Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 113

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүгч Ц.Мөнхзул, шүүгч Д.Халиуна нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж, гомдол гаргагчийн төлөөлөгч Г.Г, гомдол гаргагчийн өмгөөлөгч М.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Д нарыг оролцуулан “У*******” ХХК-ийн гомдолтой, НМХГ-т холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийв.

            Гомдол гаргагч: “У*******” ХХК  

            Хариуцагч: НМХГ

            Гомдлын шаардлага: НМХГ-ын улсын байцаагч М.Т ын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1702000086 тоот шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрч, хүчингүйд тооцуулах

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “У*******” ХХК шүүхэд гаргасан гомдолдоо: “Хариуцагч нь Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг дэвсгэрт зохих этгээдийн зөвшөөрөлгүй иргэн Б.М ын эзэмшил газрыг ашигласан гэх ташаа мэдээллээр хянагдсан зөрчлийг хянан шийдвэрлэхдээ манай компанийг Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж үзээд 5000 нэгжээр торгох шийтгэлийг оногдуулсан.

            Үүнийг бид дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

            1. Тухайн газар нь манай компани болон Засгийн газар хооронд 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан “Концессын гэрээ”-г хэрэгжүүлэх хүрээнд батлагдсан Техник, эдийн засгийн үндэслэлийн Ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн дагуу улсын чанартай дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөр хэрэгжих нутаг дэвсгэрт хамаарагдаж байгаа.

            2. Манай компани нь энэхүү төсөл хэрэгжих нутаг дэвсгэрт хамаарах газрыг Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үндэслэл болон 16 дугаар зүйлийн 16.1.13-д заасан “Усан цэнэгт цахилгаан станц” барих зориулалтаар ашигласан.

            3. Манай компани нь энэхүү төсөл хэрэгжих нутаг дэвсгэрт хамаарах газрыг Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасны дагуу 2008 онд Нийслэлийн Газрын албаны төсөл сонгон шалгаруулах дуудлага худалдаанаас 1,500,000,000 /нэг тэрбум таван зуун сая/ төгрөгөөр Усан цэнэгт цахилгаан станц барих зориулалтаар худалдан авсан.

            4. Улсын тусгай хэрэгцээний газрын хил заагийг Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 ба 18 дугаар зүйлийн 18.1.2-т заасны дагуу зөвхөн Улсын Их Хурал болон Засгийн Газар хэрэгжүүлэх эрхтэй.

            5. “Усан цэнэгт цахилгаан станц”-ын төслийг хэрэгжүүлэх зориулалттай газрын хил заагийг, тухайн орон нутгийн газар ашиглах асуудал Зохицуулах байгууллага, Концессын Эрх бүхий этгээд болон Концесс эзэмшигч талуудад мэдэгдэлгүй бусад аж ахуй нэгжүүдэд Кадастрын зураг дээр олгосон. /Хашаа барьсан айл нэг ч байхгүй/

            6. Энэ нөхцөл байдлын улмаас манай компанийн тус төслийг хөгжүүлэх ТЭЗҮ, холбогдох судалгааны ажлууд болон барилгын ажлын талбарын дэд бүтцэд 2008 оноос эхлэн оруулсан шууд хөрөнгө оруулалтын 11.200.000.000 /арван нэгэн тэр бум хоёр зуун сая/ төгрөгийн хөрөнгө оруулалт үнэгүйдэж байна.

            Иймд НМХГ-ын улсын байцаагч М.Т ын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1702000086 тоот шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч НМХГ-ын улсын байцаагч М.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Б.М аас 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гаргасан газар чөлөөлүүлэх тухай зөрчлийн талаарх гомдлыг шалгаад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд “У*******” ХХК нь үйл ажиллагаа явуулахдаа зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрт олгогдсон газарт биш бусдын эзэмшилд олгогдсон газарт далан барьж, түр барилга байгууламж байршуулсан нь газрын албанаас авсан нэгж талбаруудын хувийн хэрэг, кадастрын зургуудаар тогтоогдсон тул Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэх хэсгийг тус тус зөрчиж байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д “Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэж зааснаар хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулах үндэслэл болж байна.

“У*******” ХХК болон Эдийн Засгийн хөгжлийн яам хооронд 2014 онд байгуулсан “Туул Сонгино усны нөөцийн цогцолбор төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ”-ний 2 дугаар хуудсанд гэрээний зорилго хэсэгт төсөл хэрэгжүүлэх газар нь Нийслэлийн Газрын албанаас зохион байгуулсан төсөл сонгон шалгаруулах дуудлага худалдаанаас худалдан авсан 170000 м.кв газарт концессоор барих-өмчлөх-ашиглах төрлөөр хэрэгжүүлэхэд эрх бүхий этгээд, зохицуулах байгууллага болон концесс эзэмшигчийн хооронд үүсэх бүх төрлийн харилцааг зохицуулахад оршино гэж заасан байдаг. Уг концессын гэрээний заалтууд нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжуудтай зөрчилдвөл хууль тогтоомжийг баримтална гэж мөн заасан байна.

Концесс хэрэгжүүлэгчид дуудлага худалдаагаар 170000 м.кв газрыг хоёр
байршилд олгосон бөгөөд “Ф л г” ХК-д 50000 м.кв, “Ф л г” ХК 120000 м.кв газрыг тус тус усан цэнэгт цахилгаан станц зориулалтаар
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд 15 жилийн хугацаатай олгосон.

Гомдол гаргасан иргэн Б.М д олгогдсон буюу “Улаанбаатар усан
цэнэгт цахилгаан станц” ХХК эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр үйл
ажиллагаа явуулж далан барьж, түр барилга, байгууламж байршуулсан газар
болон дээрх дуудлага худалдаагаар олгосон газрууд нь хоорондоо багадаа 250
метр, ихдээ 1575 метр зайтай байрладаг. Зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр
өөрт олгогдсон газарт биш бусдын эзэмшилд олгогдсон газарт үйл ажиллагаа
явуулж байгаа нь Нийслэлийн Газрын албанаас ирүүлсэн кадастрын зураг болон газрын мэдээллийн сангийн зургаар тогтоогдсон.

Мөн түүнчлэн “У*******”-ын үйл ажиллагаа явуулах Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны тухайн байршлыг Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газрын зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх талаар одоог хүртэл ямар нэгэн шийдвэр тогтоол гараагүй болно.

“У*******” ХХК нь бусдын эзэмшилд олгогдсон газарт үйл ажиллагаа явуулж түр барилга, байгууламж болон шороон далан босгосон нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” хэсгийг тус тус зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар 5.000.000 /таван сая/ төгрөгийн торгууль ногдуулсныг хуулиар заасан хугацаанд одоог хүртэл барагдуулаагүй байна.

Иймд Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч
Ч.Т аас “У*******” ХХК-д 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ногдуулсан 1702000086 дугаар шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээх саналтай байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч “У*******” ХХК-иас “НМХГ-ын улсын байцаагч М.Т ын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1702000086 тоот шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрч, хүчингүйд тооцуулах” гэж гомдлын шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлсон.

НМХГ-ын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч М.Т нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.М аас гаргасан газар чөлөөлүүлэх тухай зөрчлийн талаарх гомдлын дагуу 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зөрчлийн хэрэг нээн, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд “У*******” ХХК нь үйл ажиллагаа явуулахдаа зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрт олгогдсон газарт биш бусдын эзэмшилд олгогдсон газарт далан барьж, түр барилга байгууламж байршуулсан гэх үндэслэлээр 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1702000086 тоот шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д “Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэж заасны дагуу 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Гомдол гаргагчаас “... Би 2008 онд энэ газрыг төслийн зориулалтаар худалдаж аваад байгаль орчны үнэлгээ, техник эдийн засгийн үнэлгээ хийж, концессын гэрээ байгуулсан учраас тухайн газарт усан цэнэгт станц байгуулах гэж байгааг бүх хүн мэдэж байсан, төсөл хэрэгжүүлэхээр бүртгэл хийгдсэн байхад тухайн газрыг эзэмшигчид мэдэгдэхгүйгээр Б.М д олгосон...” гэж,

хариуцагчаас “... Б.М ын газар дээр далан болон түр байгууламжуудыг байгуулсан болохоор иргэн гомдол гаргасан. Гомдлыг хүлээж аваад байгаль орчны улсын байцаагч очоод шалгахад гомдол гаргагч компани нь маргаан бүхий газарт буюу газар эзэмших эрхийн гэрчилгээгүй газарт дур мэдэн үйл ажиллагаа явуулсан, түр байгууламжийг барьсан ... гэдэг нь тогтоогдсон” гэж тус тус маргасан.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай” 403 тоот тогтоолоор “Т******* усны нөөцийн цогцолбор” төслийн хүрээнд Концессын гэрээг “М” ХХК-иас тусгаарлан байгуулагдсан төслийн нэгж “У*******” ХХК-тай байгуулах зөвшөөрлийг олгосны дагуу 2014 онд Эдийн засгийн хөгжлийн яам болон “У*******” ХХК нар нь “Т******* усны нөөцийн цогцолбор төслийг хэрэгжүүлэх Концессын гэрээ /барих-өмчлөх-ашиглах/-г байгуулжээ.

Дээрх Концессын гэрээнээс үзэхэд 170000 м.кв талбай бүхий газарт гэрээнд заасан үйл ажиллагааг явуулахыг тусгасан боловч эрх бүхий байгууллагын шийдвэрээр гомдол гаргагч “У*******” ХХК-д газар эзэмших эрхийг олгоогүй байх бөгөөд үүнтэй холбогдуулж гомдол гаргагчаас маргаагүй.

Тодруулбал, гомдол гаргагчийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн өгсөн тайлбарт “... Концессын гэрээ нь Засгийн газраас батлагдсан тул эрхийн дагуу тухайн газар нь олгогдоно гэдэг үүднээс зөвшөөрөл аваагүй. Төсөл хэрэгжиж дууссаны дараа зохих байгууллагуудаас зөвшөөрлийг авахаар тооцож байсан ... миний хувьд Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13-аар манайд олгосон газар нь усан цэнэгт цахилгаан станц буюу улсын чанартай барилга байгууламж барихаар олгосон, Монгол Улсын тусгай хэрэгцээний газар гэж ойлгож байгаа ...” гэх, тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан “...Засгийн газартай тохирч Концессын гэрээ байгуулж тухайн төслийг хэрэгжүүлэх талбайгаа тохиролцсон байгаа. Нийтийн зориулалттайгаар тусгай хэрэгцээнд авахтай холбоотой асуудал оройтсон нь үнэн... гэх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд илтгэгч шүүгчээс гомдол гаргагч компани нь газар эзэмших эрхийн гэрчилгээтэй эсэхийг тодруулахад “... н.М ын гомдол гаргаж байгаа талбай манай төслийн талбайтай давхцаж байгаа...” гэх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Х/77 тоот албан бичигт “... “Т******* усны нөөцийн цогцолбор” төслийн Концессын гэрээний дагуу газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын шийдвэр гараагүй ...” гэх тайлбар зэргээс үзэхэд гомдол гаргагч “У*******” ХХК нь маргаан бүхий газар дээр үйл ажиллагаа явуулах эрх хуульд зааснаар үүсээгүй болох нь тогтоогдож байна.

Харин иргэн Б.М ын тухайд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 377 дугаар захирамжаар 8029/5246 нэгж талбарын дугаартай 20000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшиж байгаа бөгөөд уг газрыг эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр байна.

Түүнчлэн гомдол гаргагч нь тухайн зөрчил гарах үед буюу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар уг газрыг эзэмших эрхгүй байсан нь дээрх байдлаар тогтоогдсон тул уг газрыг улсын тусгай хэрэгцээнд хэзээ авсан, эсхүл дараа нь тусгай хэрэгцээнд авахаас үл хамаараад Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчин үйл ажиллагаа явуулж байсан гэж үзэх үндэслэлтэй.

Мөн шүүх хуралдаанд гомдол гаргагчаас Зөрчлийн хэрэгт авагдсан Б.М ын 186******* нэгж талбарын дугаартай газарт  далан барьж, түр барилга байгууламжийг байршуулсан, Б.М д тухайн газрыг эзэмшүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 377 дугаар захирамжтай холбоотойгоор тухайн болон дээд шатны Засаг даргад гомдол, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй талаар мэдүүлсэн. Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2/194 тоот албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн кадастрын мэдээллийн сангийн зурагт авагдсан тус компанийн газрын байршил нь Б.М ын эзэмшлийн 8029/5246 тоот нэгж талбарын дугаартай өөр газрын байршилтай харьцуулсан байдлаар ирсэнтэй  хэргийн оролцогчид маргаагүй бөгөөд гомдол гаргагчаас далан барьж, түр барилга байгууламжийг байршуулсан газрын байршил нь Б.М ын газартай давхацсан үйл баримттай талууд маргаагүй тул энэ талаарх нэмэлт нотлох баримт авах шаардлагагүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн. 

Зөрчлийн хэрэгт авагдсан 186******* нэгж талбарын дугаартай кадастрын зураг, гомдол гаргасан Б.М болон холбогдогч “У*******” ХХК нарын тайлбар, мэдүүлэг, холбогдох бусад баримтуудаар Б.М ын 186******* нэгж талбарын дугаартай газарт гомдол гаргагчаас далан барьж түр байгууламж байршуулсан нь тогтоогдож байх бөгөөд энэ үйл баримттай талууд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд “У*******” ХХК нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх заалтыг зөрчиж, үйл ажиллагаа явуулахдаа зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрт олгогдсон газарт биш бусдын эзэмшил газарт далан барьж, түр барилга байгууламж байршуулсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д “Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэж заасны дагуу 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн бөгөөд гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул “НМХГ-ын улсын байцаагч М.Т ын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1702000086 тоот шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрч, хүчингүйд тооцуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасныг баримтлан “У*******” ХХК-ийн “НМХГ-ын улсын байцаагч М.Т ын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1702000086 тоот шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрч, хүчингүйд тооцуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ДОЛГОРСҮРЭН

                                     ШҮҮГЧ                              Д.ХАЛИУНА  

                                         ШҮҮГЧ                              Ц.МӨНХЗУЛ