Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/852

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн,

улсын яллагч М.Амарзаяа /томилолтоор/,

хохирогч А.П, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр,

шүүгдэгч Ү.А, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ү.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх   хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, Ү.А /РД:*** /.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүгдэгч Ү.А нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цогцолбор” байранд иргэн А.Пгийн ахар сүүлэн тус газар хөлөөрөө өшиглөж, биед ахар сүүлний 3-р нугалмын хугарал, ууцны цус хуралт гэмтэл учруулан “Хүний бие махбодод хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.А мэдүүлэхдээ: “Энэ асуудал нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр болсон үйл явдал. Тухайн өдөр иргэдээс над руу хорооны иргэдийн нийтийн хурлыг хууль бусаар зарлаж байна гэсэн мэдээлэл ирсэн. Энэ мэдээллийн дагуу дэмжигч намын гишүүдтэй цуг 11 дүгээр хорооны байран дээр очсон. Хорооны цогцолбор байрны 1 давхарт ороход Э сууж байхаар нь 15 хоногийн өмнө хурлын зар тавиад мэдэгдэх ёстой та яагаад хууль бус хурал хийж байгаа юм гэсэн шаардлага тавьсан. Тухайн үед би бичлэг хийж байсан. Гэтэл Э надад хандаж “Бид нар иргэдийн нийтийн хурал хийгээгүй ардчилсан намын хурал хийж байна” гэсэн. Тэгвэл шалгая гээд хурлын танхимд ороход 80 гаруй иргэн ирсэн байсан. Тэр хүмүүсээс асуухад иргэдийн нийтийн хурал гэж хэлсэн. Эд намын хурал гэж яагаад худлаа хэлсэн талаар асуухад намайг гар зайл гэж хөөсөн, тэгэхээр нь би хуралд суух эрхтэй гэж хэлсэн. Тэгтэл А.П хорооны хүмүүстэйгээ нийлж намайг болон надтай хамт ирсэн хүмүүсийг тэр байрнаас хөөж түлхээд 1 давхарт гарсан. Тэр үед Э миний нүүр рүү цохиод, П нь миний нуруу руу өшиглөсөн. Хорооны Д гэх цагдаа миний хажууд зогсоод болсон бүх зүйлийг харсан. Би Дгээс чи болсон зүйлийг харсан болохоор гэрчилнэ шүү гэж хэлээд гарсан. Тэгээд гадаа дэмжигч нартай ярьж байгаад буцаад өрхийн эмнэлгийн хаалгаар хорооны байр руу ороход П болон хорооны ажилчид нь дахиад над руу дайраад нүүр болон гар утас руу цохиод намайг түлхээд хорооны байрнаас гаргасан. А.П миний гар утсыг булааж аваад танхим руу гүйгээд орсон. Тэгэхээр нь би гараад цагдаа, телевиз дуудсан. 30 минутын дараа цагдаа болон телевиз ирээд болсон зүйлийг хэлсэн. Цагдаа нартай хамт хорооны байр руу ороод П гэх хүн миний гар утсыг булааж авсан талаар хэлээд Пгээс гар утсаа аваад гадаа гараад байж байтал ТВ4-ийн сурвалжлагч ирсэн байсан. Тэр үед П дэмжигч нарыг цохиж зодоод байсан учраас хэв журмын цагдаа Пг авч явах гэсэн. Тэгээд би ТВ4-н сурвалжлагч нарт ярилцлага өгөөд болсон зүйлийг ярьж байхад П гүйж ирээд “намайг алуурчин, яргачин гэж гүтгэж намайг зодсон” гэж ярьсан. Би тэгэхээр нь хүн гүтгэж худлаа ярьсан талаар нь хэлсэн. ТВ4 явсны дараа П надтай хамт цагдаа руу явна гэхээр нь цагдаа дээр хамт очсон. Тэгээд би цагдаад А.П гэх хүн миний биед халдсан, гар утсыг минь булааж авсан гэсэн өргөдөл өгсөн. П үлдээд мэдүүлгээ өгсөн. Тэр асуудлаас хойш сонгууль болоод 20 хоногийн хугацаанд дараагийн хурлаа зарлах ёстой, тэгтэл Ардчилсан нам хугацааг нь тулгаж хурлаа зарласан. Ингээд 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр анхдугаар чуулган зарлагдаж МАН-ын 20, МАХН-ын 1, Ардчилсан намын 18, ХҮН намын 1 төлөөлөгч сонгогдсон. Ингээд хурал эхлээд Ардчилсан намынхан 1 хоногийн завсарлага авсан. Манай нам 21 төлөөлөгчөө хамгаалалтад аваад хонуулсан. Завсарлага авснаас хойш 3 цагийн дараа А гэх хүн Пг зодоод гэмтэл учруулсан байна гэсэн мэдээллүүд цацагдах болсон. Пгийн зургийг тавьчихсан, ТВ-ээр сэвж эхэлсэн. Намын даргадаа гүтгэлэг тарааж байгаа талаар хэлсэн. Гэтэл тэр орой Ардчилсан нам хэвлэлийн бага хурал зарлаад А гэмт хэрэг хийсэн, Магнайбаяр намаа сольсон гэдэг байдлаар мэдээлэл өгч байсан. Маргааш өглөө нь хурал зарлаад хууль бусаар хүн гүтгэсэн байна гэж манай намынхан очсон. Ингээд эд нарын гүтгэх ажил амжилтгүй болоод 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 14 цагт хурал эхлэхээр болсон. А хүн зодсон, Магнайбаяр намаа сольсон гэсэн гүтгэлэг яваад өдийг хүрчхээд байгаа юм. Намайг гүтгэж байгаад гомдолтой байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.П мэдүүлэхдээ: “Хурал болохоос 10-аад хоногийн өмнөөс Иргэдийн нийтийн хурал болно гээд зар тараасан байсан. 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хурал болоод хурлын зааланд орж байгаа хүмүүст маск бээлий өгөөд ажлаа хийгээд байж байсан. Хэн нэгнийг орох орохгүйг заахгүйгээр иргэд оролцож байсан. Гаднаас А 10-аад хүнтэй, эрчүүд нь архи уучихсан орж ирсэн. Тэгээд Ардчилсан намынхан гэж яриад байсан. Бид нар ажлаа хийгээд байж байсан. Би Ад тавьсан шаардлага нь “та маскаа зүү, халуунаа үзүүл” гэж хэлсэн. Тэгсэн “та нар луйвар хийлээ хулгайч, луйварчин” гэж хэлээд бухимдалтай орж ирсэн. Доошоо орох гэхээр нь “та маскаа зүүгээд орчих” гэсэн, буцаад засаг даргын өрөө рүү ороод тэнд засаг дарга руу дайраад бөөн асуудал болсон. Тэгэхээр нь би засаг даргыг өмөөрөөд бид хоёр маргалдах болсон. Намайг янхан гэж доромжилсон бөгөөд шат руу буух гээд алхтал миний араас өшиглөсөн. Би тэр үед эмэгтэй хүн болгон янхан бол ээж чинь хүртэл янхан гэж хэлсэнд өш санаж намайг өшиглөсөн байх. Над руу анхнаасаа бүдүүлэг байдалтай дайрч доромжлоод гүжирдээд байсан. Би ямар ч намын ажил хийгээгүй, улсын ажил хийж байсан, хорооны хэсгийн ахлагчаар 8 жил ажиллаж байна. Зодоон болж байхад цагдаа нар байгаагүй. Сүүлд салгаад байж байтал цагдаа нар ирсэн. Цагдаа намайг авч явна гэхээр нь А намайг зодсон гэж хэлээд хамт явсан. Тэгээд Агээс мэдүүлэг авчхаад дараа нь надаас мэдүүлэг авсан” гэв.

         Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2005031660536 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:

         Улсын яллагчаас шинжлэн судалсан яллах талын нотлох баримтууд:

         Хохирогч А.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 29-ний орой 20 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурал болох гээд хүмүүс цугларч байсан. Тэгтэл Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ү.А гаднаас арваад согтуу залуучууд дагуулж орж ирээд засаг дарга Эгийн өрөөнд ороод хэрүүл хийгээд байсан. А нь Иргэний танхим руу ороод гар утсаараа бичлэг хийгээд, хурал үймүүлээд, хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би “Та ямар сонин юм бэ, ингэж үймүүлж болохгүй шүү дээ, хуралдаа суугаад сонсооч” гэхэд “чам шиг муу сайн хулгайч тэгдэггүй юм, миний яахыг заахгүй” гээд хэрүүл хийгээд байсан. Тэгээд засаг дарга, бид нар Ад шаардлага тавьж арай гэж гаргасан. Тэгээд би шатан дээр хүмүүст маск тараагаад зогсож байхад А дахиж гүйж орж ирээд коридорт засаг даргатай хэрэлдээд, маргалдаад, түлхээд байсан. Тэгээд доор хүмүүс бужигнаад байна гэхээр нь би доошоо шатаар буух гэхэд А араас нуруу, ахар сүүл рүү өшиглөөд би шатны бариулаас зуураад тогтсон. Тухайн үед миний ахар сүүл, бөгсөн бие хөндүүрлээд, эвгүй оргиод халуу дүүгээд байсан. Тэгээд би эргэж хараад Атэй маргалдаад зогсож байхад удалгүй гаднаас цагдаа нар орж ирж салгасан. Цагдаа нар бид хоёрыг цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр ирж мэдүүлэг өгөөд, шүүх эмнэлгийн тогтоол аваад явсан. Цагдаагийн хэлтсээс гарахад бөгсөн бие улам хөндүүрлээд янгинаад алхаж чадахгүй байсан. Хэд хоног бие өвдөөд, халуураад алхаж чадахгүй байж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Гэмтлийн эмнэлэг дээр очиж Томографийн зураг авхуулж, өвчин намдаах эм бичүүлж авсан. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 05-аас 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Гэмтлийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтээд эмчилгээ хийлгэж байгаад гарч ирсэн. ...Тухайн үед А бид хоёр харилцан түлхэлцэж байгаад намайг шатаар уруудах гэж байхад ар бөгсөн хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Би өөдөөс нь харилцан зодоон хийгээгүй. Тухайн үед шатны дээр Б эгч, Н эгч, засаг дарга Э, шатны доор Э эгч, Г эгч нар хараад болиоч ээ гээд орилоод байсан. А намайг өшиглөж уг гэмтлийг учруулсан. ...Би анх удаагаа ахар сүүл хугарсан гэмтэл авч байна.

         ...Хэрэг болдог өдөр 20 цагийн үед Цагдаагийн хэлтэс дээр ирж мэдүүлэг өгөөд шөнө 01 цагийн үед гэртээ харьсан. 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 09 цаг өнгөрөөд шүүх эмнэлэг дээр очиж оочирлож байгаад үзүүлэх гэхэд тогтоол дээр нэр зөрсөн байна гээд буцаасан. Тэгээд буцаад Цагдаагийн хэлтэс дээр очоод тогтоолоо засуулж аваад шүүх эмнэлэг дээр очиход ажлын цаг тарсан гээд үзээгүй. Тухайн үед би явж чадахгүй, бөгсөн бие өвдөөд байхаар нь шууд Гэмтлийн эмнэлэг орж үзүүлээд өвчин намдаах эм бичүүлж авсан. Тэгээд гэртээ харьж амраад маргааш нь Шүүх эмнэлэгт очиж үзүүлэхэд “Томографийн зураг авхуулаарай” гэсэн ба тухайн үед мөнгө байгаагүй учир шууд харьсан. 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Шүүх эмнэлгийн 1 давхарт Томографын зураг авхуулаад буцаад гэртээ харьсан. Энэ хугацаанд би том охин Атай хамт явдаг байсан. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Томографийн хариу гарсан 11 цагийн үед шүүх эмнэлэг орж хариу аваад Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны Цогцолбор байр болох ажлын байран дээрээ очиж бие өвдөөд байгаа талаараа засаг дарга Эд хэлээд гэртээ харьсан. Тэгээд гэрээсээ гарахгүй халуураад байж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө бие өвдөөд байхаар нь засаг дарга Эг дуудаад машинтай нь Гэмтлийн эмнэлэг орж үзүүлээд шууд 2 давхарт хэвтсэн. Гэмтлийн эмнэлэгт 3 хоноод гарсан. Тэрнээс хойш 2 сар гаран гэртээ хэвтрийн дэглэм сахисан. Эмчилгээний зардал болох 1.200.000 төгрөгийг өөрөөсөө гаргасан. Эмчилгээнд гаргасан зардлаа нэхэмжилнэ...

         ...2020 оны 10 дугаар сарын 29-ний орой 19 цагийн орчим Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны байрны 1 давхраас доош подвалын В1 давхарт байрлах Иргэдийн хурлын танхим руу буудаг шатан дээр А гэх залууд ар нурууны доод хэсэг орчим 1 удаа өшиглүүлсэн. Өшиглүүлснээс хойш бие засаж чадахгүй, сууж, босож, хэвтэж болохгүй байхаар нь ГССҮТ-д очиж хэвтэн эмчлүүлсэн. ...Хэсгийн ахлагч Н, Б, Э, Г, засаг дарга Э, А, түүний дагуулж ирсэн Ариунжаа, Буджав болон өөр танихгүй хүмүүс байсан. Миний ард А байсан учраас өшиглөсөн гэж хэлээд байгаа юм, өөр өшиглөх хүн байхгүй. ...Хэрүүл маргаан болж байх үед хорооны цагдаа байсан. ...Би хорооны байран дотор маргалдаж эхлээд мөн хорооны гадна маргалдсан ба сурвалжилга хийхээр телевизийн хүмүүс ирчихсэн автобусны буудал дээр А ярилцлага өгөөд зогсож байсан. Хажуугаар нь явж байхад намайг элдэв үгээр хэлэхээр нь би зөрүүлээд “чи намайг зодсон” гэж хэлсэн. Тэр үед цагдаа намайг авч явах гээд байсан ба би ганцаараа Ад гомдолтой гээд цагдаагийн машинд суусан....” гэх мэдүүлэг /хэргийн 41-42, 43-44, 146-148 дугаар хуудас/,

         Гэрч П.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өрхийн эмнэлгийн хаалганы дотор хэсэгт иргэдэд маск тарааж байсан. Надтай хамт Н гээд хэсгийн ахлагч байсан. ...А Птэй маргалдаад иргэний танхим руу буух шатны уруудах хэсэг дээр П шатны уруу бууж байхад А Пгийн ар нуруу хэсэгт баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгсэн П шатны уруу унангаа алдаад шатны төмөр бариулаас бариад тогтсон.  Үүнийг харсан би Ад “хүүе чи хүн аллаа шүү дээ” гэж хэлсэн. Тэгсэн удалгүй иргэний танхимаас бөөн хүмүүс гараад ирсэн. А П хоёр шатны хэсэгт хоёулханаа байсан. Би шатны дээд хэсгээс харж байсан, иргэний танхимын урд хэсэгт хэсгийн ахлагч Г мөн харж байсан. ...Аг цохиж, зодуулж байгааг би хараагүй...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 47-49 дүгээр хуудас/,

         Гэрч С.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хорооны 1 давхрын хэсэгт хүмүүс хоорондоо хэрэлдэх чимээ гарч байсан. Тэгээд би шатаар дээш өгсөөд хартал А Пгийн биед нь буюу ар нуруу хэсэгт нь хөлөөрөө өшиглөж байгааг харсан. Тэгээд би эмэгтэй хүн өшиглөөд яасан бүдүүлэг юм бэ гэж хэлсэн. П өшиглүүлснийхээ дараа шатны бариулаас зуураад тогтож үлдсэн. Тэгээд би хурлын заал руу орсон. А, П нар шатан дээр маргалдаад үлдсэн. Цаашаа юу болсон талаар мэдэхгүй. ...А ганцаараа хорооны байр луу орж ирээд засаг дарга Эгийн өрөөнд маргалдсан. Дараа нь өрхийн эмнэлгийн шатаар доош Птэй маргалдаж бууж байсан. Атэй хамт явсан залуучуудаас хажууд нь байгаагүй. А өөрөө гар утсаараа иргэний танхим руу оруулахгүй байгаа талаар бичлэг хийгээд байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 52-53 дугаар хуудас/,

         Гэрч Д.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний өрөөнд Баянгол дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч А гар утсаараа бичлэг хийгээд “намайг хууль бус хурал хийлээ” гээд байхаар нь би хурал товлож хийдэг хүн биш гэж хэлэхэд гараад явсан. ...Тэгээд доошоо буух гэж байхад шатан дээр манай хэсгийн ахлагч П, Н, Б нар иргэдэд маск тараагаад зогсож байхад А доошоо бууна гээд дайрахад П оруулахгүй гээд буруу хараад гараа алдлаад хашиж зогсож байхад араас нь нуруу хэсэг рүү нь нэг удаа өшиглөөд П шатнаас зуурч авсан. Тэгэхээр нь “чи ямар зэрлэг юм бэ, эмэгтэй хүн өшиглөөд байх даа яадаг юм” гэхэд “энэ чинь миний утсыг булааж авах гээд байна” гээд надтай маргалдаад иргэний танхим руу буусан. ...А ганцаараа дотогшоо орж ирсэн. Тэгээд Пг өшиглөсний дараа надтай маргалдаж байхад хамт ирсэн хүмүүс нь ирсэн. Тухайн үед хэсгийн ахлагч Н, Б нар хажууд зогсож байсан. Мөн хороон цагдаа Д гадна хаалган дээр ирсэн хүмүүсийг зохицуулаад зогсож байсан. Тухайн үед нуруу эвгүй болчихлоо, хөл хүндрээд байна гэж хэлж байсан. Өөр юм ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 55-56 дугаар хуудас/,

         Гэрч С.Нн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А засаг дарга Этай маргалдаад даргын өрөөнөөс гарч ирээд өрхийн эмнэлгийн хаалгаар орж ирсэн. Тухайн үед Б бид хоёр маск тараагаад зогсож байсан. Доошоо буудаг шатан дээр П орж ирж байгаа хүмүүсийг оруулаад маск тараагаад зогсож байсан. Тэгэхэд А Птэй маргалдах шиг болоод П доошоо буух гээд шат руу хөлөө тавихад А араас нь нуруу хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн. Тэгэхэд П шатны бариулаас зуураад үлдсэн. Тэгээд би “хүүе хүүхэд аллаа” гэж хэлсэн. Тэгээд тэд нар хэрүүл хийгээд доошоо буугаад явсан. Тухайн үед Б бид хоёр шатны дээд талд байсан. Пг А өшиглөх үед хажууд нь засаг дарга Э  байсан. ...Маргааш нь Птэй уулзахад нуруу руу, ахар сүүл эвгүй өвдөөд сууж босоход хэцүү байна гэж хэлж байсан....” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 58-59 дүгээр хуудас/,

         Гэрч Л.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А гаднаас орж ирээд хууль бус хурал хийгээд байна гээд гар утсаараа бичлэг хийгээд  шуугиан тариад байсан. Манай хэсгийн ахлагч П Атэй маргалдаад дээшээ шатаар гарсан. Тухайн үед би иргэний танхимд зогсож байсан ба А, П нар шатан дээр маргалдаад байсан. Тэгээд Пг эргэж харахад А араас нь өшиглөж харагдсан. ...П маргааш нь ажил дээр ирэхдээ хөлөө чирээд хазганаад  байсан. Тэгээд ахар сүүл өвдөөд байна гэхээр нь эмнэлэгт үзүүлээч ээ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 61-62 дугаар хуудас/,

         Насанд хүрээгүй гэрч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай ээж 2020 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө цагдаа дээр мэдүүлэг өгөөд ирлээ гээд шөнө 01 цаг өнгөрөөд гэртээ ирсэн.  Тэгэхдээ ахар сүүл рүү хатгуулж өвдөөд байна гээд өрөө рүүгээ алхаад явсан. Маргааш нь хичээлдээ яваад 17 цаг өнгөрөөд ирэхэд ээж орноосоо босохгүй орон дээрээ хэвтэж байсан. Тэгээд тэр өдрөө орноосоо босоогүй. 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 11 цагийн үед ээж алхаж чадахгүй өвдөөд байна гээд оцон шувуу шиг удаан алхаад байхаар нь Гэмтлийн эмнэлэг рүү очиж үзүүлээд, тэндээсээ шүүх эмнэлэг рүү явсан. ...Тэр шөнөдөө халуураад унтаж чадахгүй ёолоод байсан. Маргааш өглөө нь Гэмтлийн эмнэлэг рүү яваад өгсөн. Тэгээд ээж Гэмтлийн эмнэлэгт 2 шөнө, 3 өдөр хэвтээд гарч ирсэн. Тэрнээс хойш хэвтрийн дэглэм сахиж 2,3 сар гэрээсээ гараагүй. Тухайн үед манай 3 дүү, мөн эгчийн 2 хүүхэд байсан. Эмнэлэг явахад ээж надтай нэг өдөр явсан....” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 74-75 дугаар хуудас/,

         Гэрч Ж.Бн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өвчтөн нь маш эмзэглэлтэй байсан учир ахар сүүлний орчны зөөлөн эд няцарч, ахар сүүлний мэдрэлийн багцууд цочирч өвдөлт их үүссэн тул өвдөлт намдаах, тайвшруулах зорилгоор тус тасагт хэвтэн эмчлүүлсэн. Өвчтөний өвдөлт намдаж биеийн байдал тогтворжсон учир амбулаториор эмчилгээ хийлгэх зорилгоор эмнэлгээс гаргасан юм. ...Ахар сүүл хугарсан тохиолдолд тухайн хүн нь өвдөлт цочроод маш хүчтэй өвдөлт өгдөг учраас бараг өвдөлтөөсөө болоод шоконд орно. Энэ хүний хувьд ч гэсэн өвдөлт маш хүчтэй байсан учраас хэвтэн эмчлүүлсэн. ...Хугарснаас хойш хэсэг хугацаанд ямар нэгэн хөдөлгөөн /алхах, босох, инээх, ханиах, хажуу тийш суугаа байдлаар хөдлөх зэрэг/ хийх юм бол мэдрэл цочирсны улмаас маш их өвдөнө. Тиймээс гэмтлийг авсан даруйд хөдөлгөөн тодорхой хугацаанд хүнээсээ хамаарч хязгаарлагдана...” гэх мэдүүлэг /хэргийн 150-151 дүгээр хуудас/,

         Хохирогч А.Пгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хэргийн 2 дугаар хавтас 70-76 дугаар хуудас/,

         2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Дүрс оношилгооны “..2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн аарцгийн КТГ-р: ...Ахар сүүлний 3-р нугалам хугарсан, хэлбэр алдагдсан. Дүгнэлт бичсэн эмч О.Оюунбаясгалан” гэх хариу /хэргийн 1 дүгээр хавтас 97 дугаар хуудас/,

         2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Сорт чоно” ХХК “Натур эмнэлэг”-ийн Компьютер томографийн оношилгооны “...Ахар сүүлний Со3-р нугаламд зөрүүтэй хугаралтай” гэх дүгнэлт, Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн баримт, дүрс оношилгооны хариу /хэргийн 1 дүгээр хавтас 95-98 дугаар хуудас/,

         2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Дүрс оношилгооны “...Аарцаг, бүсэлхийний томограммуудад ахар сүүлний 3-р нугаламд хөндлөн, зөрүүгүй сэлтэрсэн хугаралтай, хугарлын хэсгээр бага зэрэг урагш хотойж зүүн тийш хазайсан... Хариу бичсэн эмч С.Чулуун” гэх хариу /хэргийн 1 дүгээр хавтас 108 дугаар хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №12587 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний:

  1. А.Пгийн биед ахар сүүлний 3-р нугалмын зөрүүтэй хугарал, ууц, зоо хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
  4. А.Пгийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  5. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 87-88 дугаар хуудас/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн №526 дугаартай Хэргийн материал хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний:

“1. А.Пгийн биед учирсан ахар сүүлний 3-р нугалмын хугарал, ууцны цус хуралт гэмтэл учирсан байх бөгөөд уг гэмтлийг аваад өвдөх, хөндүүрлэх зэрэг шинжүүд илэрнэ.

2. А.Пгийн биед учирсан ахар сүүлний 3-р нугалмын хугарал, ууцны цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба ахар сүүлний орчимд өшиглөх болон явганаас унах аль алины үед үүсэх боломжтой.

3. А.Пгийн биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. А.Пгийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. А.П нь дээрх гэмтлийг авснаас хойш тодорхой нэг үйлдэл хөдөлгөөн /явах, суух, босох, тонгойх гэх мэт/ хийх боломжтой.” гэх дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 184-189 дүгээр хуудас/ зэрэг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинжлэн судалсан цагаатгах талын нотлох баримтууд:

            Гэрч Э.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хорооны гадаа зогсож байсан П Баянгол дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч Атэй гадаа муудалцаад түлхээд, гар утсыг нь булааж авсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд бид нар явсан. Тухайн үед засаг дарга Э, төлөөлөгч А нар хуралд сууна, суулгахгүй гээд маргаан болсон. Тэгэхэд хажуугаас нь П маргалдаад хүн болгон руу дайраад орилж чарлаад байсан. ...Пгийн биед ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Өөрөө хүн болгон руу орилж чарлаад байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 67-68 дугаар хуудас/,

         Гэрч У.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...намайг очиход Баянгол дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч А гадаа үүдэн дээр орох гээд зогсож байсан ба хэсгийн ахлагч П хаалга онгойлгоход бид нар хамт орсон. А ороод гар утсаараа бичлэг хийгээд “та нар хууль бус хурал хийгээд байна” гэж засаг дарга Эд хэлээд тэр хоёр маргалдаж байхад хажуугаас нь хэсгийн ахлагч П гар утсыг нь булааж аваад Аг гадагшаа гаргаад хаалгаа түгжсэн. ...Тэгээд бид нар гадаа зогсож байхад П гарч ирээд орилж чарлаад, хэрүүл хийгээд хүн болгон руу үсчээд байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд А, П нарыг хамт аваад явсан. Намайг ороход ямар нэгэн зодоон огт болоогүй. П Аг чирч гадаа гаргасан. ...Пгийн биед ямар нэгэн гэмтэл шарх огт харагдаагүй. Харин тэнд гарч ирээд хэрүүл хийгээд орилоод гүйгээд байсан ...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 69-70 дугаар хуудас/,

         Гэрч Б.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны хажуугаар явж байхад хорооны гадаа хүмүүс цугларсан байсан ба орох гэхэд засаг дарга Э оруулахгүй гээд хөөгөөд байсан. Тухайн үед эсэргүүцэж зодоон хийсэн зүйл байхгүй. ...Пгийн биед ямар нэгэн зовуурьтай зүйл анзаарагдаагүй” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хуудас 71-72 дугаар хуудас/,

         Гэрч Ц.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...П гэх эмэгтэй А руу дайраад гар утсыг нь булааж аваад, мөн ойр орчимд байсан хүмүүс рүү дайрч орилоод бид нар хорооны байрнаас гарсан. А Пг зодсон гэх зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 170-171 дүгээр хуудас/,

         Гэрч Т.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний харж байснаар А хэн нэгэнд гар хүрсэн асуудал болоогүй. Бичлэгт тодорхой байгаа. Харин П нь Аг түлхээд зайл гээд хөөгөөд байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 174 дүгээр хуудас/,

         Гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А нь Пд ямар нэгэн байдлаар гар хүрээгүй. Яагаад гэвэл би өөрөө хажууд нь байсан. П нь хүн болгон руу дайрч, гараараа түлхэж орилж, чарлаад байсан. П нь зан харилцааны хувьд хүн цохиулж, зодуулахаар хүн биш...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 177 дугаар хуудас/,

         Гэрч С.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А нь Пг зодсон гэх зүйл огт болоогүй. Пг хэрэв цохиж, зодсон бол эмнэлэг дуудах байсан. Тэгэхэд дуудаагүй, бид нартай маргалдчихаад дараа нь өөр хүмүүстэй хэрэлдэж маргалдаад яваад байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 180 дугаар хуудас/,

         Гэрч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...намайг очиход А хорооны гадаа үүдэн дээр ирсэн байсан. Тэгэхэд нэг махлаг эмэгтэй гадаа үүдэн дээр орилж, чарлаад нэг харсан чинь Атэй заамдалцаад зогсож байсан. Тэгээд гаднаас цагдаа нар, телевизийн хүмүүс ирсэн. Хороон дотроос хүмүүс гарч ирээд хурал тарсан гэж хэлсэн. 2 хоногийн дараа өрхийн эмнэлэг дээр эм бичүүлэх гэж байхад нөгөө махлаг эмэгтэй хорооны гадаа зүгээр явж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 65-66 дугаар хуудас/,

         Гэрч Н.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хорооны байран дээр очоод доош иргэний танхим руу ороход маш олон хүмүүс тус танхимд цуглачихсан, харин А бичлэг хийгээд “хууль бус хуралдаан явуулаад байна” гэж байсан ба тэр үед Аг тэнд байсан хүмүүс бүгдээрээ гар, зайл гэж хэлээд хөөж гаргасан. Тэгээд хөөгдөж гараад дахиж буцаж ороод бичлэг хийтэл П Агийн урдаас нь орилж чарлаж цохиод, гар утсыг нь булааж аваад хөөгөөд дээш 1 давхар луу гаргасан ба тэр үед шатан дээр маргаан болсон. Тухайн үед цагдаа нар 2 тийш нь салгаад А болон бид нарыг хорооны байрнаас гаргасан. ...А Пг цохиж, зодсон зүйл болоогүй. Учир нь би яг ард нь дагаад орж таарсан ба цуг хөөгдөж яваад тэд нарыг цагдаагийн машинд суух хүртэл нь тэр орчимд нь байсан. ...П маргаан болсон өдөр хэрүүл хийгээд явж байсан, мөн маргааш нь зүв зүгээр гудамжаар явж байсан. Гэнэт 7 хоногийн дараа ГССҮТ-д хэвтээд зурагтаар гарсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 166-168 дугаар хуудас/,

         Шинжээч эмч Б.Ариунзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гэмтэл авсан даруйд тухайн хүний биед өвдөлт үүсэж, ихэнх тохиолдолд хөдөлгөөн хязгаарлагдана. Хурдан алхах, гишгэх, сууж босоход хүндрэлтэй, инээх, ханиах, дүлэх, орилж хашхирах үед өвдөлт өгч дээр дурдсан хөдөлгөөн хязгаарлагдана. ...Тус бичлэгт А.П нь ахар сүүл хугарсны улмаас үүсэх зовуурь шаналгаагүй болон хөдөлгөөн хязгаарлагдсан зүйл харагдахгүй байна...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 111, 112 дугаар хуудас/,

         Шинжээч эмч Ч.Эрдэмболорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өвдөх, хөндүүрлэх, сууж босох, хурдан алхах, гүйх зэрэг үйлдэл хийх боломжгүй. Ахар сүүл хугарсан хүн удаан баацаганаж явах бөгөөд идэвхтэй хурдан хөдөлгөөн хийх боломжгүй. Чанга орилж хашхирах зэрэгт өвдөлт нэмэгдэх учраас уг үйлдлүүд хязгаарлагдана. Хэзээ, хэрхэн, яаж хугарал үүссэн хугацааг тогтоох боломжгүй. 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хариунд уг хугарал нь шинэ хугарал байсан ба бороололт үүсээгүй ясны хугарлуудыг шинэ гэж үздэг. Ясны хугарал 18 хоногоос дээш хугацаанд бороолж эдгэнэ. Тухайн хүний өвдөлт тэсвэрлэх чадвараас шалтгаалах ба үйлдэл хөдөлгөөн хийх тусам өвдөлт улам нэмэгддэг. Хугарал үүссэн даруйд өвдөлт хүчтэй мэдрэгдэнэ. Тус бичлэгт А.П нь өвдөж зовуурилсан шинжгүй үйлдэл хөдөлгөөн хийж байна. Ахар сүүл хугарсан хүн ийм үйлдэл хийх боломж огт байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 114-115 дугаар хуудас/,

            Шинжээч эмч Г.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тус гэмтлийг авсан даруйд хүчтэй өвдөлт өгнө. Мөн өвдөлтийн үед хөдөлгөөн хязгаарлагдаж удаан алхах, сууж босоход бэрхшээлтэй. Тэр үед өвдөлт улам нэмэгдэх зэрэг шинж илэрнэ. Өвдөлтөөс хамаарч хурдан алхах, гүйх, сууж босох, дүлэх зэрэг үед хөдөлгөөн хийхэд хүндрэлтэй байна. Тус бичлэгийг үзэхэд А.П нь ямар нэгэн зовуурь, өвдөлтийн шинжгүй, хөдөлгөөн хязгаарлагдаагүй байна. энэ үйлдлийг хийж, гүйж идэвхтэй хөдлөх боломжгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 118-119 дүгээр хуудас/,

            Гэрч Ж.Бн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А.П нь ахар сүүлний хугаралтай, өвдөлт ихтэй ирсэн тул эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлж 1 хоногийн эмчилгээ хийсэн. Өвчтөн нь маш эмзэглэлтэй байсан. Учир нь ахар сүүлний орчны зөөлөн эд няцарч, ахар сүүлний мэдрэлийн багцууд цочирч өвдөлт их үүссэн тул өвдөлт намдаах, тайвшруулах зорилгоор тус тасагт хэвтэн эмчлүүлсэн. Ахар сүүлний гэмтлийг халтирч унасны улмаас биедээ авсан гэх өгүүлэмжтэй байсан. Өөр байдлаар гэмтсэн бол өвчний түүх дээр энэ талаар нарийн тусгаж тэмдэглэсэн байх ёстой. Өвчтөний асуумж нь өөрөө оношийг тодруулахад маш чухал байдаг. Ахар сүүл хугарсан тохиолдолд тухайн хүн нь өвдөлт цочроод маш хүчтэй өвдөлт өгдөг учраас бараг өвдөлтөөсөө болоод шоконд орно. Энэ хүний хувьд ч гэсэн өвдөлт маш хүчтэй байсан учраас хэвтэн эмчлүүлсэн. Ахар сүүл хугарсан даруйд маш хүчтэй өвдөлт өгдөг, ямар ч хүн байсан шууд идэвхтэй хөдөлгөөн хийгээд бусадтай хэрэлдэж маргалдаад яваад байх боломжгүй. Хугарснаас хойш хэсэг хугацаанд ямар нэгэн хөдөлгөөн /алхах, босох, инээх, ханиах, хажуу тийш суугаа байдлаар хөдлөх зэрэг/ хийх юм бол мэдрэл цочирсны улмаас маш их өвдөнө. Тиймээс гэмтлийг авсан даруйд хөдөлгөөн тодорхой хугацаанд хүнээсээ хамаарч хязгаарлагдана...” гэх мэдүүлэг /хэргийн 150-151 дүгээр хуудас/,

            Гэрч Л.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ерөнхийдөө тухайн хүн бусдад зодуулсан болон гэмт хэргийн улмаас тус гэмтлийг авсан бол ГССҮТ-ийн цагдаад бүртгүүл гэж хэлдэг...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 154 дүгээр хуудас/,

            Гэрч Ц.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А миний хажуугаар дайрч гараад тэр хүмүүстэйгээ цуг доош иргэдийн танхим руу яваад орчихсон. Тэгэхээр нь би ардаас нь яваад ороход хүмүүс хэрэлдээд, бужигналдаж эхэлсэн ба А, Э нар “хууль бус хурал явуулаад байна” гэх мэт зүйлс яриад хэрэлдээд байхаар нь тэр хоёрын голоор нь ороол “та хоёр боль” гэж хэлээд хоёр тийш нь салгаад би Аг дагуулаад хорооны гадна гаргасан. Хорооны байрыг тойроод 100 орчим хүмүүс бөөгнөрөлдөөд зогсчихсон байсан ба А над руу эргэж хараад “цагдаа нар хууль бус хурлыг дэмжээд байна” гэх утгатай зүйл яриад тэр хүмүүсийг өдөөж байгаад дахин намайг түлхээд хорооны байр луу яваад орсон. Тэгэхээр нь би тухайн үед эргүүл, хяналт шалгалт хариуцаж байсан Д.Ариунболд руу гар утсаар мэдэгдээд дахин Агийн араас очиход засаг дарга Э, хэсгийн ахлагч нар нь нэг тал болоод харин А гаднаас дагуулж ирсэн хүмүүстэйгээ цуг нэг тал болоод 2 талаасаа хорооны засаг даргын өрөөний үүдэнд хэрэлдээд, тэр үед Э хэл амаараа дийлэхгүй байсан учраас уурандаа 1 удаа Аг алгадсан. Тэгэхээр нь би намын хооронд маргаанд орохгүй гэсэн бодолтой зогсож байгаад Аг Э алгадахаар нь зодоон болох нь гэж бодоод дахин дундуур нь ороод 2 тийш нь салгаад байж байхад машинт эргүүлийн 2 цагдаа орж ирээд гурвуулаа нийлээд А болон түүний дагуулж хорооны байр луу орсон хүмүүсийг бүгдийг нь хорооны байрнаас гаргаад хаалга хаах гэхэд А буцаж хорооны байр луу ороод доош иргэдийн танхим руу 10 орчим хүний хамт буусан. Машинт эргүүлийн цагдаа нар Аг зогсоохоор, харин би хаалгаа хаах гэж үлдээд хаалгаа дотроос нь түгжээд хойноос нь очих үед шат руу уруудах хэсэг дээр манай цагдаа тэд нарыг хараад түүний цаана А болон түүний хүмүүс, цаана нь хэсгийн ахлагч П хэсгийн ахлагч нарын хамт зогсож байсан ба А П нар хоорондоо хэрэлдчихсэн, тухайн шатны төгсгөлд эргүүлийн офицер Этай ярилцаад зогсож байсан. ...Тэр хоёр хоорондоо нэлээдгүй хэрэлдэж, орилолдоод байсан. Тэрнээс нэг нэгэндээ гар хүрсэн зүйл байхгүй. Учир нь гар хүрсэн бол тэнд байсан хүмүүс зодолдож эхлэх байсан. ...Би хаалга хаах үед Агээс 1-2 минут салсан, тэр хооронд манай нөгөө 2 цагдаа харж байсан. Пг А өшиглөсөн бол П зүгээр байх хүн огт биш, харин улам дайрч асах хүн. ...П, А нар нь 1 давхраас подвалын В1 давхар луу явах хэсэг дээр хоорондоо маргалдаж байгаад дундаас нь 2 тийш салцгаасан. Тухайн үед би 1 давхрын дээш гардаг төмөр хаалганы хажууд яг хажуу талаас нь хараал зогсож байсан. Тэр үед П хэсгийн ахлагч нарын хамт, А үл таних эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хамт 2 талаасаа маш их бужигналдсан хэрүүл болоод байсан. Тэр үед хорооны засаг даргатай манай цагдаа уулзалдаж байсан. Жолооч цагдаа бас ирчихсэн тэд нарын маргааны хажуу талаас нь хараад надтай цуг шатны дээд хэсэгт байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 80-82, 2 дугаар хавтас 116-117 дугаар хуудас/,

         Гэрч Э.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед Бэгэр-11 буюу а/х Д.Ариунболдоос “Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны байран дээр 2 намын хүмүүс хоорондоо маргалдаад, хорооны цагдаа дийлэхгүй байна, яаралтай яваад оч” гэсний дагуу явж очсон. ...Хорооны засаг дарга болон хэсгийн ахлагч нар доошоо буусан. Тэр үед А хажуугаар хэдэн хүмүүсийн хамт гүйсэн. Би ардаас нь а/х Б.Лгийн хамт очиход Агийн дагуулж ирсэн хүмүүс нэг тал болоод, хэсгийн ахлагч нэг тал болоод шатан дээр хоорондоо маргалдаж байсан ба тэр үед а/х Б.Л юу болоод байгааг тодруулахаар шатны доор очиж хорооны засаг даргатай уулзсан, харин би А болон хэсгийн ахлагч нарыг хоорондоо зодолдчихож магадгүй гэж бодоод ерөнхийдөө хянаад шатны дээр зогсож байсан. Тэд нар хоорондоо хэрэлдэж байгаад А нь “хойд хаалгаараа хүмүүс гаргаад байна” гэж хэлээд буцаад хорооны хаалгаар гараад иргэний танхимаас шууд гадагш гардаг хаалга руу явах гээд байхаар нь Аг хориод гаднаас хаалга тогшиход Д хаалга онгойлгоод манай хэв журмын тасгийн ахлах байцаагч нар цагдаа нар дагуулж орж ирээд тэнд байсан бүх хүмүүсийг хорооны байрнаас гаргасан. А нь хэсгийн ахлагч гээд махлаг 35-40 орчим насны эмэгтэй хүнтэй хэрүүл хийгээд яваад байсан. Миний харахад нэгнийгээ цохиж зодсон зүйл болоогүй. Хэрвээ хэн нэгнийгээ цохиж, зодсон үйлдэл гарсан бол тэнд зодоон болох байсан. Хорооны байранд а/х Б.Л бид хоёрыг очсоноос хойш зодооны шинжтэй зүйл огт гараагүй. Би тэрийг хэлж чадна, учир нь дээрээс нь хараад зогсож байсан. Тухайн эрэгтэй, эмэгтэй 2 хүнийг а/х Б.Л бид хоёр албаны автомашинд суулгаж цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн бөгөөд тэр 2 хүнийг дагаад явж байсан. Тэр эмэгтэйд ямар нэгэн эмзэглэлтэй, явж чадахгүй зүйл ажиглагдаагүй. Учир нь тэр эмэгтэй маш их хэрүүл ам хийгээд, дэвэргээд яваад байсан ба түрүүлж машинд суулгах гэтэл “тэр хүнийгээ баривчил” гэх мэтээр а/х Б.Л бид хоёроос тойрч яваад сүүлд нь дахин авчирч машинд суулгасан. Ерөнхийдөө цагдаа ирчихээд байхад зодолдсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 157-158 дугаар хуудас/,

         Гэрч Б.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...а/ч Э.Д бид хоёр орж ирсэн даруйдаа хэл ам хийж байсан хүмүүсийг 2 тийш нь болгоод салгасан ба миний хувьд болж байгаа нөхцөл байдлыг тодруулахаар хорооны засаг даргатай уулзалдахаар очсон. Энэ үед нүдний шилтэй эрэгтэй болон махлаг эмэгтэй нар хоорондоо хэрэлдээд шатан дээр зогсож байсан. Тэр үед Э.Д, Д нар энэ нөхцөл байдлыг харж байсан ба гаднаас хаалга тогших үед Д хаалга онгойлгоод манай хэв журмын тасгийн ахлах байцаагч нар цагдаа нар дагуулж орж ирээд тэнд байсан бүх хүмүүсийг хорооны байрнаас гаргасан. Тэгээд хорооны байрнаас гарахад нүдний шилтэй эрэгтэй болон махлаг эмэгтэй 2 хоорондоо хэрэлдэж маргалдаад, нэгэндээ гомдолтой байна гээд байсан учраас а/ч Э.Д бид хоёр цагдаагийн машиндаа суулгаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Зодоон нүдээн болсон асуудал огт байхгүй. Учир нь зодоон нүдээн болж магадгүй гээд цагдаадаа сайн харж байгаарай гэж хэлсэн, мөн миний хувьд ч гэсэн доороос нь хараад зогсож байсан. ...Хэрвээ А нь тэр эмэгтэйг өшиглөсөн бол тухайн үед бөөн юм болох байсан. Мөн тухайн махлаг эмэгтэйн хэрүүл хийж байгааг харахад тэгж өшиглүүлээд гэмтсэн бол яавч зүгээр байхгүй, хэл амтай хүн байсан. Тухайн үед би тэр эмэгтэйг автомашинд суулгах гээд дагуулж явсан ба тэр хүн нь суухгүй, тэр хүнийг бас авч яв гээд хажуугаар гүйгээд хэл ам хийгээд яваад байсан. Тэр хүнд маш их эмзэглэлтэй болон явж чадахгүй зүйл огт анзаарагдаагүй. Шатан дээр хамгийн дээр нь Э.Д, тэгээд хэдэн залуучууд хэрүүл хийгээд байсан нүдний шилтэй залуугийн талд ороод наад талд нь махлаг эмэгтэй мөн хэд хэдэн эмэгтэй хүмүүс, түүний цаана би засаг дарга Этай уулзаад зогсож байсан. Цагдаа нар ирсний дараа зодолдсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 160-161 дүгээр хуудас/,

         Бичлэгт үзлэг хийсэн “...А.П нь Аг баруун, зүүн гараараа түлхэж, эсвэл цохиж байгаа нь мэдэгдэхгүй үйлдэл гаргаж байгаа мэт харагдах ба А энийг бичээрэй гээд шатаар дээш гарахад П шатаар дээш өгсөж гарч ирээд Агийн гар утсан дээрээс бариад бичлэг юм харагдахгүй болов. ...Хохирогч А.П цагдаагийн автомашинд суухгүй, би ч гэсэн гомдолтой гээд адилхан тэрийг ч гэсэн барь гээд цагдаа нарыг шаардлага тавьж байхад үл тоож урдуур нь гараад тэрийг ч гэсэн барь гээд ямар нэгэн нүдэнд харагдах эмзэглэлгүй алхаж байв. ...Наад алуурчин, аймар зодоонч яргачингаасаа яриа авч яадаг юм бэ, бүр аймар гэж хохирогч А.П камерт оролгүйгээр хэлэх ба энэ үед камер эргэх ба А.П аймшигтай наадах чинь дөнгөж сая нүүр ам хавдтал ингээд цохиод, гар хуруу булгалаад, ингээд өвдөг өшиглөөд байгаа наадах чинь гэж хэлсэн...” гэх тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 11-14 дүгээр хуудас/,

         Камерын бичлэгт үзлэг хийсэн “...2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн тус хорооны байрны 1 давхрын хяналтын камерын бичлэг 19:13:37 секундээс шууд 21:13:05  секундэд шилжиж бичлэг хэвийн болж байна...” гэх тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 26-27 дугаар хуудас/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн №162 дугаартай Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний:

         “...6. А.Пгийн биед учирсан ахар сүүлний 3-р нугалмын хугарал гэмтэл нь ахар сүүлний орчимд өшиглөх болон явганаас унах аль алины үед үүсэх боломжтой.

         7.Хохирогч А.П нь дээрх гэмтлийг авснаас хойш хязгаарлагдмал үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой.” гэх дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 105-107 дугаар хуудас/,

         Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “...Өвчний түүх явганаас унасан. ...асуумж: халтирч унаснаас гэмтсэн гэх... Эмч Ж.Б...” гэх өвчний түүх /хэргийн 1 дүгээр хуудас 205, 208 дугаар хуудас/,

Хохирогч А.П, шүүгдэгч Ү.А, гэрч Ц.Д нарын мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 2 дугаар хавтас 70-76, 79-85, 86-91 дүгээр хуудас/,

Гэрч Л.Э, У.Ээ нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан “:..Гэрч Л.Э “Агийн хөлийн үзүүр гозолзохыг харсан, тэрнээс биш яг өшиглөж байсныг бол би хараагүй. П өвдчихлөө гэхээр нь Аг гэж ойлгоод мэдүүлсэн. Яг тэрнээс биш Аг өшиглөж байхыг хараагүй...” гэх тэмдэглэл /хэргийн 2 дугаар хавтас 93-95 дугаар хуудас/,

Гэрч П.Б, Б.Л нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан “...Гэрч П.Б “Пг эргээд алхах үед нь өшиглөчихсөн бөгөөд П хөл алдаад завсрын хана тулаад хана түшээд унахаас сэргийлж зогссон...” гэх тэмдэглэл /хэргийн 2 дугаар хавтас 101-103 дугаар хуудас/,

Гэрч С.Г, С.Н нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан “...Гэрч С.Гийн “Тухайн үед Агийн хөлийн үзүүр доош бууж байсныг харсан...” гэх тэмдэглэл /хэргийн 2 дугаар хавтас 109-11 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

         Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 219 дүгээр хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт  /хэргийн 1 дүгээр хавтас 220 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 1 дүгээр хавтас  221 дүгээр хуудас/, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хэргийн 1 дүгээр хавтас 222-228 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 229 дүгээр хуудас/, цагдаагийн асап сангийн мэдээлэл /хэргийн 1 дүгээр хавтас 231-234 дүгээр хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:    

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ү.Аг санаатай үйлдлийн улмаас иргэн А.Пгийн ахар сүүлэн тус газар хөлөөрөө өшиглөж, түүний биед ахар сүүлний 3-р нугалмын хугарал, ууцны цус хуралт гэмтэл учруулсан буюу ”Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаас дүгнэвэл улсын яллагчийн яллаж буй нотлох баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд болох:

           Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “...Өвчний түүх явганаас унасан. ...асуумж: халтирч унаснаас гэмтсэн гэх... Эмч Ж.Б...” гэх өвчний түүх /хэргийн 1 дүгээр хуудас 205, 208 дугаар хуудас/,

         Шинжээч эмч Б.Ариунзулын “...Гэмтэл авсан даруйд тухайн хүний биед өвдөлт үүсэж, ихэнх тохиолдолд хөдөлгөөн хязгаарлагдана. Хурдан алхах, гишгэх, сууж босоход хүндрэлтэй, инээх, ханиах, дүлэх, орилж хашхирах үед өвдөлт өгч дээр дурдсан хөдөлгөөн хязгаарлагдана. ...Тус бичлэгт А.П нь ахар сүүл хугарсны улмаас үүсэх зовуурь шаналгаагүй болон хөдөлгөөн хязгаарлагдсан зүйл харагдахгүй байна...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 111, 112 дугаар хуудас/,

         Шинжээч эмч Ч.Эрдэмболорын “...Өвдөх, хөндүүрлэх, сууж босох, хурдан алхах, гүйх зэрэг үйлдэл хийх боломжгүй. Ахар сүүл хугарсан хүн удаан баацаганаж явах бөгөөд идэвхтэй хурдан хөдөлгөөн хийх боломжгүй. Чанга орилж хашхирах зэрэгт өвдөлт нэмэгдэх учраас уг үйлдлүүд хязгаарлагдана. ...Хугарал үүссэн даруйд өвдөлт хүчтэй мэдрэгдэнэ. Тус бичлэгт А.П нь өвдөж зовуурилсан шинжгүй үйлдэл хөдөлгөөн хийж байна. Ахар сүүл хугарсан хүн ийм үйлдэл хийх боломж огт байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 114-115 дугаар хуудас/,

         Шинжээч эмч Г.Энхбаатарын “...Тус гэмтлийг авсан даруйд хүчтэй өвдөлт өгнө. Мөн өвдөлтийн үед хөдөлгөөн хязгаарлагдаж удаан алхах, сууж босоход бэрхшээлтэй. Тэр үед өвдөлт улам нэмэгдэх зэрэг шинж илэрнэ. Өвдөлтөөс хамаарч хурдан алхах, гүйх, сууж босох, дүлэх зэрэг үед хөдөлгөөн хийхэд хүндрэлтэй байна. Тус бичлэгийг үзэхэд А.П нь ямар нэгэн зовуурь, өвдөлтийн шинжгүй, хөдөлгөөн хязгаарлагдаагүй байна. Энэ үйлдлийг хийж, гүйж идэвхтэй хөдлөх боломжгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 118-119 дүгээр хуудас/,

         Гэрч Ж.Бн “...Ахар сүүлний гэмтлийг халтирч унасны улмаас биедээ авсан гэх өгүүлэмжтэй байсан. Өөр байдлаар гэмтсэн бол өвчний түүх дээр энэ талаар нарийн тусгаж тэмдэглэсэн байх ёстой. Өвчтөний асуумж нь өөрөө оношийг тодруулахад маш чухал байдаг. Ахар сүүл хугарсан тохиолдолд тухайн хүн нь өвдөлт цочроод маш хүчтэй өвдөлт өгдөг учраас бараг өвдөлтөөсөө болоод шоконд орно. ...Тиймээс гэмтлийг авсан даруйд хөдөлгөөн тодорхой хугацаанд хүнээсээ хамаарч хязгаарлагдана...” гэх мэдүүлэг /хэргийн 150-151 дүгээр хуудас/,

            Гэрч Ц.Дгийн “...шат руу уруудах хэсэг дээр манай цагдаа тэд нарыг хараад түүний цаана А болон түүний хүмүүс, цаана нь хэсгийн ахлагч П хэсгийн ахлагч нарын хамт зогсож байсан ба А П нар хоорондоо хэрэлдчихсэн, тухайн шатны төгсгөлд эргүүлийн офицер Этай ярилцаад зогсож байсан. ...Тэр хоёр хоорондоо нэлээдгүй хэрэлдэж, орилолдоод байсан. Тэрнээс нэг нэгэндээ гар хүрсэн зүйл байхгүй. Учир нь гар хүрсэн бол тэнд байсан хүмүүс зодолдож эхлэх байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 80-82 дугаар хуудас/,

         Гэрч Э.Дгийн “...би А болон хэсгийн ахлагч нарыг хоорондоо зодолдчихож магадгүй гэж бодоод ерөнхийдөө хянаад шатны дээр зогсож байсан. ...А нь хэсгийн ахлагч гээд махлаг 35-40 орчим насны эмэгтэй хүнтэй хэрүүл хийгээд яваад байсан. Миний харахад нэгнийгээ цохиж зодсон зүйл болоогүй. Хэрвээ хэн нэгнийгээ цохиж, зодсон үйлдэл гарсан бол тэнд зодоон болох байсан. Хорооны байранд а/х Б.Л бид хоёрыг очсоноос хойш зодооны шинжтэй зүйл огт гараагүй. Би тэрийг хэлж чадна, учир нь дээрээс нь хараад зогсож байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 157-158 дугаар хуудас/,

         Гэрч Б.Лгийн “...Энэ үед нүдний шилтэй эрэгтэй болон махлаг эмэгтэй нар хоорондоо хэрэлдээд шатан дээр зогсож байсан. ...Хэрвээ А нь тэр эмэгтэйг өшиглөсөн бол тухайн үед бөөн юм болох байсан. ...Тэр хүнд маш их эмзэглэлтэй болон явж чадахгүй зүйл огт анзаарагдаагүй. Цагдаа нар ирсний дараа зодолдсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 160-161 дүгээр хуудас/,

         Гэрч У.Эийн “...Намайг ороход ямар нэгэн зодоон огт болоогүй. П Аг чирч гадаа гаргасан. ...Пгийн биед ямар нэгэн гэмтэл шарх огт харагдаагүй. Харин тэнд гарч ирээд хэрүүл хийгээд орилоод гүйгээд байсан ...” /хэргийн 1 дүгээр хавтас 69-70 дугаар хуудас/,

         Гэрч Б.Лгийн “...Тухайн үед эсэргүүцэж зодоон хийсэн зүйл байхгүй. ...Пгийн биед ямар нэгэн зовуурьтай зүйл анзаарагдаагүй” /хэргийн 1 дүгээр хуудас 71-72 дугаар хуудас/,

         Гэрч Ц.Нийн “..А нь Пг цохиж зодсон зүйл огт байхгүй...” /хэргийн 1 дүгээр хавтас 171 дүгээр хуудас/,

         Гэрч Т.Мын “...цохиж зодсон зүйл огт болоогүй...” /хэргийн 1 дүгээр хавтас 174 дүгээр хуудас/,

         Гэрч Д.Бийн “...цохиж зодсон зүйл огт болоогүй, би өөрөө яг хажууд нь байсан...” /хэргийн 1 дүгээр хавтас 177 дугаар хуудас/,

         Гэрч С.Нын “...А нь Пг зодсон гэх зүйл огт болоогүй...” /хэргийн 1 дүгээр хавтас 180 дугаар хуудас/,

         Гэрч Н.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А Пг цохиж, зодсон зүйл болоогүй. Учир нь би яг ард нь дагаад орж таарсан ба цуг хөөгдөж яваад тэд нарыг цагдаагийн машинд суух хүртэл нь тэр орчимд нь байсан. ...П маргаан болсон өдөр хэрүүл хийгээд явж байсан, мөн маргааш нь зүв зүгээр гудамжаар явж байсан. Гэнэт 7 хоногийн дараа ГССҮТ-д хэвтээд зурагтаар гарсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 166-168 дугаар хуудас/,

         Гэрч Д.Дгийн “...Хорооны гадаа үүдэн дээр 1 махлаг эмэгтэй орилж чарлаад нэг харсан чинь Атэй заамдалцаад зогсож байсан. ...2 хоногийн дараа хороон дээр Өрхийн эмнэлэгт очиж эм бичүүлэх гэж байхад нөгөө махлаг эмэгтэйтэй хорооны гадаа таарахад зүгээр явж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 65-66 дугаар хуудас/,

         Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлээр хохирогч, шүүгдэгч, гэрч нар тухайн үед маргаан болж өшиглүүлсэн гэх газрыг заасан байх бөгөөд хохирогчийн “намайг өшиглөсөн” гэж заасан газар нь шүүгдэгч болон гэрч Ц.Д нарын “маргаан болсон” гэж заасан газраас өөрөөр заасан, зөрүүтэй /хэргийн 2 дугаар хавтас 70-91 дүгээр хуудас/,

         Гэрч Л.Э анх мэдүүлэг өгөхдөө “...Пг эргэж харахад А араас нь өшиглөж харагдсан.../хэргийн 1 дүгээр хавтас 61 дүгээр хуудас/” гэж, нүүрэлдүүлэн мэдүүлэг авахад “Агийн хөлийн үзүүр гозолзохыг харсан. Тэрнээс биш яг өшиглөж байхыг хараагүй.../хэргийн 2 дугаар хавтас 94 дүгээр хуудас/” гэж,

         Гэрч П.Б анх мэдүүлэг өгөхдөө “...А Пгийн ар нуруу хэсэгт баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгсэн П шатны уруу унангаа алдаад шатны төмөр бариулаас бариад тогтсон... /хэргийн 1 дүгээр хавтас 47-49 дүгээр хуудас/ гэж, нүүрэлдүүлэн мэдүүлэг авахад “Пг эргээд алхах үед нь өшиглөчихсөн бөгөөд П хөл алдаад завсрын хана тулаад хана түшээд унахаас сэргийлж зогссон...” /хэргийн 2 дугаар хавтас 101-103 дугаар хуудас/ гэж,

         Гэрч С.Г анх мэдүүлэг өгөхдөө “...А Пгийн биед нь буюу ар нуруу хэсэгт хөлөөрөө өшиглөж байгааг харсан.../хэргийн 1 дүгээр хавтас 52 дугаар хуудас/” гэж, нүүрэлдүүлэн мэдүүлэг авахад “...Агийн хөлийн үзүүр доошоо бууж байхыг харсан.../хэргийн 2 дугаар хавтас 110 дугаар хуудас/” гэх тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдаж байна.

         Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчилсан ба дээрх нотлох баримтуудаас үзэхэд хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүгдэгч Ү.А нь хохирогч А.Пг өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт, нөхцөл байдал тогтоогдохгүй, эргэлзээтэй байна.

         Тодруулбал, хохирогч А.П нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүгдэгч Ү.Ад өшиглүүлж гэмтсэн гэх боловч анх 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр компьютер томографийн зураг авхуулсан байх ба хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт, шинжээч эмч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд хохирогч А.П нь тус гэмтлийг авсан даруйд хүчтэй өвдөлт өгч хэсэг хугацаанд хөдөлгөөн хязгаарлагдах буюу БГД-ийн 11-р хорооны “Цогцолбор” байрны гадна гаргаж буй идэвхтэй үйлдлийг хийх боломжгүй тул тухайн цаг хугацаанд гэмтэл авсан эсэх нь эргэлзээ төрүүлэхүйц байна.

          Нөгөөтэйгүүр хохирогч А.П нь хэрэг гарсан гэх цаг хугацааны дараа буюу маргааш өдөр нь хорооны байрны гадна ямар нэгэн эмзэглэлгүй явж байсан талаар гэрч Д.Д, Н.Б нарын мэдүүлгээр, “явганаас халтирч унаснаас болж гэмтэл авсан” гэх хохирогчийн өвчний түүх зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ү.А хохирогчийн эрүүл мэндэд халдаагүй болох нь давхар нотлогдон тогтоогдож байна.  

          Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан төрийн албан хаагч болох цагдаа нарын мэдүүлэг, тухайн үед шүүгдэгч Ү.А хохирогч А.Пг өшиглөөгүй болохыг харсан гэрч нарын мэдүүлэг, гэрч нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авахад өшиглөсөн болохыг харсан гэх гэрчүүдийн зарим нь мэдүүлгээсээ буцсан байдал, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хохирогч, шүүгдэгч, гэрч нар тухайн үед маргаан болж өшиглүүлсэн гэх газрыг заасан байх бөгөөд хохирогчийн “намайг өшиглөсөн” гэж заасан газар нь шүүгдэгч болон гэрч Ц.Д нарын “маргаан болсон” гэж заасан газраас өөрөөр заасан, зөрүүтэй/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ү.А нь хохирогч А.Пгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйл баримт үгүйсгэгдэн няцаагдаж байна.

              Хохирогч А.П нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд Гэмтлийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтээд эмчилгээ хийлгэж байгаад гарсан /хэргийн 1 дүгээр хавтас 42 дугаар хуудас/ гэж мэдүүлсэн боловч энэ нь гэмтлийн эмч Ж.Бн /...Өвчтөн А.П нь ахар сүүлний хугаралтай, өвдөлт ихтэй ирсэн тул эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлж 1 хоногийн эмчилгээ хийсэн.../хэргийн 1 дүгээр хавтас 150 дугаар хуудас/ гэх мэдүүлэг болон Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчтөний түүх зэрэг баримтаар 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 2 хоног эмчлүүлээд гарсан болохыг дурдах нь зүйтэй.

           Иймд хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэвэл шүүгдэгч Ү.А нь гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд ... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгчид холбогдох эрүүгийн 2005031660536 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгасан тул хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 338.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

  1. Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ү.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналын прокуророос шүүгдэгч Ү.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч А.Пгийн гаргасан иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ү.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ү.Ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ЗОЛБОО