Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 141/ШШ2017/00126

 

 

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 141/ШШ2017/00126

Завхан аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Ж.Отгонхишиг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* хотын ******* дүүргийн ******* дугаар хорооны ******* 26 дугаар гудамжны ******* тоотод оршин суудаг Х овогт С.А-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч:******* аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвд холбогдох  Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баттулга, нэхэмжлэгч С.А, хариуцагч Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.А нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* сумын Эрүүл мэндийн төвд 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс одоог хүртэл жолоочоор ажиллаж байна. Ажиллах хугацаанд тус төвийн дарга Б.А нь удаа дараа хувийн ашиг сонирхлын үүднээс надад арга хэмжээ авах болон халах хүртэлх тушаал гаргаж байсан. 2017 оны 3 дугаар сарын *******-ны өдрийн А/26 тоот тушаалаар цалингийн 20% бууруулах сахилгын арга хэмжээ авсан болно. 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр******* аймгийн Их-уул сумын Хужиртын Ихэр гэдэг газраас дуудлага ирэхэд хэн ч надад мэдэгдээгүй бөгөөд Б.А эмч С.Дарамбазар эмчтэй ярилцаад зохицуулсан гэж дараа нь хэлсэн. 2017 оны 02 дугаар сарын 27-ны орой Тосонгийн даваанаас ирсэн дуудлага нь ******* цаг 40 минутад ирээд би 23 цаг 00 минутад явсан. Тухайн үед би Зарт баг руу золгуут хийчихээд ирж байхад Б.А эмч надруу яриад дуудлага ирсэн гэж хэлсэн. Алсын дуудлаганд явах журам-д заасны дагуу 30 минутаас 1 цагийн дотор бэлтгээд дуудлагадаа явсан. Иймд сахилгын шийтгэл оногдуулсан тушаал нь Хөдөлмөрийн хуулийг үндэслэлгүй зөрчсөн, байгууллагын шинэчилсэн дотоод журмыг надад танилцуулаагүй, хувийн ашиг сонирхлоор албан тушаалын давуу байдлаа ашиглан үндэслэлгүйгээр ажилтан миний эрх ашгийг зөрчиж байгаа тул уг тушаалыг хүчингүй болгуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.А нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус эрүүл мэндийн төвийн жолооч С.А нь ажлын цагаар ажлын байран дээрээ байгаагүй, яаралтай алсын дуудлаганд хугацаа хоцорч явсан, байгууллагын хурал зөвлөгөөнийг байнга тасладаг гэсэн үндэслэлүүдээр түүнд 1 сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан юм. Учир нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нийт эмч ажилтнуудын хурал хийж цагаан сарын баярын өдрүүдээр хариуцлагатай жижүүр томилж байгааг танилцуулж, томилогдсон жижүүрүүд утсаа байнга нээлттэй байлгаарай, багийн эмч нар жирэмсэн эхчүүддээ анхаарал хандуулаарай гэх мэт асуудлуудыг ярьсан. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хариуцлагатай жижүүр томилох тухай тушаал гаргаж бүх эмч ажилтнуудад мэдэгдсэн. 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр цагаан сарын шинийн нэгний өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр байсан бөгөөд хариуцлагатай жижүүрээр ойрын дуудлаганд эмч Л.О, алсын дуудлаганд эмч Г.Ж, галч Б.Б, жолооч С.А нар томилогдсон байсан юм. Тус өдрийн 15.00 цагт Хужиртын ихэр гэх газраас Г гэдэг хүн унаж татаад байна гэсэн дуудлага ирснийг 103 дээрээс надруу ярьж мэдэгдсэн. Тухайн үед жолооч С.А байгаагүй. Утас нь холбогдохгүй байсан, би гэрлүү нь хүн явуулахад гэр нь цоожтой байна гэсэн. Тэгээд би өөрөө ажил дээрээ очоод дуудлага өгсөн хүнтэй нь утсаар яриад зөвлөгөө өгч байтал тэр хавьд ойролцоо газар С.Д эмч айлд золголт хийгээд явж байна гэсэн болохоор С.Д эмчид үзүүлээд зөвлөгөө ав, болохгүй бол эргээд холбогдоорой гэсэн тэгээд тэр хүн С.Д эмчид үзүүлсэн байсан. Тэр үед С.А ажилдаа ирээгүй байсан.

Мөн тухайн өдрийн 21 цаг 40 минутад Тосонгийн давааны Ягаан цохио гэх газраас Б гэдэг хүн унаж, цус алдсан гэсэн дуудлага ирсэн. Энэ үед мөн жолооч С.А байгаагүй, Зарт багруу айлд золголт хийхээр манай эмнэлгийн машиныг унаад явсан байсан. Тэгээд араас нь утсаар ярихад Зартад байна одоо очлоо гэж хэлсэн. Ингээд 23 цагт ирээд 23 цаг 45 минут болж байхад С.А машинтай эмчээ аваад дуудлаганд явсан. Энэ хугацаанд дуудлага өгсөн хүмүүсийн ар гэрээс нь гомдол гарч байсан. Эмнэлэг өөрийн гэсэн граж байхгүй учраас жолоочийг өөрийнхөө хашаанд байдаг хувийн граждаа машинаа тавьж болно гэж хэлдэг нь үнэн. Гэхдээ байгууллагын машиныг дур мэдэн зөвшөөрөлгүйгээр хувийнхаа хэрэгцээнд унаж байгаа нь зүйд таарахгүй юм. Манай байгууллага долоо хоног тутмын 2 дахь өдөр хурал хийдэг энэ хурал дээр тухайн цаг үеийн асуудал, ажлаа ярилцаж, үүрэг даалгавар өгдөг. Гэтэл жолооч С.А энэ хуралд суудаггүй, дуудлагатай, дуудлаггүй ямар ч үед ажил дээрээ байдаггүй, байгууллага хамт олны ажилд оролцдоггүй. Манайх орон тооны жолоочтой атлаа дуудлагын жолооч гэрээгээр ажиллуулж байгаа юм шиг С.А-г байнга утсаар дуудаж ажил явуулдаг. Ийм байж таарахгүй гэж бодож байна.

Миний хувьд С.А-д ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй, би ажил үүргээ зохих ёсоор биелүүлэхийг л шаарддаг, гэтэл үүнийг эсрэгээр нь ойлгож ажилдаа маш хариуцлагагүй хандаж байна. Бидний ажил хүний амь нас хариуцдаг маш чухал алба юм. Гэтэл С.А-н ажилдаа хариуцлаггүй ханддаг энэ байдлаас болж хүний амь нас, эрүүл мэнд хохирч байна. Цаашлаад эмнэлгийн нэр хүндэд ч халтай үйлдэл юм. Дуудлага ирээд цагтаа гараагүйгээс болоод өвчтний ар гэрээс маш их гомдол ирдэг юм. Иймээс ажлыг хэвийн явуулах үүднээс хариуцлага алдсан жолоочид хуулийн дагуу арга хэмжээ авсан. Би нэг удаагийн үйлдэлд нь арга хэмжээ аваагүй, олон удаа ийм байдалтай байсан. Энэ шийтгэлийн хувьд С.А-д хүндэдсэн гэж би бодохгүй байна. Харин С.А өөрийнхөө бурууг ойлгоод ажилдаа хариуцлагатай хандаад ажиллах ёстой байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.А нь хариуцагч******* аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан******* аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 3 дугаар сарын *******-ны өдрийн Цалингийн хувь бууруулах тухай сахилгын шийтгэл ногдуулсан А/26 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Завхан аймгийн Их уул сумын Эрүүл мэндийн төвийн жолоочийн албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах бөгөөд хөдөлмөрийн эрхийн харилцаа нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг тул уг маргааныг ерөнхий харъяаллын шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1. дэх хэсэгт....шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутамд хянан шийдвэрлэнэ..., 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт.... сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдлыг шүүх хянан шийдвэрлэнэ... гэж заасан байх тул нэхэмжлэгчийн Цалингийн хувь бууруулах тухай сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг тус шүүх хүлээн авч хянан шийдвэрлэсэн болно.

Мөн С.А-г ******* сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/82 дугаар тушаалаар******* аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвд жолоочоор томилж, тус төвийн эрхлэгчийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр ажилтан бүр томилох тушаалаар мөн жолоочоор томилсон байх бөгөөд 2017 оны 3 дугаар сарын *******-ны өдрийн А/26 тоот тушаалаар цалингийн хувь бууруулах сахилгын арга хэмжээ авсан болох нь дээрх тушаалуудын хуулбарууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь******* аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 2017 оны 3 дугаар сарын *******-ны өдрийн А/26 тоот тушаалыг эс зөвшөөрч2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзнэ.

Хариуцагч Их уул сумын эрүүл мэндийн төвийн дарга Б.А ...******* аймгийн Их Уул сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2017 оны 3 дугаар сарын *******-ны өдрийн А/26 тоот тушаалаар жолооч С.А-г хүний эрүүл мэнд, амь насанд аюул учирч болзошгүй онцгой нөхцөлд яаралтай бэлэн байдал хангаж ажиллаагүй гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд хариуцагч тайлбарлахдаа ... 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 15.00 цагт Хужиртын ихэр гэх газраас дуудлага ирэхэд жолооч С.А байгаагүй бөгөөд уг дуудлаганд яваагүй.

Тухайн өдрийн 21 цаг 40 минутад Тосонгийн давааны Ягаан цохио гэх газарт хүн унаж, цус алдсан гэсэн дуудлага ирэхэд жолооч С.А бас байгаагүй, Зарт багруу айлд золголт хийхээр манай эмнэлгийн машиныг унаад явсан байсан. Тэгээд араас нь утсаар ярихад Зартад байна одоо очлоо гэж хэлсэн. Ингээд 23 цагт ирээд 23 цаг 45 минут болж байхад С.А эмчээ аваад дуудлаганд явсан.

Мөн манай байгууллага долоо хоног тутмын 2 дахь өдөр хурал зөвлөгөөн хийдэг энэ хурал дээр тухайн цаг үеийн асуудал болон ажлаа ярилцаж, үүрэг даалгавар өгдөг. Гэтэл жолооч С.А энэ хуралд суудаггүй, дуудлагатай, дуудлаггүй ямар ч үед ажил дээрээ байдаггүй, байгууллага хамт олны ажилд оролцдоггүй. юм Ийм 3 үндэслэлээр С.А-д 1 сарын хугцааанд цалинг 20 хувь бууруулах тухай сахилгын шийтгэл ногдуулсан юм... гэж тайлбарлажээ.

Харин нэхэмжлэгч нь сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ ... тухайн өдөр Хужиртын Ихэр гэдэг газраас дуудлага ирэхэд надад мэдэгдээгүй бөгөөд Б.А эмч С.Д эмчтэй ярилцаад зохицуулсан гэж дараа нь хэлсэн. Харин Тосонгийн даваанаас ирсэн дуудлага нь ******* цаг 40 минутад ирээд би 23 цаг 00 минутад явсан. Би Алсын дуудлаганд явах журмын дагуу 30 минутаас 1 цагийн дотор бэлтгээд дуудлагадаа явсан. Байгуулагагын хурал зөвлөгөөнд суудаг гэж тайлбарлажээ.

Ажил олгогч нь сахилгын шийтгэл ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанарт тохирсон хэлбэрийг сонгох эрхтэй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт ажил олгогч нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэж заасан байх тул ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргийн хуваариар ажлаа гүйцэтгэхийг ажилтнаас шаардах эрхтэй байна.

2017 оны 2 дугаар сарын 27-ны өдөр бүх нийтийн амралтын өдөр байсан ч ажил үүргийн хувиарын дагуу алсын дуудлаганд эмч Г.Ж, галч Б.Б, жолооч С.А нар томилогдсон байсан нь хэрэгт авагдсан Их уул сумын эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/23 дугаар хариуцлагтай жижүүр томилох тухай тушаал, тушаалын хавсралт, гэрч Э.Э-н ... тухайн үед А-н утас холбогдохгүй байсан, асрагч Г-г гэрлүү нь явуулахад гэр нь цоожтой байсан. Дуудлага өгсөн хүмүүс нь дуудлага гарсан уу гээд шаардаад байсан. Б.А эмч өөрөө ажил дээрээ ирсэн... гэсэн мэдүүлэг, гэрч Г.Ж-н тухайн өдөр 16 цагийн үед дуудлага ирлээ гээд би явах гэж байтал тухайн дуудлага өгсөн газар нь Д эмч золголт хийгээд явж байсан учир Д эмчид үзүүлчихлээ гээд би дуудлагад явахаа больсон. Харин 20 цагийн үед С.А манайд ирээд сумаас ойрхон эгчтэйгээ золгочихоод ирье гэхээр нь хурдан яваад ир дуудлага ирвэл хэцүү шүү гэж хэлээд явуулсан... гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2 дахь ... Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр нь нийтээр амрах баярын өдөр байх боловч хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх хэсэгт ... улс орныг батлан хамгаалах, хүний амь бие, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгүүлэх тохиолдолд нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажил олгогчийн санаачилгаар ажиллуулж болохоор зохицуулжээ.

Тухайн өдөр ажил үүргийн хувиарын дагуу ажиллах ёстой байсан талаар нэхэмжлэгч маргахгүй байгаа бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ... тухайн өдөр би ажил үүргийн хувиарын дагуу ажиллах ёстой байсан. Гэвч цагаан сарын шинийн нэгний өдөр байсан болохоор ээлжийн жижүүр эмч Ж-д хэлээд золголт хийхээр ойрхон хөдөө явсан юм, утас нь холбогдохгүй байсан учраас А даргад хэлээгүй явсан, би ажил дээрээ байгаагүй гэж тайлбарлаж байгаа нь тухайн өдөр жолооч С.А нь ажлын байран дээрээ байгаагүй, удирдлагын зөвшөөрөлгүйгээр хувийн ажилд явсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл Их уул сумын эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн жолоочийн ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр зорилтын хүрээнд тогтмол хугацаанд удирдлагын зөвшөөрөлгүйгээр бусдад үйлчлэх, хувийн ажилд явахыг хориглоно гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Шүүх хариуцагчийн хүсэлтээр гэрч Э.Ж, Э.Э, Г.Ж нараас хууль тайлбарлан өгсний үндсэн дээр гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд эдгээр хүмүүс нь тухайн үед болсон үйл явдлын талаар мэдүүлсэн байх тул дээрх гэрчүүдийн мэдүүлгүүдийг хэрэгт ач холбогдолтой баримт гэж үзлээ.

 Мөн нэхэмжлэгч нь 2017 оны 02 дугаар сарын 27-ны орой Тосонгийн даваанаас ирсэн дуудлага ******* цаг 40 минутад ирээд 23 цаг 00 минутад явсан учраас би Алсын дуудлаганд явах журам-д заасны дагуу хугацаандаа дуудлагад явсан дуудлага хүлээн авах дэвтэрт дуудлага ирсэн цаг засвартай байгаа учраас би ямар нэгэн зөрчил гаргаагүй гэж мэтгэлцэж байна.

Гэвч Их уул сумын эрүүл мэндын төвийн Алсын дуудлагын журналын 61 дугаар ... 02 дугаар сарын 27-ны өдөр, Тосонгийн давааны Ягаан цохио гэх газраас утсаар ирүүлсэн дуулагыг 2 дугаар сарын 26-ны өдрийн 21 цаг 40 минутанд хүлээн авч 23 цаг 00 минутанд эмч Г.Ж, жолооч С.А нар явсан талаар бүртгэсэн бүртгэл,

гэрч Э.Ж-н ... 21 цаг 45 минутанд дуудлага ирэхэд С.А байхгүй байсан. С.А-г хэзээ ирснийг санахгүй байна, дуудлаганд Г.Ж эмч, С.А нар 23 цаг 00 минутанд явсан... гэсэн мэдүүлэг,

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч С.А-н ... би дуудлага ирэх үед байгаагүй, Зарт баг руу ойрхон золголт хийчихээд ирж байхад А эмч надруу яриад дуудлага ирсэн гэж хэлсэн. Би ирээд 23 цаг 00 минутанд дуудлаганд явсан... гэх тайлбар зэргээс дүгнэхэд тухайн үед жолооч ажлын байран дээрээ байхгүй болох нь тогтоогдож байна.

Мөн хариуцагч нь манай байгууллага долоо хоног тутмын 2 дахь өдөр хурал хийдэг энэ хурал дээр тухайн цаг үеийн асуудал, ажлаа ярилцаж, үүрэг даалгавар өгдөг. Гэтэл жолооч С.А энэ хуралд суудаггүй, дуудлагатай, дуудлаггүй ямар ч үед ажил дээрээ байдаггүй, байгууллага хамт олны ажилд оролцдоггүй гэж тайлбарлаж ажилчдын хурлын ирцийн бүртгэлийг ирүүлжээ. Хурлын ирцийн бүртгэлд бүртгэснээр 2017 оны 1-5 сард 18 удаа хурал хийсэн байх боловч жолооч Авирмэд нь 5 удаад нь хуралд ирсэн гэж бүртгэсэн байна. Харин нэхэмжлэгч нь дээрх баримтуудын талаар няцаалт хийсэн ямар нэгэн нотлох баримтыг ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй гэж заажээ. Гэвч нэхэмжлэгч нь сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэрийг үндэслэгүй болохыг нотлосон баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд хөдөлмөрийн гэрээ, дотоод журам болон ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргийн хуваариар ногдуулсан ажил үүргээ биелүүлээгүй өөрөөр хэлбэл хүний эрүүл мэнд, амь насанд аюул учирч болзошгүй онцгой нөхцөлд яаралтай бэлэн байдал хангаж ажиллаагүй ажлын байран дээрээ байгаагүй гэдэг үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.А нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан Х овогт С.А-н нэхэмжлэлтэй******* аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвд холбогдох  Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухайн нэхэмжэллийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийг 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ