинжээчийн дүгнэлт нь 2 талын гаргаж өгсөн нотлох баримтад үндэслэн хийгдсэн тул эргэлзээгүй бодитой гэж үзсэн. Гэтэл сүүлд иргэний шүүхээс томилогдсон шинжилгээг мөн адил нэхэмжлэгч талын хүсэлтээр хийсэн. “Конфиденсе Аудит” ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 0401 дугаартай аудитын дүгнэлт Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 238 дугаартай шинжээчийн дүгнэлт болон Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 179 дугаартай дүгнэлтээр Ц.Оюуны “Хийморь хотхон” СӨХ-ны Төрийн банкин дахь 101400184163 дугаартай данснаас бэлнээр авсан мөнгийг 11 051 176 төгрөг гэж тогтоон дутагдалд оруулж учруулсан хохиролд тооцсон. “Конфиденсе Аудит” ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 0401 дугаартай дүгнэлтэд 'Хийморь хотхон” СӨХ-ны Төрийн банкин дахь 101400184163 тоот дансны хуулганаас зөвхөн бэлнээр авсан мөнгөн хөрөнгийг касс руу хөөн шалгасан. Шалгалтаар тус СӨХ-ны захирал Ц.Оюун нь шалгалтын хамарсан хугацаанд банкнаас нийт 122 908 952 төгрөгийг бэлнээр авч үүнээс 108 330 000 төгрөгийг бэлэн мөнгөний кассанд орлогоор авч зарцуулсан байна. Харин зөрүү болох 14 578 952 төгрөгийг кассын бүртгэлд оруулаагүй боловч үүнээс 4 107 776 төгрөгөөр СӨХ-ны цахилгааны төлбөрийг шууд төлсөн байна. Мөн цахилгааны төлбөр гэж кассаас гарсан 580 000 төгрөгөөр цахилгааны төлбөр төлөгдөөгүй байна. Эдгээр залруулгуудыг хийсний эцэст 11 051 176 төгрөгийг кассанд бүртгээгүй буюу СӨХ-ны үйл ажиллагаанд зарцуулаагүй байна гэсэн байна. Өөрөөр хэлбэл 4 107 776 төгрөгөөр Ц.Оюуныг СӨХ-ны цахилгааны төлбөр төлсөн гэж үзээд 11 051 176 төгрөгийн дутагдалд оруулж тооцоогүй, шүүхэд нэхэмжлээгүй болно. Гэтэл хамгийн сүүлд хийсэн шинжээчийн 2016 оны 179 дүгээр дүтнэлтийн хавсралт 1, 2-д зааснаар 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1 694 109 төгрөгийн цахилгааны төлбөр төлсөн гүйлгээ, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1 602 643 төгрөгийн цахилгааны төлбөр төлсөн гүйлгээ, 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 810 824 төгрөгийн цахилгааны төлбөр төлсөн гүйлгээ нийтдээ 4 107 776 төгрөгийг дээр дурдсан 11 051 176 төгрөгийн хохирлоос дахин давхар хасч тооцсон байна.

Иймд шүүхийн шинжээч нь шүүхэд нэхэмжлээгүй, аудитын болон шүүхийн шинжээчийн дүгнэлтээр Ц.Оюуныг 4 107 776 төгрөгийг цахилгааны төлбөрт төлсөн, зарцуулсан гэж үзээд дутагдалд оруулж тооцоогүй мөнгийг дутагдлаас давхар дахин хасч биднийг хохироосонд гомдолтой байна. СӨХ-ны Төрийн банкны 101400184163 тоот харилцах данснаас 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1 694 109 төгрөгийг цахилгааны төлбөрт (х/х 439), 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1 602 843 төгрөгийг цахилгааны төлбөрт (х/х 446), 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 810 824 төгрөгийг мөн адил цахилгааны төлбөрт гэж (х/х 259) нийтдээ 4 107 776 төгрөгийг бэлнээр авсан байх бөгөөд Улаанбаатар цахилгааны түгээх станцад цахилгааны төлбөр төлсөн баримтаас харахад 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1 694 109 төгрөгийг цахилгааны төлбөрт (х/х 390), 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1 602 843 төгрөгийг цахилгааны төлбөрт (х/х 390), 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 810 824 төгрөгийг цахилгааны төлбөрт (х/х391) төлсөн байх бөгөөд нийтдээ 4 107 776 төгрөгийг Ц.Оюун цахилгааны төлбөрт төлсөн гэж үзэж дутагдал хохиролд оруулж тооцоогүй атал шинжээч хууль зөрчиж нэгэнт зарцуулдаг мөнгийг дутагдлаас давхар дахин хасч тооцоод байгаа нь хуулийн үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт байгаа кассын дэвтэрийн 67 дугаар хуудсанд 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 580 000 төгрөгөөр цахилгааны төлбөр төлсөн гэж бичсэн байх боловч үүгээрээ цахилгааны төлбөр төлсөн баримт байхгүй байсан тул 11 051 176 төгрөгийн дутагдалд оруулж тооцсон бөгөөд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 238 дугаартай дүгнэлтэд 580 000 төгрөгийн гүйлгээг мөрдөн байцаалтаар тогтоох шаардлагатай гэж үзсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 179 дүгээр дүгнэлтийн хавсралт 02-д шинжилгээнд нэмж ирүүлсэн зарлагын баримтууд гэсэн хэсэгт 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 560 000 төгрөгөөр цахилгааны төлбөр төлсөн баримтыг үндэслэн дутагдлаас хассан. Үүнийгээ шинжээч тайлбарлахдаа “УБЦТС” ХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хуулгаар харилцах дансаар төлөгдөөгүй, касснаас хасагдаж тооцогдоогүй гэсэн боловч хавтаст хэргийн 437 дугаар хуудас дахь Төрийн банкны дансны хуулгаас харахад СӨХ-ны данснаас УБЦТС ХК-ийн 102100001178 тоот данс руу төлөгдсөн байдаг. “Конфиденсе аудит” ХХК-ийн дүгнэлтээр дээрх 560 000 төгрөгийг дутагдалд оруулж тооцоогүй зарцуулсан гэж үзсэн болно. Гэтэл шүүхийн шинжээч энэхүү байдлыг тодруулаагүй дутагдлаас дахин давхар хасч тооцсон байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 179 дүгээр дүгнэлтийн хавсралт 1-д Ц.Оюунаас гаргаж өгсөн зарлагын баримтууд гээд цалинд 9 414 000 төгрөгийн баримт гаргаж өгснөөс 2 735 500 төгрөгийн баримт хуулийн шаардлага хангаагүй тул дутагдлаас хасаагүй үлдсэн 6 678 500 төгрөгийн баримтыг шүүхийн шинжилгээний обьектын шаардлага хангасан гэж үзээд дутагдлаас хассан байна. Шинжээчийн дүгнэлтийн хавсралт 02-д 2014 оны 12 дугаар сарын цалинд 2 121 500 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын цалинд 1 576 200 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын цалинд 1 159 300 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын цалинд 2 422 800 төгрөгийг тус тус олгосон гэж үзээд 31 664 376 төгрөгийн дутагдлаас хасч тооцсон. Кассын дэвтэрт бүртгэлгүй, цалин олгосон баримтгүй, нийгмийн даатгалын тайлан байхгүй, хөдөлмөрийн гэрээгээр баталгаажаагүй, сууц өмчлөгчдийн холбооны данснаас цалин гэж зарлагадсан гүйлгээ байхгүй байхад ямар тодорхой баримтыг үндэслэн 31 664 376 төгрөгийн дутагдлаас 6 678 500 төгрөгийг хасаад байгаа нь ойлгомжгүй байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан анхан шатны баримтгүй, кассын дэвтэрт бүртгэлгүй, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар төлж байсан тайлан баримтгүй байхад ямар үндэслэлээр ямар баримтыг үндэслээд дутагдлаас хасч тооцож байгаа нь тодорхой биш байна. Шүүхийн шинжээч Ц.Оюуны гаргаж өгсөн цалин өгсөн гэх баримтыг ямар хуулийн үндэслэлээр үнэлээд дутагдал, хохирлоос хасч тооцоод байгаа нь тодорхойгүй. Иймд анхан шатны шүүх бүрэлдэхүүн шинжээчийн дүгнэлтийг хэт баримталж, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэн зөв үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр алдаатай гарсан гэж үзэн хохирлоос хасч тооцсон цахилгааны төлбөрт төлсөн 4 667 776 төгрөг, ажилтнуудын цалин төлсөн 6 678 500 төгрөгийг манай холбоонд нэмж олгуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримталж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шударга бус шийдвэр гарсан. Анхан шатны шүүх "...Ц.Оюун нь "Хийморь хотхон" СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ба талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй” гэх боловч гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан эсэх талаар зохигчдын хэн аль нь маргаагүй" гэж дүгнээд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.1, 12.4.3, 12.6 дахь заалтад дурдсан гүйцэтгэх захирлыг үүрэгжүүлсэн хэм хэмжээнд үндэслэсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт "Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй" гэж тодорхой заасан. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тохиолдолд нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргээ зөрчиж гэм хор учруулсан гэх үндэслэлээр хохирол нэхэмжлэх үндэслэлгүй.

Түүнчлэн, Ц.Оюун нь 2013 оны 6 дугаар сараас 2015 оны 5 дугаар cap хүртэл 2 жилийн хугацаанд "Хийморь хотхон" СӨХ-ны Бүх гишүүдийн хурал Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.4, 10 дугаар зүйлийн 10.7, 10.8.2, 10.8.5, 10.8.6, 10.8.8, 10.10.1, 10.10.2, 10.10.3, 10.10.4, 11 дүгээр зүйлийн 11.3.1, 11.3.3-т зааснаар холбооны бүтцийн байгууллагууд нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй байх бөгөөд холбоонд хохирол учирсан гэх хэдий ч хөдөлмөрийн гэрээгүй ажиллаж байсан гүйцэтгэх захирал дангаараа хариуцах үндэслэлгүй. Үүнээс гадна Ц.Оюун нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.1, 12.4.3-т заасан үүргээ биелүүлж ирсэн бөгөөд түүний хийсэн ажил нь буюу мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж байсныг нотлох баримт хэрэгт хангалттай авагдсан. Харин Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12, 3.1.12б, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт заасан үүрэг нь хуулийн этгээдийн эрхгүй байгууллага болох СӨХ-ны гүйцэтгэх захиралд хамаарахгүй бөгөөд тухайн байгууллагын нягтлан бодогчийн үүрэгт ажил юм.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасны дагуу гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас үүссэн хохирлыг СӨХ шаардсан бөгөөд нэхэмжлэгч нь шаардлага гаргах эрхтэй байна гэх үндэслэлээр дүгнэлт хийсэн. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт тодорхой заасан бөгөөд шүүх иргэний хэрэг үүсгэхдээ СӨХ-ны нэхэмжлэлтэй гэж иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу СӨХ нь иргэний эрх зүйн харилцааны оролцогч байж болох боловч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн харилцаанд оролцохдоо хуулийн этгээдийн эрхийг эдлэхгүй тул бүтцийн байгууллага болох Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Удирдах зөвлөлийн дарга, Гүйцэтгэх захирал гэх нэгж нь дангаараа хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргаж болохоор байна. Иймд "Хийморь хотхон" СӨХ-ны нэр дээр иргэний хэрэг үүсгэж, улмаар удирдах зөвлөлийн даргыг нэхэмжлэгчээр татан оролцуулж хэргийг хянан шийдвэрлэсэн дээрх шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ "Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 474 дүгээр тогтоолоор Ц.Оюунд холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон нь тогтоогдсон. Ийнхүү хариуцагч нь эрүүгийн хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэнтэй холбогдуулан хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул "Хийморь хотхон" СӨХ нь өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжилсэн нь хуульд нийцсэн байна" гэж үндэслэлгүй дүгнэсэн. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр "Хийморь хотхон"СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга гэх Г.Аззаяа тэргүүтэй хүмүүс СӨХ-ны байранд дайран орж ямар нэгэн баримт бичиг өгөлгүйгээр Ц.Оюуныг хөөж гаргасан нь тогтоогддог бөгөөд /энэ талаар зохигчид маргадаггүй/ улмаар Хяналтын зөвлөлийн / Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3, 11.3.5, 11.3.6-д зааснаар түүнд эрх нь хадгалагдсан нь /ямар нэгэн шийдвэргүйгээр Г.Аззаяа нь "Конфиденсе Аудит" ХХК-иар аудитын дүгнэлт гэгчийг гаргуулан, улмаар эрх хэмжээгээ хэтрүүлэн Хяналтын зөвлөлийн шийдвэргүйгээр цагдаагийн байгууллагад хандсаныг цагдаагийн байгууллага "Хийморь хотхон" СӨХ-г биш, Г.Аззаяаг хохирогчоор /ХУД-ийн Прокурорын газрын Хяналтын прокурорын тогтоолын олсон нь хэсгийн 1, тогтоох хэсгийн 4 дэх заалтаас тодорхой харагдана/ тогтоон ямар ч баримт бичиггүй хөөгдөж гарсан сэжигтэн Ц.Оюуны "Надад одоо санхүүгийн баримт, материал байхгүй байгаа тул олж бүрдүүлээд тооцоо нийлээд гарсан дутаасан мөнгөө төлөхөд татгалзах зүйлгүй" гэсэн хүсэлт, мэдүүлгийг үндэслэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж хууль бусаар дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 209 дүгээр зүйлийн 209.5 дахь хэсэгт "Хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш хохирогч болон холбогдох бусад этгээд 7 хоногийн дотор гомдол гаргаж болно" гэж заасан байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоод байгаа тогтоолыг хохирогч Г.Аззаяа гардаж авсан боловч сэжигтнээр тогтоогдож байсан хариуцагч Ц.Оюун гардаж авсан, тухайн тогтоол нь хүчин төгөлдөр болсон эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй. Нөгөө талаар эрүүгийн хэрэгт Г.Аззаяа хохирогчоор тогтоогдсон байхад анхан шатны шүүх "..."Хийморь хотхон" СӨХ-г шаардах эрхтэй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт хийснийг харуулж байна. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримт нь хуульд заасан арга хэрэгслээр олж авсан байхыг шаарддаг бөгөөд хууль зөрчиж олж авсан дээрх тогтоол нь /Хяналтын зөвлөлийн шийдвэргүйгээр гаргасан аудитын дүгнэлтийг үндэслэсэн/ нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд нотлох чадвараа алдах юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 179 дүгээр дүгнэлтийн дүгнэлт хэсэгт "Хийморь хотхон СӨХ-ны 2013, 2014, 2015 оны санхүүгийн тайлан баланс нь шинжилгээнд ирүүлээгүй, хавтаст хэрэгт авагдаагүй тул үнэн зөв гарсан эсэхийг тогтоох боломжгүй байна", "Хийморь хотхон СӨХ нь шинжилгээнд кассын дутуу хөтөлсөн дэвтрээс өөр баримт ирүүлээгүй, шинжилгээнд ирүүлсэн баримтууд нь анхан шатны баримтын шаардлага хангахгүй, дэмжих баримтгүй, СӨХ-ны тушаал шийдвэр, хяналтын болон удирдах зөвлөлийн тогтоол шийдвэр гэж байхгүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон холбогдон гарсан дүрэм, журмыг баримталдаггүй гэж үзэхээр байна" гэж дүгнэсэн бөгөөд "...дутагдал нь юунаас, хэнээс болж бий болсон талаар дүгнэлт хийх" гэсэн асуултад Ц.Оюунаас болсон гэх нэг ч хариулт байхгүй бөгөөд Ц.Оюуныг өнгөрсөн хугацаанд гүйцэтгэх захирлаар ажилласан" гэсэн хариултыг өгсөн. Үүнээс үзэхэд дээр дурдсаны дагуу хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй Бүх гишүүдийн хурал, Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн буруутай үйл ажиллагаанаас бий болсон үнэхээр хохирол учирсан эсэх нь ч эргэлзээтэй хохирол гэх 18 876 000 төгрөгийг хөдөлмөрийн гэрээгүй гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан Ц.Оюун төлөх үүрэггүй. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Хийморь хотхон” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ц.Оюунд холбогдуулан гэм хорын хохиролд 28 947 476 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлж 32 944 376 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагч С.Оюун нь тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаар 2013 оны 6 дугаар сараас 2015 оны 5 дугаар сар хүртэл ажиллаж байх хугацаандаа оршин суугчдын төлсөн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг завшиж үрэгдүүлсэн гэж, хариуцагч С.Оюун нь “Хийморь хотхон” сууц өмчлөгчдийн холбооны Хяналтын зөвлөлийг сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй, аудит болон шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэлгүй гарсан гэж тус тус тайлбарласан.

 

Хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад цугларсан “Конфиденсе-Аудит” ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 0401 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 238 тоот шинжээчийн дүгнэлт, мөн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 179 тоот шинжээчийн дүгнэлтүүд нотлох баримтаар авагджээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 179 тоот дүгнэлтийг эс зөвшөөрч, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд бүрэлдэхүүнтэй шинжээч дахин томилуулах тухай хүсэлтийг гаргасныг, шүүх  179 тоот шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, шинжээч дахин томилуулах тухай хүсэлтийн үндэслэлээ нотлоогүй гэж дүгнэж хүсэлтийг хангахгүй орхиж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна.                                  

                                                                                                 /2хх-43, 50-51 дүгээр тал/

 

Хэргийн 43 дугаар талд авагдсан нэхэмжлэгчийн шинжээч дахин томилуулах тухай хүсэлтээс үзвэл “нийгмийн даатгалын тайлан, хөдөлмөрийн гэрээгээр баталгаажаагүй, сууц өмчлөгчдийн холбооны тамга, санхүүгийн албан бланкгүй зөвхөн Ц.Оюуны гарын үсэг бүхий ажилчдад цалин өгч байсан гэх тодорхойлолт”-ыг бичгийн баримтаар үнэлж тооцооноос хасч тооцсоныг зөвшөөрөхгүй гэж, мөн Ц.Оюун банкнаас 122 908 952 төгрөг бэлэн авснаас 108 330 000 төгрөгийг бэлэн мөнгөний кассанд орлогоор авч зарцуулсан ба кассын бүртгэлд оруулаагүй 14 578 952 төгрөгөөс 4 107 776 төгрөгөөр СӨХ-ны цахилгааны төлбөр төлснийг хасч шүүхэд нэхэмжлээгүй байтал уг төлбөрийг дахин хассан дүгнэлт гаргасан нь буруу гэж тайлбарласан байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 179 тоот шинжээчийн дүгнэлтэд дээрх төлбөрийг хасч тооцжээ.

                                                                                                  /2хх-30-31, 43 дугаар тал/

 

Зохигчид цалин болон цахилгааны төлбөр төлсөн баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарах эсэх асуудлаар маргасан тохиолдолд шинжээч дахин томилж тодруулах шаардлагатай байжээ. Иймд анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахгүй орхиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзнэ.

 

Хэргийн оролцогчийн шинжээч дахин томилуулах тухай хүсэлтийг шүүх хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчжээ.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг шүүх хэрэгжүүлээгүй байна.

 

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлд хамаарч байна.

 

Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй эсэх, хөдөлмөрийн гэрээтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх, тухайн сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл, хяналтын зөвлөл хяналт тавиагүйгээс тайлан гаргах үндэслэл болох эсэх, прокурорын тогтоолыг эрүүгийн хэрэгт гэм буруутай гэж хүлээн зөвшөөрсөн эсэх зэрэг гомдлын үндэслэлүүдэд дүгнэлт хийх шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2017/01025 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаярын төлсөн 196 490 төгрөгийг, хариуцагч Ц.Оюуны төлсөн 252 330 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

 

 

                             ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ