| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/03064/И |
| Дугаар | 2435 |
| Огноо | 2017-07-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2435
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, ******* тоотод оршин суух, Д*******ын Б*******ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн өмгөөлөгч О.Эрдэнэтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Номинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Б******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1943 онд төрсөн. 1961 оны 07 сарын 15-д анх Барилга, Барилгын Материалын үйлдвэрийн яамны харьяа цахилгаан сантехникийн угсралтын нэгдсэн трестийн 2-р ангид зурагчнаар ажилд орсон. Энэ хугацаанд ажиллаж байхдаа мэргэжил ахиулж 1962 оны 7-р сарын 05-ны өдрийн 2 тоот тогтоолоор авто гагнуурчин болж тус трестийн 2-р ангид гагнуурчнаар үргэлжлүүлэн ажиллаж 1969 оны 06 сарын 02-ны өдрийн 132 тоот тушаалаар ажлаас чөлөөлж, нийгэм ахуйн барилга трестийн мэдэлд шилжүүлсэн. Архивын ерөнхий газар үндэсний төв архив дээр очиж ажилд орсон тушаал авах гэсэн боловч тушаал олдоогүй харин ажлаас чөлөөлөгдсөн тушаал байна.
Тухайн үед надтай хамт ажиллаж байсан ЦСУНТрестын 2-р ангийн конторын дарга Ц.Цэндийн тодорхойлолт, хамт олонтой 1961 онд толгойтын нефть баазыг барьж байсан үе. 1963 онд ЦСТУ-ын 2-р ангид байх үед авахуулсан зураг, 1969 оны 06-р сарын 2-ны өдрийн 132 тоот тушаал, мэргэжлийн үнэмлэх зэргийг үндэслэн 1961 оны 7-р сарын 15-наас 1969 оны 06-р сарын 02-нийг хүртэл хугацааг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-нд зааснаар улсад ажилласнаар тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Б******* нь ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т “хүний ажилалж байсан байдал”-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэсний дагуу хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.
Хүсэлт гаргагч Д.Б******* нь 1961 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1969 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа цахилгаан сантехник угсралтын нэгдсэн трестийн 2 дугаар ангид зурагчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа цахилгаан сантехник угсралтын нэгдсэн трестийн даргын 1969 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 132 дугаар ажилд жинхлүүлэх, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамнаас Д.Б*******д 1962 оны 07 дугаар сарын 05-ны өдөр олгосон 2 дугаар зэргийн Автотехникчийн мэргэжлийн үнэмлэх, фото зурагнууд, гэрч Ц.Цэндийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд 1961 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1969 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа цахилгаан сантехник угсралтын нэгдсэн трестийн 2 дугаар ангид зурагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай Д.Б*******ын хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* регистрийн дугаартай Цагаан үхэрт овогт Д*******ын Б******* нь 1961 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1969 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа цахилгаан сантехник угсралтын нэгдсэн трестийн 2 дугаар ангид зурагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ