Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 864

 

Н.Б, Б.А, С.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор П.Энхболд,

Яллагдагч Н.Б-ийн өмгөөлөгч Б.Ганпүрэв,

Яллагдагч Б.А,

Яллагдагч С.Б-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэтулга,

Нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2022 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Энхболдын бичсэн эсэргүүцлээр Н.Б, Б.А, С.Б нарт холбогдох эрүүгийн 201601000129 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Чонос овогт Н.Б, 1963 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер, эрх зүйч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн Өмч, харилцааны газрын харилцааны албаны даргаар ажиллаж байсан, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол 1 дүгээр байр 59 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ТБ63062472/,

2. Баруун засгууд овогт С.Б, 1979 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Баянгол дүүргийн Өмч, харилцааны газрын харилцааны албаны даргаар ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Го-парк Энхтайваны өргөн чөлөө гудамж 101 дүгээр байр 62 тоотод оршин суух бүртгэлтэй /РД:ЧЛ79110312/,

3. Тайж овогт Б.А, 1977 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер, Төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол 81 дүгээр байр 29 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ТБ77010908/,

Н.Б нь Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргаар ажиллаж байхдаа хээл хахууль өгөгч БНХАУ-ын иргэн Lin Xuelong /Лин Суй Лин/-ын ашиг сохирхлын үүднээс Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их цуйрайтын ам гэх газарт Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасан “...энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэснийг зөрчин газар олгож өгөхөөр урьдчилан амлаж, тухайн газарт нэр бүхий 60 иргэний нэр дээр Дүүргийн засаг даргын газар эзэмших захирамжийн төсөл гаргуулан, албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, С.Чулуунцэцэг, Т.Пүрэвхатан нараар дамжуулан 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 50.000.000 /тавин сая/ төгрөгний хээл хахууль авсан,

Мөн хээл хахууль өгөгч БНХАУ-ын иргэн Lin Xuelong /Лин Суй Лин/-ийн ашиг сонирхлын үүднээс Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Аын хэлсний дагуу Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улиастайн Их Цуурайтын аманд 43 иргэний нэр дээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасан “...энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэснийг зөрчин газар олгуулахаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж гүйцэтгэн Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.А нь БНХАУ-ын иргэн Lin Xuelong /Лин Суй Лин/-ээс Г.Мөнхбаатараар дамжуулан 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгний хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн,

Б.А нь Нийслэлийн газрын албаны Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хээл хахууль өгөгч БНХАУ-ын иргэн Lin Xuelong /Лин Суй Лин/-ийн ашиг сонирхлын үүднээс Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улиастайн Их Цуурайтын аманд 43 иргэний нэр доэр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасан “...энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэснийг зөрчин газар олгуулахаар урьдчилан амалж, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргаар ажиллаж байсан Н.Бээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамж, 43 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулан мэдээллийн санд бүртгүүлэн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийлгүүлж, БНХАУ-ын иргэн Lin Xuelong /Лин Суй Лин/-ээс Г.Мөнхбаатараар дамжуулан 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгний хээл хахууль авсан,

С.Б нь Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргаар ажиллаж байхдаа хээл хахууль өгөгч “Эм Жэй Би Ай” ХХК-ний захирал С.Баасанхүүгийн ашиг сонирхлын үүднээс 2015 оны Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр хуучин гражыг өөрсдийн зардлаар чөлөөлж 5 давхар 250 автомашины гараж барих тендерт ялсан “Эм Жэй Би Ай” ХХК-ний газар чөлөөлөх ажилд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасныг зөрчин, газар чөлөөлөх шаардах хуудас бичиж өгөн дүүргийн газрын албанаас гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж “Эм Жэй Би Ай” ХХК-ний захирал С.Баасанхүүгээс 20.440.000 төгрөгний үнэ бүхий авто зогсоолыг өөрийн төрсөн дүү С.Мягмарсүрэнгийн эхнэр Б.Дайриймаагийн нэр дээр 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулан хээл хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Н.Б-д 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Б.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, С.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Н.Б, С.Б, Б.А нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж, яллагдагч Н.Б, Б.А, С.Б нарт хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Н.Б-ийн албаны автомашинд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах камерийн бичлэг болох 1 ширхэг сиди, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 30-48 УБҮ улсын дугаартай автомашинд хийсэн үзлэгээр хураан авсан 50.000.000 төгрөг /1 дүгээр хавтаст хэргийн 9 дүгээр хавтас/, уг мөнгийг Нийслэлийн прокурорын газрын Улаанбаатар хотын банкны 2617000528 дугаартай төгрөгийн дансанд тушаасан, яллагдагч С.Чулуунцэцэгийн гэрт хийсэн нэгжлэгээр хураан авсан 23.680.000 төгрөгийг Нийслэлийн прокурорын газрын Улаанбаатар хотын банкны 2617000530 дугаартай дансанд тушаасан, яллагдагч С.Чулуунсүхийн гэрт хийсэн нэгжлэгээр хураан авсан 23.680.000 төгрөг, 60.000 юань /1 дүгээр хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/, уг юаныг Нийслэлийн прокурорын газрын Улаанбаатар хотын банкны 2617000530 дугаартай дансанд тушаасан, яллагдагч С.Чулуунцэцэгийн хүү Э.Соёлоос хураан авсан 60 ширхэг газар эзэмших гэрчилгээ, яллагдагч Н.Бийн "Samsung" брендийн "olleh" маркийн гар утас 1 ширхэг, Нийслэлийн өмчийн харилцааны албанаас хураан авсан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаартай захирамжаар газар олгосон 43 иргэний хувийн хэрэг /нийт 412 хуудастай/, Ви ти Икс ХХК-ны захирал Ж.Амаржавхлангаас хураан авсан 16 ширхэг газрын гзрчилгээ, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас хурааж авсан 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн тус дүүргийн Засаг даргын А/256 дугаартай захирамжийн төслөөр газар олгосон 60 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /нийт 300 хуудастай/, газар эзэмших хүсэлт гаргах тухай өргөдөл, кадастрын зураг, яллагдагч А.Булганаас хураан авсан 19 ширхэг газрын гэрчилгээ, яллагдагч Г.Мөнхбаатарын хүүхэд Н.Бямбасүрэнгээс хураан авсан 7 ширхэг газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, хэрэгт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 14А байрны зүүн талд байрлах олон давхар автомашины зогсоолын 301 тоот зогсоолыг битүүмжилсэн болохыг тус тус дурдаж, энэ шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор П.Энхболд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өмгөөлөгч нарын хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасныг эс зөвшөөрч дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Хэргийг прокурорт буцаах захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож буцаасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг прокурорт буцаах үндэслэлийг хэрэглээгүй нь шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан прокурорт буцаах 3 үндэслэлийн аль нь болох нь тодорхойгүй.

1. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст “Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны эрх бүхий албан тушаалтан Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Чулуутын 3-67в тоот 380 м.кв газрыг З.Энхпүрэвт 10 жилийн хугацаатай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлж, газар эзэмших гэрчилгээг иргэн Г.Ганхуягаас шилжүүлэх тухай 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/95 дугаартай Засаг даргын захирамжийг гаргуулж, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг зөрчин эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэх эрүүгийн 170200164 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Тус хэрэгт 201601000129 дугаартай хэргийн яллагдагч Н.Бийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэсний дагуу хэрэг бүртгэлтийн 170200164 дугаартай хэргийг яллагдагч Н.Б-д холбогдох эрүүгийн 201601000129 дугаартай хэрэгт нэгтгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна.

2. Мөрдөн байцаалтын явцад яллагдагч Т.Пүрэвхатанаас 103.980.000 төгрөг хураан авсан ба хэрэгт эд мөрийн баримтаар тооцоогүй байсан. Хэргийн оролцогч нараас гаргасан гомдлын дагуу хэргийг хянаад, хураагдсан тухайн мөнгө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 2-д заасан “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого...” болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул Т.Пүрэвхатанаас хураагдсан 103.980.000 төгрөгийг прокурорын шатанд буцаан олгосон болно. Тухайн мөнгийг буцаан олгохдоо Т.Пүрэвхатаны төрсөн эх Навааны Нямтогтоход 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 073 бүртгэлийн дугаартай итгэмжлэлийн дагуу явуулж тэмдэглэл хөтөлсөн.

3. Мөрдөн байцаалтын явцад “яллагдагч С.Б нь Баянгол дүүргийн Өмч, харилцааны газрын харилцааны албаны даргаар ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн Өмч, харилцааны газрын харилцааны албаны даргаар ажиллаж байсан Н.Бтэй бүлэглэн Баянзүрх дүүргийн 20 дугаар Улиастайн Их Цуурайтын аманд 43 иргэний нэр дээр дээрх хуулийн заалтыг зөрчин газар олгож өгөхөөр урьдчилан амлаж, Ц.Баасандоржид 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/562 дугаар захирамжаар эрхийн зөрчилтэй газрын кадастрын нэгдсэн санд бүртгэгдээгүй 90 айлын газрын гэрчилгээг гарган өгч, улмаар мэдээллийн сан ажиллахгүй, мэдээлэл хийж болохгүй байгаа болохоор кадастрын нэгдсэн санд бүртгэж болохгүй байна гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хадат вилла хотхоны ашиглалтанд орсон В5 тоот амины орон сууцны өмчлөх эрхийг С.Бийн эхнэр Ч.Цэцэгбаярын нэр дээр 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлэн авч, 197.436.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулж залилсан” гэх хэрэгт 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, яллагдагч С.Б, Н.Б нарын бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй тул С Б-д холбогдох залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба С.Б-д холбогдох албан тушаалын хэргийг Н.Б, Б.А нарт холбогдох албан тушаалын хэргийн хамт шүүхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Яллагдагч С.Б-д холбогдох хэргийн харьяаллыг тогтоож, хэргийг тусгаарлаж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан хэргийг прокурорт буцаах үндэслэл болохгүй. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2022 дугаар хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, 201601000129 дугаартай хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.

Яллагдагч Н.Б-ийн өмгөөлөгч Б.Ганпүрэв тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Хэргийг нэгтгэн шалгах нь зүйтэй, одоогоор зөвхөн хэрэг бүртгэлийн шатанд байгаа боловч 2017 оны 11 дүгээр сард хэрэг бүртгэлийн хэрэг нээгдэж 2018 оны 4 дүгээр сард яллагдагчаар татагдаж мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байсан. Өнөөдрийн байдлаар зөвхөн яллагдагчаар татах тогтоолыг хуучин дагаж мөрдөж байсан хуулийн ойлгомжгүй байдлаас болж буюу хуучин хууль дагаж мөрдөж байх үед үйлдэгдсэн үйлдлийг Шинэчлэн найруулсан хуулиар ямар үндэслэлээр яллагдагчаар татсан нь тодорхойгүй байна гэсэн үндэслэлээр яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлийн шатанд буцаасан нөхцөл байдалтай байна. Үүнээс үзэхэд Н.Б-ийн хэрэг нь хэрэг бүртгэлийн шатанд байгаа хэдий боловч өмнө нь яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаад гэмт хэргийн шинжгүй болон өөр бусад байдлаар биш, зөвхөн яллагдагчаар татах тогтоолын хууль зүйн үндэслэлтэй холбоотойгоор тухайн тогтоолын хууль зүйн үндэслэлтэйгээр холбоотойгоор прокурор хүчингүй болгосон тул энэ хоёр хэргийг нэгтгэн шалгах нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үндэслэлтэй байна. Мөн шүүгчийн захирамжийн буцаасан 2 дахь үндэслэл хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Нямтогтох гэх хүнд шилжүүлж өгсөн нь ямар хуулийн зохицуулалт баримталж тухайн хураасан мөнгийг Нямтогтох гэх хүнд шилжүүлж өгсөн гэдгийг шалгаж хэрэг бүртгэлийн шатанд нэг мөр болгосон нь зүйтэй. Мөн шүүгчийн захирамжийн 3 дахь үндэслэлд Н.Б-д холбогдох хэргийг С.Бямбодоржид холбогдох хоёр хэргийг нэгтгэсэн ганц үндэслэл нь Мөнхбаатараар дамжуулж С.Б залилах гэмт хэрэг үйлдэж эхнэр Цэцэгбаяр гэх хүний нэр дээр хаус авсан гэх хэргийг Н.Бтэй бүлэглэж үйлдсэн гэж яллагдсан. Өмнөх давж заалдах магадлалаар энэ үйлдэл нь шүүхэд шилжсэн.  Гэтэл 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 62 тоот прокурорын тогтоолоор дээрх С.Б нь залилах гэмт хэргийн үйлдлийг Н.Б-тэй бүлэглэж үйлдсэн гэх үйлдэл нь хасагдсан. Өөрөөр хэлбэл С.Б, Н.Б нарын хооронд ямар ч холбоо байхгүй байхад харьяалалын асуудал зөрчигдсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Нэг харьяалалаар шийдвэрлэх ёстой байсан үйлдэл нь хэрэгсэхгүй болчихоор тус тусдаа үйлдэл нь тус тусдаа шүүхээр шийдвэрлэгдэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Яллагдагч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би удаа дараа хүсэлт гаргаж байсан. Тухайн хүсэлтэндээ Мөнхбаатар гэх иргэнийг дахин байцааж өгнө үү, мөнгөний эх үүсвэрийг дахин тогтоож өгнө үү гэх хүсэлтүүдийг гаргасан байгаа. Гэтэл шүүхийн буцаасан захирамжид энэ талаар тусгагдаагүй. Шүүгчийн буцаасан захирамжийн үндэслэлүүд нь надад хамааралгүй заалт байгаа. Өөр тайлбарлах зүйл байхгүй.” гэв.

 

Яллагдагч С.Б-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэтулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Шүүгдэгч С.Б-д холбогдох Баянгол дүүрэгт хамаарах асуудлыг 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчилж Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүхээр шийдвэрлэхээр хуульчлан заасныг зөрчсөн учир дахин нэмэлт мөрдөн байцаалт явуулах хүсэлт гаргаж, урьдчилсан хэлэлцүүлэг явуулж хэргийг буцаасан. Шүүхийн шатанд хэргийг тусгаарлаж дахин хэргийн харьяалалыг тогтоох боломжгүй учир хэргийг буцаах нь үндэслэлтэй гэж үзсэн. Мөн С.Б-д 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр тусдаа эрүүгийн хэрэг үүсгэсэн. Дараа нь Н.Б-тэй холбоотой байж магадгүй гэж үзэж Н.Бэд холбогдох эрүүгийн хэрэгт нэгтгэсэн. Ингээд нэгтгэсэн үйлдэл нь өөрөө хэрэгсэхгүй болсон учир С.Б-д холбогдох тусгаарласан анхны эрүүгийн хэрэг нь хэвээр үлдэх боломжтой учир хэргийн харьяалал буюу Баянгол дүүрэгт энэ хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дурдсан. Мөн Н.Б-ийн өмгөөлөгч хэлсэн тухайн үед өмнөх давж заалдах шатны шүүхээр хянагдаж байх үед хоёр үйлдэлтэй байсан бол одоо С.Бид зөвхөн нэг үйлдэл байгаа учир үүнийг хэргийн харьяалал буюу анх гарсан дүүргийн шүүх шийдвэрлэх боломжтой.” гэв.

 

ХЯНАВАЛ:
 

Давж заалдах шатны шүүх Н.Б, Б.А, С.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Н.Б, Б.А, С.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Прокуророос яллагдагч Н.Б-ийг 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 50.000.000 /тавин сая/ төгрөгний хээл хахууль авсан, мөн Б.А-ыг 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгний хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, яллагдагч Б.Аыг 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгний хээл хахууль авсан, яллагдагч С.Б-ийг 20.440.000 төгрөгний үнэ бүхий авто зогсоолыг өөрийн төрсөн дүү С.Мягмарсүрэнгийн эхнэр Б.Дайриймаагийн нэр дээр 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулан хээл хахуульд авсан гэж тус тус үзэж, Н.Б-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан, Б.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан, С.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүгч хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар “...яллагдагч Н.Б-д энэ хэргээс гадна эрүүгийн 170200164 дугаартай хэрэг үүсгэн Авлигатай тэмцэх газар шалгагдаж байгаа бөгөөд түүнд холбогдох хэргүүдийг нэгтгэн шалгах нь зүйтэй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан байсан 103.980.000 төгрөгийг прокурорын шатанд Н.Нямтогтох гэгч этгээдэд хүлээлгэн өгсөн нь буруу, яллагдагч С.Бид холбогдох эрүүгийн хэргийн харъяаллын асуудлыг зөв шийдвэрлэх зэрэг ажиллагаануудыг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Н.Б, Б.А, С.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаасан байна.

 

Яллагдагч Н.Б-ийг өөр гэмт хэрэгт яллагдагчаар татсан тухай нотлох баримт хэрэгт байхгүй байхад эрүүгийн хэрэг нэгтгэх тухай асуудал яригдах ёсгүй юм.

 

Яллагдагч С.Б-д холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр прокуророос хэрэгсэхгүй болгосон нь яллах дүгнэлт үйлдэгдсэн, эрүүгийн хэргийг мөрдөн байцаалт явуулсан харьяаллын дагуу адил эрх, үүрэгтэй шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй ба түүний эрх зөрчигдөнө гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

 

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх үед 103.980.000 төгрөгийг иргэн Н.Нямтогтоход хүлээлгэн өгсөн нь хэргийг прокурорт буцаах үндэслэл болохгүй ба энэ байдал нь шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэр гаргахад нөлөөлөхгүй юм.

 

Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 596 дугаар магадлалд “Н.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн” гэж дүгнэн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байсан байх ба энэ шийдвэрээс хойш яллагдагч нарт өөр үйлдэл болон өөр хэрэгт нэмэлт ажиллагаа явуулаагүй, харин ч зарим гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байхад хэргийг дахин прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2022 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Н.Б, Б.А, С.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч Н.Б, Б.А, С.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧИД                                                    Н.БАТСАЙХАН

         Д.МЯГМАРЖАВ