Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 141/ШШ2017/00118

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 141/ШШ2017/00118

Завхан аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тэлмэн сумын Өвөгдий багт оршин суудаг Х овогт Д.М-н нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл, нэхэмжлэгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл, хариуцагч С.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.М нь 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Тэлмэн сумын Засаг даргын Тамгын газарт няраваар ажилд орсон ба үүрэгт ажилдаа томилогдсоноос хойш чөлөөлөгдөх хүртэл алдаа зөрчил гаргалгүйгээр ажиллаж байсан. Гэтэл Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Б 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Б/07 тоот тушаалаар халчихаад дахиад 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/09 тоот тушаалаар үүрэгт ажлаас халах тушаал гаргасан. Тушаалын агуулга нь орон тоо хасагдсан уу, цөөрүүлсэн үү гэдэг нь тодорхойгүй байна. Тамгын газрын даргад намайг няравын орон тоо хасагдсан гэсэн бичгээ аваад ир гэхээр төрийн сан бичиг хийж өгөхгүй гэсэн хариу өгсөн. Иймд намайг Завхан аймгийн Тэлмэн сумын засаг даргын тамгын газрын няравын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 1.200.000 төгрөгийг гаргуулж, дээрхи хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

Хариуцагч Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын тамгын газрын дарга С.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны жилийн төсөв батлагдсантай холбогдуулаад өмнөх оныхтой харьцуулбал төсвийн зардал хасагдсан байгаа. Нийгмийн даатгалын цалингийн санд 5.000.000 төгрөгийн өртэй байсан учир арай ядан төсвийн өрийг дарсан. Ахиж төсвийн өртэй гарвал удаа дараа арга хэмжээ авна гэж дээд байгууллагаас бичиг ирж байсан. Орон тоо нь 24 хүнээр батлагдаж цалингийн сан хасагдсан байсан. Аргагүй Д.М-г удаа дараа хэлж байгаад 2017 оны 03 сарын 20-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Д.М-д 3 сарын тэтгэмж өгөх гэтэл санхүү хүрэлцэхгүй байсан учир 1 сарын тэтгэмжийг олгосон. 2 сарын тэтгэмжийг олгуулах хүсэлт өгсөн учир засгийн газрын 426-р тогтоолыг мөрдөн Д.М-г ажлаас чөлөөлснийг үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Д.М нь Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын Тамгын газарт няраваар ажиллаж байгаад Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын тамгын газрын дарга С.Б 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчийн тайлбар, Тэлмэн сумын Засаг даргын тамгын газрын даргын 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/07 дугаартай Д.М-г ажилд томилох тухай тушаал, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/09 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, 0785863 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлээ 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Хариуцагч Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Б нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Төсөвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Улсын их хурлын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 47 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2а заалт, Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 425 дугаар тогтоолыг үндэслэн нярав Д.М-г ажлаас нь чөлөөлсөн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн нь ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх үндэслэл болохоор заасан байна.

Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 425 дугаар тогтоолд хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, аж ахуйн нэгж байгууллагын тоог харгалзан сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг 1501-3000 хүртэл хүн амтай суманд 14 байхаар тогтоожээ.

Завхан аймгийн Тэлмэн сум нь 2016 оны жилийн эцсийн байдлаар 2732 хүн амтай байсан болох нь улсын бүртгэгч Т.Б-н албан бичгээр тогтоогдож байна.

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэж заасан ба Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Б 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/01 дугаартай тушаалаар Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог 14 байхаар тогтоосон ба нярав гэсэн орон тоо байхгүй байгаа нь Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 425 дугаар тогтоолд нийцүүлэн орон тоог цөөрүүлсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Мөн ажил олгогч нь ажилтан Д.М-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох гэж байгаа талаараа 2017 оны 01 дүгээр сарын 31-нд мэдэгдсэн, сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, тухайн шатны Засаг даргатай зөвшилцсөн болох нь Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03/104 тоот албан бичгээр нотлогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон дээрхи үйл баримтуудад үндэслэн хариуцагч Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын тамгын газрын дарга С.Б 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/09 дугаартай Д.М ажлаас чөлөөлөх тухай тушаал хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч Д.М-н хариуцагч Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М-н хариуцагч Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.ИХТАМИР