Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2019/0372

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Кадастрийн хэлтсийн дарга нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0285 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Кадастрын хэлтсийн дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0285 дугаар шийдвэрээр: “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газраас нөхөх олговор олгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Б” ХХК-д Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайгаас “Б” ХХК-д талбай олгох шийдвэр гаргахыг Монгол Улсын Засгийн газарт, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19-т заасны дагуу “Б” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заажээ.

"Бэрхресорсиз” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын талбай нь Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Хилийн заагийг тогтоох” тухай 194 дүгээр тогтоол, Улсын их хурлын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоолоор тогтоосон улсын тусгай хамгаалалтын газартай бүхэлдээ давхцалтай байсан хэдий ч тусгай зөвшөөрлөө хүчин төгөлдөр байлгахын тулд хуульд заасны дагуу ээлжит жилийн төлбөрийг төлөх ёстой байна.

Өөрөөр хэлбэл тус компанийн тусгай зөвшөөрлийг хуулиар хориглосон, хязгаарласан талбайтай бүхэлдээ давхцсан үндэслэлээр цуцлаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуульд заасны дагуу төлөх ёстой байсан.

Иймд шүүхийн шийдвэрт хориглосон хуулийн үйлчлэлд хамаарч улмаар улсын тусгай хамгаалалтад авсан тохиолдолд төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх ёстой байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

...Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно” гэж зааснаар Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын  хайгуулын  болон   ашиглалтын  тусгай  зөвшөөрөл  эзэмшигчид  нөхөн олговор олгох журам”-ыг баталсан.

Тус журмын 3.4-т “Дараах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгохгүй”, 3.4.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын сонинд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөн олговор авах тухай хүсэлт гаргаагүй” бол нөхөн олговор олгохгүй гэж заасан.

“Зууны мэдээ” сонины 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 239 дугаарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагууд нөхөн олговор авах хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргахыг анхааруулсан зарыг нийтэлсэн.

“Зууны мэдээ” сонинд зар нийтлэгдсэнээс хойш журамд заасан 90 хоногийн дотор “Б” ХХК нь нөхөн олговор авах хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргаж ирүүлээгүй тул нөхөх олговор авах эрх үүсэхгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэсэн заалт нь тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр компаниудад хамаарах зохицуулалт юм.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0285 дугаар шийдвэр нь хуулийн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн гүйцэд тодруулаагүй, шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэгч “Б” ХХК-аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулсан ““Б” ХХК-ийн XV-012514 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговрыг олгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайгаас “Б” ХХК-д талбай олгох шийдвэр гаргахыг Монгол Улсын Засгийн газарт даалгах, уг шийдвэрийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д зааснаар “Бэрх ресорсиз” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл, “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэжээ.

Монгол Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоолоор “Б” ХХК-ийн XV-012514 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг бүхэлд нь улсын тусгай хэрэгцээнд авсан, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор батлагдсан ашиг малтмал хайх, ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийн солбицолд уг талбай нь бүхэлдээ багтсан үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй байна.

“Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам”-ыг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан байх ба уг журмаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөх олговор авах хүсэлтээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж, нөхөх олговрын тооцоонд хамаарах зардлын төрлүүдээр түүнд нөхөх олговрыг тооцож олгох харилцааг зохицуулжээ.  

Харин Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг ...тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болох ашигт малтмалын асуудлаар Засгийн газрын бүрэн эрхийг хуульчилсан байна.

Тусгай зөвшөөрөл бүхий талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хуулиар хориглосон хилийн заагийн солбицолд багтсан бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмал, газрын тосны газарт хүсэлт гаргасны дагуу зардлын төрлөөр нөхөх олговор тооцож олгуулахаар, уг талбайг тусгай хэрэгцээнд авсан бол нөхөх олговор олгох асуудлыг Монгол Улсын Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэхтэй холбоотой харилцааг дээрх байдлаар тусад нь зохицуулсан.

Гэтэл нэхэмжлэгчээс “тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай олгох шийдвэр гаргуулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон атлаа нэхэмжлэлийн үндэслэлээ Ашигт малтмал, газрын тосны газрын нөхөх олговор олгоогүй эс үйлдэхүйн улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж тайлбарлан маргаж байна.

Хэрэв нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг өөр өөр агуулгаар тайлбарлан маргаж буй нөхцөлд анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулах боломжийг олгож, мөн хуулийн 53.3-т зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангуулах байжээ.

Нөгөөтэйгүүр, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгох-оор, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоохоор тус тус заасан.

Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу нөхөх олговор авахаар хариуцагч Монгол Улсын Засгийн газарт хандаж хүсэлт гаргаж байсан нь баримтаар тогтоогдоогүй байхад хариуцагчийг хууль бус эс үйлдэхүй гаргасан эсэхэд дүгнэлт хийж, уг хуулийн заалтын дагуу “Б” ХХК-д талбай олгох шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэх боломжгүй юм.

Нэг талаас нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрх буюу ямар эрхээ хэрхэн хамгаалуулах, нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй боловч нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж үзэж байгаа эрх, ашиг сонирхол нь ямар захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас хөндөгдсөн, уул эрхээ хамгаалуулахаар шаардлагаа гаргах, зөвтгөн өөрчлөх боломжийг шүүхээс олгож байх үүрэгтэй.

Мөн хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас нэхэмжлэгч “Б” ХХК нь  “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж маргаж байхад тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар түүнд хэзээ мэдэгдсэн талаар холбогдох нотлох баримтыг цуглуулж дүгнэлт өгөөгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0285 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

   ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

   ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН