Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 141/ШШ2017/00119

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 141/ШШ2017/00119

Тосонцэнгэл сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва гудамж, 119А байрны 298 тоотод оршин суух Д овогт Т.А-н нэхэмжлэлтэй Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багт оршин суух Ц овогт Р.Л-т холбогдох үндсэн зээл 1000000 төгрөг, хүү 300000 төгрөг, нийт 1300000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагч Р.Л нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Би 2017 оны 01 дүгээр сарын 11-нд Л-т 1000000 төгрөгийг 10 %-ийн хүүтэй, 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр авахаар аман гэрээ хийж дансаар шилжүүлэн зээлдүүлсэн. Хариуцагч нь зээлж авсан мөнгөө өнөөдрийг хүртэл өгөхгүй худал хэлэн холбоо барихгүй байгаа тул үндсэн зээл 1000000 төгрөг, хүү 300000 төгрөг, нийт 1300000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хүү Т.А нь өөрийн найз Л-т 1000000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10%-ийн хүүтэй зээлсэн юм билээ. Бичгээр ямар нэгэн гэрээ хийгээгүй. Гэтэл Л нь хүү гэж 100000 төгрөг өгсөн ба өөр мөнгө өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Би хүүгийнхээ өмнөөс Л-с удаа дараа мөнгө нэхсэн боловч өгөөгүй. Иймд Л-с зээл 1000000 төгрөг, хүү 300000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Р.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би А-тай найз нөхдийн холбоотой. Мөнгөний хэрэг болоод 1000000 төгрөг хэрэгтэй байна гэтэл 10%-ийн хүүтэй надаас зээлэхгүй юу гэсэн. Тэгээд миний данс руу 1000000 төгрөг хийсэн байсан. Би хүү гэж 100000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш мөнгөний боломжгүй болоод өгч чадалгүй өнөөдрийг хүрсэн. Би А-с мөнгө авсан нь үнэн тул 1000000 төгрөгийг төлнө. Хүүгээ албан ёсоор тохироогүй тул хүү 300000 төгрөгийг төлөх боломжгүй. Бид хоёр бичгээр ямар нэгэн гэрээ хийгээгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч Р.Л-т холбогдуулан үндсэн зээл 1000000 төгрөг, хүү 300000 төгрөг, нийт 1300000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь 2017 оны 01 дүгээр сарын 11-нд нэхэмжлэгч Т.А нь хариуцагч Р.Л-той харилцан тохиролцож 1000000 төгрөгийг сарын 10%-ийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлсэн ба 1000000 төгрөгийг хариуцагчийн данс руу шилжүүлсэн болох нь Төрийн банкны депозит дансны харилцагчийн монгол хуулга, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба зохигчдын хооронд иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч тал зээлийн гэрээ байгуулахдаа хүү тооцохоор тохиролцсон гэх боловч хариуцагч үүнийг үгүйсгэж мэтгэлцэж байна.

Гэвч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, 282.3Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заасан бөгөөд зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч нь хүү нэхэмжлэх эрхгүй байна.

Иймд хариуцагч Р.Л-с үндсэн зээл 1000000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.А-т олгох үндэслэлтэй байна.

Гэвч хариуцагч Р.Л зээлийн хүүд 100000 төлсөн ба нэхэмжлэгч тал үүнийг хүлээн зөвшөөрч маргахгүй байна. Нэгэнт нэхэмжлэгч хүү авах эрхгүй тул уг 100000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцон хариуцагч Р.Л-с 900000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.А-т олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 900000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 26150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.Л-с 900000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 400000 төгрөг гаргуулахыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Р.Л-с улсын тэмдэгтийн хураамж 26150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.А-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР