| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2021/0601/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/589 |
| Огноо | 2021-06-03 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/589
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч М.Амарзаяа,
шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр /ШТЭД-1141/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Амарзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Уд холбогдох эрүүгийн 2108 00246 0520 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гааль, татварын байцаагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт, ........ дүүргийн ..... дүгээр хороо, .................................. тоотод оршин суух, урьд
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 470 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн,
С овогт Бын У /РД:......................../.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.У нь Сонгинохайрхан дүүргийн ........ дугаар хороо, ......... дугаар байрны ойролцоо машин дотор Б.Бтай уулзахдаа “нисэхэд ажилд оруулж өгье” гэж итгэл үнэмшил төрүүлэн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “дээд боловсролтой хүн авна гэнэ, үүнийг аргалахад мөнгө хэрэгтэй” гэж 800.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “хүний нөөцөд мөнгө өгөх хэрэгтэй” гэж 600.000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 100.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч 1.500.000 төгрөгийг залилсан,
Үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны ойролцоо машин дотор Г.Нтай уулзахдаа “өөрийгөө гаальд ажилладаг, Хөшигтийн хөндийн шинэ нисэх ашиглалтад орж байгаа, манай дарга ажилд орох хүн олоод өг гэж хэлсэн” гэж итгэл төрүүлэн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр “ажилд оруулж өгөх мөнгө” гэж 1.200.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “нэмж мөнгө шилжүүлэх хэрэгтэй” гэж 400.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “эмчийн үзлэгийн мөнгө” гэж 650.000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр “ажилчдын үнэмлэх авах мөнгө” гэж 200.000 төгрөг нийт 2.450.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэргийн улмаас бусдад нийт 3.950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 416 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Б.Уг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх4/,
2. Б.Баас цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан “...Миний бие 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Б.Уд ажилд оруулж өгнө хэмээн 800.000 төгрөг авч удаа дараалан авсан нийт 1.500.000 төгрөгийг өгсөн. Одоо энэ хүн олдохгүй, холбоо барихгүй байгаа учир гомдол гаргаж байна...” гэх гомдол /хх5/,
3. Д.Нгаас цагдаагийн байгууллагад гаргасан “...Б.У 2020 оны 07 дугаар сарын 15-нд ажилд оруулж өгнө гэж 1.200.000 төгрөг авсан бөгөөд тэрнээс хойш удаа дараалан мөнгө авч ажилд оруулж өгөөгүй. Холбоо авах гэхээр утсаа унтраагаад фейсбүүк хаягаа блоклоод алга болсон, тэрнээс хойш 2.450.000 төгрөгийг авсан...” гэх гомдол /хх60/,
4. Хохирогч Б.Бын “...манай 10 жилийн ангийн охин У нь фейсбүүкээр надтай холбогдсон. Ажилд орох уу, нэг ажлын санал байна гэж хэлсэн. Би тухайн үед ажилгүй байсан болохоор нь тэгье гэж хэлсэн. 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хорооллын эцэст уулзаад Уд 3 үеийн намтар, төрийн албан хаагчийн анкет, цэргийн үүрэгтний үнэмлэх зэргийг өгсөн. У надыг 1.000.000 төгрөг өгчих гэхээр нь өгч чадахгүй гэж хэлэхэд тэгвэл 800.000 төгрөг өгчих, 200.000 төгрөгийг дараа нь өгчихгүй юу гэж хэлсэн. Ингээд мөнгийг өгөхөөр болоод 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 26 дугаар байрны ойролцоо Утай уулзаад 800.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүний дараа хүний нөөцөд мөнгө хэрэгтэй байна гээд 600.000 төгрөг, 100.000 төгрөг гээд нийт 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд хэзээ ажилд орох вэ гэхээр маргааш, нөгөөдрөөс ажил эхэлнэ” гэж хэлдэг байсан...” гэсэн мэдүүлэг /хх11-12/,
5. Хохирогч Г.Нн “...Манай найз Б 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр надтай фейсбүүкээр чатаар холбогдон “нисэхэд билет бичдэг ажилд орох гэж байгаа” талаараа хэлээд “намайг ажилд орох уу” гэж асуусан. Би “ажилд ормоор байна” гэж хэлэхэд манай найз “чамд мөнгө олдох уу” гэж асуухаар нь юу ч гэсэн хамт явж уулзъя гэж хэлсэн. Ингээд 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 26 дугаар байрны ойролцоо Б бид хоёр нөгөө хүнтэй машин дотор уулзсан. Тухайн хүн өөрийгөө гааль дээр ажилладаг, шинээр хөшигтийн хөндийд ажлын байр нээгдэж байгаа болохоор ажилчид авч байгаа юм, манай захирал намайг хоёр хүн олоод ир гэж хэлсэн. Ажилд ороход жаахан мөнгө орно, тэгээд орчихсон байхад цалин өндөр, амралт ихтэй гэсэн. Тэгээд би ажилд ормоор байгаа тухайгаа хэлэхэд эхний ээлжид 1.200.000 төгрөг өгчих гэж хэлэхээр нь өөрийн данснаас тухайн эмэгтэйн Хаан банкны данс руу 1.200.000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараа мөнгө хэрэгтэй байна гээд 400.000 төгрөг, эмчийн үзлэгийн мөнгө 650.000 төгрөг, ажилчдын үнэмлэхийн мөнгө гээд 200.000 төгрөг гээд нийт 2.450.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд Б бид хоёр хэзээ ажилд орох вэ гэхээр маргааш, нөгөөдрөөс ажил эхэлнэ” гэж хэлдэг байсан. Би тэр У гэх хүний дансанд мөнгө шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх66-67/,
6. Гэрч Д.Байгальмаагийн “...манай охин У нь одоо 25 настай, багаасаа яг эрэгтэй хүүхэд шиг харагддаг, өмсөж байгаа хувцас байгаа байдал нь их эршүүд хүүхэд байгаа юм. Өмнө нь хүнээс мөнгө авч байсан, тухайн үед хохирлыг барагдуулаад хэрэг нь хэрэгсэхгүй болж байсан. Яг юуны мөнгө гэдгийг нь сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх74/,
7. Иргэний нисэхийн ерөнхий газрын 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 06/614 дугаартай “...Балсанцогтын У нь Иргэний нисэхийн ерөнхий газар болон түүний харъяа салбар нэгжид ажилладаггүй, өмнө нь ажиллаж байгаагүй болно...” гэх албан бичиг /хх16/,
8. Б.Угийн Хаан банкны депозит дансны хуулга /хх19-21/,
9. Шүүгдэгч Б.Угийн яллагдагчаар өгсөн “...Б гэх залуу бол манай 10 жилийн хүүхэд байгаа юм. 2020 оны 7 дугаар сард надтай Б фейсбүүк хаягаар чат бичээд ажлаасаа гармаар байна, ажил төрөл юу байна гэж надаас асуусан юм. Тухайн үед надад мөнгө хэрэг болоод Бад хандаж би өөрийгөө Иргэний нисэхийн ерөнхий газарт ажилладаг гэж худлаа хэлсэн. Тэгтэл Б надад хандаж намайг ажилд оруулаад өгөөч гэх хэлэхээр нь асууж үзье гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа Бтай Өргөө кино театрын ойролцоо уулзсан. Тэр үед Б Cu-д ажиллаж байгаа, ажлаа солимоор байна гэхээр нь надад мөнгө өгчих, би иргэний нисэхийн ерөнхий газрын билет таслагчаар оруулж өгье гэж худлаа хэлсэн. Түүнээс хойш Б надад хоёр хувааж нийт 1.500.000 төгрөг өгсөн. Удалгүй Б дахин надтай холбогдоод манай найз Нг бас ажилд оруулаад өгөөч гэхээр нь тэгье мөнгөө өгчих гэж хэлсэн. Тэгтэл Н гэх залуу надад хандаж хэдэн төгрөг өгөх юм гэхээр нь 2.400.000 төгрөг өгчих, тэгээд би иргэний нисэхийн ерөнхий газарт оруулаад өгье гэж хэлээд салаад явцгаасан. Мөнгөний хэрэг гарсан учир тухайн гэмт хэргийг үйлдэх болсон. Өөрийнхөө хэрэгцээнд зарцуулаад дууссан...” гэсэн мэдүүлэг /хх53/.
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримт, талуудын дүгнэлт, тайлбараас шүүгдэгч Б.У нь 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Б.Быг “нисэхэд ажилд оруулж өгье” гэж хуурч 800.000 төгрөг, 7 дугаар сарын 17-ны өдөр “Хүний нөөцөд өгөх мөнгө хэрэгтэй” гэж 600.000 төгрөг, 8 дугаар сарын 24-ний өдөр 100.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан,
мөн Г.Нг “шинэ нисэхэд ажилд оруулж өгнө” гэж 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 1.200.000 төгрөг, 7 дугаар сарын 17-ны өдөр 400.000 төгрөг, 7 дугаар сарын 24-ний өдөр “эмчийн үзлэгийн мөнгө” гэж 650.000 төгрөг, 9 дүгээр сарын 29-ний өдөр 200.000 төгрөг нийт 2.450.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Бын мэдүүлэг, хохирогч Г.Нн мэдүүлэг, Б.Угийн хаан банкны депозит дансны хуулга, Иргэний нисэхийн ерөнхий газрын албан бичиг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Угийн гэм буруугийн санаатай хэлбэрээр шунахайн сэдэлтээр хохирогч нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Б.Баас 1.500.000 төгрөг, хохирогч Г.Нгаас 2.450.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлэн авч залилах гэмт үйлдсэн болох нь дээр дурдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогч Б.Бад 1.500.000 төгрөг, хохирогч Г.Нд 2.450.000 төгрөгийн хохирлыг тус тус барагдуулсан, хохирогч нар гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн /хх99-100/ байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Уг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар болгон эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцон шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.
Шүүгдэгч Б.У нь хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Б.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Балсанцогтын Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уд 1000 нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР