Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/726

 

 

 

 

 

 

 

 

    2021           11         16                                    2021/ШЦТ/726

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч М.Анхбаяр,

шүүгдэгч Д.Х- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Дүүмаамын Х-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105011191179  дугаартай хэргийг 2021 оны 9 дугаар сарын 07-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Айти инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эцэг, эхийн хамт Баянгол дүүргийн ... дүгээр хороо ... дүгээр байр ... тоотод оршин суух,  урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Дүүмаамын Х-

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.Х- нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн хооронд хохирогч Ү.У-ээс 1,500,000 төгрөг, А.М-аас 2,000,000 төгрөг, Б.М-гаас 1,500,000 төгрөгөөс, Ш.М-аас 2,000,000 төгрөг, Ч.У-ээс 3,000,000 төгрөгөөс нийт 10,000,000 төгрөгийг Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө гэж шилжүүлэн авч, хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Х- мэдүүлэхдээ: “Миний бие анх залилангийн гэмт хэрэг хийх сэдэл байгаагүй. Нэмж хэлэх зүйл байхгүй.  8,500,000 төгрөгийн хохирлыг яаралтай өгнө гэсэн хүсэлтэй байна”гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, шүүгдэгч Д.Х- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,  өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан”  гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Ч.У-ийн “... 2019 оны 10 дугаар сард манай найз У- нь Бүгд найрамдах Солонгос улсын мульти виз гаргадаг найдвартай хүн байна, өглөө урьдчилгаа 1,500,000 төгрөгийг шилжүүлчих, 8 хувь цээж зураг, гадаад паспортын хамт өгөхөд болох юм байна гэж хэлсэн. Тэгээд би У-өд итгээд  2019 оны 10  дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр автобусны буудал дээр У-тэй уулзаад гадаад паспортоо 8 хувь цээж зургийн хамт өгөөд Угтах-Ирээдүй гэх хүний данс руу 1,500,000 төгрөгийг шилжүүлээд Угтах-Ирээдүй нь М- гэх хүний хамт миний мөнгийг нийлүүлээд 3,000,000  төгрөгийг У-ийн данс руу шилжүүлсэн. Угтах-Ирээдүй, Уламбаяр нар нь хүмүүст хэлсэн юм шиг байгаа юм. М- гэх хүнийг би таньж мэдэхгүй. Би Бүгд найрамдах Солонгос улсруу явах зорилгоор У-өд итгээд мөнгө шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 6 дугаар хуудас/

 

Хохирогч А.М-ын “... Болсон асуудлын талаар гэвэл 2019 оны 10 сард аав Амарсайханы дүү Мэндсайхан нь над руу залгаад нийт төлбөр 4,000,000 төгрөгөөр мульти визтэй болох боломж байна, урьдчилгаа 2,000,000 төгрөгийг өгч болно гэж надад хэлсэн. Би Мэндсайханд итгээд У- эгчтэй гэрт нь буюу Баянгол дүүргийн 3 дугаар хороо 34б байрны 43 тоотод очиж уулзсан. У- эгч надад хэлэхдээ манай нэг таньдаг хүн байгаа юм, элчинд ажилладаг юм, найдвартай 4-5 хүнд мульти виз гаргаж өгч болно, найдвартай гэсэн, манай дүү байгаа юм, урьдчилгаа 2,000,000 төгрөгийг өгнө, виз гарсны дараа 2,000,000 төгрөгийг авна. Нийт 4,000,000 төгрөгөөр мульти визтэй болно гэж хэлсэн. Тэгээд би У- эгчид итгээд У- эгчийн гэрээс 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр интернет банк ашиглан У-ийн 5077041588 тоот данс руу 2,000,000 төгрөгийг нэг удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Тэрнээс хойш виз ч гараагүй, юу юу ч болоогүй, У-ийн нөхөр Ганболд гэх хүнтэй холбогдоход удахгүй виз чинь удахгүй гарна гээд байлгаад байсан.

... Би өөрийн өгсөн 2,000,000 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэсэн мэдүүлэг.  /хэргийн 11  дүгээр хуудас/

 

Хохирогч Б.М-гийн “... 2019 оны 10 дугаар сард Угтах-Ирээдүй ахтай тааралдахад надад хандан Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргадаг хүн байгаа, тэр нь манай найз У-ийн ээж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би У- эгчтэй уулзахаар дэлгүүрт нь Угтах-Ирээдүйгийн хамт очоод уулзсан. Угтах-Ирээдүй ах намайг У- эгчтэй танилцуулаад намайг манай дүү байгаа юм гэж хэлээд би У- эгчийн утасны дугаарыг авсан юм. Тэгээд 2019 оны 10 дугаар 02-ны өдөр Угтах-Ирээдүй ахын 5077041588 тоот данс руу 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд дараа нь би Угтах-Ирээдүй ах руу миний мөнгийг шилжүүлсэн үү гэж асуухад 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр У- эгч рүү У- гэх хүний мөнгөтэй хамт шилжүүлсэн гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш хэдэн сарын дараа Ч.У- эгчтэй холбогдоход хүнтэй холбогдсон байгаа, чамд хариу хэлье гээд яваад байсан. Сүүлдээ Ч.У- эгч надад виз хөөцөлдөж байгаа хүн гэж 99142769 гэсэн дугаартай Хатнаа гэж өгөхөөр нь би утсаар нь холбогдоход Хатнаа гэх хүн нь арай болоогүй байгаа шүү, хүлээж байгаарай гэж хэлсэн. Одоо хүртэл виз гарсан асуудал байхгүй байна. Мөн би гадаад паспортоо 8 хувь цээж зурагны хамт Ч.У- эгчид өгсөн.

... Өөрийн 1,500,000 төгрөг, гадаад паспортоо авмаар байна. “ гэсэн мэдүүлэг. /хэргийн 15 дугаар хуудас/

 

Хохирогч Ш.М-ын “... Манай төрсөн эгч Нямтуяа нь Ч.У- эгч чинь Бүгд найрамдах Солонгос улсын мульти виз гаргаж өгнө гээд утсаар надтай холбогдсон. Тэгээд би Ч.У- эгчтэй утсаар нь холбогдоход Бүгд найрамдах Солонгос улсад мульти виз гаргаж өгдөг манай нэг дүү байгаа юмаа, найдвартай элчинд ажилладаг, сарын хугацаанд виз гаргана, урьдчилгаа 2,000,000 төгрөг, үлдэгдэл нь 2,000,000 төгрөгөө визээ авахдаа өгөөрөй гэж хэлсэн. Би Ч.У- эгчийн үгэнд итгээд 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ч.У- эгчийн гэр буюу Баянгол дүүргийн 3 дугаар хороо 34б байрны 43 тоотод очиж биеэр уулзахад Ч.У- нь манай дүү найдвартай гаргаж өгнө гэж хэлэхээр нь би гэрээс нь Ч.У- эгчийн эзэмшлийн  Худалдаа хөгжлийн банкны 406101480 тоот дансруу 2,000,000 төгрөгийг нэг удаагийн гүйлгээгээр интернет банк ашиглан шилжүүлээд өөрийн гадаад паспорт 8 хувь цээж зургийн хамт өгсөн. Тэгээд тэр өдрөөс хойш одоог хүртэл Бүгд найрамдах Солонгос улсын виз гараагүй. Ч.У-тэй холбогдоход Х- гэх хүүхдэд өгсөн байгаа, удахгүй гаргана гэсэн. Найдвартай хөөцөлдөж байна гэж хэлсэн. Би Д.Х-ын утсаар нэг удаа ярьж байсан. Саяхан 2021 оны хавар Ч.У- эгчээс Д.Х-ын дугаарыг нь аваад ярьж байсан бөгөөд Д.Х-тай ярихад удахгүй мөнгийг чинь буцааж өгнө гэж хэлээд алга болсон.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19 дүгээр хуудас/

 

Хохирогч Ч.У-ийн “... Би 2019 оны 09 дүгээр сард миний төрсөн хүү У-ийн найз Батнарангийн найз гэх Х-тай танилцсан. Х- нь манай нэг найз Солонгос улсын элчинд ажилладаг, тэр найз маань оны сүүлээр гадагшаа сургуульд явах гэж байгаа юм. Тэгээд явахаасаа өмнө хэдэн хүний мульти виз гаргах эрхтэй гээд байна. Нэг хүнийг 2,000,000 төгрөгөөр гаргаж өгнө гэсэн, та ойрын найз хүмүүсээс 8 хувь цээж зураг, гадаад паспорттой, эхний ээлжид 1,500,000 төгрөгийг өгчих, визээ гарсны дараа үлдэгдэл 500,000 төгрөгийг өгч болно, ийм боломж олдохгүй шүү гэж хэлсэн. Тэгээд би Х-ын ярьсан ярианд итгээд 6 хүний нийт 10,000,000 төгрөгийг өгсөн. Үүнд:

Манай төрсөн дүүгийн найз Даваасүрэн нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөгийг манай гэрийн гадаа буюу Баянгол дүүргийн 3 дугаар хороо 34б байрны гадаа ирээд надад бэлнээр мөнгөө өгөөд  8 хувь цээж зураг, гадаад паспортоо өгсөн. Би тухайн өдөр Х- руу залгаад гэртээ дуудаад гэрийн гадаа Даваасүрэнгийн мөнгийг материалтай нь өгсөн.

Манай төрсөн хүү У-ийн 2 найз У-, М- нар нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр миний эзэмшлийн 5077041588 тоот данс руу 3,000,000 төгрөгийг нийлүүлээд шилжүүлсэн. Би тухайн мөнгийг тэр өдөр Х- руу утсаар холбогдоод Х-ын эзэмшлийн 5026751677 тоот данс руу гэрээсээ 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд Х- нь гэрийн гадаа ирээд У-, М- нарын цээж зураг, гадаад паспортыг ирж авсан.

Миний таньдаг ахын хүүхэд болох М- нь 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөгийг миний эзэмшлийн 5077041588 тоот дансанд шилжүүлсэн.  Би тухайн өдөр нь Х-ын 5026751677 тоот данс руу 1,500,000 шилжүүлээд Д.Х- нь гэрийн гадаа ирж цээж зураг, гадаад паспортыг ирж авсан. Дараа нь 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр үлдэгдэл 500,000 төгрөгийг Х-ын Хаан банкны 5026751677 тоот данс руу гэрээсээ шилжүүлсэн.

Манай нөхөр Ганболдын дүүгийнх нь хүүхэд М- нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр миний эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 406101480 тоод дансанд 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Би гэрээсээ тухайн өдөр интернет банк ашиглан Х-ын эзэмшлийн 5026751677 тоот дансанд 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Орой нь Х- манай гэрийн гадаа ирээд материалыг нь авсан.

Миний төрсөн дүү Батжаргалын мөнгийг өөрийнхөө мөнгөнөөс 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөгийг Х-ын эзэмшлийн 5026751677 тоот данс руу шилжүүлсэн. 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Х- нь гэрийн гадаа ирж материалыг нь авсан. Үлдэгдэл 500,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Голомт банкны 2205105777 тоот данснаас гэрээсээ 2019 оны 11 дүгээр сарын 07-ны Х-ын данс руу шилжүүлсэн.

Ингээд нийт Ч.Батжаргал, М-, М-, У-, М-, Даваасүрэн гэх 6 хүний нийт 10,000,000 төгрөгийг Х- нь аваад одоог хүртэл виз ч гараагүй. Буцааж мөнгөө авъя гэхээр удахгүй бүтнэ, одоохон гарлаа гэж шалтаг хэлдэг байснаа сүүлдээ найзаасаа мөнгийг нь аваад өгнө гэх зэрэг шалтаг хэлээд өдийг хүрсэн байна.

Би Дархан-Уул аймагт амьдардаг. Даваасүрэнгийн 1,500,000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Өөрийн дүү Ч.Батжаргалын визний мөнгийг бол өөрийнхөө мөнгөнөөс гаргасан. Миний мөнгө байгаа юм. Тиймээс Даваасүрэн  болон Ч.Батжаргал нарын нийт 3,000,000 төгрөгийг би өөрөөсөө гаргасан учраас би өөрөө нэхэмжилж байна ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23-24  дүгээр хуудас/

 

Ч.У-ийн Голомт, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга. /хэргийн 55-59 дүгээр хуудас/

 

А.М-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 62 дугаар хуудас/

 

Д.Х-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 69-86 дугаар хуудас/

 

Ш.М-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 88 дугаар хуудас/

 

Д.Х-ын яллагдагчаар өгсөн  “... Би Ч.У- гэх хүнийг таньж мэднэ. Ч.У- эгчийн  хүү Г.У-, түүний найз Батнаран бид нар найз нөхдийн харилцаатай юм. Тэрнээс  Ч.У-тэй төрөл садан, найз нөхөд, эгч дүүсийн харилцаа  хамааралгүй.

Би анх Ч.У- эгчтэй Бүгд найрамдах Солонгос улсын элчинд виз гаргах боломжтой юм байна гэж холбогдож байсан. Тэгээд Ч.У- эгчид Бүгд найрамдах Солонгос улсын мульти виз гаргадаг хүн байна, танд явах хүн байна уу, найдвартай, урьдчилгаа 1,500,000 төгрөгийг өгөөд виз гарахаар 500,000 төгрөг өгч болно. Нийт 2,000,000 төгрөгөөр виз гаргана гэж хэлсэн. Ч.У- эгч нь миний үг хэл ярианд итгээд 6 хүний мөнгийг над руу шилжүүлж өгсөн байгаа юм. Үүнд:

2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Ч.У- эгчийн гэр буюу Баянгол дүүргийн 3 дугаар хороо 34б байрны гадна очиж Даваасүрэнгийн гэх 1,500,000 төгрөгийг бэлнээр авсан.

2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр миний эзэмшлийн Хаан банкны 5026751677 тоот дансанд Ч.У- эгчийн 5077041588 тоот данснаас 3,000,000 төгрөг буюу М-, У- гэх хүмүүсийн мөнгө орж ирсэн.

2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Ч.У- эгчийн 5077041588 тоот данснаас миний эзэмшлийн 5026751677 тоот дансанд М-ын гэх 1,500,000 төгрөг орж ирсэн. Үлдэгдэл гэх 500,000 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр миний данс руу шилжүүлсэн.

2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ч.У- эгчийн 406101480 тоот данснаас миний эзэмшлийн 5026751677 тоот дансанд Батжаргал гэх хүний 1,000,000 төгрөг орж ирсэн. Батжаргалын үлдэгдэл 500,000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр миний данс руу 2205105777 тоот данснаас Ч.У- эгч дахин шилжүүлсэн.

2019 оны 10 дугаар сарын 24-ний Ч.У- эгчийн 406101480 тоот данснаас миний эзэмшлийн 5026751677 тоот дансанд М-ын мөнгө гэх 2,000,000 төгрөг орж ирсэн. Ингээд би нийт 6 хүний 10,000,000 төгрөгийг цувуулан авсан бөгөөд тухайн мөнгийг өөрийн ар гэрийн амьдрал, түрээсийн байрны мөнгө төлбөрийг төлөхөд ашигласан. Би Бүгд найрамдах Солонгос улсын элчин сайдын яаманд ажилладаггүй.

Би уул нь анхандаа тухайн хүмүүсийн визийг өгнө гэж бодож байсан бөгөөд анх Гантулга гэх хүнтэй хүмүүсийн виз гаргахаар ярьж тохирсон байсан. Тэгээд анх надад хэлсэн үнийн дүн болон хугацаа нь өөрчлөгдсөн учраас мөнгийг нь өөртөө ашиглаад өөр дараагийн ажлын мөнгө орохоор буцаагаад өгнө гэж бодож байсан юм. Ажлын мөнгө орж ирээгүй болохоор хүмүүсийн мөнгийг өгч чадаагүй явж байна. Гантулга гэх хүнд би мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Гантулга энэ хэрэгт ямар ч асуудалгүй.

Би Ч.У- эгчээс дээрх мөнгө шилжүүлсэн 6 хүний бичиг баримтыг авсан. Тухайн гадаад паспортыг буцаан өгсөн байгаа.Гантулга нь 2015 оноос 2017 онд Бүгд найрамдах Солонгос улсын элчин сайдын яаманд ажилладаг басан. Тэгээд би Гантулгатай танилцаж байсан юм. Бид хоёр найз нөхдийн харилцаатай байсан. 2020 оноос эхлээд ямар нэгэн холбоогүй болсон. Ч.У-ээс авсан мөнгөнөөс Гантулгад өгсөн зүйл байхгүй. Хаана амьдардаг овог, нэр холбоо барих утсыг би мэдэхгүй. Хаана ажилладаг талаар ч мэдэхгүй байна.

Би хохирлоо төлж барагдуулаагүй байна. Би удахгүй хохирогч нарынхаа хохирлыг төлж барагдуулах болно.

Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй, хохирогч нарынхаа хохирлыг төлж барагдуулна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 44-45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

   Залилах гэмт хэргийг үйлдэх арга нь хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух дарагдуулах, эсхүл өөрийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар илэрдэг бөгөөд аль алин нь эцэстээ хохирогчийг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь авахад чиглэгдсэн байдаг болно.

Тодруулбал, шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар шүүгдэгч Д.Х-ын “Бүгд найрамдах Солонгос улсын мульти виз гаргадаг найдвартай хүн байна” гэсэн үгэнд үнэмшсэн хохирогч Ч.У-ээр дамжуулан Ү.У-, А.М-, Б.М-, Ш.М- нарын Бүгд найрамдах Солонгос улсын визтэй болох гэсэн хүсэл зоригийг гүйцэлдүүлж чадна гэж худал хэлэн зохиомол байдлыг бий болгох замаар тэдгээрийг төөрөгдүүлсэн нь залилах гэмт хэргийн шинжийг бүрнээ хангана.

Учир нь тэрээр анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй буюу визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагад ажилладаггүй атлаа  хохирогч Ч.У-т итгэл үнэмшил төрүүлэн хохирогч нарын мөнгийг хууль бусаар авчээ.

Иймд шүүгдэгч Д.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Х- нь өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохиролд зориуд хүргэсэн нь шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн улмаас 10,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заажээ.

Гэмт хэргийн улмаас нэр бүхий хохирогч нарт нийт 10,000,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Д.Х- шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд хохирогч Ү.У-т 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн баримтыг гарган өгсөн тул түүнээс үлдэгдэл хохирол болох 1,500,000 төгрөг гаргуулж Б.М-д, 2,000,000 төгрөг гаргуулж А.М-д, 2,000,000 төгрөг гаргуулж Ш.М-ад, 3,000,000 төгрөг гаргуулж Ч.У- нарт олгуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг гаргажээ.

Шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан зэрэг байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний тодорхой ажил хөдөлмөр эрхэлж орлого олдог нь тодорхойгүй тул торгуулийн ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Х- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Дүүмаамын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Х-ыг 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Х-ыг торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Х-ыг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Х-аас 2,000,000 төгрөг гаргуулж А.М-д, 1,500,000 төгрөг гаргуулж Б.М-д, 2,000,000 төгрөг гаргуулж Ш.М-ад, 3,000,000 төгрөг гаргуулж Ч.У- нарт тус тус олгосугай.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Х- нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ