Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/961

 

 

 

 

 

 

      2021          9              21                                       2021/ШЦТ/961

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Р.Мягмардорж,

шүүгдэгч М.О.........т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Бөх нар овогт М......рын О.........тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2108 0000 01242 дугаартай 1 хавтаст хэргийг 2021 оны 09 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бөх нар овогт М......рын О.........т, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1990 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ................ тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ..................

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч М.О.........т нь 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 08 дугаар сарын 03-нд шилжих шөнө ..................... Б.Ш....................яаг “Гоймон чанасан ид гэж хэлэхээр би идэхгүй гэж хэлсэн. Чи хаашаа юм урьдын найз охин шигээ тарган болгох гээд байгаа юм уу гэж хэлсэн. Чи манай дүү Б...........рын хажууд юу яриад байгаа юм наадах чинь сонсчихлоо” гэх маргаанаар гараараа цээж, толгой, хөр хэсэг рүү цохин зодож, эрүүл мэндэд нь “баруун тал, цээж, баруун бугалга, шуу, сарвуу, зүүн мөр, бугалга, зүүн өгзөг гуя, өвдөгт шилбэ, баруун гуя шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О.........т мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд: “...Б.Ш....................яагаас ...харилцаа холбооны хэрэгсэл ашиглаж гаргасан гомдол мэдээллийг 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 07 цаг 00 минутад хүлээн авав...” гэх баримт (хавтаст хэргийн 01),

2. Хохирогч Б.Ш....................яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр би найз залуу болох О.........тын гэрт нь цуг байсан юм. Би тэдний гэрт нь хоёр өдөр цуг байсан. Тухайн өдөр О.........тын найз Н...........р ирэхээр нь бид гурав машин дотор нь 2 том пиво, ...1 шил 0.33 литрийн “Хараа” нэртэй архи ...хувааж уусан, би архинаас нь огт уугаагүй. Ууж дуусчхаад 08 дугаар сарын 03-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад найз нь яваад өгсөн. Түүний дараа машин дотор байхад О.........т урьд өмнө нь үерхэж байсан найз охиноо яриад байсан, тэр үед би хэрүүл огт хийгээгүй. Тэгээд гэрт ороод намайг буйдан дээр хэвтэж байтал О.........т “гоймон чанасан ид” гэж хэлэхээр нь би “идэхгүй, чи хаашаа юм урьдын найз охин шигээ тарган болгох гээд байгаа юм уу” гэж хэлсэн. Тэгтэл О.........т “чи дүү Б...........рын хажууд юу яриад байгаа юм. Наадах чинь сонсчихлоо ш дээ” гэж хэлээд цээж, толгой, хөл рүү олон удаа гараараа цохиод дараа нь ширээн дээр байсан, будаа агшаагчийн залгуураар бөгс, салтай руу хүчтэй шавхуурдаж зодохоор нь би цагдаад мэдэгдсэн юм...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6),

3. Гэрч М.Б...........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ажлаасаа буучхаад 23 цаг өнгөрч байхад ахын гэрт очсон юм. Тэгтэл манай Сонгинохайрхан дүүргийн ........... байрны гадна талд манай төрсөн ах О.........т түүний найз охин Ш....................яа ахын нэг найз машинтайгаа зогсож байсан. Дэлгүүр хаачихсан байна...Тэгтэл шөнө болж байхад хаалга дугараад орж ирэхээр нь би босоод харсан чинь тэр 2 нэлээн муудчихсан байсан. Тэр хоёр гоймон чанаад идэж байсан, тэрийг нь харчхаад би өрөөндөө ороод унтаад өгсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12)

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7008 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: Баруун даланд 6х7 см, цээжний урд хэсэгт 19,5х8 см баруун бугалганы гадна хэсэгт 2х2см, 10х3см, 6х3см, шуунд 3х2см, 1х2см, баруун сарвууны ар хэсэгт 3х3см, зүүн бугалганд зүүн мөрөнд 5х1см, зүүн бугалганд 7х4см, зүүн өгзөг гуя хамарсан 19х7см, зүүн гуяны урд дунд хэсэгт 3х3см, гадна дунд хэсэгт 4х4см, өвдөгт 2х2см, шилбэнд 3х2см, баруун гуяны дунд гадна хэсэгт 4х4см, шилбэний дунд гадна хэсэгт 4х3см хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай...ДҮГНЭЛТ

1. Б.Ш....................яагийн биед баруун дал, цээж, баруун бугалга, шуу, сарвуу, зүүн мөр, бугалга, зүүн өгзөг гуя, өвдөг, шилбэ, баруун гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 13-14)

 

5. Шүүгдэгч М.О.........тын мөрдөн шалгах ажиллагаанд

- Яллагдагчаар өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирлоо барагдуулна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25),

- Гэрчээр өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр найз охин Ш....................яагийн хамт байхад манайд манай ...найз ирээд бид гурав нийлээд 3 том 2.5литрийн пиво хувааж уусан. Түүний дараа дараа дахиж 1 том пиво аваад найзыгаа таксинд суулгаж өгчхөөд байж байхдаа Ш....................яа бид хоёр гэрийн гадаа бага зэрэг маргалдсан. Тэгээд гэрт ороод хоёулаа архи уучихсан байсан болохоор би гуя руу нь өшиглөж, цээж рүү нь бас 2-3 удаа гараараа цохисон. Түүний дараа ширээн дээр байсан будаа агшаагчийн залгуураар хөл рүү нь хэд хэдэн удаа ороолгосон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10),

 

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 34, 31), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 35), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 29, 30), хувийн байдлын талаарх лавлагаа тодорхойлолт, хуулбарууд (хавтаст хэргийн 28, 32, 33, 41-42), хөдөлмөр эрхлэлтийг тодорхойлох “ХААН” банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 43-47) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч М.О.........тад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч М.О.........т нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 07 цагийн орчим, Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Хангайн 10 дугаар гудамжны 29 тоот гэртээ үерхэж байсан найз охин Б.Ш....................яатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар эрүүл мэндэд нь гар, хөлөөрөө болон будаа агшаагчийн залгуур барьж халдан биед нь “баруун дал, цээж, баруун бугалга, шуу, сарвуу, зүүн мөр, бугалга, зүүн өгзөг гуя, өвдөг, шилбэ, баруун гуя, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь

 - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд: “...Б.Ш....................яагаас ...харилцаа холбооны хэрэгсэл ашиглаж гаргасан гомдол мэдээллийг 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 07 цаг 00 минутад хүлээн авав...” гэх баримт (хавтаст хэргийн 01),

- Хохирогч Б.Ш....................яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр би найз залуу болох О.........тын гэрт нь цуг байсан юм. ...Тухайн өдөр О.........тын найз Н...........р ирэхээр нь бид гурав машин дотор нь 2 том пиво, ...1 шил 0.33 литрийн “Хараа” нэртэй архи ...хувааж уусан, би архинаас нь огт уугаагүй. ...гэрт ороод намайг буйдан дээр хэвтэж байтал О.........т “гоймон чанасан ид” гэж хэлэхээр нь би “идэхгүй, чи хаашаа юм урьдын найз охин шигээ тарган болгох гээд байгаа юм уу” гэж хэлсэн. Тэгтэл О.........т “чи дүү Б...........рын хажууд юу яриад байгаа юм. Наадах чинь сонсчихлоо ш дээ” гэж хэлээд цээж, толгой, хөл рүү олон удаа гараараа цохиод дараа нь ширээн дээр байсан, будаа агшаагчийн залгуураар бөгс, салтай руу хүчтэй шавхуурдаж зодсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6),

- Гэрч М.Б...........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнө болж байхад хаалга дугараад орж ирэхээр нь би босоод харсан чинь тэр 2 нэлээн муудчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12)

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7008 дугаар дүгнэлт: “...1. Б.Ш....................яагийн биед баруун дал, цээж, баруун бугалга, шуу, сарвуу, зүүн мөр, бугалга, зүүн өгзөг гуя, өвдөг, шилбэ, баруун гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 13-14)

- Шүүгдэгч М.О.........тын мөрдөн шалгах ажиллагаанд

Яллагдагчаар өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирлоо барагдуулна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25),

Гэрчээр өгсөн: “...Ш....................яа бид хоёр гэрийн гадаа бага зэрэг маргалдсан. Тэгээд гэрт ороод хоёулаа архи уучихсан байсан болохоор би гуя руу нь өшиглөж, цээж рүү нь бас 2-3 удаа гараараа цохисон. Түүний дараа ширээн дээр байсан будаа агшаагчийн залгуураар хөл рүү нь хэд хэдэн удаа ороолгосон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл М.О.........т нь хууль зүйн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, шууд санаатай үйлдлээр, хохирогч Б.Ш....................яагийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.О.........т нь хохирогч Б.Ш....................яагийн цээж, толгой, хөл хэсэгт цохисон болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч М.О.........тыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ш....................яа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч М.О.........тыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч М.О.........тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.О.........т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч М.О.........т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч М.О.........тад торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг түүний хувийн байдал буюу сарын хөдөлмөрийн хөлсний орлого, Ковид-19 цар тахал өвчний нөхцөл байдалтай холбогдуулан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн 2108 0000 01242 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.эрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бөх нар овогт М......рын О.........тыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О.........т 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О.........т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О.........т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр  энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ