Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 1878

 

Д.Нарантуулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар    

                                                                       

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/01965 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Нарантуулын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Эрдэнэд холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1 400 000 төгрөг гаргуулах тухай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Хариуцагч Н.Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

           

Нэхэмжлэгч Д.Нарантуулын нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбатын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.Нарантуул нь тухайн үед хамт ажиллаж байсан Д.Энхтүвшингийн хүсэлтээр 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын дарга байсан Н.Эрдэнэд 2 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлсэн. Н.Эрдэнэ зээлсэн мөнгөө хугацаандаа өгөөгүй бөгөөд олон удаа нэхүүлж байж түүний төрсөн дүү Н.Нарантуяа эгчийн өмнөөс би мөнгийг нь өгье гээд 2015 оны 2 дугаар сард 1 000 000 төгрөгийг төлсөн ба үлдсэн мөнгийг нь 2016 оны 2 дугаар cap гэхэд өгнө гэсэн боловч өгөөгүй. Иймд Н.Эрдэнээс үндсэн зээл 1 000 000 төгрөг, гүйцэтгээгүй үүрэг 400 000 төгрөг, нийт 1 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Эрдэнийн шүүхэд гаргасан тайлбарт: Д.Нарантуул нь Н.Эрдэнэ надад холбогдуулан 1 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Би Д.Нарантуулаас хэзээ ч мөнгө зээлж байгаагүй. Д.Нарантуулын гаргаж өгсөн миний түүнээс мөнгө зээлсэн гэх баримт хуурамч баримт байна. Би тухайн үед мөнгө зээлэхээр уг хүсэлтийг бичиж байсан ба уг баримт ажлын маань ширээний шургуулганд байсан. Д.Нарантуул ямар арга замаар уг баримтыг олж авсаныг мэдэхгүй байна. 2013 онд миний бие Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан ба тухайн үед Д.Нарантуул өөрөө хөгжлийн бэрхшээлтэй, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, хүүхдээс нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гарсан, амьдралынх нь түвшин доогуур, гэр оронгүй, гэр бүлийн хүчирхийлэлд автсан байдалтай байсан. Энэ хүнд ийм хэмжээний мөнгө байхгүйг би ажлынхаа шугамаар мэднэ. Тухайн үед Д.Нарантуул нь орон гэргүй байсан учраас тамгын газраар хоноглон явж байхад нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас гэр олгож, Улаан Загалмайн байгууллагаас тусламж хүртэл үзүүлж байсан. Яагаад намайг өөрөөс нь мөнгө зээлсэн гээд гүтгээд байгааг би мэдэж байна. Баянзүрх дүүргийн Засаг дарга, дүүргийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа болон Н.Эрдэнэ бидний хоорондын таарамжгүй харилцаанаас үүдэн Д.Пүрэвдаваагийн захиалгаар, Д.Пүрэвдаваа нь өөрийнхөө доор ажилладаг намын гишүүд болох тухайн хорооны Засаг дарга Д.Энхтүвшин болон амьдралын түвшин доогуур амьдралтай Д.Нарантуулыг ашиглан миний нэр хүндийг гутаан доромжлох зорилготой, зохион байгуулалттай үйлдэл, гүтгэлэг гэж үзэж байна. Миний бие 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үүрэгт ажлаасаа үндэслэлгүй халагдсанаас хойш ажлын байрандаа буюу өрөөндөө орж чадаагүй бөгөөд өрөөнд маань байсан баримтыг авч надаас 1 400 000 төгрөг нэхэмжилж байна. Тухайн үед надад ээжийн маань эмчилгээний зардалд мөнгө хэрэгтэй байсан нь үнэн. Д.Нарантуул нь 2015 оны 2 сард миний дүү Н.Нарантуяагаас миний нэрийг ашиглан айлгаж байгаад 1 000 000 төгрөг авсан байсан. Энэ үед би Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваад зодуулан эмнэлэгт хэвтсэн байсан. Д.Нарантуулын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнээс мөнгө зээлээгүй тул нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан хариуцагч Н.Эрдэнээс 1 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Нарантуулд олгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 400 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Нарантуулын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Эрдэнээс 28 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Нарантуулд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Н.Эрдэнийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2017/01965 дугаартай шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би иргэн Д.Нарантуулаас нэг ч төгрөг зээлж аваагүй бөгөөд түүний нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон зээл хүссэн өргөдөл нь хуурамч байсан. Тухайлбал, тэрээр миний "2013 онд бичсэн зээл хүссэн өргөдлийн ноорог дээр өөрөөсөө зээл авсан мэт болгож өөрөө гарын үсгээ зурсан байна. Мөн Д.Нарантуул нь миний төрсөн дүү Н.Нарантуяаг энэхүү хуурамч баримтыг ашиглан "эгчийг чинь шүүх, цагдаад өгнө" гэж айлган сүрдүүлж байгаад "эгчийнхээ өмнөөс төлнө" гэсэн бичгийг хийлгүүлж авсан байдаг.

Би шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө Д.Нарантуулын нэхэмжлэлийн шаардлагаа болгосон зээл хүссэн хүсэлт болон түүнд зурагдсан гарын үсгийг минийх мөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилох, мөн дүү Н.Нарантуяагаас шүүхийн даалгавараар гэрчийн мэдүүлэг, тодорхойлолтыг Япон Улсын элчин сайдын яамаар дамжуулан авахуулах тухай хүсэлтийг амаар гаргахад шүүх хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан. Энэ нь шүүх ИХШХШХ-ийн 40.3, 38.6-д зааснаар хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүх нотлох баримтыг бүрдүүлнэ гэж заасныг тус тус зөрчиж нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэх үндэслэлтэй байх ба миний хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж хуурамч нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно. Иймээс ИХШХШХ-ийн 168.1.3, 168.1.6, 168.1.7-д заасныг үндэслэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2017/01965 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

                                                                        ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчснөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Нарантуул нь хариуцагч Н.Эрдэнэд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1 400 000 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, мөнгийг бодитойгоор шилжүүлэн өгөөгүй гэж маргажээ.

 

Хэргийн 35 дугаар талд авагдсан Д.Энхтүвшин гэх хүний тодорхойлолт гэх бичгийн баримтад “Н.Эрдэнийн өрөөнд Д.Нарантуул нь 2 000 000 төгрөгийг Н.Эрдэнэд өгсөн гэх нөхцөл байдлыг гэрчилж байна” гэсэн агуулгатай зүйл бичигдсэн байна./хх-35/ Зохигчийн гаргаж өгсөн энэхүү баримт нь нотлох баримтад тавигдах шаардлага хангаагүй бол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаас хасах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд уг нотлох баримтыг хассантай холбоотой зохигчид гомдол гаргах эрхтэй байхаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зохицуулсан.

 

Талуудын маргааны зүйл нь зээлийн гэрээгээр мөнгийг бодитой шилжүүлсэн эсэх үйл баримт байх бөгөөд уг үйл баримтыг тогтооход ач холбогдолтой мэдээллийн талаар Д.Энхтүвшин гэх иргэн тодорхойлолт бичсэн байна. Гэвч уг тодорхойлолт гэх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.3 дах хэсэгт заасан гэрчийн мэдүүлэг гэж үзэхгүй.

 

Шүүх нотлох баримт гаргах ба цуглуулах, бүрдүүлэх журамд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй, хэрэгт байгаа уг нотлох баримтыг хасаагүй, хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй атлаа, зохигчийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ дээрх бичгийн нотлох баримт өөрөө гэрчийн мэдүүлэг биш гэсэн агуулгыг дурдаж, зохигчийн нотлох баримт гаргах энэхүү хүсэлтийг тодорхой шийдвэрлээгүй орхисон, гэрч асуулгах, мэдүүлэг авахуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл бий болжээ. /хх-40-41/

 

Түүнчлэн талуудын хоорондын маргааны үйл баримт буюу 2 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Нарантуул хариуцагч Н.Эрдэнэд бодитойгоор өгсөн эсэх үйл баримт хэрэгт ач холбогдолтой. Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгийг хүлээлгэн өгсөн тохиолдолд зээлийн гэрээний дагуу мөнгийг буцаан өгөх үүрэг хариуцагчид үүснэ.

 

Гэтэл шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь алдаатай болжээ. Хэрэгт авагдсан, хуульд заасан журмын дагуу бүрдүүлээгүй нотлох баримтад үндэслэн давж заалдах шатны шүүхээс хэргийн маргааны үйл баримт болон хууль хэрэглээний талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/01965 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

         

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                   Б.НАРМАНДАХ