Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/843

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо      даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн,

улсын яллагч Х.Онолт,

шүүгдэгч Ө.У, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Ө.Уд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002002600264 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, Ө.У /РД:***/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ө.У нь “Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ын даргын 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Б-1-65 дугаартай тушаалаар Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эрчим хүч, ус хангамжийн Нэгдүгээр ангийн даргаар томилогдон ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтны хувьд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Эрчим хүч, ус хангамжийн 1 дүгээр ангийн 2018 оны худалдан авалтын төлөвлөгөөнд 95.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй тусгагдсан Ангийн бохирын систем суурилуулах ажлын гүйцэтгэгчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах энэ хуулийг дагаж мөрдөнө” гэснийг, мөн хуулийн 7 дугаар зүйлд заасан Худалдан авах ажиллагааны журмыг тус тус зөрчиж нээлттэй сонгон шалгаруулалт зарлалгүй “Рояал Кинг Констракшн” ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хооронд нийт 14 удаагийн шууд гэрээ байгуулж “Хаан банк”-ны 5011360828 тоот дансанд 59.703.250 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хооронд шилжүүлж давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.У мэдүүлэхдээ: “Миний бие 2018 онд байгууллагын их засварыг төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг зохион байгуулахдаа мөрдөж байсан худалдан авах журмын дагуу өөрийн эрхийн хүрээнд гэрээ байгуулж 59.000.000 төгрөгийн ажил үйлчилгээ явуулсан. Хийгдсэн ажлын хүрээнд бусдад давуу эрх олгосон зүйл байхгүй. Яг үйл ажиллагаа явуулж байсан компаниудын ирүүлсэн саналуудаас хамгийн бага үнийн саналтай байсан болохоор гэрээ байгуулсан. Хийсэн ажлын хувьд алдаа дутагдалгүй бүрэн дүүрэн ашиглагдаж байна. Ямар нэгэн байдлаар бусдад давуу байдал олгоогүй. Бараа ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан бөгөөд намайг буруутгаад байгаа хуулийг 2020 оноос мөрдөж эхэлсэн. Энэ ажил үйлчилгээ хийлгэснээр улсад болон байгууллагад хохирол хор уршиг учраагүй тийм болохоор хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ө.У нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын даргын 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Б-1-65 дугаартай тушаалаар Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрчим хүч, ус хангамжийн Нэгдүгээр анги”-ийн даргаар томилогдон ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтны хувьд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориудаар хэрэгжүүлэхгүй байж Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Эрчим хүч, ус хангамжийн 1 дүгээр ангийн 2018 оны худалдан авалтын төлөвлөгөөнд 95.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй тусгагдсан Ангийн бохирын систем суурилуулах ажлын гүйцэтгэгчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө” гэснийг, мөн хуулийн 7 дугаар зүйлд заасан Худалдан авах ажиллагааны журмыг тус тус зөрчиж нээлттэй сонгон шалгаруулалт /тендер/ зарлалгүйгээр “Рояал Кинг Констракшн” ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хооронд нийт 14 удаагийн гэрээ байгуулж “Хаан банк”-ны 5011360828 тоот дансанд 59.703.250 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хооронд шилжүүлж бусдад давуу байдал бий болгосон болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

Гэрч “Эрчим хүч ус хангамжийн Нэгдүгээр анги”-ийн инженер Х.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 онд байгууллагын бохирын систем суурилуулах төсөв хийсэн. Нийт 61 сая төгрөг орчмоор хийсэн санагдаж байна. Тухайн үед манай байгууллагын дарга Ө.У нь Хан-Уул дүүрэгт байрлах “Мишээл экспо” барилгын үзэсгэлэн худалдаанаас “Рояал кинг” гэдэг нэртэй байгууллагын танилцуулга авч ирсэн. Тэгээд дарга энэ компаниар хийлгэе гэсэн. Түүний дагуу дээрх компанитай хийлгэх ажлын багтаамжийг тогтоож, компаниас ирсэн үнийн саналын дагуу гэрээ байгуулж ажил хийсэн. Хийлгэсэн ажлаа Улаанбаатар төмөр замын их барилга хөрөнгө оруулалтын хэлтэст хүлээлгэн өгөхөд их барилгын хэлтсээс заавал хийсэн ажил төсөвтэй байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Энэ шаардлагын дагуу миний бие төсөв хийж мэргэшсэн инженер хийж гүйцэтгэх ёстой гэсэн үндсэн дээр инженер Д.Алтанзагасаар гарын үсэг зуруулж тамга даруулсан. ...Манай байгууллага сонгон шалгаруулалт явуулаагүй. Тендер зарлаагүй. Дарга уг компаниар хийлгэе гээд танилцуулга авч ирсэн. Улаанбаатар төмөр замын даргын шийдвэрийг үг дуугүй биелүүлэх ёстой гэсэн сахилгын дүрэм байна. Түүний дагуу хийсэн. Гэрээтэй, хийх ажлын багтаамж үндэслэлтэй байсан учир төсөв гаргаагүй ажил хийсэн. Харин дараа нь төмөр замд ажлаа хүлээлгэж өгөх гэсэн чинь төсөв зайлшгүй байх хэрэгтэй, төсөв хаана байна гэхээр нь төмөр замын зураг төслийн төвд төсөв хийж өгөөч гэж албан ёсоор хандсан чинь ажлын ачаалал их байна гээд төсөв хийж өгөөгүй. Тэгээд миний бие төсөв хийсэн. ... Дарга надад тендер, үнийн сонгон шалгаруулалт явуул гэсэн тийм үүрэг өгөөгүй. “Рояал кинг” ХХК-ийн танилцуулга өгөөд энэ компаниар хийлгэ гэсэн. Түүний дагуу би тэр компанийн хүмүүсийг дуудаад хийх ажлын нөхцөл, ажиллах багтаамж танилцуулсан. ...Байгууллагын үйл ажиллагааны ашиглалтын тээврийн зардлаас бохирын системийн ажилд тооцож объектоо хаалгасан. Өөрөөр хэлбэл тухайн улирлын ашиглалтын тээврийн зардалд төлөвлөгдсөн мөнгөн дүнгээс зарлага нь 1.410.000 төгрөгөөр хэтэрснийг бохирын системийн ажилд тайлагнасан гэсэн үг.

 ...Бохирын систем суурилуулах газар цөөхөн байсан, баруун 4 замд байдаг “Атмор” болон өөр нэг компани байдаг гэж тухайн үед бид нар хоорондоо ярилцаж байсан. Гэхдээ уг газруудаас үнийн санал авч байгаагүй. Яаралтай хийлгэх хэрэгтэй байсан учраас “Рояал кинг констракшн” ХХК-р хийлгэхээр шийдэж байсан. “Атмор” ХХК-аас албан ёсоор үнийн санал авч байгаагүй. Албан бусаар би өөрөө уг компанийн байрладаг “Рокмон” барилгын 2 давхарт очиж уулзахад ганцхан хүн байсан ба одоо манайх хийх боломжгүй гэж хэлж байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 23-24, 3 дугаар хавтас 10, 187-188 дугаар хуудас/,

Гэрч “Эрчим хүч ус хангамжийн Нэгдүгээр анги”-ийн ерөнхий нягтлан бодогч С.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 2, 3 дугаар улиралд нийт 95 сая төгрөгийн төсөвтэй ангийн байршлын бохирын систем суурилуулах нэртэй их барилгын төлөвлөгөөтэй ажил төлөвлөгдсөн байсан. Энэ ажлууд нь нарийн мэргэжил шаардсан ажлууд юм билээ миний сонссоноор тухайн үед манай дарга Ө.У нь мишээл экспо дээр үзэсгэлэнгээр явж үзэж ирээд хурал дээр “үзэсгэлэнгээр явж үзлээ, манай энэ хийгдэх ажлуудыг хийдэг ийм мэргэжлийн компани байна. Энэ компаниар хийлгэе” гэж танилцуулаад “Рояал кинг констракшн” ХХК-р хийлгэхээр болсон. Техник эдийн засгийн зөвлөл бас хуралдаанд уг компаниар хийлгэхээр болсон. Тухайн үед манай даргад Улаанбаатар төмөр замын даргаас олгосон итгэмжлэлийн дагуу 5 сая төгрөг дотор гэрээ байгуулах эрхийнхээ дагуу “Рояал кинг констракшн” ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хооронд 14 удаа Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нийт 59.703.250 төгрөг тус компани руу шилжсэн. Дээрх төлөвлөгдсөн 95 сая төгрөгөөр үлдсэн 35 орчим сая төгрөг нь хэмнэгдсэн. Уг ажил нь товчхондоо Нарны гүүрний зүүн доор байрлах манай ангийн байрны бохир систем нь зөөврийнх буюу соруулдаг байсныг нь дотроо өөрөө бохироо цэвэрлэдэг болгосон. Соруулах шаардлагагүй болсон гэсэн үг. ...Дээрх 14 гэрээ байгуулж хийгдсэн ажил нь нэг л ажил ба ажил нь 2018 оны 4 дүгээр сард гэрээ байгуулагдсанаас эхлээд намар дуусаж байсан. Би ямар ч байсан сүүлийн мөнгийг 12 дугаар сард шилжүүлсэн. ...Намайг 2008 онд томилогдсоноос хойш Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу манай анги дээр сонгон шалгаруулалт явагдаж байгаагүй. Бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаа даргаас жил бүр өгдөг итгэмжлэлийн дагуу 5 сая  төгрөгт багтаагаад гэрээ байгуулаад явж байсан. ...1.410.000 төгрөг нь бохирын систем суурилуулах ажлыг хийж гүйцэтгэх компанийг олох, судлахдаа манай инженерүүдийн явсан зардлын мөнгө юм...”” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 107, 3 дугаар хавтас 7 дугаар хуудас/,

Гэрч “Рояал Кинг Констракшн” ХХК-ийн захирал Ч.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Сар өдрийг нь санахгүй байна 2018 онд тус ангийн захирал нь Ууган хэн билээ утсаар холбогдоод “манайх бохирын систем хийлгэх гэсэн юм аа, танайх хийж байгаа юу, ирж үзээдэх” гэхээр нь очиж үзээд үнийн санал гаргаж өгч байсан. Одоо хичнээн төгрөгийн үнийн санал гаргаж байснаа санахгүй байна. Хийх ажлын тухайд 3 объектын 00-н өрөөг янзлах, гадна цэвэрлэх байгууламж суурилуулах ажил байсан. Тэгээд манай үнийн саналын дагуу хүлээн зөвшөөрөөд хийлгэхээр болсон. Ажлаа хийх гэрээгээ байгуулахаар манайх гэрээний загвараа өгтөл үнийн дүн нь өндөр болохоор заавал төмөр замын даргын захирамж хэрэгтэй болох гээд байна, хялбараар шийдье гээд мөнгөө хувааж шилжүүлж байгаад мөнгө тус бүрд нь гэрээ байгуулж байсан. ...Одоо үнийг нь сайн санахгүй байна 50, 60 сая төгрөг болсон санагдаж байна. Манай байгууллага үзэсгэлэн худалдаанд байнга оролцдог. ... Мөнгө төгрөгийн тийм асуудал байхгүй. Харин дээрх ажлыг хийж гүйцэтгэх хугацаанд ахынхаа зуслангийн жорлонг янзлаад өгөөрэй гэхэд нь Ургах нарангаас урагшаа яваад байсан зусланд нь утсаар холбогдоод зам заалгаад очиж үзтэл хуучирсан модон жорлонгоо янзлуулах гэж байсан. Тэгэхээр нь манайх ийм ажил хийдэггүй гээд хийгээгүй. ...Надад инженер нь тайлбарлахдаа бид нар 5 сая төгрөгт багтааж гэрээ байгуулах шаардлагатай байна. Үгүй бол их дүнгээр болохоор төв рүү явах хэрэгтэй болно гэж байсан. Тэгээд тэд нарын хүсэлтээр зарим гэрээг нь “Рояал импекс” ХХК-р байгуулсан. ...Ө.У нь над руу утсаар залгаад “төсвөө арай жоохон өндөр дүнгээр хийгээд өгөх боломж байна уу, 80-90 сая төгрөгөөр” гэж хэлэхэд нь үгүй гээд зөвшөөрөөгүй. Манай компани анх 61.185.850 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр үнийн санал гаргаж байсан. ...Тэгээд 61.185.850 төгрөгөөр анх гэрээ байгуулсан боловч болохгүй юм байна, жижиглэж олон гэрээ байгуулна гээд 61.185.850 төгрөгөө хуваахаар болоод тэднийхээс буюу инженер Х.Дгээс нь тухай бүрд нь хэлсэн үнийн дүнг гэрээ дээрээ тусгаад олон гэрээ байгуулж байсан. ...2018 оны 4 дүгээр сард 61.185.850 төгрөгөөр гэрээ байгуулж ажлаа эхлүүлээд эхний санхүүжилтээ авах гэтэл болохгүй юм байна, гэрээгээ дахиж 5 сая төгрөгөөс доош олон гэрээ байгуулъя гээд манайхыг ажлуудаа 5 сая төгрөгөөс доош үнийн дүнгээр нь салга гээд сүүлд 2018 оны 5 дугаар сард эдгээр гэрээг манайд мөнгө шилжүүлж эхэлсэн үеэс байгуулж эхэлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 110, 3 дугаар хавтас 2 дугаар хуудас/,

Гэрч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Худалдан авалт, борлуулалтын албаны дарга О.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу цахим тендерээр худалдан авалтаа явуулж байгаа. Түүнээс өмнө замын даргын тушаал шийдвэрийн дагуу худалдан авалт хийгддэг байсан. ...А-55 дугаар тушаалаас гадна замын даргын 2011 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А-146 дугаар тушаалаар батлагдсан гэрээ байгуулах журам мөрдөгдөнө. Уг журмын 4.14 дэх хэсэгт тухайн жилийн худалдан авалтын нийт үнийн дүн нь 5 сая төгрөгөөс хэтрэхгүй хэмжээний үнийн дүнтэй сэлбэг хэрэгсэл, материалыг манай албаны үнийн комиссын зөвшөөрлийг авсны үндсэн дээр гэрээ байгуулахгүйгээр худалдан авч болно гэж заасан байдаг. Ажил гүйцэтгэх ажлын тухайд яг тодорхой, оновчтой хариулах хариулт алга байна. ...Гэрээ байгуулах журмын дагуу заавал үнийн комиссоор орох ёстой...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 112 дугаар хуудас/,

Гэрч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны Аудитын хэлтсийн дарга Л.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Энэ оноос эхлээд бүх худалдан авалтын тендерийг хуулийн дагуу зарлаад ажиллаж байгаа. Түүнээс өмнө замын даргын тушаалаар батлагдсан гэрээ байгуулах журам, худалдан авах ажиллагааны журмуудын дагуу явагдаж байсан. Уг журмуудаар үнийн дүнг 5 сая төгрөгөөс доош бол өөрсдөө мэдэж шийдэх, 5-10 сая төгрөг бол Худалдан авалт, борлуулалтын албаны үнийн комиссоор орсон байх, 10 сая төгрөгөөс дээш бол Замын үнийн комиссоор орсон байх ёстой гэсэн зохицуулалт байсан. ...Шалгалтаар нэг компанитай өдөр болгон гэрээ хийсэн байсан нь илрээд зөрчил заагдаж байсан. Гэхдээ энэ зөрчил нь тус Эрчим хүч, ус хангамжийн нэгдүгээр ангид хийсэн шалгалтын тайланд тусгагдаагүй, Их барилга, хөрөнгө оруулалтын хэлтэст хийсэн хяналт шалгалтын тайланд тусгагдсан. Тухайн үед тус ангийнхан гэрээ байгуулах журмын дагуу 5 сая төгрөгт багтаах ёстой гэдэгт захирагдаад ингэж гэрээ байгуулсан гэж тайлбарлацгааж байсан. ...Их барилга, хөрөнгө оруулалтын хэлтэс нь төмөр замын бүх аж ахуйн нэгжийн их засварын гүйцэтгэлийг нь хаадаг юм. Бид нар тухайн хэлтэст уг ажлыг нь хаахдаа холбогдох дүрэм, журмын дагуу явуулсан байна уу үгүй юу гэдэгт нь хяналт шалгалт хийгээд уг шалгалтаар илэрч байсан удаатай. ...Манай журмаар зөвшөөрөгдсөн зүйл байхгүй, тийм учраас зөрчлөөр тусгагдаж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 116 дугаар хуудас/,

Гэрч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Их барилга хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Бн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 01 дүгээр сард худалдан авалтын шинэчлэгдсэн журамд үнийн дүнг хувааж гэрээ байгуулахыг хориглоно гэсэн заалт орсон байсныг санаж байна. ...Байгууллагын дотоод худалдан авах эрх нь 5 сая төгрөг хүртэл байдаг, манай худалдан авалт борлуулалтын албанд 10 сая төгрөг хүртэл, 10 сая төгрөгөөс дээш болохоор үнийн комисс болон тендер шалгаруулалтаар явах журамтай байдаг. ...Ямар ч байсан 5 сая төгрөг дотор тухайн нэгж өөрсдөө худалдан авалтаа хийнэ гэсэн журамтай. ...тухайн үед аудитын албанаас манай хэлтэст хийсэн шалгалтаа дуусгаад шалгалтын дүнгийн хурал дээр гэрээг хуваагаад хийчихсэн байсан гэж ямар ч байсан яригдаж байсныг санаж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 118 дугаар хуудас/,

Гэрч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Худалдан авалт, борлуулалтын албаны орлогч дарга Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 онд 32, 2019 онд 52 байхаа тендерүүд зарлагдаж байсан. Бусад худалдан авах үйл ажиллагаа нь замын сонгон шалгаруулалт буюу замын даргын баталсан тушаал, журмын дагуу замын 1-р орлогч дарга, санхүү хариуцсан орлогч дарга, хуулийн хэлтсийн дарга, төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн албаны дарга болон манай албаны дарга нарын бүрэлдэхүүнтэй сонгон шалгаруулах комисс хуралдаж, сонгон шалгаруулалт явуулж худалдан авалтууд хийгддэг. Тэгэхээр Эрчим хүч, ус хангамжийн нэгдүгээр анги нь журмаа зөрчсөн байна...” гэх мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 4 дүгээр хуудас/,

Гэрч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Д.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай дотоод журмаар нэгжийн дарга нар 5 сая төгрөгөөс дээш гэрээ хийх ёсгүй, түүнээс дээшээ бол тендерийн шалгаруулалт юм уу, замын үнийн комиссоор шийдвэрлэх ёстой. Хэрэв ийм асуудал болсон юм бол буруу юм л хийсэн байна. ...2017 оноос өмнө “үнийн комисс” гэх зүйл байсан. Дараа нь сонгон шалгаруулалт хийдэг бөгөөд аажмаар хуулийг хэрэгжүүлж эхлээд 2019 онд бэлтгэл ажил нь хангагдаад энэ оноос бүх худалдан авалтаа хуулийн дагуу сонгон шалгаруулдаг болсон. ...тэр журмууд дээр нэг гэрээг 14 хуваагаад хийчих гэсэн юм байхгүй. ...” гэх мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 23-24 дүгээр хуудас/,

Гэрч “Эрчим хүч, ус хангамжийн Нэгдүгээр анги”-ийн тэргүүлэх нягтлан бодогч Г.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...1.410.000 төгрөг нь бүхэлдээ бохирын систем суурилуулах ажилтай холбоотой зарцуулагдсан мөнгө биш, өөр ажлууд ч байгаа, жилийн эцсээр тооцоо хийхэд ашиглалтын зардал маань хэтрэлттэй гарахаар нь бохирын систем суурилуулах ажил хэмнэлттэй байсан учир 1.410.000 төгрөгийг нь уг ажилд тайлагнаж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 35 дугаар хуудас/,

Гэрч “Ультрасоник” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Игийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...ерөнхий инженер Ж.Хуягбаатараас тодруулахад “Эрчим хүч, ус хангамжийн 1-р ангийн нэг хүн ирээд цэвэрлэх байгууламж танайхаар хийлгүүлье, албан бичиг хийгээд өгөөч гээд бичүүлээд аваад явж байсан” гэсэн. ...2017-2018 оны бүртгэлээс хайхад Эрчим хүч, ус хангамжийн 1-р ангиас ирсэн хандсан бичиг байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 191-192 дугаар хуудас/,

Гэрч “Ультрасоник” ХХК-ийн ерөнхий инженер Ж.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай салбар дээр нэг залуухан, туранхай, өндөр залуу ирээд “танайхаас өмнө нь үнийн санал авч байсан, дахиад авах гэсэн юм, танайх энэ үнээрээ нийлүүлэх боломжтой юу” гээд өөрөө юу гэж бичихийг нь хэлээд иймэрхүү утгатай гээд бичүүлж байсан. 165 сая төгрөг гэх уг тоог уг залуу өөрөө хэлээд бичүүлсэн, манайхаас өмнө нь ингэж авч байсан гээд. Өмнө нь бичгээр юм уу амаар юм уу яаж авч байсныг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 195-196 дугаар хуудас/,

Гэрч “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн Тусгай зөвшөөрөл, хэрэглэгчийн газрын Хяналт шинжилгээ, хэрэглэгчийн хэлтсийн дарга” Ш.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Хот суурины ус хангамж, ариутгах татуургыг шинээр барьж байгуулах болон түүний ашиглалт, засвар үйлчилгээг Зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэнэ” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл авах ёстой. Хэдэн хүн хэрэглэх болон м.куб хамаарахгүй. Тэгээд уг цэвэрлэх байгууламж ашиглалтад орсны дараа ашиглалтыг нь хариуцсан байгууллага мөн хуулийн 12.2.10 дахь хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрөл авдаг...” гэх мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 200-201 дүгээр хуудас/,

Гэрч Д.Өлзийбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тийм ээ, тэр үед тендерт оролцох байсан. Захиалагч байгууллагын техникийн нөхцөлөөс шалтгаалаад үнийн саналаа гаргах байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 3 дугаар 243-244 дүгээр хуудас/,

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын даргын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 10/577 дугаартай “...Ө.Уд гадны болон төмөр замын байгууллагад Ажил үйлчилгээ гүйцэтгэх гүйцэтгүүлэх гэрээ, Цахилгаан эрчим хүч худалдан авах, борлуулах гэрээ, цэвэр ус түгээх борлуулах гэрээ, сул чөлөөтэй байр, талбай болон машин механизм түрээслүүлэх түрээсийн гэрээ, салбар зам ашиглалтын гэрээ, сургалтын гэрээ, 2018 оны хөрөнгө оруулалт, их барилга, их засвар болон өдөр тутмын үндсэн үйл ажиллагаанд шаардлагатай бараа, материал сэлбэг худалдах, худалдан авах гэрээ, дулаан цэвэр бохир ус, хог хаягдлын гэрээ, гэрэлтүүлгийн ажлуудыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай материал сэлбэг худалдан авах, машин механизм ажиллуулах гэрээ байгуулах итгэмжлэл олгов. Энэ итгэмжлэлийн дагуу гэрээ байгуулахдаа Монгол улсын хууль тогтоомж болон “Улаанбаатар төмөр зам” ХХН-д мөрдөж буй “Гэрээ байгуулах журам”, “Үнийн комиссын журам”-ыг баримтлах үүрэг хүлээнэ..” гэх итгэмжлэлийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 28 дугаар хуудас/,

Улаанбаатар төмөр замын Эрчим хүч, ус хангамжийн 1 дүгээр ангийн дарга Ө.У, “Рояал кинг констракшн” ХХК-ийн захирал Ч.Гантулга нарын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээнүүд, төлбөрийн даалгавар, нэхэмжлэхүүд, ажил гүйцэтгэх гэрээ дүгнэсэн актууд /хэргийн 1 дүгээр хавтас 153-232 дугаар хуудас/,

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын даргын 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 16/2638 дугаартай “Утай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажилд авах тухай” гэх тушаалын хуулбар, ажлын байрны тодорхойлолт /хэргийн 2 дугаар хавтас 144-147 дугаар хуудас/,

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А-502 дугаартай тушаалаар батлагдсан “Үнийн комиссын ажиллах журам” /хэргийн 2 дугаар хавтас 122-127 дугаар хуудас/,

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын даргын 2011 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А-146 дугаартай тушаалаар батлагдсан “Гэрээ байгуулах журам” /хэргийн 2 дугаар хавтас 150-158 дугаар хуудас/,

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А-55 дугаартай тушаалаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны журам” /хэргийн 2 дугаар хавтас 162-166 дугаар хуудас/,

Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 11/5568 дугаартай албан бичигт хавсаргаж ирүүлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 168-170 дугаар хуудас/,

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн №269 дугаартай “...УБТЗ” ХНН-ийн Эрчим хүч, ус хангамжийн нэгдүгээр ангийн дарга Өөхөнхүүгийн У нь нийтийн албан тушаалд хамаарна.” гэсэн албан бичиг /хэргийн 2 дугаар хавтас 202 дугаар хуудас/,

Монгол Улсын сангийн яамны 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 6-1/2744 дугаартай “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад “50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд”-ийг захиалагч байхаар заасан байна...” гэх албан бичгийн хуулбар /хэргийн 2 дугаар хавтас 204 дүгээр хуудас/,

Улаанбаатар төмөр замын хууль зүйн албаны 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 10/475 дугаартай “2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 06/7049 тоот албан бичигт дурдагдсан нэр бүхий компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажил хийхдээ Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалт буюу тендер зарлаагүй байна.” гэх албан бичиг /хэргийн 2 дугаар хавтас 207 дугаар хуудас/,

Монгол Улсын сангийн яамны 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 6-1/5218 дугаартай “...Бохирын систем суурилуулах ажлуудыг дээрх “Үнийн комиссын журам”-ын дагуу зохион байгуулсан байх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох журам, зааврыг мөрдөөгүй байна. ...Дээрх зүйлийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад 50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийг захиалагч байхыг, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөхийг заасан байна...” гэх зөвлөмж, тайлбар /хэргийн 2 дугаар хавтас 209 дүгээр хуудас/,

Улаанбаатар төмөр замын Эрчим хүч, ус хангамжийн 1 дүгээр ангийн дарга Ө.У, “Рояал кинг констракшн” ХХК-ийн “Хаан банк”-ны 5011360828 тоот дансанд 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 59.703.250 төгрөг шилжүүлсэн гэх дансны хуулга /хэргийн 3 дугаар хавтас 43-48 дугаар хуудас/,

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/268 дугаартай “...2018 оны их барилга, их засвар, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө: Ангийн бохирын систем суурилуулах ажил 95.000.000 төгрөг” гэх албан бичиг, түүний хавсралт /хэргийн 3 дугаар хавтас 64, 67-71 дүгээр хуудас/,

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 16/2637 дугаартай “...2018 оны 3 дугаар сарын байдлаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт заасан “худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн” ажилтнуудын мэдээлэл” гэх албан бичиг /хэргийн 3 дугаар хавтас 163-164 дүгээр хуудас/,

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 16/2638 дугаартай “...2018 онд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу худалдан авалтыг зохион байгуулсан тухай” гэх албан бичиг /хэргийн 3 дугаар хуудас 166-170 дугаар хуудас/,

“Атмор” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 096 дугаартай “...Эрчим хүч, ус хангамжийн 1 дүгээр ангид бохирын систем суурилуулах ажил үйлчилгээг гүйцэтгүүлэхээр хандсан зүйл байхгүй...” гэх албан бичиг /хэргийн 3 дугаар хавтас 203, 208 дугаар хуудас/,

“Ультрасоник” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 81/2021 дугаартай “...Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Эрчим хүч, ус хангамжийн 1 дүгээр ангид бохирын систем суурилуулах ажил үйлчилгээг гүйцэтгэхээр 2020 онд албан бичиг өгсөн...” гэх албан бичиг /хэргийн 3 дугаар хавтас 204-205 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хуудас 100 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 230 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 2 дугаар хуудас 231 дүгээр хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хэргийн 2 дугаар хавтас 233-235 дугаар хуудас/, “Улаанбаатар Төмөр замын Эрчим хүч, ус хангамжийн төв”-ийн тодорхойлолт /хэргийн 236-237 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.   

        Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

        Шүүгдэгч Ө.У нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын даргын 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Б-1-65 дугаартай тушаалаар Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрчим хүч, ус хангамжийн Нэгдүгээр анги”-ийн даргаар томилогдон ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтны хувьд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориудаар хэрэгжүүлэхгүй байж Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Эрчим хүч, ус хангамжийн 1 дүгээр ангийн 2018 оны худалдан авалтын төлөвлөгөөнд 95.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй тусгагдсан Ангийн бохирын систем суурилуулах ажлын гүйцэтгэгчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө” гэснийг, мөн хуулийн 7 дугаар зүйлд заасан “Худалдан авах ажиллагааны журам”-г тус тус зөрчиж нээлттэй сонгон шалгаруулалт /тендер/ зарлалгүйгээр “Рояал Кинг Констракшн” ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хооронд нийт 14 удаагийн гэрээ байгуулж “Хаан банк”-ны 5011360828 тоот дансанд 59.703.250 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хооронд шилжүүлж бусдад давуу байдал бий болгосон болох нь гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, ажил гүйцэтгэх гэрээ, дансны дэлгэрэнгүй хуулга, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албан бичиг, Монгол Улсын сангийн яамны албан бичиг, Улаанбаатар төмөр замын хууль зүйн албаны албан бичиг, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэл, албан бичиг, холбогдох журмын хуулбарууд, “Атмор” ХХК-ийн албан бичиг, “Ультрасоник” ХХК-ийн албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д 50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийг захиалагч буюу бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дээрх хуулийг дагаж мөрдөхөөр зохицуулсан байна.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын нийт хөрөнгийн 50 хувийг Монгол Улсын Засгийн газар буюу Барилга, хот байгуулалтын яам эзэмшиж байгаа болох нь Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Тиймээс Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” нь бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг үйл ажиллагаандаа дагаж мөрдөх, нөгөө талаас шүүгдэгч Ө.У нь “Улаанбаатар төмөр зам”-ын даргын тушаалаар томилогдож, чөлөөлөгддөг нийтийн албан тушаалтны хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд захирагдаж, хуульд нийцсэн шийдвэр гаргах үүрэгтэй. Энэ нь ч түүний ажлын байрны тодорхойлолтод “...хөрөнгө оруулалт, их барилга, их засвар, ашиглалтын төлөвлөгөөний дагуу шаардагдах тоног төхөөрөмж ... бусад материал техникийн захиалгыг холбогдох албадад хүргүүлэх ажлыг зохион байгуулах” үүрэгтэй гэж заасантай нийцэж байна.

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Ө.У нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын даргын 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Б-1-65 дугаартай тушаалаар Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрчим хүч, ус хангамжийн Нэгдүгээр анги”-ийн даргаар томилогдон ажилласан бөгөөд УБТЗ-ын даргын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 10/577 дугаартай албан бичгээр 2018 оны хөрөнгө оруулалт, их барилга, их засвар болон өдөр тутмын үндсэн үйл ажиллагаанд шаардлагатай гэрээ байгуулах итгэмжлэл түүнд олгосон ба тус итгэмжлэлийн дагуу гэрээ байгуулахдаа Монгол улсын хууль тогтоомж болон  Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-д мөрдөгдөж буй холбогдох журмуудыг баримтлах үүрэг хүлээлгэсэн байна.

Тухайн үед мөрдөгдөж байсан УБТЗ-ын даргын 2011 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А-146 дугаартай тушаалаар батлагдсан “Гэрээ байгуулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.14  дэх хэсэгт “УБТЗ”-ын салбар нэгжүүд нь өөрсдийн өдөр тутмын аж ахуйн шуурхай үйл ажиллагаанд шаардлагатай тухайн жилийн худалдан авалтын нийт үнийн дүн нь 5 сая төгрөгөөс хэтрэхгүй хэмжээний үнийн дүнтэй сэлбэг хэрэгсэл, материалыг Худалдан авалт, борлуулалт албаны үнийн комиссын зөвшөөрлийг авсны үндсэн дээр гэрээ байгуулахгүйгээр худалдан авч болно” гэж заасан буюу 5 сая хүртэлх үнийн дүнтэй гэрээг шүүгдэгч Ө.У өөрт олгогдсон итгэмжлэлийн үндсэн дээр байгуулах эрхтэй байхаар, харин үүнээс өндөр үнийн дүнтэй гэрээг сонгон шалгаруулалтын үндсэн дээр байгуулах үүрэгтэй байсан нь тогтоогдож байна.

Мөн түүнчлэн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/55 дугаартай тушаалаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны журам”-ын 3.7 дугаар зүйлд төсөвт өртөг нь 50,000,000 төгрөгөөс дээш бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа хуульд заасан журам, аргаар Замын даргын тушаалын дагуу байгуулагдсан Үнэлгээний хороо эсхүл Замын үнийн комисс худалдан авалтыг зохион байгуулахаар зохицуулсан боловч шүүгдэгч Ө.У нь мөн л нээлттэй сонгон шалгаруулалт явуулалгүй шууд гэрээ байгуулан холбогдох хууль болон журмыг зөрчжээ.

Товчоор дүгнэвэл шүүгдэгч Ө.У нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж худалдан авалтын үйл ажиллагааг хуульд заасан журмаас гадуур явуулж, нээлттэй сонгон шалгаруулалт явуулах үүргээ зориудаар хэрэгжүүлэхгүй байж “Рояал Кинг Констракшн” ХХК-д давуу байдал /гэрч Д.Өлзийбаярын “...тэр үед тендерт оролцох байсан. Захиалагч байгууллагын техникийн нөхцөлөөс шалтгаалаад үнийн саналаа гаргах байсан” гэх мэдүүлэг /хэргийн 3 дугаар 243-244 дүгээр хуудас/ бий болгож нийт 59.703.250 төгрөгийн үнийн дүн бүхий нэг ажлын гэрээг 14 удаагийн тусдаа гэрээ болгон байгуулж, гэрээ тус бүрийг 5 сая төгрөгт багтаан холбогдох хууль, журмыг зөрчсөн болох нь нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Нийтийн албан тушаалтан” гэдэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар “...3/Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” хамаарна гэж заасан ба “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Эрчим хүч, ус хангамжийн нэгдүгээр ангийн дарга Ө.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект мөн /хэргийн 2 дугаар хавтас 202 дугаар хуудас/ байна.

Албан үүрэг, бүрэн эрх” гэдэгт сонгуульт болон томилолтын албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийн нэгдлийг, “Албаны чиг үүрэг, бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй байх” гэдэгт албан тушаалтан хуулиар хүлээсэн хийх ёстой албаны чиг үүргээ зориудаар хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг, “Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэдэгт албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг, “Бусдад давуу байдал олгосон” гэдэгт Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар өөрт нь болон хувь хүн, хуулийн этгээдэд бий болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг тус тус ойлгоно.

             Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Төрийн алба, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, аж ахуйн нэгж, байгууллагын хууль ёсны эрх ашиг, сонирхлын эсрэг давхар объекттой гэмт хэрэг байх ба шүүгдэгч Ө.У нь тус худалдан авах ажиллагааг нээлттэй сонгон шалгаруулалтаар явуулах ёстойг мэдэж байсан, өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглах нь хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Тиймээс шүүгдэгч Ө.Уыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

Энэ гэмт хэрэг нь төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийг ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.

Шүүгдэгчийн үйлдсэн “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”  гэмт хэрэг нь бодит хохирол учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв. 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ө.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням “...Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж хуульд заасан хамгийн бага ялыг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хариуцлагын зорилго, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ө.Уын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” болон 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Ө.Уыг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ө.Уын нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ө.Уд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав.

  1. Бусад асуудлаар:

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ө.Уыг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Уыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.У нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Уд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолж эдлүүлэхийг эрх бүхий байгууллагад  даалгасугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ө.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Г.ЗОЛБОО